Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жорлондоо нэг ширхэг тоосго хийчихлээ

Жорлондоо гэж жор­лонгийн ус хураагчинд хийсэн хэрэг л дээ. Сүүлийн үед сошиалаар хүмүүс нэг нэгэндээ жорлонгийнхоо арын ус хураагчийн сав руу нэг ширхэг тоосго хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг дамжуулж, бусад нь хэрээрээ фав дарж, шэйрлэж байна. Харин одоо үүнийгээ ажил хэрэг болгоод эхэлбэл тун учиртай байна шүү. Дундаж жорлонгийн ус хураагуурт 23 орчим литр ус нөөцлөгддөг, нэг удаагийн хүчтэй таталтаар их хэмжээний ус татагдаад байдаг тул бага ч болов хэмнэхэд тустай гэдэг үүднээс эл үйл ажиллагаа дэлгэрчээ. Нэг тоосготой жорлонгийн ус дунджаар 15 литр ус ашиглаж, 6.7 литр усыг хэмнэж чаддаг талаар Америкийн хэвлэлүүдэд бичжээ. Харин манайхны нэгэндээ өгч байгаа мэдээллээр 1,5 литрийг нэг таталтаар хэмнэх аж. Их бага нь хамаагүй ус хэмнэх ийм боломж байгаа нь сайхан юм. Тоосго гэлтгүй устай сав ч хийж болох гэнэ. Ингэснээр гэрийнхээ сарын зарлагыг овоо хэмнэх боломжтой. Наанадаж усны тоолуур бага гүйж мөнгөө хэмнэнэ. Цаашлаад эх дэлхийнхээ усыг хэмнэж, дэлхийг ган гачгаас аварна гээд бодохоор сэтгэлд нэг л сайхан байгаа биз дээ. Сүүлийн үед усны хэмнэлттэй жорлонгууд гарсан ч дэлхийн улс орнуудад энэхүү нэг тоосго хөдөлгөөн ихээхэн тархаж байна. Зарим оронд нэг тоосго хийснээр нарны энерги төвд хөрөнгө оруулж байна, байгаль орчинд дэм үзүүлж байна гэж сурталчилгаа хийж байна. Бидний хувьд Туул голоо хамгаалъя, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг хөнгөлье гэх мэтээр бүр болохгүй бол усныхаа мөнгийг бага гаргаж, талхандаа илүүчилье гээд бусдадаа түгээхэд овоо явах биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Хуурамч мөнгөн дэвсгэрт хийдэг залуус ТҮЦ, хотын захын дэлгүүрт гүйлгээ хийдэг байжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнхуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж, гүйлгээнд оруулдаг гурван бүлэг этгээдийг илрүүлжээ. Бүлэг этгээдүүд 17 сая төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгтийггүйлгээнд оруулсан нь тодорхой болоод байгаа гэнэ. Одоогоор У, Г нарын долоон залуу өнгөт принтер ашиглан бичгийн цаасан дээр 10, 20 мянгатын мөнгөн дэвсгэртийг ар өвөргүй хэвлээд галлограмман нууцлал бүхий соёмбо, мөнгөн утас зэргийгсаатай балаар зурдаг байсан гэнэ. Ингээдбэлэн болгосон хуурамч мөнгөө орой үдшийн цагаар такси барьж яваад өгдөг. Эсвэлхүүхэд, өндөр настансуудаг ТҮЦ, гэр хорооллын дэлгүүрээс бага үнийн дүнтэй бараа, утасны нэгж худалдан аваад хариултад нь жинхэнэ мөнгө авдаг байжээ.Эх сурвалжийн хэлж буйгаар хуурамч мөнгөн дэвсгэртээр жинхэнэ мөнгөн тэмдэгт болгохын тулд хэний ч хамаагүй санаанд орсон утасны дугаар луу нэгж явуулаад хариулт авдаг байсан гэнэ. Ингэж хуурамч мөнгөн дэвсгэртүүд арилжааны банкууд дээр очиж хураагддаг байжээ. 2014 оны зургадугаар сард Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан захирамж гарсан. Энэхүү захирамжид хуурамч мөнгөн тэмдэгт бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах тушаал гарсан байна.Залуус өнгөрсөн гурван жилд энэхүү хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан гэнэ. Хуурамч мөнгөн тэмдэгт нь гараар тэмтрэхэд болон неон гэрэлд харахад илэрхий хуурамч нь мэдэгддэг ч иргэд санамсар болгоомжгүй хандсанаас гүйлгээнд ашигласан байдаг аж.Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд ханданмөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ. Мэргэжилтнүүд хуурамч мөнгийг харж, барьж үзэхэд мэдэгддэг бөгөөд цаас, нууцлалыг дуурайж чаддаггүйг хэлж байна. Мөн одоогоор Монгол Улсад мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд зөвхөн гар аргаар хэвлэсэн тохиолдлууд байдаг аж. Дээрх бүлэг этгээдүүд хэдий хэмжээний хуурамч төгрөг хийсэн нь тодорхой бус байгаа учраас мөрдөн байцаалтын явц удаашран гүйлгээнээс хуурамч мөнгө илрэх тохиолдол нэмж, бүртгэгдэж байгааг албаны эх сурвалж хэлж байв.Хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн хэлтэст шууд хандан шалгуулах хэрэгтэйг албаныхан анхаарууллаа. Хэрэв хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэх бөгөөд хуурамчаар мөнгө үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн дагуу шийтгэх аж. Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн залуусийг Эрүүгийн хуулийн 176 зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын их аваргатай овог, нэр адилхан бөх цэргийн начин боллоо

Одоогоос хэдэн жилийн өмнө Д.Кёкүшюүзан Батбаяр Арлын орон руу өсвөр насны бөхчүүд явуулахаар болж хэвлэлийн хурлыг нь сурвалжилсан юм. Арав гаруй хөвгүүнээс арай л нэг сэргэлэн цагаан хүүтэй хөөрөлдөж, овог нэрийг нь асуувал “Дашдоржийн Цэрэнтогтох” гэв. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Халхын их аваргатай нэр овог нь адил болохоор жаахан гайхасхийж нутаг усыг нь асуувал “Баянхонгор аймгийн Заг сумынх” гэж төрсөн нутгийн маань нэрийг хэлдэг юм байна. Миний хувьд нутгархаж жалгархах талдаа жаахан төсөөдүү ч чин үнэнийг хэлэхэд дотроо их л баярласан юм даг. “Хүний газар нутгийн нэрийг хайрлаж яв” гэх өвгөдийн үг ямар ч монгол хүнд амин цэнэг нь болж явдаг биз. Монгол бөхийн өргөөнөө саяхан болсон Бүх цэргийн наадамд тэр жилийн уулзаж учирч явсан бяцхан хүү, эр өсч эсгий сунан зодоглож цэргийн начин цол хүртэж ус нутгийнхныхаа баярын магнайг тэнийлгэж байна. “Их Богд” дэвжээний бөх, сумын заан цолтой эл залуу Залаа, Чандмань овоо, Загийн гол, Хүрэн бэлчирийн талынханд Халхын их аваргын нэр овгийг өргөж явах хүчтэн шиг л сэтгэл зүрхэнд нь ойр дотно санагдаж байна. Нутгийн нэрийг өргөж, дуудах алдраа дуурсгаж яв гэж аав, ээж алтан сургаалиа хайрладаг нь учиртай байх юм. Тиймээс ч монголчууд ус нутгийнхаа нэрийг өргөх сайн бөхчүүд төрөөсэй гэж төрийн сүлдэндээ залбирч явдаг болов уу.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголчууд төрдөө удирдуулж чаддаг ард түмэн

Хотын дарга энэ амралтын өдрүүдээр иргэдээ хөдөө гадаа явж хоёр хонохыг уриалсан мэдэгдэл гаргасан билээ. Хотын цэвэрлэх байгууламж эвдэрсэн учир түүнийг засварлах хэрэгтэй болсон. Тиймээс цэвэр бохир усны хязгаарлалт хийнэ. Бас бохирын ус шугамаар гүйлгэхгүй байгаасай гэсэндээ ингэж хэлсэн.

Энэ хоёр өдөр хотоос гарах замд түгжээ үүсэн цуварч иргэд хөдөөлөв. Зүүн зам Тэрэлж, Туулын хөвөө хүн багтах, машин тавих зайгүй байсан. Хойшоо зуслан хэдийгээр зам засвартай ч яг л баасан гаригийн орой ЛасВегас руу түгжээ үүсгэн цуврах ЛосАнжелесын зам мэт машин пиг дүүрэн байв. Баруун тийш арай сийрэг. Харин Дарханы зам Баянчандмань хүртэл битүү машин цувж байв. Хотын ард иргэд ингэж л даргынхаа захиасыг биелүүллээ. Зөвхөн захиасыг л биелүүлсэн хэрэг. Түүнээс тушаал шаардлага гэх мэт бол биш байсныг бид цөм мэднэ.

@Tsetsensaid гэдэг жиргээч “Монголын ард түмэн төрдөө удирдуулж чаддаг. Манай эрх баригчид ард түмнээ удирдах гэдгийг мэддэггүй. Шоудаж л чадна” гэж жиргэсэн байна лээ. Энэ үнэн үг юм. Үүний баталгаа нь саяын хоёр хоногийн үйл явдал бэлээхэн гэрчилнэ. Монголчууд эв нэгдэлтэй, сахилга баттай, зөв тийш залж байгаа удирдагчаа тойрон хүрээлдгээрээ дэлхийд гайхагддаг байсан нь зөвхөн түүхэнд үлдээгүй байна. Тэр их ард түмний удам судар, эрслэн босох хүч чадал байсаар л байна. Бид нэг зүгт харан шийдэж, түүнийгээ гүйцэлдүүлэхээр боссон бол юунд ч хүрч чаддагийг дэлхийн буурал түүх одоо ч мартаагүй. Бид харин зарим заримдаа үүнийгээ мартаад байх шиг санагдах юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд ээ хүүхдээ хэлд орохоос нь эхэлж тод, зөв ярьж сургаарай

Харахад тав, зургадугаар ангийн сурагч болов уу гэмээр хүү цэцэрлэгийн жаалуудаас ч долоон дор хэлээ хазалж, эрхэлж ярих нь эвгүй юм гээч. Тэр хүүгийн аав, ээж хоёрын хоорондоо ярьж байгааг сонсоход ямар ч асуудал алга. Тод, бас эмх цэгцтэй. Тэднээс хүүг нь хэдэн настай болохыг сонирхоод асуучихлаа. Гэтэл аав нь хүү рүүгээ хараад“Миний банди чинь хэдэн настай билээ” гээд яг хүүхэд шигээ зарим үсгийг нь хэлэхгүй зажлаад ярих нь тэр. Хүү өөдөөс нь “Алуун гулуу” гэжхариулав. Ер нь тэдний яриаг хөндлөнгийн хүн ойлгоход бэрх, аав, ээжийнх нь “орчуулга” шаардлагатай. Түүн шиг шулга хүүхэд сүүлийн үед ихэсч байгаа нь шууд эцэг, эхчүүдийн буруу болохыг эрдэмтэн, судлаачид онцолж байна лээ. Хүүхэд хэлд орохдоо ганц нэг хатуу үсгийг дуудаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл. Тэд аль болохоор дуудахад амар байгаа үсгээр орлуулан хэлдэг байна. Хүүхэд бүрэн хэлд орохоор аяндаа зүгширч, тод ярьж чаддаг ажээ. Гэтэл эцэг, эхчүүд тэднийг өхөөрдөж, дуурайн тультарч ярьснаас болж таны хүүхэд шулга, хэл муутай болдог байна. Энэ байдал тун богино хугацаанд буюу гуравхан долоо хоногийн дотор хүүхдэд зуршил болж тогтдог аж. Та ердөө сар хүрэхгүй хугацаанд бяцхан үрсээ эрхлүүлэн шулганаж ярьснаас болж хүүхдийнхээ хэл яриаг “эвддэг” байна шүү. Өнөөдөр та жаалуудаа өхөөрдөж ийн ярьж байгаа ч маргааш таны хүүхэд нийгэмд хүнтэй харилцаж чадахгүй, найз нөхдөдөө шоолуулахаас өгсүүлээд олон бэрхшээлтэй тулгарна. Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэх байдал алдарч, сул дорой нэгэн болоход нөлөөлдөг ажээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хэлд орж эхлэхээс нь дуудаж чадахгүй байгаа үсгийг нь засч зааж, өөрсдөө тод ярьж байхыг эрдэмтэд зөвлөлөө. Харин шулга хэллэг нь нэгэнт тогтчихсон том болсон хүүхдүүд уйгагүй авиа зүйн дасгал хийснээр зөв тод дуудлагатай болох боломжтой гэнэ лээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ өд-бэх

Арван жилийн дараа

Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн өгүүл­лэгийг толилуулж байна.

Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гараа өргөсхийн яваа тэр эрийг хараад “Зайлуул, Дагва шив дээ” хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв. Гэртээ орж ирэхэд нэрж бай­гаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж, хүйтэн усаар со­лив. “Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна” гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад, наашлахдаа үр­­­­чийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав. Дэнсмаа түүний бөгтийсхийн өргөн цээжээ ганхуулан, майгадуу хоёр хөлөө зөөж тавин аажуухан явааг хараад “Өтлөх янз орж байх шив дээ” гэж харамсан бодлоо.

-За сайн байна уу?

-Сайн сайн. Чи сайн биз дээ. Ингэж тэр хоёр жирийн даруухан мэнд солилцов.

Дагва гэрийн зүүн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа өмнөх жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дөхүүлэнгээ,

-Танайх Цагаан нугад буусан гэв үү гэж асуулаа.

-Тэгсээн. Хөдөө нь сайхан гарсан байдаг шүү.

-Тийм гэнэ лээ. Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.

-Тийм ээ хөө гэснээ, Дагва тамхиа хэд сороод

-Хүү хаачаа вэ гэж асуу­лаа.

-Хонь руу явсаан. Саа­халтын хонь хариулгагүй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон.

-Хүү минь овоо болж дээ, гээд Дагва санаа алдав. Дэнсмаа түүнийг түргэхэн нэг хараад жалавчныхаа усыг хутган

-Яахав хөөрхий минь өсч өндийж, миний ганц түшиг болж байна гэлээ.

Дэнсмаа тогоогоо авч, бүрхээрээ өргөсөөр Дагвын өм­нө очив. Дагва бүрхээрт тогт­сон ээрэмнээс хуруугаараа өл­гөн авч амсаад,

-Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.

-Хүүгээ мартаагүй яваа хүний аз харьдаггүй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт хэлэв.

…Тэр хоёр энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хүрч яваа ганц хүү нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дүүргэж байсан. Дагва сумын начин цолтой, даруухан зантай, нүд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар. Зуны эхээр тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггүй алга болчихож билээ. Дэнсмаа санаа зововч “Өнөөх л бага сургуулийн, цэргийн гэх найзуудтайгаа нийлээд гашуун ус эргүүлж яваа байх” гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын үг яриа цөөрч, үе үе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн дотор нэгэн сэжиг төрж, “Царай алдахгүй” гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэвэрч мөр өөд нь авирсан хүүгээ мөрөөрөө түлхэн,

-Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарс­хийн,

-Чи ер нь юу болчихоов? Бүлх залгичихсан юм шиг л гөлийгээд байх юм гэсэнд,

-Чи ямар байлгах гээв гэж адарчээ.

-Байдгаараа байж бо­лохгүй болоо юу?

-Тийм болсон бол яах нь вэ?

-Жаргал чинь дэндэж л дээ.

-Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.

-Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгүй юу!

Дагва энэ үгийг хүлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаар­ласан эцэгтээ гоморхон уруулаа унжуулж зогссон хүү Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг “аав аа” хэ­мээн цахиртан орилж билээ. Дагва тэгээд л эргэж ирээгүй юм. Урд бригадын “торгон” Намжилынд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дүү царайлаг залуу бүсгүй зүрх сэтгэлийг нь булаасан байж. Олон хүн “Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи өөрөө очоод авчир. Хүүгээ бод” гэж ятгасан боловч гомдож өширхсөн Дэнсмаа тэдний үгийг авсангүй. Яваа яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж, түүнийгээ айлын зарц шиг явааг дуулаад өрөвдөх шиг болдог болжээ. Буян хүүгийнхээ эцэгтэйгээ улам адилхан өсөж байгааг харж, элэг нь эмтрэн “Би ч бас түргэдсэн байх” гэж бодогдох болсон билээ.

Тэр гайт намраас хойш арван жил өнгөрчээ. Сүүлийн гурав, дөрвөн жилд нутаг ойртож. Дагва хааяа ирж хүүгээ үнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм. Царайлаг сайхан зүс, баян тарган эц­гийнхээ буянд эрдсэн Бум­жидын дэргэд Дагва даанч хэцүү байх болов. Гэлээ гээд өөр орох оронгүй дөч хүрч яваа Дагва жаргаж чадсангүй. Нутаг усны зарим хүн “Хохь нь дээ, байж байгааг нь хараач” гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор шарандаа ч юм уу, ганц хүүгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангүй өдий хүрч яваа юм…

Дагва Дэнсмаагийн өгсөн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь өн­гө орон ягаан туяа татаж байлаа.

-Танайхан сайн биз дээ?

-За даа… Сайн даа, сайн.

-Бумжид байгаа биз дээ?

-Саяхан хот руу явсан.

-Хэзээ ирэх юм бэ?

-Мэдэхгүй ээ. Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал, тэр хоёрт үр заяасангүй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг машин тэрэг хөлөглөсөн нэгэн эртэй Бумжид нөхцөөд болохоо байжээ. “Оройхон болохоор наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хөхөөд л үлддэг” гэж нутгийн залуус инээд хөөр болгон ярилцахыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хүрвэл Бумжид “Чи зүгээр л зайл” гэж хэлэхэд бэлэн байхад Дагва яах ч билээ дээ.

Дагва нэлээд халж, зүрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,

-Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд

-Юу тэр вэ. Тэгээд хэлээч дээ гэв.

-Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,

-Юу. Чи гэр орон, авгай хүүхнээ яах хүн бэ гэлээ.

-Тэр чинь миний юм биш ээ.

-Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?

Дагва толгой дээрх ал­чуураа авч нүүрээ шудраад

-Би том алдсаан. Одоо хүү та хоёрыгоо ч өрөвдөх боллоо.

-Хн. Хүүгээ өсч гараас гараад ирэхээр тэр үү. Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи даанч мэдэхгүй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нүүрээ дарав. Дагва дув дуугүй хэсэг суугаад, өмнөх аягатай архи авч зал­гилав. Тэгээд босч үүд рүү явснаа түр зогсон,

-Би ирнээ гэж хэлээд га­рав.

Дэнсмаа гэнэт сэхээ авч “Бүх юм өнгөрсөн шүү. Битгий амьтны шившиг болоорой” гэж хэлэхээр гүйн гарвал, хуучин нөхөр нь өөрийн ал­даа, харуусал гунигийг үүрч яваа юм шиг бөхийсөөр уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.

Categories
булангууд мэдээ томилолт

Улаан-Үдээс “гахай” чирэх хэцүү

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш Алтанбулагийн гаалийн ачаалал нэмэгдэж, 24 цагаар ажилладаг болсон. Манайхны ихэнх нь газар орон үзэж, Итгэлт хамбад мөргөхийн сацуу Улаан-Үдээр аялж, Байгаль нуурын хөвөөнөө очих зорилготой. Гадаад паспортынхоо дуусах хугацааг шалгаагүйгээс буцах тохиолдол хааяа нэг гардгийг эс тооцвол иргэдийн хувьд хилээр гарахдаа ноцтой зөрчил ер нь гаргадаггүй юм байна. Деклараци энэ тэрээ бөглөхдөө л жаахан будилна. Гэхдээ нэр ус, овгоо хаана бичих, паспортын дугаараа хаана нь бөглөх зэргийг бэлэн заагаад өгчихсөн хувилбар байдаг юм байна. Тэрийг нь хараад л дуурайгаад биччихнэ. Алтанбулагийн боомт айхавтар ачаалалтай, хонон өнжин дугаарлаж, зарим тохиолдолд машин гаргахгүй байгаа гэх зэрэг мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тардаг. Энэ мэтээр эндхийн үйл ажиллагааг буруу талаас нь таниулсан ташаа мэдээ сэлт явж байгааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Р.Одмөнх үгүйсгэсэн юм.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон хэвлэл мэдээллийн 20 орчим байгууллагын төлөөлөгчдийн баг Монголын хилээр гараад 19 цагийн үед ОХУ-ын хил дээр очоод автобусандаа нэлээд сууцгаалаа. Монголын талаас явж байгаа суудлын арав гаруй тэрэг ч хүлээж байна. Оросын талаас энэ зэргийн хүлээлт бий болгодог нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэхдээ зориод ирсэн болохоор хил дээрээс буцна гэж байхгүй учир хаалгаа нээтэл нь хүлээцгээхээс өөр аргагүй.

Хиагтын дэргэдүүр өнгөрч “Роснефть”-ийн шатахуун түгээх станцаас түлш авснаар бидний худалдан авалт эхэлнэ.

Улаан-Үдийг зорин очиж байгаа жуулчдын 30 гаруй хувь нь Итгэлт хамбыг зорьдог аж. Хашаагаар нь оруут л шашны эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал, бурхан сахиус, арц хүч, дарцаг сэлт нүд хужирлана. Худалдаачид нь эрчүүлийг хараад “Энэ очир бол эр хүнд байвал их сайн” гэж ирээд сурталчлах. Эсхүл залуу охидод модоор урласан жижигхэн хос нугасаа их “шахна”. Энэ хос нугасыг дэрлээд унтвал үтэр түргэн заяаны ханьтайгаа учирч, нөхөрт гардаг гэнэ. Эсхүл шаазан хонх үзүүлээд “Гэрт муу муухай юмыг тогтоодоггүй, хөөж гаргадаг” гэх мэтээр бараа бүхэн нь жанцантай. Худалдаачдынх нь дэргэдүүр өнгөрөөд гол дацанд хүрэв. Итгэлт хамба заларч буй гол дацан руу ороход нэг хүнээс 250 рубль авна. Хоёр лам угтаж, хэрхэн яаж залбирах, сунаж мөргөхийг зааварлана. Дотор гэрэл зураг авахыг хатуу хориглох аж. Итгэлт хамбын дэргэд байж, ирсэн сүсэгтнүүдэд тусалдаг энэ хоёр лам уриалгахан зантай. Сүсэгтнүүдийн авчирсан хадгийг очир зангилаагаар зангидаад буцаагаад өөрт нь өгнө. Очир зангилаа нь муу бүхнийг зайлуулж, эргэн тойрондоо сайн эрчим түгээдэг гэнэ. Хүмүүс хүслээ бичсэн захидлаа дацангийн тахилын өмнө үлдээдэг юм байна. Ингээд гол дацангаас гараад зүүнтээх дацанд орно. Эндээс хамбын рашаан, арц хүж зэргийг авч, уншуулах номоо бичүүлнэ. Ном бичиж байгаа ламын эргэн тойронд бэлэг дурсгал, шашны холбогдолтой зүсэн зүйлийн эд бараа өрөөстэй. Хүнтэй ч мэндлэх завгүй номоо бичиж, хандив авахын хажуугаар наймаа хийнэ. Ном, CD, хэвийн боовноос эхлүүлээд матрёшка тоглоом, аяга, таваг ч байна. 20, 40, 50, 150 рублийн үнэтэй элдэв зүйлсийг манайхан авч мэднэ. 20, 40 гэж байгаа нь бидэнд бага тоо боловч цаагуураа мөнгө гүйж өгнө. Жуулчдад зориулсан болохоор энэ хавийн зүйлс үнэтэй. Энд 250 рублиэр зарж байсан хонх Улаан-Үдийн томоохон супермаркетад 181 рублийн үнэтэй байх жишээтэй. Итгэлт хамбад мөргөж байгаа хүмүүсийн дотор буриадууд өөрсдөө олон байх. Бас гадны жуулчид ч харагдана.

Улаан-Үд “Титан”, “Абсолют” гэсэн хэд хэдэн сүлжээ, үйлчилгээний төвүүдтэй. Супермаркетийн зарчмаар ажиллах бөгөөд хажууд нь дагалдах үйлчилгээний цэгүүдтэй. Үнэ нь ерөнхийдөө хямд байдаг болохоор худалдан авагч олонтой. Монголчуудын хувьд молоко, душонка, утсан гахайн мах, матрёшка, чихэр, паалантай савнууд, сархад, ирис, зөгийн бал зэргийг голдуу цуглуулах аж. Дээхнэ үед идэж, хэрэглэж байсан зүйлс нь яг тэр хэвээрээ дэлгүүрийн лангуун дээр байгаа нь нүдэнд содон. Душонка буюу үхрийн жигнэсэн мах 24.9 рубль болж хямдарсан байлаа. Зах худалдааны төвүүдэд явж байгаа монголчуудын хувьд бэлэг дурсгалын зориулалтаар цөөхөн тооны юм цуглуулж байгаагаас бус их хэмжээгээр бараа сэлт авч байгаа нь цөөн. Эрээнээс “гахай”-гаар бараа чирч ирдгээс арай өөр худалдан авалтыг монголчууд энд хийдэг юм байна. Оросоос гарахад хил дээр зарим зорчигчийн цүнх, чемоданыг задалж, юу авч явааг нь нэг бүрчлэн шалгаж, онгичиж байгааг харсан хүмүүс “Улаан-Үдээс бараа авч явмааргүй юм байна. Авлаа ч ганц хоёр л юмтай буцвал болох санж” гэцгээж “Гахай чирнэ гэж саналтгүй бололтой” хэмээн толгой сэгсэрнэ. Хувийнхаа машин тэрэгтэй яваа монголчууд бараагаа хайрцаглаад ам амсрыг нь битүүмжлэхгүй нээлттэй явдаг юм байна. Эсвэл машиныхаа багажинд сул хийчихдэг аж.

ОХУ руу визгүй зорчдог болонгуут монголчууд хойшоо их явжээ. Цагаан сарын үеэр оргилдоо хүрсэн юм байна. Монголчууд юм шинэ дээрээ сайхан гэдэг. Түүн шиг Орос улс, Улаан-Үд, Итгэлт хамбыг зорих иргэдийн тоо ерөнхийдөө буурах хандлагатай байгаа бөгөөд ирэх намраас хойш чиглэсэн жуулчлал татрах аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ясны сийрэгжилтээс зөвхөн сүү уугаад салахгүй

Дэлхийн хэмжээнд гэж яривал гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг нь кальцийн дутагдлаас болж ясны сийрэгжилтэд нэрвэгддэг гэсэн статистик бий. Ясны сийрэгжилт эхэн үедээ илэрхий зовиургүй ч зүрх судас, хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдгийг анагаах ухаан баталчихсан. Манайхан ясны сийрэгжилттэй гэсэн онош сонсонгуутаахүнсэндээ сүү, цагаан идээ түлхүү хэрэглээд эхэлдэг. Сүү цагаан идээнд кальци байдаг ч кальцийг ясанд шимэгдэж нэвтрэхэд чухал үүрэгтэй магнигаар ядмаг гэдгийг мартаж болохгүй. Бас нэг зүйл сануулахад тослог ихтэй сүүг тэр чигт нь уух сайн биш, шингэрүүлсэн юм уу, тослог багатай сүү уух хэрэгтэй. Сүүний тос ходоодны хананд наалдаж кальцитай урвалд орсноор усанд уусдаггүй саван үүсгэждотор эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг гэж эмч нар сануулдаг. Тэгэхээр сүүнээс кальц авъя гэвэл Д витамин хэрэглэх хэрэгтэй болж байна. Учир нь энэ витамин кальцийг нарийн гэдэснээс цусанд оруулж өгдөг гол элемент аж. Бас нарийн гэдэсний хананд наалдсан тосыг задалж гадагшлуулдаг тустай витамин юм байна. D витаминыг хамгийн амархан авах арга бол нар. D витаминыг зохистой хэмжээгээр авъя гэвэл өдөрт дор хаяж 15-20 минут бүтэн биеэ наранд шарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хаанаас ч харчихаж болно. Сүү, хийжүүлсэн ундаа нийлэхээрээ ясны эсрэг хүчирхэг дайснууд болдог гэсэн сонсохоос аргагүй мэдээлэл бас бий. Хүний биед кальци, фосфорын харьцаа 5:1 байж эрүүл амьдрах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Сүүнд кальци агуулагддаг бол хийжүүлсэн ундаа фосфор ихтэй. Хоёуланг нь адил хэмжээгээр хэрэглэвэл юун кальци авах манатай, харин ч фосфор кальцитай урвалд орж хүний биед шимэгддэггүй давс үүсгэдэг аюултай гэнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
булангууд мэдээ цаг-үе

Цэнд-Очирын Цолмон: Аав минь их Нацагдоржид шавилж, Дандар баатартай хоригдож явсан ардын эрхэм уран зохиолч байлаа

Ардын эрхэм уран зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Цэнд-Очирын охин соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин Ц.Цолмонтой уулзаж хөөрөлдлөө. “Нарны унага”, “Мөнгөн буйл”, “Хэцүү даалгавар”, “Бурхан мартсан заяа” зэрэг олон кинонд дүр бүтээсэн жүжигчин Ц.Цолмонг нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны гэргий гэдгээр хүмүүс сайн таних буй заа.

-Таны аав Л.Цэнд-Очир Монголын уран зохиолын түүхэнд их Нацагдоржийн үед уран бүтээлээ туурвиж явсан гэж бичсэн байдаг. Аавынхаа талаар хууч хөөрөөч?

-Миний аав ардын эрхэм уран зохиолч Л.Цэнд-Очир Богд хан уулын аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Цагаан тохой гэдэг газар 1915 онд мэндэлсэн хүн. Аавын аав Данхаан Шагдаржав гэдэг хар бор амьдралтай, малчин удмын хүн байсан бөгөөд ганц охин, дөрвөн хүүтэй хүн байж. Энэ айлын дөрөвдүгээр хүү болон төрсөн. Өвөөг “Данхаан” хэмээх болсны учир нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн толгойтой, ширүүн салхинд явж чаддаггүй, хурдан алхаж гүйхэд тэнцвэрээ олохгүй ойччихдог хүн байсан гэдэг. Тиймээс дөрвөн хүү нь ч бас том толгойтой. Угаас мал хуй цөөтэй ядуу даржин амьдралтай болохоор Орхон голыг гатлах хүмүүсийг гуя модон онгоцоор өдөр шөнөгүй зөөж, тав гурван янчаан олж хэдэн хүүхдээ тэжээдэг байсан юм билээ. Аав багадаа аав, ээжээсээ өнчирч охин дүүгийн хамт хамаатны Лувсандэндэв хэмээх айлд үрчлэгдсэн байдаг.

-Аав чинь ямар боловс­рол эзэмшсэн хүн байв?

-Шинэ засаг төр үүсч тогтоод удаагүй 1920-иод онд өвөө Шагдаржавынд нэг өдөр багийн дарга нь иржээ. Хошуу тамгын газрын сонин ярилцах зуур тэнд сургууль байгуулагдсаныг хэлж нэг хүүхэд чинь сургуульд явах ёстой хэмээн дуулгажээ. Гэтэл Шагдаржавын эхнэр “Гавж багш хүүг минь сайн лам болно гэсэн” гэж тас зөрж, харин өвгөн хэсэг бодоод бид хоёр шиг насаараа мод хэмлэхээс цаашгvй хүн болбол яана гэснээр аав 1927 он буюу XVI жарны босгыг алхуут хошуу тамгын сургуульд орж дөрвөн жил сурсан байдаг. Энэ үеэр аав ээж нь нас барж, дөрвөн хүүхэд өнчрөн, хагацлын бэрхийг амсчээ. Энэ үед охин дүүгээ нутгийн өвгөн Лувсандэндэвт өргүүлжээ. Лувсандэндэв өнчин хүүх­дүүдийг асарч байснаас хожим овоглох болсон байдаг. Түүнээс хойш Хиагт дахь аж ахуйн сургуульд үргэлжлүүлж суралцжээ. Тэнд газар тариалангийн төрөл бүрийн техник багаж төхөөрөмжийг эзэмшиж, засч сэлбэх арга ухааныг олсон гэдэг. 1932 онд Багшийн сургуульд хуваарилагдсан. Тэр үед Багшийн сургууль бараг л дээд сургуулийн зиндаанд тооцогдож голдуу гадаадад сургууль төгссөн герман, орос, хятад хэлтэй хамгийн сайн багш нар багшилдаг байж. Ангидаа 21-үүл байсны дотор кино найруулагч Ц.Зандраа, зохиолч М.Чимэд, Л.Лхамжав, Лувсандамдин нар байсан байгаа юм.

-Утга зохиолын алтан үеийнхэнтэй хэдийд их дотноссон юм бол?

-Багшийн сургуульд суралцагчид сургуулийнхаа уран зохиолын бүлгэмд явж, бие биеийнхээ шүлэг зохиолыг сонсч, маргаан мэтгэлцээн өрнүүлдэг байсан гэдэг. Тэдний нэг нь миний аав. Тэр үед С.Буяннэмэх, Их, Бага Нацагдорж, М.Ядамсvрэн, Ц.Дамдинсvрэн, Б.Содном нарын цуутай зохиолчид байсны дээр бүлгэмийн урилгаар ирж, сурагчдад хичээл ном зааж, уран бүтээ­лийн урам өгдөг байж. Энэ бүлгэмд аав маань Д.Сэнгээ, М.Чимэд, Ц.Зандраа нартай хамт сурч байж. Анхны шүл­гүүд нь магтаалын болоод шүүмжлэх аястай байж. Сүүлд арга хэлбэрээ багагvй өөрчилсөн гэдэг. Ийнхvv явсаар 1936 оны хавар сур­гуулиа төгсч Хэвлэх үйлдвэрт хуучны монгол үсгийн хянагчаар ажилласан юм билээ.

-Цэргийн албыг хаана хаасан юм бол?

-Багшийн сургуулиа төгсөөд Улаан хуарангийн морьт дивизэд алба хааж байтал штабын даргын тушаал гарч цэргийн клубт шилжсэн гэдэг. Олон аавын хүүтэй танилцах сайхан байсан хэдий ч тушаалыг биелүүлэх нь цэрэг хүний тангараг юм болохоор дуртай дургүй ч очжээ. 1936 онд цэргийн клуб одоогийн Кино vйлдвэрийн байранд байв. Тэнд клубийн дарга Вотрон хэмээх буриад найруулагч Ц.Санжид, зураач зохиолч Л.Намсрай, хуурч хөнхөр Лувсан, жүжигчин Чимэддорж, Цэрэндулам, Александр нартай хамт ажил­ласан байдаг. Тэнд зохиолч Ш.Аюуштай танилцаж, “Партизан Бат хүүгийн зам дээр” дуулалт жүжиг, хэд хэдэн жүжгийг хөгжмийн зохиолч Л.Мөрдоржтой хоршин “Хилчин”, “Хилийн цэрэг”, “Их буучин”, “Нисгэгч”, “Байлдагч”, “Залуу жанжин” зэрэг хэд хэдэн дууны үг бичжээ. Энд байхад нь цэргийн дээд команд тушаал гарган Нэгдүгээр морьт дивизэд намын багшаар томилсон ч үлдэх хүсэлдээ хөтлөгдөн зориглож, Бүх цэргийн өрлөг жанжин маршал Дэмид дээр очиж хүсэлтээ хэлжээ. Ингэж 1940 он хүртэл Цэргийн клубт дөрвөн жил шахам ажилласан юм билээ.

-Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-д бэлэг хүргэж өгч явсан гэл үү?

-Аав маань 1940 оны хавар цэргийн албанаас халагдаад уран сайхны хүрээлэнд утга зохиолын хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд томилогджээ. Хүрээлэнгийн дарга Дармаа, зөвлөх нь Шараф гэж орос хүн байж. Энэ үед уран сайхны хүрээлэн байгуулагдаад удаагүй байсан бөгөөд арав гаруйхан орон тоотой байв. 1940-1950 он гэхэд Улсын цирк, Дүрслэх урлагийн газар, Хүүхэлдэйн театр, Кино үйлдвэр зэрэг газрууд байгуулагдсан гэдэг. Чухам энэ vед эх орны дайн эхэлж, Зөвлөлтийн улаан армид манай ард түмэн агт морь, хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлэг цуглуулах хөдөлгөөн өрнөжээ. Ард түмний бэлгийг дайны талбарт дайчдын гарт хүргэж гардуулах Засгийн газрын шийдвэр гарч янз бүрийн анги давхаргын бүрэлдэхүүнтэй цуваа гарсан. Аав энэхүү Бэлгийн цуваа гардуулах хоёрдугаар цувааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж НТХ-ны нарийн бичгийн дарга Н.Янжмаа, БНМАУ-аас ЗХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ж.Самбуу, Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга Шагдарсүрэн нартай хамт явсан. Хожим 1985 онд түүнд ЗХУ-ын Дээд зөвлөлөөс дурсгалын хүндэт медаль өгөхдөө энэ тухай дурссан байдаг юм. Бэлгийн цуваанд оролцож явахдаа ЗХУ-ын маршал Г.К.Жуков нартай авахуулсан зураг нь үлдсэн байдаг.

-Аав чинь ер нь ямар зохиол бүтээл туурвисан хүн билээ?

-“Шинэ эмчийн ширмэн тулга”, “Эмээлтэй морины эзэн эргэж ирлээ”, Жамьян хуурчтай хамтарч “Залуучуудын анхны марш”, “Жимсэн дээр” зэрэг олон дуу, яруу найраг бичсэн Ардын эрхэм уран зохиолч цолтой хүн байлаа.

-Аавыг чинь зохиол бүтээлээсээ болж хэлмэгдэн шоронд хоригдож явсан гэж сонссон юм байна?

-Аав хэлмэгдсэн тухайгаа ярих дургүй хүн байсан. Гэвч энэ тухай хувийн архивт нь цөөн зүйлс бичигдэн үлдсэн. 1942 оны зургадугаар сарын 4-5-нд шилжих шөнө Дотоод яамны дарга, зэвсэглэсэн хоёр цэргийн хамт орж ирээд баривчлах тухай хуудас гардуулсан байдаг. Дараа нь ном дэвтэр гар бичмэл зэргийг бүртгэж, орных нь бүтээлгэнд боон авч гарсан байдаг. Ингээд “Монхор-8” гэж алдаршсан машинд ачигдаж, энэ өдрөөс эхэлсэн байцаалт Гэндэн, Дэмидээс ямар даалгавар авч, яаж хорлон сүйтгэсэн хэргээ хэл хэмээн тулгах болжээ. Энэ үед Дотоод яамны мөрдөн байцаах хэлтсийн дарга Бат-Очир гэж хүн байж. “Чиний хэргийн материал бидэнд байна” хэмээн үг сүггүй тулгагч Бат-Очир залуу байхдаа сайн дурын уран сайханчаар хамт ажиллаж байсан нөхөр нь боловч тун ч хуншгvй загнаж байсан гэдэг.

-Шоронд ямар улстай хамт хоригдож байсан бол?

-Хэрэг таслуулаад Батцагаанд Шинжлэх ухааны хүрээ­лэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Банзрагч, зохиолч Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, дуучин М.Дугаржав нартай хамт хоригдож байж. Банзрагч хорин таван жил, Наваан-Юндэн гуай арван таван жилийн ялтай. Намдаг гуай болохоор “Би арван жилээр шагнагдсан юм шүү дээ” хэмээн инээмсэглэн ярьдаг хүн байсан гэдэг. Дайны гал ид дүрэлзэж байсан үе болохоор зөөлөн оёдлын, гутлын, мод, төмрийн гээд янз бүрийн жижиг үйлдвэрт хоригдлууд өдөр шөнөгүй ээлжлэн ажилладаг байж. Аав маань энд амьдрахад хэрэг болж магадгvй гэсний үүднээс оёдлын үйлдвэрт нь орж, ойр зуурын юмыг яггүй оёж сурсан гэдэг. Шоронд нойр хоолгүй гаслаж гангинаж байгаа хоригдлууд “бөөсөн тип” гэдэг хурц аюултай өвчинд нэрвэгдэж. Тэд нэгэнт эрлэгийн дансанд бичигдсэн хүмүүс болохоор хэн ч тусалж үл чадна. Хоригдолд хоригдол нь л туслахаас өөр гарц үгүй. Азаар тэдний дунд сайн эмч домч байснаас олон хvний амийг аварсан гэдэг. Аав ч бөөсөн типд өртөж дөчөөд хоног ухаангүй байсан гэдэг. Батцагаанд хэсэг хорьсны дараа аавыг Зүүнхараагийн хориход шилжүүлж. Энд хорихын клубт ажиллаж, “Цэнд комиссар” гэдэг дуулалт жүжиг тоглуулсан юм билээ. Гэвч дарга нарын гэр бүлийнхний хов жив, атаа жөтөө дэгдсэнээс Ноён ууланд цөлсөн ч ууланд авирч, мод татах ажилд өдөр шөнөгүй зүтгэж. Хаврын эхээр аавыг Батцагаанд аваачиж хорьсон гэдэг. Ноён ууланд номхруулахаар цөлсний дараа Батцагаанд авчрахдаа хөлдөөх өрөө буюу касчирт нүцгэлэн хийж тамлаж байсан юм билээ. Аавынхаа энэ л гунигт үеийн тухай сонсохдоо ямар азаар бидэндээ амьд үлдээ вэ, яасан ч их зовлон туулсан агуу хүн байж вэ гэж зүрх сэтгэл өөрийн эрхгүй шимширдэг юм.

-Таны аав Монгол Улсын гарамгай баатар Л.Дандартай хамт хоригдож байсан гэл үү?

-Хоригдлуудаар мод татуулахын тулд Туул гол руу аваачин сал урсгах ажилд дайчилдаг байсан гэсэн. Нэг салны урт нь 20-25 метр, өргөн нь 5-8 метр машинаар бодвол нэг сал нь бараг дөрвөн машин мод болдог байсан гэж байгаа. Нэг салыг хоёр хүн авч Туулаар урсгаж явсаар хотод авч ирэхийг тушаадаг байжээ. Нэг удаа хэн нь ч салыг яаж залж хөтөлж явах тухайд мэдлэггүй тул усны ширүүн урсгалд сал эрэг мөргөн задарч зарим нь саландаа дарагдаж усанд живж. Олон хүн байсны дотроос хоёр хүн амьд үлдсэн нь миний аав, нөгөөх нь улсын гарамгай баатар Дандар нар байсан юм билээ. Ингэж тэд үхэл зовлонгийн дунд танилцаж сайхан нөхөрлөсөн түүхтэй. Энэ тухай аав өдрийн тэмдэглэлдээ “Дандар их нөхөрсөг, уурлахаараа инээ­дэг, зодолдохоороо ч инээдэг маш зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүн байлаа” хэмээн бичсэн байдаг. Аавын анхны авааль эхнэр нь улс төрийн хэрэгтэнтэй сайхан амьдрал үзэхгүй ч гэсэн үү салж, До яамны нэг том даргатай суучихсан байсан юм билээ. Ингээд үйлээ үзсэний эцэст 1947 оны намар Улсын бага хурлын зарлигаар суллагдсан. Шоронгоос гараад Урлагийн хороо руу алхсан гэдэг. Олон жил хамт ажилласан нөхдөө түшихээр зорьсон нь тэр байж л дээ. Ингээд хөгжмийн тасгийн эрхлэгчээр ажиллаж 375 төгрөгийн цалин авдаг болж. Энэ үеэс Туулын шугуйд сал урсгаж явахдаа олж харсан охинтой эргэж уулзан амьдрал зохиож таван хүүхэдтэй болсон нь үр хүүхдүүд бид нар нь юм.

-Таны ээж хаанахын ямар хүн байна?

-Миний ээж Лхамсүрэн гэж радиогийн нэвтрүүлэгч хүн. Ээжийг танилцаж байх үед “Эсэргүүн Цэнд-Очирын номуудыг шатааж байна” гэж бөөн юм болж байсан гэдэг. Аав ээж хоёрын ууган охин Ц.Ичинхорлоо 1939 онд төрсөн, бүжигчин хүн байлаа. Одоо бурхан болсон. Би 1949 онд төрсөн. Ц.Булган маань 1951 онд төрсөн. Хэвлэлийн зураач мэргэжилтэй, соёлын тэргүүний ажилтан хүн байна. Дүү Ц.Орхонтуул маань 1953 оных. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийн эрхлэгч, соёлын тэр­гүү­ний ажилтан. Отгон дүү Ц.Сэлэнгэ 1957 онд төрсөн, циркийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан, Буриадын төрийн шагналтай, гавьяат жүжигчин. Манай хүү Д.Амар кино найруулагч, бага хүү Д.Цогт телевизийн найруулагч, аавын зээ хүү Н.Эрдэнэ “Мон­гол цирк” хөгжлийн төвийн захирал, Орхонтуулын маань хүү соёлын тэргүүний ажилтан Цогбат Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаа. Таван хүүхдийнх нь тавь жаран ач зээ нар аж төрж байна. Аав маань Соёлын яаманд дөч гаруй жил ажилласан маш нямбай хүн байлаа. Баянхуур, хуучир их дарна.

-Аав чинь хүүхдүүддээ голдуу гол усны нэр өгчээ дээ?

-Аав өөрийнхөө төрсөн нутгийн нэрийг хүү, охин хоёртоо, ээж Булган аймгийн гаралтай болохоор нэг хүүхдээ Булган гэсэн байдаг. “Та яагаад намайг Цолмон гэсэн юм” гэхээр “Үүрээр төрсөн учраас охиндоо ийм нэр өгсөн” гэж байсан. Гэхдээ энд нэг түүх ярихад аав шоронд байхдаа “Хүү ч гарсан, охин ч төрсөн Цолмон гэж нэрлэнэ” гэж шийдээд байж л дээ. Бүр “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ. Цоохор даага жирийхээрээ жирийнэ…” гэдэг алдарт шүлгээ бичсэн ч дээрээс баталж өгөхгүй байсан учраас Дашзэгвийн Сэнгээ гуайд өгч, нэр дээр нь гаргасан байдаг. Наян насныхаа ойн нэвтрүүлэгт энэ тухайгаа Амбасэлмаа гуайд ярьсан шүү.

-Соёлын яаманд олон жил ажилласан болохоор урлагийн томчуул их ирнэ биз?

-Ардын жүжигчин Л.Цогзолмаа, төрийн шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, хөгжмийн зохиолч Д.Мааяа нар их ирдэг байсан.

-Аавынхаа 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа гэсэн үү?

-Аав маань наян гурав хүрээд бурхан болсон. Бид 100 жилийнх нь ойг энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд тэмдэглэхээр бэлт­гээд л байж байна даа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран бичлэгийн уралдаан, нутгийнхны дунд урлаг-спортын тэмцээн зохион байгуулна.

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Гангачуулын гудамж хийгээд зуун зууны түүх хүүрнэх Будапешт дахь хааны ордон

Энэ хавар “Өдрийн сонин”-ы томилолт, мөн хувийн ажлын далимаар Европоор аялах завшаан тохиосон юм. Эртний түүхт буурал Европын хотууд, тэнд амьдрах хүн зон бас монголчуудынхаа тухай цуврал тэмдэглэлээ хүргэж байна.

Будапешт хотын нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан найз маань “Шөнийн Будапештийг л үзэхгүй бол Унгарт ирсний хэрэг байдаггүй юм” гэсээр хотын төв рүү дагуулан явлаа. Гэвч цаг нэлээн орой болсон тул хоттой дараагийн өдөр танилцахаар болж зочид буудалдаа очиж амрав. Хол зам туулж ирсэн болохоор эргэн тойрноо ч анзаарах сэхээгүй толгой тавиад л нам унтжээ. Нэг мэдэхэд үй түмэн шувуутай цэцэрлэгт хүрээлэнд унтаж байна уу гэлтэй олон янзын шувуудын жиргээгээр сэрлээ. “Томоо гээчийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд л байрласан юм байна даа” гэж багцаалан бодоод цонхоор хартал нэг ч мод харагдсангүй. Шалнаасаа таазандаа хүрч байгаа болов уу гэмээр өндөр цонхтой цагаан саарал байшингууд тулах ажээ. Тэнгэрт бүртийх ч үүл алга. Нэрийг нь үл мэдэх жижигхэн шувууд цонхны наагуур цаагуур сүлжилдэн жиргэх нь сэтгэлд таатай. Аажуухан хувцаслаад гадаа гарвал хотын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлжээ. Ялангуяа сургуулийн насныхан ийш тийш хөлхөх юм. Цагаа харвал 06 цаг өнгөрч байв. Будапешттэй танилцуулах найзыгаа ирж автал орчин тойронтойгоо танилцахаар явлаа. Хоолны газар, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүдийн хаяг нь дандаа Унгар буюу мажор хэл дээр юм. Хаа нэгхэн “Japanese restaurant”, “Change” гэх хаяг таарна. Ингэж яваад хүнсний дэлгүүрт орлоо. Манай дэлгүүрүүдэд байдаг Европын ихэнх бараа лангууны ард өрөөстэй харагдана. Чихэр, шоколадны тасагт аль хэдийнэ танил болсон “Merci”,“Raffaelo”,“Kinder” тэргүүтэй амттан өрөөстэй. Үнэ нь харин тийм ч хямдхан байсангүй. Улаанбаатарын дурын дэлгүүрээс “Merci” шоколадыг 8000 төгрөгөөр авч идэх бол эндээс 6000 төгрөгөөр авах ажээ. Гоо сайхан, ахуйн хэрэглээний тасагт ч гэсэн дандаа манайд зардаг бүтээгдэхүүнүүд. Бүр манайд байдаггүй бүтээгдэхүүн юу байна вэ гэж хайж үзмээр санагдаж байв. Харин жимс, ногоо нь харьцангуй хямд. Хачин гоё үнэр, амттай бэлцийсэн том гүзээлзгэнэ нэг кг нь 10 мянган төгрөг орчим болж байв. Бас Оросоос хуучин цагт оруулж ирдэг шиг гоё үнэр, амттай алим нэг кг нь 2000 төгрөг орчим ажээ.

Эндхийн байшин барилга бүрийн орой дээр уран баримал сийлсэн нь нүд булааж байв. Хотод хөшөө, уран барималтай хаа сайгүй таарна. Эхэндээ таарсан хөшөө болгоны нэрийг бичиж аваад, уран баримал бүрийнх нь дэргэд зургаа авахуулж байсан бол сүүлдээ залхаж гүйцэв. Хот тэр чигтээ л уран баримал, хөшөөгөөр дүүрчээ. Байшингийн ханан дээр эртний түүхийг харуулсан сийлбэрүүд ярайж байв. Барилгуудын өндөр, өндөр цонхнуудыг анзаарахгүй өнгөрөөж боломгүй. Шалнаасаа таазаа шүргэв үү гэлтэй өндөр цонхоо элдэв хээ хуар багатай бараан өнгийн хөшгөөр халхалжээ. Ер нь эндээс хөшөөгүй, сийлбэргүй барилга олж харна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдах ажээ. Сүүлд баригдсан орчин үеийн загвартай ганц нэг зочид буудлын барилгууд хүртэл үүд хавьдаа заавал нэг хөшөө байрлуулсан байдаг юм байна.

Будапешт хоттой танилцах аяллаа тэндхийн залуусын очих дуртай “Гангачуулын гудамж”-аас эхэллээ. Хотын төвд байрлах энэхүү гудамжинд дэлхийн олон брэндийн дэлгүүр бий. Бас олон үндэстний хоолны газар ихтэй. Ерөнхийдөө жуулчдад зориулсан гудамж болохоор хотын бусад хэсгийг бодвол харьцангуй үнэтэй гэсэн. Гэхдээ л Европын бусад хоттой харьцуулахад тун боломжийн үнэтэй болохоор сонирхож байгаа зүйлээ авахыг зөвлөж байлаа. Замд таарсан ганц, нэг дэлгүүрээр орвол Унгарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад гадны брэндүүдээс сонголт хийж болмоор санагдав. Унгар бүтээгдэхүүн гэснээс эднийх ноосон цамцаараа алдартай юм байна. Хориод жилийн өмнө Унгар ноосон цамц өмссөн европ хүүхэн тэр үеийнхээ л хамгийн ганганд тооцогддог байж.Тэр яриа одоо хүртэл хэвээрээ гэсэн. Юугаараа алдартай вэ гэхээр хэдэн ч удаа яаж ч угаасан сунадаггүй, агшдаггүй гэнэ. Ерөнхийдөө оёдлын үйлдвэр ихтэй болохоор ноосон эдлэлийн нэхээс, сүлжээсэнд мэргэшсэн байдаг ажээ. Гудмаар яваа залуус биед аль болох эвтэйхэн байдлаар хувцасласан байв. Эрчүүд нь голдуу өвдөгний дээгүүр татсан урттай богино өмд, даавуун цамц өмсчээ. Бүсгүйчүүд харин урт хормойтой даашинз, эсхүл жинсэн шоортон дээр дал мөрөө гаргасан сул майк өмссөн харагдана. Залуусын гол гангараа нь янз бүрийн бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, алчуур, малгай шиг анзаарагдав. Хувцаслалт нь энгийн хэрнээ маш гоё зохицсон гоёл чимэглэлийн зүйлс их хэрэглэдэг юм байна. Энгийн нэг малгайн дээр өд хатгаад л дэгжин харагдах жишээтэй. Хүүхнүүд нь даашинзныхаа өнгө дагуу хэд хэдэн зүүлт давхарлан зүүжээ. Ер нь чамин тансаг гэхээсээ илүүтэй энгийн, гар аргаар хийсэн зүйлс сонирхдог нь анзаарагдаж байлаа. Мөн энэ гудмын төгсгөл хэсэгт хоолны газрууд бий. Шарсан махны үнэр хэдэн метрийн зайнаас үнэртэж цатгалан хэдий ч идэх хүсэл төрүүлэх ажээ. Тогооч нар нь мухлагийнхаа үүдэнд гараад ирчихсэн хоолоо танилцуулна. Голдуу янз бүрээр амталж шарсан мах амсаж үзэхийг санал болгох ажээ. Хамт яваа найз маань “Унгарчууд манайханд их элэгтэй” гэж хэлээд шорлог хийж буй тогоочид хэдэн зүйл хэлэв. Тэгсэн өнөөх нь мухлагийнхаа цаанаас гарч ирж тэврээд сүйд болоод явчихлаа. Яасан гэтэл “Бид монголчууд. Найз маань Улаанбаатараас ирсэн” гэж хэлжээ. Унгарчууд манайхантай гарал угсаа нэгтэй, ахан дүүсээ гэдэг юм байна. Тиймээс монгол хүнд элэгтэй хандаж, дайлах дуртай байдаг ажээ. Ингээд өнөөх маань Монголоос ирсэн дүү минь гэсээр хонины махтай шорлогоор дайлав. Бас тусгай аргаар дардаг, хүндтэй зочдоо дайлдаг ногоо гаргаж ирээд махтайгаа идэхийг хүслээ. Цагаан лууван, улаан чинжүү тэргүүтэй ногоонуудыг бага зэргийн халуун чанартайгаар даршилжээ. Анх удаа идэж байгаа надад амт нь гойд сайхан санагдсангүй. Гэсэн хэдий ч талархсан сэтгэлээ илэрхийлээд босов.

“Гангачуулын гудамж”-нд хол газраас аялж яваа жуулчид их цуглах юм. Үүргэвч цүнхээ газар тавиад орчныг ажиглангаа шар айраг шимэн суух ажээ. Тэдний ингэж суудаг хэсэгт өөрсдийгөө олонд таниулах хүсэлтэй шинэ залуу хамтлаг, дуучид тоглолтоо хийж байв. Зарим жуулчид тэднийг дуулах үеэр ширээнийхээ хажууд зогсож бүжиглэсэн шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Тэднийг дуурайж хоол эргүүлж, гудманд зарж буй бэлэг дурсгалын зүйлийг сонирхсоны дараа Дунай мөрнөөр усан онгоцоор аялахаар болов. Усан онгоцонд суухын тулд метрогоор явсан. Эндхийн метро дэлхийд хоёрдугаарт ордог эртний метротой. Хамгийн эртний метро Англи улсад ашиглалтад орж байсан бол хоёр дахийг нь унгарчууд барьж байжээ. Метро нь газар доороо нэлээн гүн гэсэн. Уртаа гээчийн цахилгаан шатаар доош буух бөгөөд шат нь хурдан гэж жигтэйхэн. Эхэндээ цахилгаан шатны эхний гишгүүр дээр зогсоод арагшаа савангаа алдаж байна лээ. Метрогоор явсаар хот дундуур урсдаг Дуна мөрөн дээр ирэв. Мөрний баруун хэсгийг Буда, зүүн талыг Пешт гэж нэрлэдэг юм байна. 1873 онд Буда, Пешт, Обуда гэх газруудыг нэгтгэн нийслэл Будапешт үүссэн түүхтэй. Өдгөө Дуна мөрнөөр аялахад хотын ерөнхий төлөв харагдах ажээ. Усан онгоц нь 3000 форинт гэнэ. Нэг форинт долоон төгрөгтэй тэнцэж байв. Аялж явахад Парламентын ордон, Буда цайз, Хааны ордны дэргэдүүр өнгөрч байлаа. Бас Европт алдартай гинжин гүүрэн доогуур өнгөрсөн. Энэхүү гүүрний хоёр талд томоо гээчийн хоёр арслангийн баримал бий. Энэхүү арслангийн баримлыг хийсэн уран бүтээлч бүтээлээ дөнгөж дуусгаад байхдаа амиа хорложээ. Учир нь гүүрний хоёр талд бүтээсэн дөрвөн арслангийн хэлийг хийхээ мартсанаа хүлээлгэж өгөх үеэрээ анзаарсан байна. Ингээд хотын захиргааны дарга нараас айхдаа тэр оройдоо амиа хорлосон тухай түүхийг усан онгоцоор аялуулж буй хөтөч ярьж өгөв. Усан онгоцны аялал хагас цаг хэртэй хугацаанд үргэлжлээд Хааны ордны гадаа буулгалаа. Хааны ордныг унгарчууд өөрсдөө Буда цайз гэж нэрлэх юм. Хааны ордон орчмыг шөнөөр харвал үзэсгэлэнтэй гэж зөвлөсөн учраас нар жаргахыг хүлээнгээ “Арена” гэх худалдааны төвөөр орлоо. Энд бүхий л брэндийн дэлгүүрүүд бий. Гэхдээ байнгын 30-70 хувийн хямдралтай байдаг болохоор сайн хэсвэл хүссэн бараагаа боломжийн үнээр авч чадахаар ажээ. Хоёр давхар тус дэлгүүрийн үүдний хэсгээр л яваад хөл цуцчихлаа. Цаад зах нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор гурван цаг хэсээд гарав. Ингээд бүрэнхий болсон учраас хааны ордон руу явсан юм.

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1987 онд бүртгэгдсэн хааны ордныг 1243 онд барьж эхэлжээ. Ордон барих явцад маш олон удаагийн халдлага дайралт гарч барилгын явцыг удаашруулж байсан гэнэ. Улмаар 1410-1430 онд тухайн үеийн эзэн хаан ордны барилгыг түргэвчлэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын ажил мөн л дорвитой урагшлахгүй байсаар 1700 онд бүрэн зогсчээ. Түүнээс хойш ордонд хэн ч гар хүрэхгүй байсаар 1867 онд Австрийн хаан Франц Иосеф Унгар улсыг захирах болоход эзэн хаандаа зориулан ордны ажлыг бүрэн дуусгаж тохижуулсан түүхийг хөтөч маань сонирхуулав. Гэвч Европтоо хамгийн эртнийхэд тооцогдох уг ордонд эзэн хаан хэзээ ч амьдарч байгаагүй ажээ. Франц Иосеф Унгарын хаан болсноосоо хойш анх удаа ордонд ирж ёслолын дараа хонох гэж байхад нь Австриас яаралтай захиа ирэн нутаг буцаж байжээ. Түүнээс хойш ордонд нэг ч эзэн хаан ирээгүй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр асар их хохирол амсаж сүйдэж байсан байна. Улмаар 1946 оноос дахин сэргээж 1960 оноос хойш өнөөгийн дүр төрхөө хадгалж байгаа гэсэн.

Хааны ордон Дуна мөрний баруун эрэг дээр байрлах ажээ. Уулын энгэрт байрлах ордон олон давхар хэсгээс бүтсэн байв. Шөнө болж ордны гэрэлтүүлэг асахад ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бас гинжин гүүр, Парламентын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд гэрэлтүүлгээ асаасан байхыг хараад яагаад заавал шөнийн Будапештыг үзээрэй гэснийг ойлгов. Учир нь байшин барилгуудаас цацарсан үй түмэн гэрэл шөнийн харанхуйтай хоршиж Будапешт хотыг чимжээ. “Европоор аялж байгаа хүмүүст заавал үзэх ёстой хоёр хот байдаг. Нэг нь Парис, нөгөөх нь Будапешт” гэж хамт яваа хүн маань хэлэв. Ингээд ордны гол хэсэгт гарахаар чулуун шатаар дээш өгслөө. Булан тохой бүрт эртний баатрууд, гоо бүсгүйчүүдийг дүрсэлсэн уран баримал байх юм. Бас давхар бүрт сүрлэг сайхан усан оргилуур өнгө өнгийн гэрэл дор оргилох ажээ. Хааны ордон баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн жигүүртэй бөгөөд хойд жигүүрийг ордны гол хэсэг гэж үздэг юм байна. Тэнд шүтээний байр, ёслолын, их сэнтийн, цайны, хааны унтлагын, зочдын, бичгийн, тамхины, хоолны зэрэг өрөөнөөс гадна урлагийн музей, хааны үнэт эдлэлийн сан байдаг гэсэн. Ордны зарим өрөөгөөр ажлын цагаар орж үзэж болдог ажээ. Цагаан гантиган ханатай, улаан гантиган шаттай Дундад зууны модернист загварын ордны төв хэсэг дөрвөн давхар өндөр. Дээд давхарт гарч ирэхэд жуулчид дүүрэн байв. Энд тэнд зогсож зургаа авахуулахын зэрэгцээ залуу хосууд Дуна мөрөн рүү харсан хашлага налан үнсэлцэн зогсоно. Дуна мөрний зүгээс ирэх зөөлөн салхинд нүүрээ илбүүлэн Будапешт хотын сайхныг бахдан зогсоод доош буулаа. Дараагийн очих газар хотын урд байх Баатруудын талбай. Энд Ялалтын бурхныг дүрсэлсэн “Зууны хөшөө” нэртэй баримал бий. Түүнийг нь тойроод Унгарын хаан ширээнд сууж байсан 14 хааны хөшөө байв. Энд бас л жуулчид олноор цуглачихаж. Тэд нутаг нутгийнхаа дууг чангаар дуулаад шар айраг шимэн суух ажээ.

ВЕНА ДАХЬ ХАТАН ХААН СИСИГИЙН ОРДОН

Унгарын нийслэл Будапешт хотоос машинтай гарч хоёр цаг гучинминут давхиад Австрийн Венад ирэв. Хоёр улсынхилээр нэвтрэх нь манай 22-ын товчоогоор гарч байгаатай л төстэй юм. Машинтай явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа ч юм алга. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэдэг бололтой буу барьсан хоёр цагдаа орчны амгалан тайван байдалд хяналт тавьж байлаа. Венийн төвд орж ирээд хамгийн түрүүнд хатан хаан Сисигийн Шёнбрун ордонтой танилцахыг бодов. Хатан хааны ордон руу ороход дөрвөн төрлийн тасалбараас сонгож авдаг юм байна. Ордны эргэн тойронтой танилцах, хатан хааны ордон руу орох, хувцас хэрэглэлийн өрөөгөөр аялах, ордон болон амьтны хүрээлэнгээр зугаалах гэсэн сонголттой. Тасалбар нь юу үзэхээс хамаарч 10-50 еврогийн үнэтэй байв. Хатан хааны ордноор аялах 25 еврогийн тасалбар аваад дотогш орлоо. Орох хэсэгт англи, япон, хятад, орос, герман, франц хэлний сонголтоор тайлбар сонсох жижигхэн хөгжим шиг зүйл өгөв. Түүн дээр байгаа тоонууд дээр дарахад тухайн дугаартай үзмэрийг тайлбарлах учиртай юм байна. Өнөөхөөс нэгийг аваад дотогш ортол өөрийн эрхгүй дуу алдав. Шалнаас тааз хүртэлх зай нь дор хаяж дөрвөн метр хэмжээтэй. Өндөрт байх таазан дээр алтан шаргал өнгөөр эртний бурхдыг зуржээ. Цонхнууд нь улаан хүрэн өнгийн зузаан хөшигтэй. Хана дагуулан тавилгууд өрөөтэй байв. Тавилга сэлтэд гар хүрч болохгүй учраас наагуур нь хамба хилэн уяагаар хязгаарлажээ.

Үүдний хавьд үйлчлэгч, асрагч эх, даамлуудын өрөө байв. Тэдний өрөө гял цал бус мөртлөө булан тохойдоо уран барималтай юм. Бас тухайн үеийн ордны ажилтнуудын өмсөж байсан хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Зарц, асрагч нар газар шүргэсэн урт хормойтой цайвар өнгийн даашинзан дээр цагаан хормогч зүүдэг байсныг харав. Хиа, даамлууд өндөр хар малгай өмсөн улаан өнгийн ёслолын хувцастай алба хаадаг байжээ. Өрөөний эд хогшлыг үзмэр шиг биш хүн амьдарч байгаа мэт байрлуулсан нь ордонд зочин болоод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьдарч байсан хүмүүсийг ч гэсэн яг л хажууд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр үйл хөдлөлтэй байрлуулжээ. Хүүхдийн орны дэргэд хувцас эвхэн зогсож байгаа асрагч, хааны зарлигаар бусад улс орон руу захиа илгээж байгаа бичээч гээд тухайн үед хэн, яаж ажиллаж байсныг харсаар хааны ажлын өрөөнд ирлээ. 1854 оноос Австри улсын эзэн хаанд өргөмжлөгдсөн Франц Иосефийн өрөөний хойморт ажлын ширээ байх ажээ. Цэвэр модоор хийсэн болов уу гэмээр ширээн дээр бэхэнд дүрж бичдэг өд, зузаан ном, Австрийн төрийн далбаа, газрын зураг зэрэг байв. Эзэн хааныг ширээнийхаа ард суугаад Сиси хатандаа захиа бичиж байгаа мэтээр төсөөллөө. Өрөөний эсрэг талд буйдан, хагас хэвтээ байдлаар суух урт сандал, цайны ширээ зэргийг байрлуулжээ. Цайны гүцэн дээрх чимэглэл аяганы амсрын алтан шармалтай тун сайхан зохицож байв. Ажлын өрөөг улаан хүрэн, бор өнгийн тавилгаар тохижуулжээ. Цаашлаад хаан, хатан хоёрын унтлагын өрөө, уулзалтын өрөөнүүд үргэлжилж байна. Хаан хатан хоёрын унтдаг байсан ор лав л гурван метрийн өргөнтэй байх аа. Орны дөрвөн талаар цагаан өнгөтэй нимгэн хөшиг унжуулжээ. Энэхүү өрөө хаан, хатан хоёрын албан ёсны унтлагын өрөө бөгөөд түүнээс гадна тэдний мэдлийн зургаан өрөө бий гэсэн. Харин өрөө бүрт ваар хэлбэрийн ханын зуух байлаа. Уг зуухаар өрөөг бүхэлд нь халаадаг байжээ.

Хааны хувцасны өрөөнд ороход ёслолын, энгийн, ангийн, уулзалтын хувцаснуудыг маниканд өмсүүлсэн байсан. Хувцаснаас багцаалбал Франц Иосеф хаан 180 см орчим өндөртэй байсан бололтой. Өрөө бүрийн ханан дээр хатан хаан Сисигийн болон бусад гүнж нарын зургийг жаазлан өлгөсөн байв. Шёнбрун ордон 1441 өрөөтэй болохоор бүгдийг нь байтугай талыг нь ч үзэж амжихааргүй юм. Архитектурын түүх, соёлын дурсгалт гол гол өрөө, танхимыг нь сонирхоод цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. Ордонг 1569 онд барьж, 1642 оноос Шёнбрун гэж нэрлэх болжээ. Ордонд хамгийн сүүлд амьдарч байсан Франц Иосеф хаан 86 насандаа буюу 1916 онд нас барахад Шёнбруныг улсын өмчид бүртгэн авсан гэдэг. Улмаар 1955 оноос музей болгон олон улсын аялал жуулчлалын чухал үзмэрүүдийн нэг болгожээ.

Ордны ар талд таван га цэцэрлэгт хүрээлэн үргэлжлэх юм. Нов ногоон зүлгэн дээр өнгө өнгийн цэцгээр элдэв хээ оруулан чимжээ. Мод ургамлаа хүүхэлдэйн баатар, амьтны дүрсээр хэлбэржүүлэн тайрсан байв. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах өргөн гудамжны хоёр талаар ургасан модыг шугам барьж байгаад хяргаа юу гэлтэй нэгэн жигд тайрчээ. Төв ордноос 300 метр орчим зайд нуур байсан. Тэнд усны шувууд цуглаад гангар, гунгар дуугарах ажээ. Хүнтэй ижилдэн дассан бололтой ойртоод очиход үргэхээ ч мэдэхгүй юм. Нуурын цаахна аварга том гантиг чулуун саравч байлаа. Тэндээс ордны ерөнхий төлөв байдлыг харж хэсэг суув. Австричууд Шёнбрун ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд хүссэн үедээ зугаалдаг ажээ. Хаа сайгүй л бэлтгэлийн хувцастай гүйж байгаа хүмүүсийг хараад ажлын өдөр ингээд гүйж явдаг яасан сайхан завтай нөхөд вэ гэх бодол төрж байв.

Задгай саравчнаас Шёнбрун ордныг толидонгоо хатан хаан Сисигийн тухай яриа өрнүүлэв. Хөтөч маань “Сиси хатан чиний бодож байгаа шиг ариухан амьтан байгаагүй юм” гэсэн нь сонирхол татлаа. Гоо үзэсгэлэн төгс, шулуун шударга, ялдамхан бүсгүйн төсөөллийг “Хатан хаан Сиси” киноноос авчихжээ. Тэгсэн хөтөч маань шал өөр зүйл ярьж байна шүү. Франц Иосеф хаантай суугаад удаагүй байхдаа Унгар болон Италийн гүнтэй нууцаар амрагладаг байсан. Түүнийг нь хаан мэдээд гэр бүлээ цуцлуулсан хэдий ч гурван жилийн дараа эргээд нийлсэн гэхчлэн ярилаа. Тухайн үед европ эрчүүдийг хөөрхөн царай, 50-хан см-ийн тойрогтой нарийн бэлхүүсээрээ байлдан дагуулж байсан түүнд бусад улсын хаан, хунтайж, гүнгүүд унан тусан дурладаг байжээ. Италийн өндөр язгуур угсаатай гүнтэнг Венад ирэх үеэр танилцан улмаар сэтгэл алдарч эр нөхрөө хүртэл мэхэлсэн түүх байдаг гэнэ. Дурласан гүнтэнг санахын эрхэнд ордноосоо нууцаар гарч уулзалдаж байгаад эзэн хаандаа баригдсанаар харилцаагаа дуусгавар болгожээ. Гэсэн ч хашралгүй Унгарын язгууртантай амрагласнаар Шёнбрун ордноо орхиж байсан юм байна. Франц Иосеф Сисигээс салсныхаа дараа улс орноо удирдахад хатных нь үнэтэй зөвлөгөө дутагдаж байснаар авааль гэргийгээ уучлан буцааж авчирсан түүхтэй. Мөн Сиси хатан Унгар улсад элэгтэй байдгийг түүний дурлалт хархүү Андраши гүнтэнтэй холбон ярьдаг гэсэн. Гэхдээ Франц Иосеф улс төрийн хэрэгт анхаарлаа бүрэн хандуулдаг, эр нөхрийн хувьд гэргийгээ хайр, халамжаар үргэлж дутаадаг байсан гэдэг. Ордон дотор явж байхад ханан дээр өлгөсөн зурган дээр нээрээ л хөөрхөн хүүхэн байсан даа. Өвдөг шүргэсэн буржгар урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй өө сэвгүй сайхан бүсгүй байж, Сиси. Түүний гоо сайхан царайнаас гадна улс орныг зөв бодлогоор чиглүүлж явсан үйл хэрэг алдар нэрийг нь улам бүр цуурайтуулж байжээ. Тэрээр эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр аливаад ханддаг байсан гэнэ. Сэтгэл хөдлөл багатай, хатуу ширүүн гэмээр хааны гаргаж буй шийдвэрүүдийг Сиси зөөллөдөг, улс төрийн чухал шийдвэрүүд дээр алсыг харсан холч ухаанаар зөвлөгөө өгдөг байсан байна. Тэрээр бодит амьдрал дээр эзэн хаантайгаа тийм ч дотно харьцаагүй байсан бөгөөд Франц Иосеф хатнаа нас барсных нь дараа “Сисид би ямар их хайртайгаа ойлгуулж чадсангүй” хэмээн харамсан уйлж байсан гэдэг. 1937 оны арванхоёрдугаар сарын 24-нд Германы Мюьнхен хотод Баварийн гүн Максимлан Жозефийн гэрт төрсөн Элизабет Амалия Евгений буюу Сиси хатан Австри болон Унгар улсын хатан хаан байсан юм. Түүнийг 1898 онд Швейцарийн Женев хотод зугаалж явахад нь Италийн анархист үзэлтэн Луйчи Лучиени гэгч зүрхэн тушаа нь хутгалан амь насыг нь хороожээ.Хожим түүний тухай “Хатан хаан Сиси” кино бүтээснээр дэлхий даяар танигдсан гэдэг. Өдгөө хатан хаан Сисигийн амьдарч байсан ордныг үзэхээр жилд дөрвөн сая жуулчин Вена хотод зочилдог ажээ.

Ордноос тун холгүй алдарт Венийн дуурийн
театр байдаг юм байна. Дотор болж буй тоглолтоо гадаах дэлгэцээрээ шууд
дамжуулдаг болохоор жар гаруй сандал эгнүүлээд өрчихдөг ажээ. Тэнд хэн дуртай
нь суугаад дуурь сонсож болох юм. Олон хүний дэргэд очоод хэсэг суув. Ихэнх нь
дэлгэцээр гарч буй хүний дуунд уярчээ. Нэг харахаар нүдээ аньчихсан суудал
дээрээ ганхана. Дахиад нэг анзаарвал ямар нэг зүйлд санаа зовж байгаа аятай хөмсгөө
зангидчихсан суух ажээ. Надад харин дуурийн театрын барилга сонин санагдав.
Гурван давхар барилгын хана тэр чигтээ уран сийлбэрээр дүүрчээ. Сахиусан тэнгэр,
эртний Грекийн дайны бурхадыг ханан дээр уран тансагаар сийлсэн нь гайхалтай.
Дуурийн театртай зэрэгцээд “Штефан” сүм байв. Сүм рүү хүссэн хүн бүр орж болох
ч гэлээ биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцастай бол оруулдаггүй юм
байна. Сүм, дуурийн театр бүхий төв гудмаар явж байгаад казино руу орлоо.
Багахан еврогоор азаа үзэх хүсэл байсан ч эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд нь
ёслолын хувцастай орох ёстой гээд халгаасангүй. Харин үүдэнд нь байх 777
тоглоомоор тоглож болно гэнэ. Буцаж гараад төв гудамжаар алхахад шарсан зайдас,
пицца тэргүүтэй түргэн хоолны газрууд олон таарч байв. Пиццаг ганцаараа явж
байгаа хүн идэхэд тохиромжтой болгон зүсмээр зардаг ажээ. Гурил нь мэдэгдэхгүй
шахам олон хачиртай зүсэм пицца таван еврогийн үнэтэй. Хоолны газруудад нэг
таваг хоол ойролцоогоор 15 еврогийн үнэтэй байна лээ. Гудмаар явж буй залуус
жинсэн өмд, даавуун цамц өмссөн харагдана. Энэ хавиар жуулчид ирдэг нь илт.
Зургийн аппарат тэврэн үүргэвч үүрсэн хүмүүс гудмаар холхихтой зэрэгцэж алхаад
“Волксгартен” метроны буудал дээр ирлээ. Уг буудлын нэг буланд хааш, хаашаа
хоёр метр хэмжээтэй шилэн хана байв. Тэнд хоёрдугаар дайны үед еврейчүүдийг
амьдаар нь булсан гэсэн. Дотроо чулуун хана, төмөр сараалжаас өөр зүйл
харагдахгүй мөртлөө огиудас хүрэм эвгүй үнэртэй байлаа. “Яагаад ийм үнэр
гардгийг мэдэхгүй. Уг нь цогцос аль хэдийнэ газар шороондоо шингэсэн баймаар
юм” хэмээн хөтөч маань тайлбарлав. Нас барсан хүний үнэр л ийм байдаг байх даа
гэмээр эвгүй үнэр үнэртээд, амьд хүмүүсийг булсан шүү гэж бодохоор тэр хавь нэг
л зэврүүн санагдах ажээ. Яагаад ийм газрыг энэ хэвээр нь байлгадгийг мэдэхгүй ч
шилэнд тулж очсоноос хойш нэг хэсэгтээ л дотор муухайрч байлаа. Харин шилэн
хананаас метр гаруй зайнд зогсоход өнөөх үнэр алга болж байв.

Метронд суугаад явж байтал гудамжны хулигаан маягтай залуу
бидний хажууд ирлээ. Халтайсан нүүр, тааруухан хувцсыг нь хараад айдас төрлөө.
Эх хэлээрээ ярих биднийг ширтээд зогсоод байхаар нь хөтөч “Чамд ямар нэг зүйл
хэрэгтэй” юу гэтэл “Энэ эмэгтэй миний тухай яриад байна уу” гэдэг байгаа. “Үгүй
дээ, бид Вена хотын тухай ярилцаж байна. Монголоос ирсэн хүмүүс” гэтэл нүүрэнд
нь мишээл тодрон “Чингэс хаан, Чингэс хаан” гэчихээд яваад өглөө. Австри уг нь
тайван амгалан хот хэдий ч Украйны дайнаас хойш бага зэрэг үймээнтэй байгаа
гэнэ. Дайнаас дүрвэж орж ирсэн хүмүүс Австрид ирээд хийх ажилгүйн улмаас
хулгай, дээрэм хийх болжээ. Ялангуяа метронд бусдыг дээрэмдэх тохиолдол их гарч
байгаа юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ