Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Өндөр гэгээн Занабазарын Цагаан хот буюу Сарьдагийн хийд

Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд Монгол Улс анхны нийслэл хотоо байгуулж байжээ. Үүнийг батлах хотын туурийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн илрүүлээд байна. Майжиг хүрэн баавгай, бор гөрөөс, буга, хандгай, модны мөчир дамжин гүйх хэрэм гээд зэрлэг амьтны эх өлгий, нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч тайгаас түүхийн хосгүй үнэт олдвор ихээр олдлоо. Монгол Улсын ууган хотуудын нэг нь Бух ян, Сонгино ян, Сарьдаг гэсэн чандманилан орших гурван том уулын зүрхэн тушаа газар, наран ургах зүг рүү харсан байдалтайгаар оршин байжээ. Есөн байгууламж бүхий хийд байна. Зөвхөн нэг байгууламжийн нэг хэсэг болох гол цогчины нэгээхэн хэсгийг нь түүхч, археологичид малтан шинжилж байна.

Хоорондоо хэлбэр, өнгө зүс, ур хийц адилгүй, хэлбэр хийц нь давтагдаагүй 500 гаруй шавар бурхан илрэн олдсон тухай мэдээллийг сонсоод, тэнд очиж үзэх юмсан гэж бодогдож байв. Өнгөрсөн жилээс хойш Өндөр гэгээний байгуулсан нэгэн томоохон суурин хийд байсан газарт судлаачид ажиллаж байгаа гэх мэдээлэл их л содон сонин байсан нь энэ.

Чингээд Сарьдагийн хийдийн малтлагыг санаач­лагч, Төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай саяхны нэг өдөр уулзлаа. С.Чулуун докторт “Манай сонинынхон та бүхний илрүүлсэн Сарьдагийн хийдэд очиж өнжих гэсэн юм. Яаж хүрэх вэ? Түүхийн хосгүй үнэт олдворууд малтлагаар илэрч олдсон гэж дууллаа” гээд тулгасан байдалтайгаар хэлчихлээ. Өөдөөс “Хэн тэгж байна. Хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ” гэснээ “Энэ жил харин Хотын захиргааныхны дэмжлэг тусламжаар Хэнтийн нуруунд хоёр жилийн өмнө эхлүүлсэн малтлагаа нэлээд өргөн хүрээтэй эхлүүлээд гурван сар орчим ажиллаж байна. Мэдээж чухал олдворуу­даас гадна хотын бүтэц зохион байгуулалтыг бүрэн таньж мэдэх хэмжээний судалгааг хийгээд байна. Бидний хийсэн малтлагаар XVII зууны үеийн Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж байсан Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хот байрлаж байсан газар гэдэг нь тодорхой болж байна. Энэ нь түүхийн олон эх сурвалжаар батлагдаж байгаа юм. Бид­ний зүгээс танай сонины сэтгүүлчид очиход татгалзах зүйл байхгүй. Харин малтлага хийж байгаа газарт хүрнэ гэдэг их хэцүү. Машинаар гарах юм бол Зил-131 машинаар хоёр өдөр болж байж арай гэж очно. Гэхдээ саяхан бороо их орсон гэсэн. Намагт суучих юм бол цааш явна гэж саналтгүй. Шатахуун, тос ч их орно. Өөр нэг арга гэвэл Мөнгөнморьт сумын ойролцоо очоод мориор намаг торлог, ой модон дундуур өдөржин яваад үдшийн бүрийгээр Сарьдагт хүрнэ. Замдаа саатах юм бол хөвчид хонох болно. Би саяхан мориор яваад ирлээ. Гэхдээ долоо хоног хүлээж чадна гэх юм бол нисдэг тэргээр явах санаа байна. Гол эвдрэх магадлалтай олдворуудаа татаж ирэх юм” гэлээ. Бид тохиролцож, долоо хоногийн дараа Налайх дүүрэгт байр­лах Зэвсэгт хүчний нисэх ангийн “Ми-8” нисдэг тэргээр Сарьдагийн хийдийг зорин гарлаа. Туул голын ай савыг даган цаг гаруйхан нисээд Бух ян уулын хормойд буулаа. Эндээс хэдэн километр орчим өгсөж алхаад малтлага хийж буй газарт хүрэв.

Хөвчид намар цаг хэдий­нэ иржээ. Модны навчис шаргал, улаан, ногоон өнгөөр солонгорч харагдах аж. Цэв цэнгэг агаар цээж дүүрэн амьсгалах зуур хаа нэгтээгээс шувуудын эцэж цуцахаа мэдэхгүй шулганан жиргэх, голын ус хоржигнон урсах нь байгалийн хөгжим гэлтэй. Сагсгар сүүлтэй хэрэм модноос модонд дүүлж, хөвч тайгад хэн ирэв гэх шиг сониучирхана. Час улаан, хар хүрэн өнгийн будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг аньс, улаалзгана тэргүүт жимс ургажээ. Хэзээ мөдгүй бөөрөөрөө язрах гэж байна уу гэлтэй бүрэн боловсорсон байгаа харагдав. Багахан салхи гарахад л ишнээсээ мултарч унахад хэдийнэ бэлэн болсон байв. Хуш модыг багахан доргиоход боргоцойн бороо нирхийтэл буугаад ирэх юм. Ай, өвлийн өмнөх намар цагийн хөвч тайга ийм л тансагхан байдаг ажээ. Ой дундуур уул өөд алхаж явтал Сарьдагийн хийдийн малтлагыг ахалж байгаа залуу судлаач Э.Уртнасан биднийг тосон ирлээ. Мэнд мэдэлцээд л шууд ажил хэрэгтээ орж байгаа юм. С.Чулуун доктор “За юу болж байна. Хоол унд давгүй юу, малтлага хэр явж байна, олдворуудаа бүртгэлжүүлж байна уу. Хойд хэсгийн тасалгааг малтчихсан биз дээ” гэж асууж байна. Хариуд нь Э.Уртнасан “Дахиад хэдэн жижиг бурхан олдсон. Голын жижиг тасал­гааг бүрэн гаргасан. Үүдний довжоо хаалга бүрэн нээгдсэн. Одоо зүүн хойд хэсэг рүү орж байна” гэлээ. “Болгоомжтой үзэж байгаа биз дээ, цаадуул чинь. Тэр хэсгийг л маш болгоомжтой байхгүй бол хана хэрэм нурах аюултай шүү гэж сануулж байх юм. Удалгүй хүрэх газраа очлоо. Биднийг очих үед малтлага ид явагдаж байсан юм. Зүүн хойд хэсгээс жижиг бурхадын толгой ярайтал цухуйж байлаа. Мөн том хэмжээний шавар бурхан давхар хэрмийг нурахад цөм цохигдсон байдалтай гарч ирж байлаа.

Цагаан хотын дүр зураг

Хотын туурь байсан газрыг бүхэлд нь модоор хашаалжээ. Хашаан дотор овгор шороон далан байв. Энэхүү шороон далан Сарьдагийн хийдийг тойрсон шороон хана хэрэм байсныг илтгэж байгаа аж. Шороон хана хэрмийн дотор талд 1.5 метрийн өргөнтэй, хоёр метр гаруй өндөр чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Мөн шороо, чулуун хэрмийн ойр орчимд хавтгай чулууг газарт шигтгэж явган хүний зам тавьсан хэсгийг ил гаргажээ. Хэрмийн ханын чулууг байгалийн энгийн хадыг заадсаар нь хагалан хавтгай талыг гадагш харуулан нямбай өрсөн байв. Гадна хэсгийг шороогоор дэлдэж өнгөлөөд цагаан өнгийн шохой­гоор будсан байна. Гол хэрмийг шороо дэлдэж бариад түүнийгээ гадуур нь маш нарийн зассан чулуугаар хэрэмлээд чулуун дээрээ нэлээд зузаан цагаан шохой түрхэж барьсан нь тодорхой мэдэгдэх юм. Монголчууд Цогт хунтайжийн цагаан хот, Эрдэнэбаатар хун тайжийн цагаан сайр хот байсан туурийг мэддэг байсан. Тэгвэл XVII зуунд Хан Хэнтийн нуруунд байгуулсан Өндөр гэгээний цагаан хот Сарьдаг уулын өвөрт оршин байсныг илрүүлээд байгаа нь энэ аж. Хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон байна. Суваргыг шинжилж үзэхэд Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байгаа гэнэ. Суварга дотроос аравнайлсан зүйлс нь яг хэвээрээ олдсон байна. Чулуун хэрмийн өндөр довжоо бүхий хаалгаар дотогш нэвтэрдэг байхаар зохион байгуулжээ. Модон хаалга болон, хаалганы нугас гэх мэт зүйлс малтлагаар олдсон байна. 100 гаруй метр квадрат талбайг бүхэлд нь хагалж хавтгай болгосон чулуугаар шал хийжээ. Ингэхдээ чулуугаа хөрсөнд шигтгэж дэвссэн байна. Одоогоор цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогдсон гэнэ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьж байсан нь илэрчээ. Чулуугаар суурь хийж, дээр нь сүм, дуганаа барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай. Дундаа том цогчин дугантай. Тэрийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсан гэдгийг олж тогтоосон нь энэ. Ингээд есөн объект байгаагийн хамгийн том байж болох цогчин дуган байж магадгүй овгор шорооноос малтлагын ажлаа Түүх, археологийн хүрээлэн­гийнхэн хоёр жилийн өмнө эхлүүлжээ. Тэд өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд ийм хүнд хэцүү нөхцөлтэй газарт малтлага ер нь хийж байгаагүй гэнэ. Мөн Монголын эрдэмтэн судлаач нар өөрсдөө бие дааж, гадаадын судлаач, хөрөнгө оруулалтгүйгээр анх удаагаа үндэсний том экспедицийг эхлүүлэн, амжилт­тай малтлага явуулж байна. 300 гаруй жилийн турш аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй шахуу хийдийн туурийг малтан судлах ажил хэрхэн хийгдэж байгааг сонирхлоо. Түүх, археологийн хүрээлэн тэргүүлэн, Богд хааны музей, Улаанбаатар сургуулийн оюутан зэрэг 30 гаруй шижигнэсэн залуус малтлагын ажлыг хийж байв. Биднийг очих үед залуус чөлөө завгүй шороо, чулуу зөөж байв. Ёстой л залуу насны эрч хүчээр ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Гол цогчин дуган байсан газрыг хэд хэдэн үе шаттайгаар ухаж эхэлсэн байна. 300 гаруй жилийн настай мод зайлуулахаас эхлээд хэдэн мянган метр куб чулууг эгнүүлэн кублэж, шороог уул овоо мэт хэрмийн гадна талд маш нягт нямбай овоолсноос залуус яаж ажилласан нь бэлхэн харагдана. Археологийн судал­гаа бол зүгээр газар малтахаас тэс өөр, өөрийн дэг ёстой, ном журамтай. Үнэхээр хүнд нөхцөл, их хүч, зориг орж л энэ соёлын гайхам­шигт өв бидэнд дахин эргэн ирж байгаа юм байна лээ.

Нурсан хотын туурийг 300 жилийн хөрс түрж ногоо ургасаар бүхэлд нь битүү дарчихсан байжээ. Малтлага эхлүүлсэн Дуганы баруун хойд хэсэг тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд долоон тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. Барилгын чулуун ханын нурангийн дээд хэсэгт салхивч цонх байсан ул мөр олдсон бай­на. Салхивч цонхноос дээш ханын үлдэгдэл хоёр метр гаруй өндөр байгаа нь барилгыг хоёр давхар байсныг харуулж байгаа аж. Түүнчлэн ваарны хагархай чимэглэл, тоосго, монгол аргаар хийсэн хадаас, төмөр утас олноор гарч иржээ. Монголчууд 1654-1687 оны үед тоосго, ваар, хадаас, төмөр утсаа өөрсдөө хийдэг байсан нь эдгээр эд, олдвороор нотлогдож байгаа аж. Өөр нэг нотлох зүйл нь уг барилгын дээврийг чимэглэл бүхий ваараар битүү чимэглэсэн байжээ. Дуганы шалыг арав гаруй см хэртээ шороо дэлдэж, нягтаршуулж хийсэн, мод дөрвөлжилж палк шиг болгоод тусгайлан янзалж зассан нь тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байв. Том хийд байж магадгүй гэх энэхүү хэсгийг гурван жилийн турш малтан энэ зун л гол олдворуудаа гаргаж эхэлсэн байна. Малтлагын гүн гурван метр гаруй болоод ирэх үед бадам цэцгийн суурин дээр завилан суулгаж урласан 15 см өндөртэй шавар бурхад олноор илэрч эхэлсэн байна. Олдсон бурхад Язгуурын таван бурхан гэдэг нь тодорхой болсон байна. Байгууламж нурах үед эвдэрч хэмхэрсэн байдалтай маш олон бурхан олдоод байгаа гэнэ. Одоогоор Язгуурын таван бурхадыг сэргээн засварлаж, янзлаад байгаа нь мянга орчим болжээ. Цаана нь сэргээх олон зуун бурхан байгаа гэсэн. Удахгүй гарч ирсэн бурхадыг бүгдийг нь сэргээх аж. Маш нарийн бүртгэлжүүлэн баримтжуулж, тусгай дугааруудыг сэргээн засварлагч залуус газар дээр нь хийж байсан юм.

Нарийн хийцтэй маш том бурхан олдлоо

Биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө эндээс түүхийн хосгүй үнэт бүтээлүүдийг гарган авсан байлаа. Дөрвөн хөл бүхий тулган дээр хүрэл тогоо тавьж, тогоон дотор бортгон суурьтай гангар шаазан, түүний дэргэд цул мөнгөн аяга тавьсан байсан гэнэ. Мөн тогоон дотор будааны төрлийн ургамал болон хушга, том ясан үртэй жимс зэргийг хийсэн байжээ. Эдгээрийн дээр олон хэсэг хугарсан боловч ямар нэгэн бурхан зурсан нь илт мэдэгдэх хоорондоо наалдсан, тэнийл­гэж үзэх боломжгүй болсон нимгэн мөнгөн ялтас олдсон байна. Мөн тогоон дотор болон гадна талаас олон өнгийн чулуугаар хийсэн эрхиний ширхэгүүд, жижиг мөнгөн эдлэлийн хугархай, мөнгөн зоос, нимгэн алтан ялтасны хэсгүүд илэрсэн байна. Тулган дотроос тогооны ёроолын хагархайнуудын хамт ган дөш гарчээ. Тулга, тогооны хойд талд төмөр ялтсан хуяг бүхий баатрын цээж хэсгийн өмсгөл, түүний дээр ялтсан шилэвчтэй төмөр дуулга байжээ. Үүний хоёр талаас илд олдсон бөгөөд зүүн талын илдний гадна талд цахиур гар буу тавьсан байсны мод нь өмхөрч үгүй байсан гэнэ. Хамгийн чухал нь метрийн голчтой бурханы суурь байх бөгөөд үүний урд талд байрлуулсан модон хашлага дээр шавраар хийсэн өлзийт найман тахилын дөрөв нь хос загас, бумба, бадам цэцэг, найман хэгээст алтан хүрд байсан гэнэ. 1600 оны үед баатруудын өмсч байсан хувцас хэрэглэл, сэлэм, мөнгөн аяга, алх дөш гээд үнэт соёлын өвийн зүйлс олноор гарчээ. Харин биднийг очих үед нэгэн сонин зүйл дуганы нэг хэсгээс олдсоныг малтах ажил хийгдэж байлаа. Залуус нялх хүүхдэд хүрэх гэж байгаа юм шиг л маш болгоомжтой малтлага хийх аж. Хөрсний өнгөн хэсгийг хүрз, жоотуугаар ухахаас биш бусад үед багс, бийр шиг зүйлээр шороог цэвэрлэж байгаа нь маш их ажиллагаа, тэвчээр шаарддагийг харуул­на. Э.Уртнасан, Ч.Энхтуул нар илэрсэн бурханы нэг хэсгийн шороог гаргаж байв. Шавраар хийгдсэн, олон зуун жил газарт дараас­тай байсан болохоор хамаагүй хүрвэл эвдэх аюултай. Ихэд нандигнан, маш болгоомжтой хандаж байв. Ягаан туяатай шавар зүйлийн хажуугаар мөн л атгасан гараас арай томхон бурханы толгойнууд ярайтал цухайж харагдах ажээ. Тэнд байсан 30 гаруй хүн нам гүм. Амьсгалах чимээ л сонсогдох юм. Бүгд л юу гарч ирэхийг амьсгаа даран хүлээсээр байлаа. Дотроо бүгд “Хурдхан гаргаад ирээсэй” гэж яарч байгаа нь илт. Гэхдээ ийм зүйлд яарч болохгүй гэдгийг археологичид юу эс андах билээ. Яарвал түүхийн хосгүй үнэт өвийг эвдэж сүйтгэж ч мэднэ. Малталт хийж байгаа хүмүүсийн ард сэргээн засварлагч Н.Нандинцэцэг бэхжүүлэгч бодисоо барьчихсан бэлэн зогсож байгаа. Малтаж буй зүйлс бүхэлдээ гараад ирвэл бэхжүүлэх ёстой.Үүний дараа байрнаас нь хөдөлгөж гаргаж ирэх юм. Хэсэг малталт хийлээ. Тэгсэн ямар нэгэн том зүйлийн гар байж магадгүй зүйл тодроод байх. Хумс, хуруу, сарвууны ар, шууны хэсэг яах аргагүй мөн байлаа. Их том гар эхлээд олдлоо. Түүний дараа тэр хэрийн хэмжээтэй хөлийн хуруу цухуйж байна. Археологичид “Том бурхан энд байрлаж байжээ. Ямар бурханыг ингэж том хийсэн юм бол. Хийдийн хамгийн гол шүтээн байж дээ. Хөл, гарны цаахна их бие, толгой нь байж таараа” гэж хоорондоо ярьж байлаа. Ингээд том хэмжээний шавар бурханых байж болох 130 см урт гар, 120 см урт хөлийн хугархайг бидний дэргэд илрүүллээ. Уг бурханыг бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн суурин дээр босоо байдалтай байжээ гэсэн дүгнэлтэд хүрэв. Гар, хөлний хэлбэр хийц, хумс хуруу нь маш нарийн хийцтэй байгааг археологичид ярив. Мөн дундуураа хуваагдсан Язгуурын таван бурхан байж магад­гүй арав гаруй жижиг бурхан хажуухнаас нь гарлаа.

Ирээдүйн шилдэг судлаачид энд бэлтгэгдэж байна

Хээрийн судалгаанд Түүх, археологийн хүрээлэн, их дээд сургуулийн мэргэжлийн ангийнхан хэдэн жил ажил­лаж байна. Тэднээс Сарь­дагийн хийдийн малтлага судалгаагаар Э.Уртнасан, Ч.Энхтуул, сэргээн засварлагч бөгөөд шавар урлалын чиглэлээр Н.Нандинцэцэг, бурхан урлал талаас нь Богдын музейн судлаач Гүнчин-Иш, сүм хийдийн аман түүх талаас нь угсаатны зүйч Г.Бямбарагчаа, сэргээн засварлах, уран барилга талаас нь залуу судлаач Батцоож нар гээд бүгд л чиглэл чиглэлээр мэргэшиж байгаа мэргэжилтнүүд ажээ. Сэргээн засварлагч Н.Нандинцэцэг “Монголчууд ямар мундаг уртай байсан бэ гэдэг нь энэ хотын тууринаас олдсон зүйлсээс илт байна. Олдож байгаа бурхадын хувьд маш нарийн хийцтэй. Хэдэн зуугаараа олдож байгаа мөртлөө хоорондоо харилцан адилгүй, давтагдахгүй хийцтэй байна. Язгуурын таван бурхан гэхэд олноор олдож байгаа. Тэгсэн мөртлөө нүд, суурины бад зэрэг нь өөр байгаа юм. Цэцгийн дэлбээ нь есөн ширхэгтэй байхад нөгөөх нь 11 ширхэгтэй байдаг ч юм уу. Бас газар доор гурав, дөрвөн зуун жил болчихсон болохоор олдворууд мөөгөнцөр нян бактери ихтэй байдаг. Үүнийг нь спиртээр саармагжуулаад дараа нь бэхжүүлээд авч байна” гэв. Бага үдийн алдад том бурханы хөл, гарыг малтаж эхэлсэн багийнхан нар шингэхийн алдад бүрэн бүтнээр нь гаргаж чадлаа. Маш том толгойтой, цээжний хэсэг гээд бүхий л зүйлс нь нарийн хийцтэй бурхан ажээ. Цогчин дуганы их шүтээн байсан бололтой. Удахгүй хэдэн метр бурхан болохыг шинжилгээгээр тогтоох юм гэсэн. Том бурхан гаргасан багийнхан бүгд баяр хөөртэй байгаа нь царайнаас нь тодхон харагдах ажээ. Том ажлын ард гарч байгаа нь энэ.

Хөвчид эрт харанхуй болдог ажээ. Нар хэдийнэ баруун уулын цаагуур гудайчихсан байлаа. Сарьдагийн хийдийн малтлага хийж буй багийн залуус “Эхлээд хөвчид ирээд чулуу, шороо зөөгөөд шантарч байлаа. Өглөөнөөс орой болтол шороо, чулуу зөөнө. Шувуу тэнгэрт эргэхээс өөр ямар ч хөдөлгөөн байхгүй. Хамгийн ойрхон айл 70 километрийн цаана байдаг. Одоо харин ажил жигдрээд сайхан байна. Бид Монголын археологийн түүхэнд хамгийн хүнд хэцүү газар малтлага хийж байна. Бас хамгийн том малтлагыг хийж байна. Маш их зүйл сурч мэдэж авч байна. Дээрээс нь цалин хангамж сайн байгаа болохоор сэтгэл хангалуун байна. 32 жилийн турш олон мянган хүн хүч хөдөлмөрөө шингээж барьсан хот юм чинь эргээд малтахад хэцүү байх нь аргагүй шүү дээ” хэмээн ярьж, инээлдэж байлаа. Тэд малтлагаа дуусгаад хоол, цайндаа орчихоод сагс, волейбол тоглон шуугилдах ажээ.

Сарьдаг уулын өвөрт Монголын нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотыг анх байгуулж байсан түүхэн баримт

Хэнтийн нурууны энэ тайгад 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазар хот барьж байсан гэдгийг яаж мэдсэн юм бэ гэдгээс би асуултаа эхлүүллээ. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар энд Сарьдагийн хийдийг байгуулж байсан талаархи аман болон бичгийн түүхийн баримт олон байдаг. Энэ талаар судалгаа хийгээд л байсан. Судалгаанаас маань жил ирэх тусам энд том хэмжээний хийд бүхий хотын туурь байгаа нь мэдэгдэж байсан. Бид чинь хэдэн жилийн өмнө ямар ч мөнгөгүй шахуу хүрээлэнгийн хэдэн залуус анхны судалгааг явуулж байснаа бодвол хамаагүй дээр нөхцөлд үр дүнтэй ажиллаж байна” гэв.

Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 онд түвэд хэлээр бичиж дуусга­сан “Гэгээн толь” хэмээх бүтээлдээ багтаан оруулсан байдаг аж. Дээрх бүтээлд “Богд Жибзундамбын ердийн товч намтар” хэмээх намтар зохиолд Сарьдагийн хийдийн түүхэнд холбогдох анхдагч сурвалж байдаг аж. Уг сур­валж бүтээлд “Үй Зан орнуудад очихдоо сургуульд шавилах тухайгаа Банчин Богдын гэгээнд айлтгахад “Чи энд шавилан сууснаас Монгол орондоо хуврагийн аймгийг байгуулбаас шажин амьтанд илүү тустай болно хэмээн айлдсан болой. Энэ ёсоор Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтэй хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээн өгүүлжээ. Эндээс үзэхэд, Өндөр гэгээн Занабазар Түвдээс буцаж ирсний дараа буюу 1654 онд Хэнтий ханы өвөрт Рибогэжалин буюу бүтэн нэрээр Рибогэжаган­даншадувлин хэмээх Сарь­дагийн хийдийн эх суурийг тавьсан нь тодорхой харагддаг байна.

Мөн үүнийг хожуу үед зохиогдсон “Богд Жибзун­дамбын анхны төрлийн нэр оршивой” хэмээх мон­гол сурвалжид “Эеэр засаг­чийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-гандан­шаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ. Дээрх түүхэн эх сурвал­жаар их сонин зүйлийн зангилаа тайлагдаж байгаа гэдгийг Монголын нэртэй түүх судлаачид онцолж байгаа гэнэ. Дээрх түүхэн эх сурвалжаас үзэхэд Өндөр гэгээний байгуулсэн Цагаан хот буюу Сарьдагийн хийд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхтэй холбогдох ихээхэн чухал мэдээ болж байгаа гэнэ. Хэнтийн ууланд Өндөр гэгээний байгуулж эхэлсэн тэрхүү хийд нь хожим нутаг сэлгэн нүүсээр Туул голын хөндийд Хүрээ болон суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээнийг одоо­гийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар (хуучны Хүрээ, Их Хүрээ)-ыг үүсгэн байгуулагч мөн хэмээн үзэж болох гэнэ. Учир нь Монголын түүхийн он дарааллын сурвалж бичгүүд ба Их Хүрээний он дарааллын бичгүүдийн аль алинд Өндөр гэгээн Халхын шашны тэргүү­нээр өргөмжлөгдсөн 1639 ба Хүрээний анхны долоон аймаг бай­гуулагдсан 1651 оны алийг нь ч Их Хүрээ байгуулагдсан он гэж тооцдоггүй гэнэ.

Харин Их Хүрээний уламжлалт заншил ёсоор Хэнтий ханд суурин сүм хийд байгуулагдсан хөх морин жил буюу Сарьдагийн хийдийг байгуулсан 1654 оныг Их Хүрээ байгуулагдсан он гэж албан ёсоор тооцдог байна. Улаанбаатар хот байгуулагд­сан ойгоо дээрх оноор одоо тооцож байгаа билээ. Мөн 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын зэрэг эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна. 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүр­мийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуу­лагдсан он гэж тэмдэглэгдсэн ажээ. Ингэхээр Өндөр гэгээн Зана­базар анх Монгол Улсын нийс­лэл хүрээг хөвч тайга дунд буюу Сарьдаг уулын өвөрт байгуулж, улмаар хэд хэдэн удаа нүүж, одоогийн Улаанбаатар хотын газарт ирсэн түүх­тэй гэдгийг С.Чулуун док­тор онцолж байлаа.

Өндөр гэгээн Цагаан хотыг 32 жилийн турш барьж байгуулсан болох нь нотлогдох түүхэн баримт ч байдаг гэнэ. Цагаан хотыг барьж дуусгасан тухай Зая бандидын зохиосон “Өндөр гэгээний намтар”-т, “Дондув хэмээх шороон хонин (1679) жилийн өвлийн адаг сар би Монгол орондоо хүрч ирэв. Дагбо хэмээх төмөр мичин жилийн (1680) зун энэхүү Богд гэгээнд мөргөхөөр ирэв. Хийдийн гадна талын ихэнхийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээж байсан үе байв. Тэнд арваад хоног саатаж зарлиг авшиг айлтгав. Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжалин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг аж. Үүнээс Зая бандид Лувсанпэрэнлэй Хүрээний түүхтэй холбогдох хоёр чухал он цагийг тодруулж өгчээ. Сарьдагийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.

Зөвхөн нэг хийдийн туурийг малтахад ховор эд зүйл олон гарч байхад дараагийнхаас нь юу гарч ирэх бол…

Сарьдагийн хийдийн алтан орой нь нарны гэрэлд гялалзан харагддаг гэсэн домог байдаг. Энэхүү хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болсон түүхтэй. Ойрадын цэргүүд Цагаан хотыг олж чадахгүй хэд хоног хөвчөөр бэдрэн явсны дараа нарны гэрэлд цогчин дуганы орой шаргалтан харагдаж байсан гэсэн түүх байдаг. Тэгвэл түүнийг батлах зүйл олдсон байна. Сүмийн дээврийг хооронд нь углуургаддаг ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтаджээ. Мөн бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь олджээ.

Захирал С.Чулуун “Анх хөвчид хот балгасын туурь байна. Түүхийн сурвалжаар Өндөр гэгээний барьсан хот бололтой. Малтаж үзэх гэсэн юм” гээд хөрөнгө санхүү гаргуулахаар хүмүүстэй уулзсан. Гэвч “Яаж ч бодсон хөвчид хот байна гэж байхгүй” гээд санхүүжүүлэх хүн, газар олдохгүй байсан. Тэгэхээр нь зориг гарган хүрээлэнгээс боломж бололцоогоороо хөрөнгө гаргаад Сарьдаг руу намар морь хөлслөн гарсан. Бид намар оройтож ирсэн юм. Очоод хоносны маргааш нь нэвсийтэл цас уначихсан. Шөнө оройдоо бузгай хүйтэн болчихсон байлаа. Гэвч бид дараа жил малтах газраа сон­гох, хотын зураглал үйл­дэх, орчны байдал, аман түүхийн мэдээлэл гээд нэлээд үр дүнтэй буцсан. Тэр үед үнэхээр “Энэ том хотын туурийг малтах бол шал худлаа юм байна. Энэ төслийг зогсооё гэж хүртэл бодогдож байсан. Анх ийм олдвор гарна гэж үнэндээ төсөөлөө ч үгүй. Булганы Хар бухын балгаснаас гарч байсан шиг үйсэн дээрх бичиг, чулуун хөшөө зэрэг гарч магад­гүй гэж төсөөлөн бодож байлаа. Гэхдээ бид одоо түүх, археологийн түүхэнд том гавьяатай хүмүүс болчихсон шүү. Үнэндээ олдвороос илүү энэ хотын бүтэц зохион байгуулалт чухал байсан” гэв.

Сарьдагийн хийдийг хам­гийн анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээ­лэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ.1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, Төв аймгийн музейтэй хамтарч энд ирж үзчихээд буцсан байдаг аж. Гэхдээ нэг өдөр өнжиж, ганц хоёр газраас дээж авснаас цааш­гүй байсан гэсэн. Гар бие, сэтгэл нийлж чадвал үр дүн заавал гардаг гэдгийг эндээс харж болохоор байлаа. Өнгөр­­сөн жилийн малтлагын дараа Улаанбаатар хотын захиргаатай хамтран Олон улсын хурал хийх үед Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад “Үнэхээр сонин юм байна. Манай нийслэлийн түүх улам өргөжнө, бид бүрэн дэмжиж ажиллая” гэснээр уг судалгаа эзэнтэй болж, энэ дайтай хийгдэх үүд нээгдсэн аж. Малтлагийн багийнхан Э.Бат-Үүл дарга, Нийслэлийн Тамгын газрын дарга Ё.Гэрэл­чулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Хан хэнтийн Дархан газрын захиргаа, түүний захирал Б.Хаш-Маргад болон бусад тусалж дэмжсэн бүх хүмүүст танай сониноор уламжлан талархлаа илэр­хийлж байна” гэсэн. Малт­лагаас гарч ирсэн зүйлсийг газар дээр нь сэргээн засвар­лаж, бүртгэлжүүлж, судалгаа шинжилгээ хийж, тусгайлан бэлдсэн хайрцаг саванд хийн Улаанбаатарт авчирч байгаа юм байна.

Сарьдаг, Сонгино ян, Бух ян гэсэн гурван уулын зүрхэн тушаа газарт орших Сарьдагийн хийд далайн түвш­нээс хоёр мянган мет­рийн өндөрт оршиж байгаа гэсэн. Онгоцоор нисч, ойр хавийн уулсыг судалж үзэхэд яг ийм байрлалтай газар олдоогүй байна. Мөн Сарьдаг уулсынхаа хоёр сугаар гол урсаж, Туул голын эх рүү нийлсэн байгалийн тансаг үзэмжит газар монголчууд нийслэл хүрээгээ анх барьж байсан түүх ийм ажээ. Бүрэн­хий болсон хойно Улаан­баатар руу бид ниссэн юм. Ийнхүү монголчуудын соёл, түүх, ур, оюуны гайхамшгийг гэрчлэх судалгааны асар их түүхэн баримт бүхий бүхэл бүтэн хотын туурь Хэнтийн нуруунд цаг, минутаар “босож” байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өргөст хэмх дарах гэрийн эзэгтэйн жор

Намрын ногоон өдрүүд ирлээ. Туршлагатай гэрийн эзэгтэй нар өвөл хэрэглэх ногоо, жимсээ даршилдаг их ажлын цаг айсуй. Дархан, Сэлэнгийн гэрийн эзэгтэй нар энэ талын арвин туршлагатай хүмүүс. Дархан-Уул аймгийн иргэн, С.Наранцацралаас өргөст хэмх даршилдаг жорыг нь сонирхсон юм.

Тэрбээр олон жилийн турш ногоо, жимс даршилсан туршлагатай агаад хүүхдүүд нь ээжийнхээ даршилсан ногоог дэлгүүрийнхээс илүүд үздэг.

Өргөст хэмх даршлахын тулд эхлээд шил, таглаа, даршлах ногоогоо сайтар угааж цэвэрлээрэй. Дараа нь уусмал бэлтгэнэ. 10 литр усанд 500 г давс, 300г сахар, 200 г уксус орно.

Сайтар угааж бэлтгэсэн 800гр болон литрийн шилэндээ эхлээд амтлагч ногоогоо хийнэ.

Ингэхдээ нэг шилэнд укропны нэг жижиг багц, гоньд, нэг хумс сармисыг дөрөв хувааж хийнэ. Дунд зэрэг лаврын навч нэгийг, үрлэн хар перец таван ширхгийг нэмээрэй. Сонгино хэрчиж хийж болно.

Дараа нь шилэндээ өргөст хэмхнүүдээ сайтар чигжиж хийгээд, уусмалаасаа нэмнэ. Ингээд шилэн дээрээ тагаа хагас тавиад, буузны томхон жигнүүрт шилтэй ногоогоо хийж, 15 минут орчим жигнэж ариутгана. Заавал 15 минут хүлээлгүйгээр шилтэй уусмалд бөмбөлөг хөөрч эхлэхэд бэлэн болсон гэж үздэг.

Ингээд жигнэсэн шилтэй өргөст хэмхээ гаргаж, тагийг нь сайтар таглаад, уруу нь харуулж гурав орчим хоног тавиарай.

Тагаар нь уруу нь харуулж тавихад, шилний хий бүрэн гарч, консервлогдоно. Арван литр уусмалаар 800-гаас нэг литрийн шилтэй 55-60 шил даршилсан өргөст хэмх бэлтгэнэ. Уусмал бэлтгэх усаа буцалгаж хөргөсөн байх учиртай.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөдөөний хөх өвгөдөө сонсохсон

Дорноговь аймгийн Хөвсгөл сумнаа өнгөрөгч хавар зорчиж яваад цаг оройтож бүрэнхий болохын хавьцаа өвөлжөөндөө ганц гэрээр буусан нэг айлд хоног төөрүүлсэн юм. Нэг хөх өвгөн, эмгэнтэйгээ хоёулхнаа хэдэн хонь, ямаатайгаа өвөлжиж байсан. Цагаан сарын дараахан байсан учир үүргэвчинд байх “ганц юм”-аа мань өвгөнд барьж золголоо.

Тэгээд хамт явсан найзынхаа цуг эмгэний хормын дотор чанасан борцтой, бор гурилтай лавшааг аягатай нь хамт зооглох шахангаа, говийн заг модтойгоо адилхан өвгөнтэй баахан хууч хөөрөв. Өвгөн нэг хэсэгтээ хүний бараа хараагүй болоод ч тэрүү, задалсан гашуун ундаандаа ам халаад ч юмуу хэсэг азнаад үгээ зөөж ирээд л баахан ярьсансан.

Нутаг ус, мал хуйгаа, хүний амьдралын заяа төөргийн талаар, улс, эх орныхоо тухай гээд зөндөө сайхан зүйлс ярьж билээ. Өвгөний үгнүүд бүгд шижир алт мэт үнэн агаад үнэ цэнтэй байсан ч түүнийг энд нуршилгүй өөртөө үлдээе. Зүгээр л амьдралын эрээн барааныг туучин насныхаа оргилд ирсэн бор гэрийнхээ хойморт залрах ийм сайхан монгол өвгөдөөс сургаал үгсийг нь сонсож яваарай л гэх гэсэн юм.

Эс бөгөөс тун удахгуй тийм, ийм алдартай сургууль төгссөн гэх, хүний өөрийн үгсийг хольж хутган цэцэрхэх, эрүүн дорх живэр сахал нь эгээ л ургаж амжаагүй шахуу хүүхдүүдээр амьдралаа заалгадаг болох гээд байна шүү.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийн яриа

Томчуудын анзаарч хараагүй, бодоогүй тийм санаа балчир хүүхдүүдээс гарах нь олонтаа. Хүүхэд байгаа газарт хөгжилтэй яриа өрнөж, хөөр баяраар дүүрдэг шүү дээ. Хүүхдийн хэвлүүхэн ярианаас сонирхуулъя.

Ажлаа тараад гэртээ харьтал бага ангид сурдаг охин маань мэндийн зөрүүгүй багшийнхаа тухай гомдоллов. “Өнөөдөр манайд ёстой муухай багш орсон. Бид бүгдээрээ цээж бичигтээ тэнцээгүй” гэж хошуугаа унжууллаа. Яагаад гэтэл “Уг нь яг багшийн хэлснээр бичсэн байхгүй юу. Манай ангийнхныг алдаатай бичсэн гээд бүгдэд нь муу дүн тавьчихсан гээд бод доо” гэж ирээд л нэг амьсгаагаар дуржигнуулав. Тэгснээ “Багш өөрөө их муухай хэлээд байсан юм л даа” гэх нь тэр. Цээж бичгийнх нь дэвтрийг сөхөөд хартал манай хүн “Көк мөнк тэнгэрийг эзэгнэкэнэ төрлөө би нь. Көмсгөнө сарны туяай нь…” гээд биччихжээ. “Аргагүй ш дээ, миний охин өөрөө алдаатай бичсэн байна” гэтэл “Манай багш өөрөө ингэж албаар хэлчихээд бүгдэд нь муу тавьчихаж байгаа юм даа. Аймаар муухай санаатай байгаа биз” гэхэд нь гэрээр нэг инээдэм болов. Яахав багш нь аялгатай ярьдаг нэгэн байсан бололтой.

Хажуугийн айлд нэг өдөр хулгайч орсон тухай хавийн хөгшчүүл ам дамжин ярив. Хөрш айлын эмээ ч хулгайчийн хажууд байсан мэт өнгөтөөр дүрсэллээ. Маргааш өглөө нь дөрвөн настай охин маань “Ерөөсөө би цэцэрлэгээсээ амралтаа авчихъя. Гэрээ хараад л сууж байя. Энүүгээр хулгайч яваад байгаа гэсэн биз дээ” гэв. Манай хүн ч цэцэрлэгт явах тун дургүй л дээ. Хулгайчаар далимдуулж, цэцэрлэгтээ явахгүй гэсэн санаагаа ингэж илэрхийлэв.

Орой зурагтаар мэдээ гарч байна аа. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгодог. Бас дээрээс нь автобусаар үнэгүй зорчдог тухай байв. Энэ мэдээг анхааралтай ажиглаж суусан найзын маань найман настай хүү аав руугаа хараад “Би автобусаар үнэгүй явах уу. Манай сургууль бас хэзээнээс бидэнд мөнгө өгдөг болох вэ” гэлээ. “Хүү минь зөвхөн оюутнууд л ийм давуу эрхтэй, сурагчид бол тийм биш” гэснээс өөрөөр тайлбарлаж чадсангүй. Гэтэл өнөөх жаал “Аан, тэгвэл тэр оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй юм уу” гэж ааваасаа лавшруулж асуусан шүү.

Хүүхдийн яриа цаанаа л хөөрхөн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сурагчийн цүнх үүрсэн аав ээжүүдэд…

Сурагчийн цүнх үүрч, хүүхдээ хөтөлсөн аав ээжүүд сургууль руу нь яаран алхаж яваа харагддаг. Өнгөндөө хүүхдийнхээ ачааллыг багасгаж байгаа мэт боловч энэ нь эд зүйлдээ хайхрамжгүй, бусдад найдах хандлагад дасгаж байгаа хэрэг гэнэ. Хүүхдээ бие даасан, бусдаас хараат бус болгож төлөвшүүлэхийн тулд сургуульд орсон цагаас нь эхлээд бал, харандаа, цүнх гээд өөрийнх нь эд зүйлийг өөрт нь даатгах хэрэгтэй аж.

Гэтэл манай зургаан настнууд цүнхээ даадаг билүү гэдэг асуудал гарч ирнэ. Судалгаагаар үзэг, бал харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг эд зүйл хоёр кг 730 грамм болжээ. Зургаан настнуудын цүнхний жин номтойгоо нийлээд дөрвөн кг 135 грамм болдог гэсэн тооцоо гарчээ.

Дээр нь хайртай тоглоом, наадгайгаа нууцаар цүнхэлчихвэл нуруундаа үүрэх ачаа нь бараг таван кг болно. Гэтэл олон улсын жишгээр цүнх нь тухайн хүүхдийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, зургаан настнуудын цүнх хоёр кг-аас хэтрэхгүй байх нь зохимжтой гэнэ. Түүнээс илүү жинтэй бол хүүхдэд хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээг бий болгодог аж. Цаашлаад өсөлтөд нь сөргөөр нөлөөлж, нурууны өвчин тусах магадлалтай. Тиймээс ихэнх улсад хичээлийнх нь зарим хэрэгсэл, номыг ангид нь үлдээдэг байна. Мөн хөнгөн, авсаархан цүнх хүүхдэдээ сонгохыг зөвлөдөг. Гэтэл манайд хүүхдээ гоё харагдуулахын тулд хүүхэлдэйн киноны зурагтай, хэдэн давхар наалттай том, нүсэр цүнх сонгодог. Тийм цүнхний жин дангаараа бараг хоёр кг болчихдог шүү дээ. Сурагчийн цүнх үүрсэн аав, ээжүүдэд анхааруулахад хүүхдийнхээ цүнхийг хөнгөлөөд, өөрт нь даатгаарай.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аз жаргал мэдрүүлдэг “Sugar”

“Maroon 5” хамтлагийн “Sugar” гэж дуу бий. Хэмнэлтэй хөнгөн аятай энэ дууг дагаж дуулсаар ажилдаа ирэхэд цаанаа л нэг аз жаргалтай. Таарсан хүн бүр рүү сайхан инээмсэглэмээр тийм нэг таатай мэдрэмж төрүүлдэг юм. Угаасаа дууны клипэн дээр ч хуримлаж буй хос дээр очиж гэнэтийн бэлэг барьдаг тухай гардаг. Амьдралынх нь хамгийн чухал өдөр хайртай хамтлагийнхан нь ирж гэнэтийн бэлэг барихад хэрхэн аз жаргалд умбаж буйг өгүүлдэг юм. Нэг ёсондоо сайхан дуу тийм хүчтэй гэсэн үг. Дэлхийн хөгжмийн ертөнцийг бүтэн хоёр сарын турш байлдан дагуулсан энэ дууг “Youtube” сайтаас 712 сая хүн үзсэн байна лээ. Яг үүн шиг нэг сонсоод л сэтгэл сэргээд, цоглог болгодог дууг манайхан гаргадаг болмоор байна. Сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийг сонсоод байхад дандаа л гансарсан, шаналсан утгатай байх юм. Эс бөгөөс хаягдаж бүтэлгүйтсэн хайрын тухай дуулна. Нэг нэгийгээ магтаж, талархаж, хайрлан дуулж болдоггүй юм байх даа. Магтвал гагцхүү адууны тухай л дуу зохиох ажээ. Адгуусыг өөд уруугүй магтан дуулахын оронд хүний тухай ганц сайхан дуу зохиож болмоор санагдана. Тэрийгээ хит болгож олон нийтэд хүргээсэй. Тухайлбал, дээр өгүүлсэн “Мaroon 5” хамтлагийн “Sugar” дууны хэсгийг өөрийнхөө хэмжээнд орчуулбаас

Би зүгээр л чамтай хамт баймаар байна

Тиймээс чи айх хэрэггүй

Надад гялалзсан зүйл хэрэггүй

Нүүрээ будах хэрэггүй, хонгор минь

Над дээр ирээч хайрт минь

Яагаад гэвэл надад хайр, энхрийлэл хэрэгтэй байна

Чи надад сайхан хайрыг мэдрүүлээч

Амьдралд минь гэрэл гэгээ хэрэгтэй байна… гэдэг юм.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хөлбөмбөгч хөвгүүдтэй, хөгжөөн дэмжигч охидтой ангийнхан

Найрамдлын районы сургууль буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1972-1982 оны 10 “г” ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Офицеруудын ордны урд байрладаг дөрвөн давхар сургуулиа тэд “Гадна талбайд мод тарьдаг ургамлын туршилтын талбайтай, хажуудаа мөсөн каток, урдаа хөлбөмбөгийн модон стадионтой Баянзүрх дүүрэгтээ хамгийн том сургууль нь байсан” гэж ам уралдан магтав. 10 ”г” ангийнхан энд тэндээс цуглажээ. Амгалангийн 27, Шавь цогцолбор буюу 69, Төр хурахаас шилжиж ирсэн нөхөд нэг анги болж. Эдний ангийн 36 хүүхдээс 18 нь хөвгүүд байжээ. Анги дааж төгсгөсөн ачтан нь физик, математикийн Х.Дашдулам багш. “Ангийн багш маань хал нь гаднаа хайр нь дотроо байсан шүү. Биднийг нууцхан их өмөөрнө өө. Тухайн үед ухамсрын шанаа өгдөг багш нараас хүүхдэд ахадсан хатуу үг сонсгохгүй санаатай нь үйлдэл бүрээс нь анзаарагддаг байлаа” гэж ярьцгаалаа. Ангийн хөвгүүд сахилгагүйтэж нэг багшийнхаа уурыг хүргэж л дээ. Өнөө багш “Анх хэрэг тарьсан нөхрийг шийтгэнэ. Тэр нөхөр урагшаа алх” гэхэд нь 18-уулаа урагш алхаж байж. Уурлаж бухимдсан багш хөвгүүдийг зодохоор цагаа тайлаад бэлдэж байтал ангийн багш нь ороод иржээ. Багш нь сахилгагүй шавь нараа шууд өмөөрөөгүй ч харж зогссоор байгаад ууртай багшид зодуулаагүй аваад гарчихсан гэнэ. Хөвгүүд нь энэ явдлыг хөгжилтэйгөөр ярьцгаав.

Эрдэнэцогт буюу Самка “Тухайн үед есдүгээр ангийнхан аравт орох жилээ дайчилгаанд явдаг байсан юм. Батсүмбэрийн сангийн аж ахуйн Үдлэгийн гол дээр бригад гарч намрын ногооны дайчилгаанд явдаг байлаа. Хүнсний ногоо хураана л даа. Тэр үеэр ангийнхантайгаа илүү ойр дотно танилцаж байсан. Жаахан хүүхдүүд ядарна гэх биш. Гитар тоглоод л бусад нь бүжиглэдэг байлаа. Цэргийн жижиг майханд бүжиг хийгээд байвал яах нь тодорхой. Тоос босоод жигтэйхэн юм болно биз дээ” гэж дурсамж сөхөхөд өнөөдүүл нь ч бас намрын хөгжилтэй хөөртэй агшнуудаа ам булаалдан ярьцгаав.

10 “г”-гийнхэн коллективтой гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар ангид нь ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой. Ангийн дарга А.Лхагвадорж нэгдүгээр ангиасаа одоог хүртэл ангийнхнаа командалж иржээ. Ангийн даргын үгнээс нэг ч хүүхэд гардаггүй гэнэ. А.Лхагвадорж “Нэг жил кросс уралдаан боллоо.

Хамт олноор нь дүнг нь гаргана гэдэг юм. Хотын бүх сургуулийн хүүхдүүд оролцлоо. Хамгийн эхэнд орсон хүүхдийн цагийг сүүлд ирсэн хүүхдийн цагтай дундажлаад ангиар нь байр эзлүүлж байсан юм. Жуковын музейгээс Багшийн дээд хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйнэ гэлээ. Бүгдээрээ ярилцаж байгаад цанын спортоор хичээллэдэг А.Цогбаярыг эхлээд гүйлгэлээ. Бусад нь гүйдэггүй охидоо дундаа хийж чадахгүйг нь чирч гулдарч байж барианд орсон. Гэтэл бусад ангийн хүүхдүүд амиа бодоод гүйчихсэн. Манай ангийн эхний хүүхэд тасархай түрүүлээд барианд орчихож байгаа юм. Бусад ангиас эхэнд орсон хүүхэд өчнөөн ч гэлээ гүйж чаддаггүй нь бүр хойно үлдчихэж байгаа юм чинь. Цагийн дараа орж ирсэн охин ч байсан. Тэр уралдаанд манай анги түрүүлж воллейболын сетк, бөмбөгөөр шагнуулсан. Шагналаа сургуульдаа өгч байлаа” гэж ярилаа.

Хөвгүүд нь хөлбөмбөгт нугасгүй байж. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг бараг л эдний ангийн хөвгүүдээс бүрддэг байжээ. Сургуулиар тогтохгүй 1982 оны идэрчүүдийн шигшээд голлосон гэхээр мундаг хөлбөмбөгчин хөвгүүдтэй анги байсан нь илэрхий. Арвын “г”-гийн хөвгүүд өнөө л нийтэч зангаараа дөрөвдүгээр ангийнхнаа бэлджээ. Өнөө хүүхдүүдээс нь лигийн дасгалжуулагч, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс ч бий гэнэ.

Хөвгүүдийн хөлбөмбөгт дурласан түүх их сонин юм. 1982 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Герман, Бразилийн баг өрсөлдөж байсныг хараад л энэ спортод хорхойсчихсон гэж байгаа. Ангидаа Бразил, Германы баг болж хуваагдаад тоглож эхэлжээ. Сургуулийнхаа модон стадион дотор өнөө Бразил, Германы “мундаг” багууд өглөө хар үүрээр ирээд цаг хэртэй тоглочихдог байж. Дараа нь хагас цаг хичээлээ уншчихаад хичээлдээ ордог байжээ. Тэрнийхээ хүчээр хөвгүүдийн сурлага сайжирсан гэнэ. А.Лхагвадорж тэр үеэ “Одооны хүүхдүүдийн тоглодог шиг бөмбөг байгаагүй. Хаймар үлээж арьсаар боож үдээсээр үдчихсэн бөмбөгтэй. Бас Чехийн гала гээд хаймеран бөмбөгтэй байсан юм. Үдээстэй хэсэг нь нүцгэн биен дээр цохих үед их өвдөнө. Аравдугаар ангиа төгсөх жил 100 төгрөг гээд анхны одтой бөмбөг нийтийн худалдаанд гарсан юм. Тухайн үед тэр бөмбөгөөр тамирчид л тоглоно. Бидэн шиг нусан буу нарт юу гэж олдох вэ дээ. Манай ангийн хөвгүүд тав таван төгрөг гаргаж, үлдсэн 10 төгрөгийг нь охид өгч байж одтой бөмбөг авч байлаа” гэж дурслаа.

Б.Гантөмөр “Алтанбаганын аав хэвлэх үйлдвэрт байсан юм. Ааваас нь угаахад арилдаггүй будаг авч майкан дээрээ яг хөлбөмбөгчдийнх шиг дугаар тавина аа. Тэр үед Оросын сэтгүүл дээр Америкийн NBA-ийн ганц нэг зураг гарч байсан юм. Дуурайж байгаа нь тэр. Номерийг нь сүүдэртүүлээд будна даа, харин ч нэг. Бусад ангийнханд тийм будаг олдохгүй. Хамгийн гоё хувцастай нь бид” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөлбөмбөгийн өмсгөл хувцасны яриа дуусахгүй шинжтэй.

Цогбаяр “Тэр үед бас кет байхгүй. Вьетнам кет гээд хөл нүцгэн байгаагаас ялгаагүй нэг юм өмсөнө. Тэгж байтал шанхай кет гараад ирдэг юм. Их дэлгүүр дээр анх удаа албан ёсоор шанхай кет зарна гэж дуулдлаа. Өглөө долоон цагт Их дэлгүүрийн гадаа очоод зогслоо доо. Зөндөө хүн байна. 09:00 цагт дэлгүүрийн тор дээшээ онгойнгуут хар эрчээрээ гүйлдээд орчихлоо. Дөрвөн давхраасаа нэг давхар хүртэл улаан олс татчих­сан, оочир гэж аймаар. Алаан болж байгаа юм. Баахан оочирлож дөр­вөн давхар хүрэхэд жижиг цонхоор 60 төгрөг авав уу, үгүй юу холбоотой кет чулуудчихлаа. Юун тэр размер. Авч явах замдаа л өөрсдөөсөө размераа асууж кетээ авцгааж байгаа юм. Маргааш нь манай баг дан “шанхай”-тай мундаг хүүхдүүд. Нийгэмлэгийн шигшээ шиг л юм харагдаж байгаа юм чинь. Шанхай кетний нэг хэцүү юм нь угаахаар шарлачихна. Тоглолтын өмнө шүдний оогоор будаад ордог байсан” гэж ярив. Спортоор хичээллэх дуртай ангийнхнаас спортоор явсан хүн байхгүй гэнэ. Бүргэдээ нь л хөлбөмбөгийн “Алдар” нийгэмлэгийн тамир­чин байжээ. Б.Гантөмөр “Тэр маань бурханы оронд очсоон” гэж нам дуугаар хэлж байна.

Охид хөлбөмбөгт ямар рольтой байсныг сонирхоход хөвгүүд “Охид маань хамгийн сайн хөгжөөн дэмжигч байсан. Тэмцээнд орохоор багаар нь үнэлдэг. Бид нэг, хоёрдугаар байрт ороход эд маань явахгүй. Сүүлдээ их гэмшсэн. Яагаа ч үгүй хожигдчихоод хоол унд бэлдэж биднийг нэгнийдээ хүлээдэг болсон. Хожигдсон гэмээ цайруулаад төгрөг 20 мөнгөний жижигхэн торт аваад тавьчихна аа бас” гэж нөгөөдүүлээ цаашлуулав.

Эдний ангийнхан сайн багш нараар хичээл заалгаж байснаа байсгээд л дурсах юм. 14 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж байсан анхны алтан үеийн багш нараар хичээл заалгаж байж. Л.Доржсүрэн, Б.Баатар, Я.Болд, Г.Болд, Шархүү, Ц.Ичинхорлоо, Х.Бадрах, Т.Даваахүү, Б.Алтангэрэл гээд урсгаж өгөв. Мэдээж хамгийн хайртай багш нь ангийнх нь Х.Дашдулам багш.

Хөлбөмбөгч хөвгүүд баг, багаараа сургуулиа төгсөтлөө байлдаж тоглодог байж. “Дан” гэж амаараа буудаад чи үхсэн шүү гээд дараагийнхаа хүнийг буудахаар явдаг байснаа ярьж баахан инээлдэв. 10 дугаар ангийн хүүхдүүд байж тэгж тоглоод байхдаа яахав дээ гэж зарим нь мушилзана. Ангийн дарга “Манай сургууль дөрвөн давхар байсан. Дээд хоёр давхарт нэг баг нь гарчихна. Доод хоёр давхраа нөгөө баг нь авчихна. Дөрвөн давхраа эзэлтэл эсвэл подволоо эзэлтэл байлдана. Нуугдаж байгаад нэгийгээ хараад “Дан” чи үхсэн шүү гэхээр тэр нь тоглоомоос хасагдах дүрмээр тоглодог байлаа” гэж сонирхуулав.

Эдний ангийнхан урлагт ч муугүй байж. Цогбаяр “Урлагийн үзлэгийн үеэр манай ангийн хөвгүүд найрал дуу дуулсан юм. “Ну погоди”-гоос санаа авсан байх. Бүгдээрээ хажуу тийшээ жишүүлдэж зогсч байгаад гараа хөдөлгөж дууллаа. Хөвгүүдийн хоороос гадна Бүргэдбаатар, Энхбаяр хоёр гитартай дуулж, үндсэндээ хоёр номер бэлдсэн юм. Тэгсэн чинь бидний тэр номер Монголын радиогоор явдаг болсон. Тэр үеийнхээр бол од болж байлаа шүү дээ. Их л сайн номер болсон юм” гэж ярилаа. Тэгсэн Б.Гантөмөрийн сэтгэл нь хөдөлсөн бололтой, босч ирээд “Яг ингэж дуулдаг байсан юм” гээд “Хаврын нуур шиг дөлгөөн нүдтэй орос нөхөр минь, хайрт эцгийн минь адил уужим санаат анд найз минь” гээд дуулж гарлаа. Тэр дуугаар сургуулийн хөвгүүдийн шилдэг хоор дуугаар шалгарч байжээ. “Талийгаач Бүргэдэй маань гитар сайн тоглодог байсан. 10 жил төгсөхдөө бид өөрсдийн дуутай төгсөж байлаа. Талийгаач аяыг нь хийсэн юм. Яруу найрагч Эрдэнэцогт буюу Самка үгийг нь бичсэн” гэж ангийн дарга ярилаа.

Тэд хичээл болгоныг хөгжилтэйгөөр өнгөрүүлдэг байжээ. Шинэ кино, ном гарсны дараа ангиараа ярилцдаг байсан гэнэ. Б.Гантөмөр, Самка хоёр утга зохиолын дугуйланд явдаг байж. Ер нь эдний ангийнхан ном их уншдаг байсан аж. “Говийн зэрэглээ” киноны талаар хэрэг болгож маргаан өрнүүлж байснаа дурсав. Лхагвадорж “Нэг хэсэг нь Номинг доош нь хийж захирлаар Арслан шиг хүн ирсэн ч суух байсан, нөгөө тал нь захирал Номин хоёрын харилцааг гэгээн хайр гэж маргаад хөгжилтэй байжээ. Энэ маргаанаас болж бараг зодолдоод тарж байсан шүү” гэхэд ангиа төлөөлж цугласан хэд бөөн инээдэм болов.

Эдний ангиас Лхагвадорж Эрхтуяа, Оюун-Эрдэнэ Түмэнжаргал гэх хоёр хос төржээ. Тэд сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа ч одоо болтол байнгын холбоотой байдаг гэнэ. Тав хоноод л уулздаг дотно харилцаатай юм байна. Энэ жил сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа аж. Тиймээс гадаадад байгаа ангийнхаа хүүхдүүдийг уулзалтдаа ирээрэй гэж урьж байгаагаа манай сониноор дамжуулсан юм.

Тэд өөрсдийгөө “Манай ангийнхан дунд эрдэмтэн мэргэд, Улсын их хурлын гишүүн, компанийн захирал байхгүй ч нэг байгууллагад насаараа ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй хүмүүс бий шүү” гэж даруухнаар үнэлсэн. Ирээдүйд хийх ажлаа төгсөх ангид байхдаа л шийдэцгээсэн “хашир” сурагчид юм байна. Гаалийн ерөнхий газарт Цогтбаатар, Энхбаяр, Г.Оюунчимэг нар ажилладаг. Б.Гантөмөр Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийн найруулагч. А.Лхагвадорж Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга. Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрт насаараа ажиллаж байгаа В.Оюунгэрэл, төв шуудан холбоонд ажиллаж байгаа Түмэнжаргал гээд салбар бүртээ л сайн ажиллаж байгаа гэнэ. Наранчимэг гэхэд л “Улаанбаатар” ресторонд 1982 оноос хойш тогооч хийж байгаа аж. Л.Эрдэнэцогт яруу найрагч бөгөөд зарим нь тэтгэвэртээ гарчихсан байгаа ажээ.

Ангийн дарга А.Лхагвадорж “Батсүх Белгид Элчин сайдын яаманд ажиллаж байгаа, Ганболд Германд, Өнөр Америкт, Солонгост Эрдэнэцогт бий. Гадаадад байгаа нөхөд минь хурдан ирээч ээ гэж анги хамт олон чинь хүсч байна” хэмээн ярив. Нэг ангийнхан гэдэг дарга цэрэг гэлгүй насаараа л найзууд байх нь сайхан юм гэцгээж байлаа. Тэгж ярьж байх зуур Гантөмөр талийгаач болсон найз “Бүргэдбаатар, Энхбаяр, Болдбаатар, Цогтбаатар” нартаа гүнээ эмгэнэл илэрхийлье хэмээн хэсэг чимээгүй суусан юм.

Энэ ангийн хамгийн хөгжилтэй хүү болох Цогбаяр төгсөлтийн баярын талаар яриа эхлүүлэв. Тэрээр “Биднийг төгсдөг жил нэг их хонхны баяр тэмдэглүүлэхгүй гэж хорьсон юм. Нэгэнт л уламжлал юм чинь ангиараа хуйвалдаж байгаад тэмдэглэсэн. Тэр үед 25 төгрөгөөр нийлсэн юм. Туулын ах 30 дугаар баазад ажилладаг байсан учраас нэг паз автобус аваад явж байлаа” гэж ярив. Ангийн дарга нь “Манай ангийнхан монтажны зураг муухай гарсан гээд эсэргүүцэл илэрхийлээд бүгдийг нь устгачихсан юм. Тэгээд түүнийгээ нөхөж Ленин багшийн хөшөөний өмнө ангиараа зургаа авахуулж байсан. Түүний дараа Зөвлөлтийн дайчдын хөшөө буюу Зайсан толгой дээр гарчихаад ангийнхаа Энхтуяагийнд очсон. Тухайн үед аав, ээж нь эзгүй байсан юм. Манай нийллэг сэтгэлээс гарахгүй сайхан болж байсан” гэх зуур Гантөмөр “Нийллэгтээ Алтантуяагийн танилуудаар “Москва” ресторанд арын хаалгаар ширээний тал шиг том баярын мэнд хүргэе гээд биччихсэн шоколадан торт хийлгэсэн. Гоё гэж жигтэйхэн. Тэр үед торт байхгүй “Хотол” бялуу гээд хааш хаашаа 20х20 харьцаатай бялуу байсан юм чинь. Би тэрийг нь “Москва” ресторанаас аваад л автобусанд суугаад ангийнхан дээрээ очиж байсан юм. Хүмүүс автобусанд суусан чинь ханарч хараад л хажуунаас өргөөд суудал тавьж өгч байсан” гэж ярив. Цогбаяр “Хамгийн сонин нь 40-50 авдар шилтэй ундаа авчихсан. Тэрийгээ нийллэг дууссан ч ууж дуусахгүй маргааш нь харих замдаа шилийг нь тушаах гээд автобусандаа ууж байсан” гэж сонирхуулав. Эрдэнэцогт “Нийллэгийн дараа ангийн багшид байцаагдаад ангиараа зохион байгуулалттайгаар хэргээ хүлээхгүй гүрийчихсэн. Уг нь биднийг автобусанд явж байхыг ангийн багш харчихсан юм. Автобусанд явж байхад нэг нь багш гэж орилоод бүгд пэр хийж доошоо нуугдаж байсан даа” гэв.

Ангийн дарга нь “Саяхан Алтанбагана маань чихрийн шижинтэй болчихсон гээд үхэхээ хүлээгээд шийдчихсэн хэвтэж байсан. Тухайн үед манай найз мөнгө муутай байсан юм билээ. Бид очоод эм тариаг нь аваад өгье, группт оруулаад өгье, нийгмийн даатгалыг чинь хөөцөлдье гэж ятгалаа. Сүүлдээ “За чамд одоо хоёр сонголт байна нэг нь бидний үгэнд ороод арай илүү удаан амьдрах, нөгөө нь чи өөрийнхөө сонголтоор хурдан үхэх. Алийг нь ч сонгосон бид чамайг оршуулчихна” гэсэн чинь нөгөөх маань инээсэн. Очоод сэтгэл санаагаар өргөөд ярилцаж байгаад бидний үгэнд орсон шүү. Саяхан ярьсан чинь гагнуур хийгээд хэдэн төгрөг олчихоод ангийнхаа айл болгонд цайны цацлын хусуур хийж өгнө гэж байсан. Сэтгэлээрээ сайхан санагдаж байгаа. Нэг анги гэдэг одоо ч нэгнээ түшихдээ чухал шүү дээ” гэж ярьсан юм.

С.Ариунжаргал

Н.Номин

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гуравхан сая монголд түүх хамгийн чухал

0Гэхдээ үнэнд ойр түүх хэрэгтэй. Онцлоход өнөөдрийн хятад, оросуудад түүх нь тийм чухал бус болчихож. Цагаан хэрмэн дээр хойшоо хараад зогсож байгаа тэрбум хятадад түүхээс урд хоол хэрэгтэй. Хойно Байгаль нуураас наашаа хараад зогсож буй 140 сая гаруй оросод мөн адил түүхээсээ урд загас жараахай, ногоо цагаа хэрэгтэй. Тэд түүх бүтээх, түүхээ ярьж амьдрах шаардлагагүй болчихож, яагаад гэвэл арилж баларшгүй тийм олуулаа болчихсон учраас. Харин гурван сая монголд түүх хамгийн чухал байна. Бидэнд дэлхийг дэлдийлгэх юм гэвэл 2000 жилийн төрт ёсны түүх, их хаадын маань ялгуулсан амьдрал замнал байна. Үүнийгээ л судлагдахуун болгож, ярьж бичиж, өнгөлж зүлгэж, дэлхийд таниулж, нутаг усандаа бусад улс орны сая сая иргэдийг авчиръя. Ингэж л түүхээ мөлжиж байж бид тэсч үлдэх нь, тэлж хөгжих нь.

Байгалийн баялгаараа урагшлах гээд өнөөдөр үзэж тарж байна. Үзэж тарах сонирхолтойнууд нь үзэж тарцгааж л байг. Бусад нь харин их түүхээ чулуу болгоход төвлөрцгөөе. Их хээр тал, нүүдэлчин ахуй соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй… юу эс байна. Бидний үнэт зүйлс эдгээр биш юм уу.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Дүрлэн хонгор тэр минь дүүрэн гунигтай дуулан суух шиг…

Есөн сарын
нэгэн болж, эрдмийн эрэлд жолоо сунгасан аавын хүү, ээжийн охид хичээлдээ орлоо.
Жил бүрийн энэ л үеэр сэтгэл өөрийн эрхгүй догдолж

“Ардын сургуулийн
алтан босгыг

Алхаж орсон
анхны өдрөөс

Арвин эрдмийн
шимийг хүртсээр

Арван жилийг
ардаа орхилоо

Хүслийн жигүүр
ургуулж өгсөн

Хүрэх ирээдүйг
угтуулж заасан

Арван жилийн
сургуулиа дурсаж

Ачит багш
нараа санаж явна аа”
гэсэн сайхан дуу чихэнд сонсогдох шиг болно. Ай даа, сурагч
ахуйн гэгээн үе минь.

“Хэдхэн чихрээ
таллан хувааж

Хэцүү хичээлээ
хамтран давтсан

Сурагчийн
хувцсаар ижилдэн гоёсон

Сургуулийн
жилүүдэд дэндүү дасчээ”
гэж дүрлэн хонгор тэр минь дүүрэн гунигтай гитардан дуулах
шиг санагдана.

Төрийн соёрхолт
хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг өмнөх зууны далаад онд Багшийн сургуулиа төгсчихөөд
багшилж байхдаа эл сайхан дууныхаа аялгууг биччихээд Бавуугийн Лхагвасүрэнд шүлэг
захиалахад мөнөөх нь хүүхдийн зохиолч Д.Содномдоржид хэлснээр нэгэн сайхан дуу төрсөн
гэдэг. “Учран золгохын ерөөл” хэмээх энэ сайхан дуу хөгжмийн зохиолчийнхоо сурч
асан Булган аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн талбайд удахгүй хөшөө
болон сүндэрлэх гэж байна.

Дуун хөшөөг
Ц.Чинзориг агсны нагац ах Шагдарын үр сад мөнхөлж байгаа гэхээр сэтгэлд нэг л гэгээтэй
сонстоно. Булган хотод зочлогсод энэ л дуун хөшөөг түшин

“Ажил амьдралын
замыг дагаад

Арван зүгтээ
замнан одоод

Уудам нутагтаа
таран суусан ч

Учран золгохын
ерөөл байна аа”
гэж сэтгэлийн хадаг намируулан зогсох цаг ойрхон л байна даа.

Л.БАТЦЭНгЭЛ

Categories
булангууд мэдээ

Ч.Бадрал: “Игорь ван” бол миний дуулах дуртай дуурь

Олон улсын дуурийн залуу дуучдын уралдаануудын гранпри, тэргүүн, дэд байрын шагналт Чулуунбаатарын Бадралын ярилцлагыг хүргэе. Тэрбээр Москвагийн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийн төгсөх курсад сурч буй юм.

-ОХУ-ын нэрт дуучин, Оросын ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэнд баяр хүргэе. Уралдааны явцаас сонирхуулаач?

-Маш сайхан боллоо. Энэ уралдаанд Монголын дуучид анх удаа оролцож амжилт гаргалаа. Олон орны дуучид оролцсон чансаатай уралдаан болсон. Шүүгчдийн бүрэлдэхүүнд баруун Европын болон дэлхийн нэртэй хүмүүс суулаа.

-Та өмнөх олон уулсын уралдаануудад баритон хоолойнд зориулсан сор болсон ари романсуудаас гайхалтай сайхан дуулсан. Энэ удаа ямар бүтээлүүдээс дуулав?

-Ж.Верди, Шуберт, С.Рахманинов, П.И.Чайковский нарын бүтээлүүдээс дууллаа.

Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари, мөн “Трубадур” дуурийн Граф ди Луна, Чайковскийн “Мазеппа” дуурийн Мазеппагийн ари гэхчлэн.Мөн Орос болон баруун Европын романсуудаас дууллаа.

-Сүүлчийн шатанд ямар ари дуулав?

-Сүүлийн шатанд оролцогч бүр таван ари бүртгүүлснээс шүүгчид хоёр ари сонгож дуулуулах байсан юм. Шүүгчид хоёр ари сонгож дуулуулах байсан юм.

Тэгээд шүүгчдийн сонголтоор Риголетто, Мазеппа хоёрыг оркестртой дуулсан даа.

-Та өнгөрсөн 2014 онд Оросын бас нэг уралдааны тайзан дээр Бородины “Игорь ван”-гийнх нь ариг, мөн Рахманиновын Алеког үнэхээр сайхан дуулсан. Тэр талаараа та ямар бодол сэтгэгдэлтэй яваа вэ. Дандаа томоохон дууриудаас дуулсан шүү дээ?

-Тэр бол Оросын “”Культура” телевизээс зохиодог “Большой опера” гэж том тэмцээн юм. Арван үе шаттай, хоёр сар гаруй үргэлжилсэн. Тэр уралдаанд олон дууиас дуулсны нэг нь Рахманиновын “Алеко” байсан. Бас өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг байлаа.

-Тэр тайзан дээр Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Чингэс хааны ариг дуулсан тань сэтгэл хөдлөм байлаа. Та яг Чингис хааны ари дээр бусад дууриас бүр огт өөр болоод ирэх шиг. Сэтгэл хөдлөл тань их гүнзгийрч харагдсан?

Шарав гуайн дуурийн Чингис хааны ари дуулсан тухайд, хөтөлбөрийнх нь дагуу орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулах ёстой байсан юм л даа. Тэгээд Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Чингис хааны ариг сонгож дуулсан. Ер нь гадныхан манайд сонгодог урлаг ямар түвшинд хөгжиж байгааг сайн мэддэггүй. Тиймээс монгол хүн өөрөө зохиогоод монгол дуучид дуулаад их хааныхаа тухай дуурь тоглодог гэдгийг харуулах бодол надад байсан.

Хаана ч явсан бидний цаана улс орны нэр гарч байдаг учраас тэр утгаараа үзэгч олон болон шүүгчид маш сайн хүлээж авсан шүү. Мэдээж монгол хүн учраас монгол дуурийнхаа ариг, тэр дундаа Чингис хааныхаа ариг дуулаад зогсч байхад сайхан байлгүй яахав. 

Тэгээд тэр уралдаанд маш сайн оролцож шагналт байрт орсон доо. Үүгээр болон бусад уралдаануудаас намайг Оросын ард түмэн маш сайн таньдаг болж бас их хүндэлдэг болсон доо.

-Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн уралдаанд та хоёрт жагссанаар Марийнскийн театрт дуулахаар боллоо. Энэ талаар?

-Тийм ээ. Энэ уралдаанд бас нэг тусгай шагнал нь Марийнскийн театрт дуулах эрх байсныг нь надад өгсөн. Мөн өнгөрсөн онд Магнитагорск хотын Дуурь балетын театр урьж гэрээ хийснээр бас тэнд ажиллаж байна. Ямар ч байсан урилгаар дуулдаг болж эхэллээ. Хэрэв хүсвэл гэрээгээр дуулаад байж болно.

-Сургуулиа та хэзээ төгсөх билээ?

-Энэ жил төгсөнө дөө.

-Төгсөөд эх орондоо ирэх үү, тэнд үлдэх гэж байгаа юу?

-Мэдээж нутаг буцна. Ер нь театруудтай гэрээтэй ирэн очин дуулж байх бодолтой байна. Би чинь Монголдоо ЦДБЭЧ-ын гоцлол дуучин ажилтай. Мэдээж чуулгадаа уран бүтээлээ хийнэ дээ.

-Таны төрсөн нутаг Сэлэнгэ аймаг гэсэн байх аа?

-Тийм ээ, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Аав ээж минь одоо нутагтаа амьдарч байна. Сэлэнгэ мөрнийхөө усанд шумбаж, хурдан морь унаж өссөн дөө. Жирийн л хөдөөний хүүхэд. Сумандаа 10 жилийн сургуулиа төгссөн. Аав ээж минь одоо нутагтаа амьдарч байна. Аав маань их сайхан дуулдаг хүн бий. Аавын маань бас нэг хүсэл мөрөөдөл нь дуучин болох байсан болов уу.

-Та ноднин Игорь вангийн ариг дуулж байхдаа юу мэдэрч байв. Энэ ямар гоё дуурь билээ, та ч ямар гоё дуулав аа?

-Тийм ээ, Игорь бол миний хамгийн дуртай дуурь. Мэдээж, дуулж байгаа дүр болгондоо нэвтэрч, утгыг нь гаргаж дуулахыг хичээдэг дээ.

-Магнитагорск хотын Дуурь бүжгийн театрт гэрээтэй ажиллаж байгаа гэлээ. Дуурьт гарч эхэлсэн үү?

-Эхэлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард И.Кальманы “Принцесса цирка” дуурьт дуулсан. Мистер икс гэж гол дүрд дуулсан. Энэ намраас дүрүүд ар араасаа байна аа.

-Энэ намар ямар дуурьт дуулах гэж байгаа вэ?

-Онегинд дуулна.