Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мах идэх шүд аманд, хүн идэх шүд сэтгэлд бий

“Амьдрал богинохон учир шүдтэй байгаа дээрээ инээ” гэсэн үг олж уншив. Үнэн л үг юм. Өвгөд маань ч “Ертөнцийн гурав”-таа “Өсөхөд шүд нэг цагаан” гэсэн байдаг. Гучин хоёр цагаанаа яралзуулаад инээж байгаа хүн нүдэнд дулаахан харагддаг. Инээж байгаа, сэтгэлдээ жаргалтай хүн шүдтэй, шүдгүй нь эцсийн эцэст хэнд ч хамаагүй л дээ. За тэгж байтал “Мах идэх шүд аманд бий. Хүн идэх шүд сэтгэл дотор бий” гэсэн сүрхий үг байна. Шүд тэгэхээр янз бүр байдаг байх нь. Хөгжилтэй орнуудын хүмүүсийн байр байдлыг харахад бүгд л яралзтал инээж, хажуугаар зөрөөд өнгөрсөн ч толгой дохин мишээж байдаг. Харин бид бол угтаа тийм биш. Хэн нэгэн инээгээд, шүдээ яралзуулан мишээвэл “Энэ муу одоо яагаад хүн доромжлоод байгаа юм” гэж бодох жишээний. Манайд харин шүдтэй байгаа дээрээ инээх, аз жаргалтай байх логик утга бүр эсрэгээрээ гэхэд болно.

Төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж, ёстой л идэр залуу чонын яралзсан араа шүдийг гаргаж, “аррр” гэх нь энүүхэнд. Нийтийн унаанд суухад автобусны жолооч, мөнгө хураагчаас эхлээд урт урт цагаан соёо яралзуулах нь сэтгэл дэх шүдээ гайхуулж байгаа нэг хэлбэр. Төр түшдэг хүмүүст ч бас эцэг эхээс заяасан сайхан муухай, шарласан, хорхойтсон янз бүрийн л шүд бий. Хэн нэгэн хүн төрийн өндөр албанд очлоо гэхэд “Овоохон идэж, дориухан шингээнэ дээ” гэж араа юугаан билүүдэж, ар юугаан үл бодон сувдаглана. Хорхойтсон шүд ходоодны дайсан болдгийн үлгэрээр “аавынх” руу ачигдахын цагтаа хуулийг гууль болгон хэмлэж, гадаад хийцийн гав дөнгийг ч тас мэрэх гэж оролдоно. Инээ гэж шүд заяасан атал идэх хивэх гэж буруу ойлгосны гор ингэж гарна. Шунал, атаа жөтөө хүний сэтгэлийн шүдийг хорхойтуулж иднэ. Тэгэхээр аз жаргалын цагаан хэрэм болсон шүднийхээ шидийг нэг үзүүлж нээх сайхан инээцгээе дээ, хүмүүс ээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Айлгах аавтай арслангийн зулзага

Хорвоо дэлхий
уудам ч хүний амьдрал шүдэнз зурахын төдий гэдэг. “Зөв л явах юмсан” хэмээн хүмүүс
сэтгэх авч үүндээ хүрэх гэж тэмүүлдэг нь хэд бол. Таван настай хүү маань саяхан
“Би айлгах аавтай арслангийн зулзага мөн тийм ээ” гэлээ. Би ч “Айлгах аавтай арслангийн
зулзага мөн өө” хэмээн тоомжиргүйхэн хариулчихаад телевизийн суваг сольсон юм. Төд
удалгүй нэг цаасан дээр аав, ээж, өөрийгөө болон дүүгээ томоо гэгчийн бурханыг гараасаа
хөтлүүлэн зурсан зураг аваад ирлээ. “Арслангийн зулзага нь гэр бүлээ зурчихаад ирлээ”
гэж байна.

“Бурхан манай
гэр бүлийн гишүүн. Манайхан гоё амьдарч чадвал энэ бурхан шиг мундаг болно. Зөв
л амьдрах юмсан” хэмээн хэзээний том хүн шиг ярих аж. “Тийм ээ, бид зөв амьдарч
байна” хэмээн дотроо бодож явдаг ч үнэндээ зөв яваагаа мэддэгсэн билүү. Бидний гишгэсэн
мөрөн дээр гишгэж, бидний гараас зүүгдэн эрийн цээнд хүрэх үрсдээ л ядаж зөв байхсан.
Үнэнийг худал гэж хэлэлгүй, үйлдлээ ядаж цэнэж чаддаг билүү.

Магадгүй
бурхан биднээс баян явсан уу, хэдэн байртай байсан бэ гэж лав л асуухгүй. Зүдэрсэн
нэгэнд тусалж чадсан уу гэж асууна. Өнгөтнөөр цалгиж, хэдэн орноор зугаалав гэж
асуухгүй. Өрөөлийн өмнө хүлцэнгүй явсан уу гэж асууна. Бусдын нүдэн дээр уйлж явсан
уу, дуулж явсан уу гэж асуухгүй. Харин эсрэгээрээ хичнээн хүний нулимсыг арчиж өгсөн
бэ гэж асуухад хүрвэл юу гэж хариулах бол. Гишгэсэн мөрнөөс нь цэцэг дэлгэрдэггүй
юмаа гэхэд гишгэсэн мөрийг нь үр хүүхдүүд минь хараад баярладаг л байгаасай. Үр
минь үлдэх хорвоо гэдгийг санаж зөв амьдрах юмсан.

Цаана чинь
“Айлгах аавтай арслангийн зулзага”-нууд биднийг л харан хүмүүжиж байгаа шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Үс унахаас хэрхэн сэргийлэх вэ?

Үс их хэмжээгээр унах хэд хэдэн шалтгаан байдаг аж. Тухайлбал, ямар нэгэн өвчнөөр өвдсөн, мэс ажилбар хийлгэсний дараа үс гэнэт ихээр унадаг. Үүнийг тухайн хүний сэтгэл зүй болоод биеийн хямралтай холбож түр зуурын хэмээн үзэх нь бий. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн эсвэл буурсан, эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдсан зэрэгт үс их хэмжээгээр унадаг байна. Хүүхэд төрүүлснээс хойш гурван сарын дараагаар үс унаад эхлэх нь бүсгүйчүүдэд элбэг тохиолддог. Энэ нь гормоны өөрчлөлттэй холбоотой гэдгийг эрдэмтэд судалжээ. Эрчүүдийн үс халзрах байдлыг удамшлын шинжтэй гэж үздэг. Эмэгтэйчүүдэд ч үс халзрах байдал илэрнэ.

Хальстай төмс, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэргийг хүнсэндээ хэрэглэвэл үс унахаас сэргийлдэг. Цайраар баялаг бүтээгдэхүүн болох хушга, яргай загас, бүйлс нь мөн л сэргийлэх үйлчилгээтэй. Гэмтэлтэй үсийг крантны усаар шууд угаахгүй байхыг мэргэжлийн үсчин, гоо сайханчид зөвлөдөг. Крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учир хуурайшиж өнгөө амархан алддаг гэнэ. Хар цайны ханд үсний өнгийг сэргээдэг. Охид бүсгүйчүүд гэрийн нөхцөлд нэг ширхэг өндгийг дөрвөн халбага коньяк юм уу, ликёртой хольж хутгаад үсэндээ түрхэн, өнгөлөг сэвсгэр болгодог арга бий.

Унаж буй үсийг ганга өвсний ханд болоод халгайгаар угаах нь сайн гэдгийг бид мэднэ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж буйгаар үсээ угаасны дараа мушгиж болохгүй аж. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог байна. Намирсан хөвсгөр байдлыг алдагдуулдаг учир нойтон үед нь самнаж болдоггүй. Үсэндээ хими хийлгэх, сэнс, хайч, индүү хэрэглэх зэргээс аль болох татгалзах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.

Ө.МАНЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Аймшгийн” үлгэр

Гурван настай хүү маань орой унтдаггүй. Хүүдээ хань болох гээд “Ээж нь үлгэр ярьж өгье” гэчихлээ. Хамгийн түрүүнд санаанд орж ирснээр нь “Улаан малгайт”-ын тухай ярьж гарав. Улаан малгайт, эмээтэйгээ чононд идүүлдэг хэсэг дээр ирээд жаахан түгдэрлээ. “Шөнө хүүхэд унтах гэж байхад юун чоно моно яриад байна аа” гэж нөхөр хажуунаас дуугарч байна. Нээрэн энэ чинь аймшгийн үлгэр юм биш үү. Өөр үлгэр санах гэж оролдсон ч “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” санаанд бууна. Үлгэрийг хүүхэд унтахаас өмнө ярьж өгдөгсөн. Харин “Аймшгийн” үлгэр сонссон хүүхэд нойр нь хүрэх болов уу. “Улаан малгайт”-ыг багадаа их л дуртай сонсдог байж билээ.

Энэ үлгэрээр хүүхдэд юу хэлэх гэсэн юм бол гэж бодохоор учир дутагдалтай санагдав. Үлгэр заавал нэг юм хэлэх албагүй юм болов уу. Зүгээр л бяцхан жаалуудыг унтуулах, цаг нөгцөөх зорилгоор зохиосон түүх гэж үү. Үлгэр ярих оролдлого маань маруухан төгсөв. Багадаа дуртай байсан үлгэрүүд маань номын сангуудад ярайна. Өнөөгийн хүүхдэд бидний үеийн үлгэр “наалдах” болов уу. Бодоод байхаар баахан эргэлзээ төрнө. Охин маань гүнжийн үлгэрт дуртай. Номын дэлгүүрээс нэг удаа гүнжийн үлгэрүүдтэй зузаан ном авна гэж зүтгэсэн. Амьдрал гүнжийн үлгэрээс огт өөр учраас тэнэг мөрөөдлөөр толгойгоо дүүргэчихвий хэмээн гүнжийн үлгэрээс татгалзаж билээ.

Шинэ үлгэр зохиох хэрэгтэй юу. Амьдрал өөрөө үлгэр ч юм уу.

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өндөөр болоорой”

Одооны хүүхдүүд ёс уламжлалаа уландаа гишгэчихсэн, хүн хүндэлж мэддэггүй, хүмүүжилгүй гэж ахмадууд үглэдэг. Нээрэн ч тийм дээ гэж эргэлзтэл энэ талаар хүн болгон шахуу ярьж, хүүхэд, залуус ч эргээд өөрсдөдөө итгэхгүй байдалд хүрчихдэг.

Өчигдөр Улаан­хуарангийн эцсээс автобусанд суулаа. Эцсийн буудлаас хүн цөөн суусан учир оюутан залуус гэлтгүй бүгд суудал эзлэв. Дараагийн буудалд зогсоход хөл хүндтэй бүсгүй орж ирэв. Урдуур суусан тав, зургаан залуу нэгэн зэрэг өндөлзөж суудал тавьж өглөө.

Жирэмсэн бүсгүй нэгнийх нь суудалд талархал илэрхийлэн суув. Түүний араас эмнэлэг рүү халуун хоол цай зөөж яваа болов уу гэмээр халуун сав, суулга барьсан эмээ орж ирэхэд дахин бүгд хөвөлзтөл босдог юм байна.

Араас нь орж ирсэн хөгшин хөвөө, настай хүн болгон хоромхон зуур л суудалд заларч хүүхэд багачуул нь цагаригтай бариулаас сэвхийтэл бариад л зорчсон шүү. Ийм зураглал, үйл явдал ганц тэр автобусанд биш Улаанбаатарын нийтийн тээвэрт яваа бүх автобусанд болж л байгаа даа гэсэн гэгээн бодол төрөв.

Залуус нь ийм сайхан боловсон, хөгшин хөвөө, хөл хүндтэй гэлтгүй бусдыг хүндэтгэдэг болж эхэлж байхад загнаж хараахын хэрэг ер алга. Харин суудлаа гуйлгахгүй өгсөнд нь урам хайрлаж “Өндөөр болоорой” гээд ерөөчихөд залуус бид чинь хөөрөөд л явчихна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хайрлая

Давс бол гурван цагаан хорын нэг гэдгийг хүн болгон мэддэг. Тэгсэн хэрнээ тийм ч амархан хэрэглээнээсээ хязгаарлаж чаддаггүй. Давс султай хоол, хүнс нэг л амтгүй санагдаж, хоолой давж өгдөггүй гэдэг биз дээ. Тэгвэл хүн өдөрт авах ёстой давсныхаа хэмжээг зохицуулаад сурчихвал энэ нь тийм ч хэцүү биш юм. Нөгөөтэйгүүр таны эрүүл мэнддээ хийж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг эрдэмтэд нотолжээ. Хүн хоногт зургаан граммаас дээшгүй хэмжээтэй давсыг хүнснээсээ авах ёстой гэнэ. Бага насны хүүхдүүд нэг граммаас хэтрэхгүй хэрэглэх учиртай. Гэтэл монголчуудын хоногт хэрэглэж байгаа давс зохистой хэмжээнээс 1.5-2 граммаар давдаг гэсэн судалгаа гарчээ. Ямар сайндаа гадаадын жуулчид манайхны цайндаа хүртэл давс хийдэг байдлыг хараад гайхахав дээ. Та бидний алхам тутамдаа идэж байгаа давс эрүүл мэнд, бие махбодид маань ихээхэн заналхийлдэг байна. Давсны хэт өндөр хэрэглээнээс болж таргалахаас гадна зүрхний шигдээсийн эрсдэл нэмэгдэж, цусны даралт ихэсдэг гэнэ. Мөн харвалт, ясны сийрэгжилт, ходоодны хавдар, бөөрний эмгэг зэрэг өвчний үндэс болдог байна. Сүүлийн үед бөөрний дутагдал монголчуудын дунд түгээмэл болсон бас нэг шалтгаан нөгөө л давстай холбоотой. Тиймээс давсаа багасгаж чадвал олон суурь өвчнөөс өөрийгөө хамгаална гэдгийг эмч нар зөвлөж байгаа юм.

Уг нь давсныхаа хэрэглээг багасгах зовлон биш. Харин ч та эрүүл мэнддээ ашиг тустай зүйл хийж байна гээд кодолчих. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ бор хоолонд орох үеэс өөрсдийнхөө иддэг хэмжээгээр давстай хоол өгдөг талтай. Энэ нь хүүхдээ багаас нь давсанд дасгаж байгаа хамгийн буруу зуршил ажээ. Аль болох давс сул хоол өгч сургах хэрэгтэй гэнэ.

Хүн гэнэтхэн нэг өдөр хоолныхоо цэснээс давсаа хасна гэвэл бүтэхгүй. Иймд эзэгтэй та ядаж л цайндаа давс хийхээс татгалзаж, аажим аажмаар хоолныхоо шорвогийг ч зөөлрүүлээрэй. Мөн ресторан, зоогийн газрууд, цэцэрлэг сургуулиудын гал тогоо болон хүнсний үйлдвэрүүд давсны орцыг бууруулахдаа буян үйлдэж байна гэж бодоорой. Дотоодын үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүнүүдийн уут баглаа боодол дээрээ давсны хэмжээг тодорхой бичсэнээр хүмүүс өөрсдийнхөө авах ёстой давсны тунг хянахад нь туслах болно шүү.

Бүх нийтээрээ давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хайрлацгаая.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрийгөө ялан дийл

“Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн нэгэн хараагүй залуу Төрийн ордонд болсон хурал дээр хэлсэн санагдана. Тэр үед хурлын танхим дүүрэн суусан залуус ганцхан түүн дээр анхаарлаа төвлөрүүлж байсан. Эвэртэй туулай үзсэн мэт залуус зангиагаа засч байсан бол зарим нэг нь өрөвдөж хайрласан харцаар ширтэцгээж байсан. Түүний хоолой эрэмгий хийгээд зоримог сонстоно.

Гэхдээ тэр залуу хэн нэгнээр өрөвдүүлэх гэж зориуд олны анхаарлыг татаагүй юм. Би хараагүй ч гэсэн та нартай адилхан сэтгэж чадаж байна. Хийж байна. Бүр ихийг хийхийн төлөө тэмүүлж байна. Ертөнцийг бүхэлд нь харж, гэрэл гэгээг мэдэрч суугаа эрхэм та яагаад боломжийн төлөө зүтгэхгүй байна аа, залхуугаа ял л даа гэж итгэл төгс хэлсэн.

Өнөө цагт юм бүхэн хөгжлийнхөө дээд шатанд хүртлээ шахам хөгжиж байгаа. Гэхдээ залхууг дарах эм тан гаргаж амжаагүй л яваа. Олоон жилийн өмнө ангийн маань хүүхэд “Хичээл хийх гэхээр залхуу хүрээд байх юм. Ер нь лам нарт залхуугаас салгах тарни гэж байдаг болов уу” хэмээн асууж байсан нь тодхон санагдана. Залхуугаас салах тухай хүн бүр ярьдаг ч залхуугийн ганц ерөндөг бол хичээнгүй байх юм. Аливаа тарнийн жинхэнэ үр дүнг үзье гэвэл уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай болдог.

Залхуу бол ололт амжилт бүхний хаалт тээг болдог. Тиймээс энэ хаалтыг нураагаад гарах ганц арга нь хөдөлмөрлөх. Танд ямар ч тарни, ямар ч бурхан хэрэггүй. Хичээл зүтгэл бол амжилтын түлхүүр. Энэ түлхүүрээ бат атгахын тулд хичээх л хэрэгтэй. “Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн хэлсэн тэр үг одоо ч зүрх сэтгэлд минь цуурайлсаар байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бразил руу явснаас сар луу ниссэн нь хамаагүй дээр

Бүгд Найрамдах Бразил Улс руу манай улсын иргэд 90 хоног визгүй зорчихоор болсон. Энэ мөн ч хэрэггүй шийдвэр санагдав. Гэхдээ яахав Бразил улс руу явах нэг нь явдаг юм байгаа биз.

Бразил улс руу Монголоос 20 гаруй цаг онгоцоор нисч хүрнэ. Эхлээд АНУ руу арван цаг ниснэ. АНУ-аас мөн л арав гаруй цаг онгоцоор нисч Бразилд арай чүү хүрнэ. Сар руу нисэхээс ч удаан хугацаа шүү дээ. Тэгээд ч Бразил улс хэрэглээ өндөр, ажлын байр хомс.

Тэр тусмаа тэнд монголчуудад хийх ажил тун ч ховор. Хэдэн арван цаг онгоцонд чилээрхэж очоод ажлын байргүй, амьдралын өндөр өртөгт даруулахын нэмэр гээд тийшээ зүглэх хүсэлтэй хүн цөөхөн байна. Үүнийхээ оронд манай улс өндөр хөгжилтэй барууны, орнууд болон Япон, Солонгос гэх мэт Азийн орнууд руу визгүй зорчдог болмоор байна. Тэнд монголчуудад хийх ажил, суралцах зүйл дэндүү олон бий.

Өндөр хөгжилтэй орны соёлд суралцаж, яаж хөдөлмөрлөж улс эх орондоо баялаг бүтээдэг үлгэр жишээг тэндээс харж болно. Япон, Солонгос руу зорчиход визгүй болчих юм бол манай ард иргэдийн амьдрал мөн ч хурдан дээшилнэ. Эдийн засгийн эргэлт одоо байгаагаасаа хэд дахин нэмэгдэнэ. Үүнийг 1990-ээд оны дундаас Солонгост ажилласан олон зуун залуусын өнөөгийн амьдралаас харж болно. Тэд багагүй валют авчирч, эхнээсээ эх орондоо ирээд сурсан, мэдсэн үйлдвэрлэлээ эрхлээд явж байна.

Хаа холын Бразил руу визгүй болсон гээд 20 цаг нисч байснаас сар луу ниссэн нь хамаагүй богино хугацаанд очих газартаа хүрнэ. Ядахдаа саран дээр ямар амьдрал байж болохыг судлаад ирнэ шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Олны танил хүмүүс хэлж ярихаа тооцоолох хэрэгтэй

Саяхан УИХ-ын гишүүн
О.Баасанхүү ярилцлага өгөхдөө “Би үхэхээс айдаггүй. Үхэл миний хувьд шагнал”
гэж хэлжээ. Олон түмний дунд нэр нөлөөтэй, хүүхэд залууст үлгэр дуурайл үзүүлэх
ёстой хүн ингэж хэлсэн нь маш буруу. Үхлийн тухай хэлсэн үг түүний шүтдэг шашны
сургаал бололтой юм билээ. Ямар шашин шүтэх нь О.Баасанхүү гишүүний өөрийнх нь
сонголт. Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу хувь хүн ямар ч шашин шүтэж
болно. Гэхдээ үхлийг сурталчилж байгаа нь буруу. Тогтсон үзэл бодолгүй өсвөр
насныхан түүний үгийг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй юм. Гэхдээ залуу үеийнхэн
гишүүний үгийг хүлээж аваад амиа хорлоод эхэлбэл яах вэ. Нэг жаахан сэтгэл
санаагаар унасан үедээ шагналаа авч байгаа нь тэр гээд үхэхийг үгүйсгэхгүй. Найз
охиндоо хаягдсан үедээ гишүүний хэлснийг санаад амиа хорлож болно. Ер нь
судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан байдаг гэх юм
билээ. Тэгэхээр олонд нөлөөлдөг хүмүүс хэлж ярихаа боддог байх хэрэгтэй.
Ялангуяа миний хэлсэн үгийг залуучууд хэрхэн хүлээж авах вэ гэдгийг тооцоолж
сурмаар байна. О.Баасанхүү гишүүний хэлсэн үгийг сонссон залуус амиа хорлоод
эхлэх юм биш байгаа гэх эмзэглэл төрж байлаа.

Х.АЛТАН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Баяр жаргалаа хоёроор үржүүлж бодож суръя

Зөвлөлтийн үеийн Узбекстаны яруу найрагч Римма Казаковагийн нэг сайхан үг байдаг. “Баяр жаргалаа хоёроор үржүүлж байгаа зовлонгоо хоёроор хуваан бодож сур” гэсэн. Хүний амьдрал гэдэг үргэлж мөнхийн баяр жаргалаар бялхаад байдаг үүрдийн диваажин биш. Бас бие сэтгэлийн зовлонд дандаа тарчилж байдаг харанхуй там ч биш. Жаргал, зовлон гэдэг ер нь харьцангуй ойлголт.

Бор гэртээ богд гээд борог амьдралаа болгоод явдаг хүнд бол тэвэр дүүрэн алт, өвөр гэрэлтэм амраг үй түмээрээ байгаад чиг нэмэргүй. Хүсэл, шунал нь далай мэт ёроолгүй, тэнгэр адил оёоргүй нэгэнд бол энэ дэлхийн бүх баялаг байлаа ч ханаж цадах нь үгүй.

Амьдралын сайхныг мэдэрдэг, байгалийн гайхамшгийг биширдэг нэгэн бол хоосон үүргэвчтэй ч хорвоог сэтгэл амар туулна. Сэтгэл амар гэхээр хөл хөсөр, гар газар амраад гэдсээ илээд хэвтээд бай гэсэн үг биш л дээ. Хөлөө явж, хөлсөө дуслуулан хөдөлмөрийнхөө үр шимийг амссан хүн өрх бүлдээ аз жаргалтайгаар олсон долсноо хувааж хүртээд жаргалтай байж чадна.

Шуналын хүүдийнх нь ёроол цоорхой бирдүүд бол харин түмний хөрөнгөөр түнхэрцгээ дүүргэж, олны буянаар олгойгоо цатгавч илүү харж, билүү долоон арван найман тамын адгийн тамд унана.

Тиймээс хүн гээч сэтгэлийн амьтан “Баяр жаргалаа хоёроор үржүүлэн, байгаа зовлонгоо хоёроор хувааж” аж төрвөл аз жаргалд дөтлөн сэтгэлийн зовлонгоос ангижрах буюу.