Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Насны намар” дууны түүхээс үүдээд

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг хилийн цэр­гийн­­хэнтэй Хэнтий аймагт тог­­лолтоор явж байхуйд Увсын хязгаарт суусан ижий нь таалал болсон гунигт мэдээ иржээ. Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад уйлан хайлан байхад нь яруу найрагч Дүгэрийн Амгалан таарч “Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Ах нь нэг дууны шүлэг бичиж өгье” гээд удаа ч үгүй

“Үсний минь сор мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юм аа

Насны намар гадаа ирэхээр

Нартын жамыг ухаарах л юм даа…” гэж алгын чинээхэн цааснаа дурайлгаад өгчээ. Увс руу онгоцоор нисэх замдаа тухайн шүлэгт ая хийж дууны нот, эх бичмэлээ ижийнхээ дэрэн дор нутаглуулсан байна. Ингэж “Насны намар” төрсөн түүхтэй.

“Ах нь нэг шүлэг бичиж өгье. Түүнд ая хийж ижийдээ дуун суварга босго доо” гэхэд сэтгэлийг минь засч худлаа хэлж байна гээд итгээгүй хэмээн хөгжмийн зохиолч өгүүлсэн. Хүн хэлсэн үгэндээ эзэн байна гэдэг тэр болов уу.

Манайхан өнөөдөр юу ч хамаагүй ярьдаг болсон. Бусдад таалагдахын тулд, тухайн агшинд амиа авч гарахын тулд юу ч гэж хэлэхэд сийхгүй.Амнаас унагасан үгэндээ хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг, ойлгодог хүн гэж байна уу. Уран бүтээлчид мөн л хий хоосон яриад байх шиг. Нийгмийн аль ч хүрээлэлд нэг л их ярьсан, цэцэрхсэн, нэгнээ муулсан, бүр үнэн голоосоо үзэн ядсан хүмүүс л байх юм. Хүн бүр хэлсэн үгэндээ үнэнч байхыг л амьдрал биднээс шаардана. Өөр юуг ч биш.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ес эхэллээ

Монголчууд өвлийн улирлын
оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг,
өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав
гэж хуваадаг. Тэгвэл өнөөдөр нялх гурван ес эхэлж байна. Ес, есөн хоногоор тоолж,
81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт
өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад
гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг.

Өвлийн ес эхлүүт мал ахуйгаа
адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн
бэлчээрт явах нь ихэсдэг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн
ес гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, өвлийн
туйлын өдрөөс буюу арванхоёрдугаар сарын 22
ны өдрөөс
эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн
ес” хүртэл тоолдог байна. Тиймээс ч энэ ес болгоныхоо шинжийг “нэг есд нэрмэл архи
хөлдөнө”, “хоёр есд хорз архи хөлдөнө”, “гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө”,
“дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө”, “таван есд тавьсан будаа хөлдөхгүй”, “зургаан
есд зурайсан зам гарна”, “долоон есд довын толгой борлоно”, “найман есд нял шал
болно”, “есөн есд ерийн дулаан болно” гэлцэн хаврын сарыг хүлээн хоног тоолдог уламжлалтай
билээ. Өнөөдөр хэдийгээр өвлийн ес эхэлж байгаа ч өдөр уртасч, шөнө богиносох үе
давхцан ирж байгаа юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Цаг цагийн дууль буюу яруу сайхныг хөрөглөн бүтээгчийн тухайд

Ардын уран зохиолч, төрийн шагналт Дөнгөтийн Цоодолын яруу найраг, үргэл­жил­сэн үг, хєрєг нийтлэл, орчуул­гын дөрвөн боть уншигч­дын дунд хамгийн эрэлттэй байна. Эдгээр бүтээ­лийн редакцийн зөвлөлд Д.Цэдэв, С.Байгал­сайхан, С.Пүрэв, До.Цэнд­жав, Г.Аким, Т.Баасан­сүрэн, Ж.Саруул­буян нарын нөхөд нь багтжээ. Ингээд “Сєгдєж айлт­­гая” хэмээх шүлэг, дууль, найраглалын ботийн өмнөт­гөлд соёлын гавь­яат зүт­гэл­­тэн, доктор Долгорын Цэнджавын бич­сэнийг хүргэж байна.

Дөнгөтийн Цоодол авхайн яруу найргийг ярих бүр түүний тухай заавал хүн талаас авч үзсэн нь тааралдах юм. Яруу найрагч өөрөө хэн бэ гэдэг нь уран зохиолын судлал, шинжлэлд хам цуг авч явах ёстой зүйлийн нэг мөнөөсөө мөн. Тэрбээр шүлэг бүрийнхээ цаана аав, ээжээс эр хүнд ховорхон заяах ганагар бие хаа, энэ тэрийг хөөрхийлж өрөвдөх өр нимгэн сэтгэл, монгол хэлний агуу их зохицолдуулан илэрхийлэгч ухаалаг сэхээтэнлиг төрх, бас чиг заяаны дүрсгүй мондийн зан ааль, ер танихгүй нэгнийг ч тааралдаад шоглодог шооч байдлаараа бусадтай зүйрлэхийн аргагүй онцгойрч ханхайн харагддаг. Сайн, сайхан хүнийг л тэр чанарыг нь харуулдаг болохоос муу муухай сэтгэлтний тухайд бол үг ч эвлэхгүй. Тэгвэл Дөнгөтийн хөвүүний тухай ам нээсэн болгон түүний аль нэг сайхан шинжийг яруу найрагтай нь хамтад гарын үсэг мэт тод томруун тавьсаар иржээ.

Олон ч удаа бичсэн байна. Түүний анхны ном “Нутгийн зургаан өнгө” түүвэр гарсны дараахан нэрт утга зохиол судлаач Д.Цэнд найрагчийн авьяас, уран чадварыг маш өндөр үнэлж “Цоодолын анхны ном Монголын уран зохиолын ирээдүйг баярлуулж байна” гэж зөнч мэргэнээр бичсэн нь одоо бодоход нээрээ л үнэн хэлсэн санагддаг юм.

2000 онд хэвлэгдсэн “Миний муусайн найз нар” номын нь оршилд утга зохиолын судлаач Х.Сампилдэндэв “Д.Цоодолын “Нутгийн зургаан өнгө” тухайн цагтаа яруу найрагт гарсан үзэгдэл байлаа” гээд цааш цаашдын нь уран бүтээлийн тухайд “Үе тэнгийнхээ шүлэгчдээс түрүүлж анхны номоо хэвлүүлсэн энэ найрагч үе цагийнхныхаа хэлж амжаагүйг түрүүлэн хэлж ухаан бодол, уран санаа, уянга дүрслэл тэгш бүтээлүүдээрээ Монголын өнөөгийн яруу найргийг хошуучлагчдын нэгэн болсноо нотолж байгаа” тухай бичсэн байна. 1986 онд гарсан номын нь тухай нэрт шүүмжлэгч Ц.Хасбаатар “Дэлхийд цуутай уран үгийн мастеруудын өлгий гайхамшигт хот Москвагаас Д.Цоодол олз омог сайтай ирлээ” гэж найрагч М.Горькийн сургуульд суралцаад ирснийг нь олзуурхсан бол, түүний дараа гарсан “Өв хөрөнгө” номын нь редактор голч нямбай үгээрээ нөхдийнхеө дунд алдаршсан төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа “Яруу найрагч санаа, дүрслэл, бичлэгийн хувьд шинэ эрлийн замд гарч “Алаглан харагдах уулс”-ыг давав гэж үнэлсэн нь бий. Ийм жишээ үнэхээр олон. Мань хүн ч магтаалын үгнээс залхах, төвөгшөөх тийшээ болсон нь ажиглагддаг. Бага залуугаасаа цоллуулсан болоод тэр биз. Гэвч магтахаас өөр аргагүй юм бас байх. Түүнтэй хамт байхад зугаатай төдийгүй, шинэ санаа төрж, шинэ юм хиймээр болдог. Тэр болгонд монгол найраг, монгол найрагч, монгол эр гэж ийм гэдгийг харуулж, билэг танхай авьяасаараа бишрүүлж явсан Д.Сэнгээ, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Н.Нямдорж, Д.Нямаа зэрэг “горькийчуудыг” шууд залгамжилжээ. Тэр шүлгээ унших нь “Сүнжидмаа” хэмээх ардын дуу дуулж байгаа мэт санагддаг. Монгол шүлгийн аялгуу хөгжим, эгшиглэн, уян налархай, дээш доош цохилго гэж чухам юу болохыг монгол хэлийг төсөөлөх ч үгүй гадаадынханд дотор нь ортол мэдрүүлж чаддаг нь Японы уран зохиолын фен клубын гишүүдтэй уулзах үеэр харагдаж байсан. Үе нугалаа дагнаас, орхиц, цэг таслалыг ч нарийн мэдрэн гаргаж олон өнгийн шингээлттэй уянгалаг хоолойгоор сонсголонтойгоор хүний сэтгэл рүү хөвүүлж өгдөг. Бичих авьяас, ярих авьяас, унших авьяас энэ гурав нэгэн биед цогцолж байж гэмээн яруу найрагчийг жинхэнэ яруу найрагч болгодог болов уу. Тааруу муу уншдаг хүмүүс еөрийнхөе хамаг сайхан мөрүүдийг тариалан дотуур үхэр туучуулах мэт баллаад хаячихдаг. Энэ гурван шинжийг еөртөе хадгалсан хүн бол Цоодол найрагч яах аргагуй мөн.

Тэрээр өндрөө авч байгаа онгоц шиг хошуугаа улам л хөх тэнгэр өөд цоройлгож, маш богино хугацаанд учрыг олж, хэрсүүжин ухаажиж, шүлэг найргийн сүнс чухам юу болохыг хэзээний сийрэг ухаанаараа мэдэрч, алмай нялхсын өлгийг зад тийрч, өөрийнхөө нүдээр орчинг бясалган харж чадсан учраас дорхноо л томчуудын нүдэнд олзлогдоод эхэлжээ. Агуу их Б.Явуухулан бүр их тоож “Гүйлдээд байгаа залуучуудаас энэ Цоодол анхаарал татсан. Өнгөрсөн намар сүүлийн үед бичсэн шүлгүүдээ уншихад уран бүтээл нь илт өссөн байлаа… Авьяаст нөхрийн уран бүтээл өсөн дэгжиж байгаад чин зүрхнээс баярлаж байна” гэж аль 1968 онд “Цог” сэтгүүл дээр ам алджээ. Хэлж ярих нь удаан, сэтгэл хөдлөх нь удаан, үнэлж магтах нь удаан тэр чинээгээрээ учиртай үг унагачихдаг энэ агуу амьтнаас энэ зэргийн үнэлгээ авсан нь мэдээж “тэнгэрийн умдаг” атгах шиг болоо биз ээ.

…Дөнгөтийн Цоодол бол ялангуяа Төв аймгийн Бүрэн хэмээх их бор талд дөрвөн хөллөж унасан чардгар унага болохоор шүлэг болгоноос нь хөдөөний эгэлхэн бөгөөд борог бодь амьдрал өөрийн эрхгүй босон өндийж, хүмүүс, уул толгод, сүрэг малын тухай өөрийн бодрол бүхэн нь нээрэн л тийм гэмээр зөвшөөрөхгүй байхын аргагүй үнэнийг голд ортол хэлж чаддаг. Түүний шүлгийн агуулга, ур хийц торгоны ам шиг яв цав нийлж, жижигхэн гэмээр деталь, дүрслэл, өвөрмөц хэлцээр уншигчийн сэтгэлийг өдөж, хойноосоо дагуулсаар намдуухан эхэлсэн айзам далай мэт өргөсөн яруу тунгалаг симфонийн төгсгөл шиг бадрангуйгаар төгсдөг байх юм.

Тэр гурав түрүүлсэн аварга шиг “Болор цом”-ыг гурав гардсан. “Болор цом” авна гэдэг хэцүү. Магадгүй тэр болгон төрийн шагналтнууд ч санаа байвч, сачий хүрээгүй эд. Атаархал, хорсол, баяр гуниг бүхнийг дагуулдаг. Харин тэр сүүлийн үеийн “Болор цом”-уудад оролцох нь хойргошиж, хүсэмжлэгч, дэмжигчдээ гонсойлгодог болсон нь зөв эсэхийг мэдэхгүй. Тэрбээр хэзээ ч тулга тойрсон жижиг асуудлаар хөецөлдөж байгаагүй нь шүлгүүдээс нь тодорхой л доо. Улс төр нийгмийн арал жинтэй томоохон асуудлыг том хэмжээнд хөндөж тавьдгаараа өерөө гайхуулж ярьдаггүй боловч, ерээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дуу хоолойд хашгираа хоосон үгээр биш боловч ухаалаг, жинтэй, аралтай үгээр цаг үеийнхээ “цэнхэр туг”-ийг хамт өргөлцөж байлаа. Анхны “Болор цом”-ыг авсан шүлэг нь өөрчлөлт, ардчиллаар жирэмсэлсэн нийгмийн оюун санаатай яв цав тохирсон учраас судлаач, шүүмжлэгч, үзэгчдийн дэмжлэгийг шууд хүртсэн юм.

“Нэр нь тодроогүй баатрууд Танаа” шүлэг бол анхны “Болор цом”-ыг авчирсан бүтээл. Түүндээ,

Нэр нь тодроогүй баатрууд минь ээ, та нар

Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ?

Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй

Биднээс чухам хичнээн чинь үүрд буцсан юм бэ гэж ноцтойхон асуугаад өргөл дууллынхаа өнгийг улам хурцатгаж

“Ханагар дэлхийн энд тэнд

Хал үзсэн Европын төгөл дунд

Дунд чинь босгосон хөшөөн дээр

Дуурсах нэрийг чинь “нэргүй” гэж бичсэн байлаа хэмээн улам лавшруулжээ.

…Шүлгийн бас нэгэн өвөрмөц онцлог бол цаг үеийн баатрууд түүний шүлгийн амь сүнс болоод орчихсон байдаг нь түүх, түүхэн хүнийг шүлгээр үлдээж болно гэдгийг харуулж байгаа хэрэг. “Хүнээ хайрла. Амьдралыг хайрла. Монголоо хайрла” гэдэг үзэл санаа Д.Цоодолын уран бүтээлд нэвт шингэсэн гол философи мөн. Тэр энэ шугамаасаа хэзээ ч хазайж байсангүй. Ямар ч үед энэхүү гүн ухаан шүлгийнх нь дундуур их гол мөрөн мэт тунаран урсаж байдаг. Үүнийг зөвхөн хүнийг хайрлах нүнжигтэй, тал шигээ уужуу жинхэнэ монгол шүлэгчийн л сэтгэлийн угаас хөвөрдөн гарч чадах онгод, зүрхний нь шаналал гэж болно. “Манай үеийн баатруудаар” дамжуулж юм хийж, бүтээж үлдээсэн, гавьяагаа дархалсан хүмүүсээ үл тоон бассан юм шиг байгаа мартагдсан боловч мартаж болохгүй хүмүүсийг суга татан гаргаж гомдлоо тайлсан шинжтэй нь үнэндээ бол хатган шүүмжлэх гэхээсээ сэнхрүүлэн гэгээрүүлэх, учирлан ойлгуулах, эргэцүүлэн бодуулах гэсэн явдлаас эхтэй. Гэхдээ тэр хичнээн гашуун үг хэлж байлаа ч өр нимгэн сэтгэлээр түншиж, догшин хурцаар биш хоржоонтой ухаалаг үгээр сэтгэлийг нь маажиж хэлсэн байдаг. Ер нь түүнийг ертөнцийн олон өнгийг зурахаар Монгол хэмээх их гэрийн дотор хурц тод өнгөтэй будаг бүхий бийр бариад зогсож байгаа “Яруу найраг хэмээх дуурийн театрын хөрөг зураач гэж болно. Гэхдээ хүний хөргийг дотор сэтгэлийг нь уудлан, бодол санаа, алдаа оноо, олон өнгийг гаргаж зурна гэдэг бол Монголын яруу найргийн нэгэн олз омог, зөвхөн энэ найрагчийнх гэмээр маш сонирхолтой хуудас болж байгаа юм. Эл найрагчийг “Яруу найргийн хөрөг урлаач, хөргийн мастер, яруу найргийн дуулийн гол төлөөлөгч” гэж болно. Яруу найрагч, шүлэгчид ихэнх зориулалт шүлгээ хайр дурлал, дурлалт бүсгүй хүндээ зориулсан нь түгээмэл байдаг бол утга уянга, иргэний шинжийг ямагт баримталдаг тэрбээр түүхэн хүмүүст шүлгээ илүүтэй зориулдаг байна. Тэр зориулалт хөрөг шүлгээ улсын гарамгай баатар Лодонгийн Дандар, агуу сэхээтэн Лодонгийн Түдэв, ардын яруу найрагч Пунцагийн Бадарч, Дамдинсүрэнгийн Урианхай гээд олон бие хүмүүст зориулсан юм. Бас бус хүмүүс бишгүй байдгийн дотор лав л Мөөеө аваргыг нэгийн даваанд унаж байгааг хараад бичсэн шүлэг гэхчлэн хүний сэтгэлд үлдсэн зураглал цөөнгүй ээ. Энэ цаг үөийн соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуайн тухайд

“Уйтан, харанхуй, намхан мартагдсан мэт ерөөнд

Ундуй сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна” гэж “Гуу нь багадсан бурхан шиг” гэдэг үгийг олоод хэлчихэж байгаа нь чөтгөрийн гэмээр авьяас буюу “үгийн нүдийг” олж хатгана гэдэг энэ гэхээс яахав.

“Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхагуудын санаанд бол “яасан их мэддэг Лүдэв” гэхчлэн цааш үргэлжлэх энэ шүлэг нь ганцаардсан мэт магад ганц ч байж мэдэх сэхээтнийг өмгөөлж, хамгаалж, хайрлаж өнөө цагийн цэвдэг сэтгэлтэнээс хамгаалж илд бамбайгаа хөндөлсгөж бичсэн шүлэг юм.

Д.Цоодол гуайг “Дуулийн урлаач”, “Дуулийн эцэг”, “Дуулийн мастер” гэж болно. “Дууль” хэмээх төрлийг өөрийн арал болгон эзэмшээд, усалж тордоод, байшин барилга босгоод, хамгаалж цэцэглүүлээд, төлөөлел болгон авч яваа нь мань эр. Тэгээд ч ийм олон дуулийг хүмүүст удаа дараа лавшруулан хүргэж бичсэн өөр яруу найрагч хараахан зэрэгцэж ирэхгүй байгаа учраас дээрх цол чимгийг бид оноож хэлээд байгаа юм.

Дууль гэдэг бол амьдралыг жаргал ханасан өөхөн нүдээр бус, ялгуулсан бадрангуй мэдрэмжээр энэрэнгүй сэтгэлээ дэвссэн билгийн нүдээр харснаараа хамаагүй чансаалаг, гүнзгий ухаалаг, цартай агуулга, үр нөлөө хүртээмжлэг байдгаараа өвөрмөц төрөл юм. Түүнд гашуудал бий ч үнэн ялдаг. Д.Цоодолын дуулиуд бол баатарлаг эмгэнэл бөгөөд сэтгэлгээний том орон зайг хадгалж чадсан сэтгэц оюун дүгнэлтийн дотоод эерэгцүүлэх чанарыг өөртөө шингээн хадгалдаг. Түүний дуулийн сэдэв тэр болгон сэтгээд олохын аргагүй өөрийнхөөреө таньж мэдсэн, шүүн тунгаасан ертөнцөөс олж нээсэн, борог амьдралын дундаас ажиглаж харсан олон этгээд араншинт, зөрчилт баатруудад тулгуурладаг. “Тэнэг”, “Харамчийнхны дууль”, “Элчин Самбуу”, “Хуучин дэр модны дууль”, “Тэмээ Самдан, “Буруу Довдон”, “Ороо Эрэнцэн”, “Тайж”, “Хэнмэдэхэв” гээд эрдмийн ажлаар сэдэвчилэн судалмаар бүтээл юм билээ. Тэр бүхнийг дурдаж ярина гэдэг төвөгтэй. Амьдрал өөрөө агуу сэдэв. Хэн авах нь вэ гэх шиг зүгээр л хэвтэж байдаг. Заримд нь харагдаад, хөндөлсөөд байдаг атлаа юм хийе гэхээр эрээд олддоггүй, төөрүүлээд хаячихдаг нь хөөрхийлөлтэй.

“Харамчийнхны дууль”-д

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй

Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно

Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй

Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

Ийм л харамчийнхан байгаа төрх зураг нүдэнд дүрслэгдэж, сэтгэлд харагдана. Гэтэл Халхын голын дайн эхлэхэд тэд хаачив гэдэг асуултыг уншигчийн өмнө оруулж ирж байна.

Суналзсан уургаа барьсаар мань харамчийнхан

Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ

Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаа

Бузар дайсныг намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө гэж сэтгэхүй, оюун бодомжийн сөрөг гаргалгаа хийж “магадлалын онол”-ыг мад тавин нугалсан байх юм. Харин харамчийнхан шилмэл адуугаа байтугай хоёр хүүгээ ч харамлалгүй дайны фронт руу үджээ. Хеөрхий тэр муу хоёрыг, “Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо гэж Суман, салааныхан нь дооглож үлдсэн юм” гэж хошигнох өнгө аяс цухайлгажээ. Дуулийн тайлал бүр сонин.

Бүрээн дуунаар нөхдөө давших цагт

Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм

Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа

Харамчийнхан амиа бас харамласангүй ээ гэсэн байна. Даажин ч юм шиг, тохуурхал ч юм шиг… Үгүй ээ, энэ бол дахин олдохгүй ховор гайхалтай шийдэл. Дууль бол ерийн шүлгээс нулимстай харуусал, хайр эмгэнэл, драмлаг зөрчлөөрөө, юм бодогдуулах гүн ухаанаараа товойн ялгардаг, Ёстой нулимстай монгол дууль гэдэг энэ байх. Монгол найрагч л ингэж хэлж чадна бус уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хадгаламжийн ашиг

Сүүлийн үед банкууд иргэдийг мөнгөө банкинд хадгалуулахыг уриалж байна. Манай ажил дээр нэг охин ирж хадгаламжийн тухай ухуулга хийснээр 20 шахам сэтгүүлч сар бүр 50-100 мянган төгрөг хадгалуулах болов. Хадгаламж нээлгэсэн сэтгүүлчид сард 50-100 мянган төгрөгөө юунд үрдэг яриаг сонсоход сонин тоо гарна. Хэн нэг нь зөвхөн тамхиндаа 100 мянган төгрөг өлхөн зардаг. Мөн нэг нь 200 шахам мянгыг хоолондоо зарчихаад турах гэж 300 гаргасан тухайгаа ярьж байх юм. Тэгвэл хадгаламжийн ашгийг Хятадын нэгэн тосгоныхон амжилттай хэрэгжүүлж чаджээ. Тус тосгон хоёр том худагтай боловч ногооны талбай руугаа суваг татаж чадахгүй олон жил болсон гэнэ. Хураах ургац нь буурч тосгоны зөвлөл багагүй асуудалтай тулгарав. Гэтэл нэгэн эр өрх бүрээс мөнгө татаж суваг татах санаачилга гаргажээ. Өрхүүд ч мөнгө гаргаснаар тариачид сувагтай болж орлого нэмэгджээ. Зохион байгуулагч өрхүүдийн анхны өгсөн мөнгийг буцааж өгөх гэтэл өрхүүд эсэргүүцэж байнга жаахан мөнгө нэмэх маягаар хуримтлал үүсгэх санал гаргав. Ингэснээр гудамж талбайн гэрэлтүүлгээс авахуулаад зарим айлын дулааны асуудлыг ч шийдэж чаддаг болсон гэнэ.

Х.БАТТӨГС

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Харийнхны бүтээсэн байгууламж илэрчээ

Харь гаригийн хачин сонин амьтан, нисдэг таваг илрүүлсэн тухай домог мэт яриа эрт үеэс гарсаар ирсэн. Энэ дагуу олон ч зөгнөл, зохиол бичигдсэн. Гэвч харь гаригийн соёл иргэншил байна гэсэн баттай баримт нотолгоог одоо хүртэл гаргаж ирээгүй. Тэгвэл олон улсын сансар судлалын НАСА агентлагийн “Кеплер” нэрт дуран сансар судлал, шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн ололт хийснийг агентлагийнхан олон нийтэд дэлгэлээ. Урт удаан судалгааныхаа явцад тус төхөөрөмж сүүн замаас асар хол зайд соёл иргэншилтэй байж болохуйц нэгэн аварга том биетийг илрүүлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард НАСА тэргүүтэй сансар судлалын станцуудын эрдэмтэд “кеплер” дурангаар авсан мэдээлэл, зургуудад дүн шинжилгээ хийж нэгтгэсний үндсэн дээр үр дүнг тоймлон бичжээ.

“Кеплер” дурангийн илрүүлсэн асар том байгууламж нь ямар нэгэн гариг биш бөгөөд хүн төрөлхтнөөс ангид, аль нэг харь гаригийнхны бүтээсэн бодитой зүйл юм. Сансар судлаачид энэхүү байгууламжийг юу болохыг үргэлжлүүлэн судалж байгаа аж. Хэмжээний хувьд бүхэл бүтэн нэг одны аймгийг хүрээлжээ. Тодруулбал, манай нарны аймагтай ойролцоо хэмжээтэй “КIC 8462852” гэдэг оддын аймгийг тойрсон бүхэл бүтэн сансрын хэмжээний бүтээн байгуулалт юм.

Энэхүү зүйл нь дэлхийгээс 1500 гэрлийн жилийн зайд, хунгийн ордны зүгт байрладаг байна. Сансрын дурангаар авсан хэмжилтүүд дээр үндэслээд тус байгууламжийн ерөнхий зургийг нь гаргажээ. Ингэхдээ тус байгууламжийг “КIC 8462852” оддын аймгийг бүхэлд нь цагариглан тойрсон хагас зууван маягаар дүрсэлсэн байна.

Йелийн их сургуулийн доктор, судлаач Табета Бояжиан “Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид энэхүү одны аймаг шиг зүйлийг өмнө нь хэзээ ч харж байсангүй. Энэ бол үнэхээр ер бусын тохиолдол” хэмээн ярьсан юм.

Хэдэн арван гариг ертөнц, хиймэл дагуулыг агуулсан энэ том байгууламжийг мах цуснаас бүрдсэн амьд амьтан бүтээсэн гэхэд итгэмгүй. Ийм хэмжээний зүйлийг босгосон бүтээгчид нь чухам ямар амьтан, хүн, магадгүй шидтэн байгаа бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Хэрвээ үнэхээр үүнийг бүтээсэн бүтээгчид байгаа бол лавтай дэлхийн хүн төрөлхтнөөс хэдэн мянга дахин жилээр илүү хөгжилтэй, соёлтой гэдэг нь тодорхой. Үүнийг эл байгууламжийн нас хэлж байна. Сансар судлалын эрдэмтэд эл биет нь 5000 гаруй жилийн соёл иргэншилтэй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа аж. Тэд “Кеплер” дурангийн авсан зураг, мэдээллүүд дээр үндэслэн энэхүү байгууламжийг нарийвчлан судалж байна.

Дашрамд дурдахад, НАСА агентлагийн “Кеплер” дуран нь дэлхийтэй төстэй, амьдрал байж болохуйц гаригийг илрүүлэх зорилгоор 2009 оноос хойш судалгаа хийж байгаа юм. Тус төхөөрөмж өнгөрсөн долдугаар сард гэхэд дэлхийн ихэр гэж хэлж болохуйц “Кеплер 452b” гэх гаригийг илрүүлж байсан.

Шинжлэх ухаан, сансар судлал хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн бид сансрын уудмын нууцад бага багаар нэвтэрсээр байна. Энэхүү нээлт нь дэлхий сансар огторгуйд байгаа ганц амьдралтай гариг биш юм гэдгийг баталж өглөө. Эрдэмтэд магадгүй 2030 он гэхэд хүн төрөлхтөн харийн соёл иргэншилтэй уулзаж, тэдэнтэй гар барина хэмээн үзэж буй.

Categories
булангууд мэдээ эх-орон-сумаас-эхэлнэ

Уулсын өндөр хайрхнуудтай Унаган нутаг Буянт мину

Манай нутгийнхан Буянт уулаараа овоглоод Мөнх цаст хайрхан уулынхаа хормойд, сүрлэг өндөр сарьдаг хавцлууд, ширүүн урсгалтай Сагсай, өмнө хойт Хөлцөөт, Буянт, Өмнө голууд, нөмөр ихтэй уул хангайгаа өгсөн уруудаж өвөл зунтай золгосоор цаг цагийнхаа ажлыг амжуулж, цаглашгүй ихийг бүтээсээр лав л 70 гаруй жилийг өнгөрөөжээ.

Буянт сум нь Ардын хувьсгалаас өмнө Алтайн Урианхайн долоон хошууны нэг Сагсайн хүрээ хийдтэй төвлөн Ах сум, Түмт, Сангийн, Оорцог, Урианхай, Гонзгой зэрэг зургаан суманд харьяалагдаж байжээ.

1925 оноос Алтайн Урианхай аймгийн итгэмжит гүний Жаргалант Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны “Нармандах” сум байгаад 1931 оноос Ховд аймагт харьяалагдаж 1934 онд татан буугдаж Жаргалант Сагсай сумтай нэгтгэжээ.

1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараа 1942 оны гуравдугаар сарын 10-нд сум багуудаас сонгогдсон 21 төлөөлөгчийн хурлаас “Буянт” нэртэй сумыг байгуулж, төвийг нь Өмнө хөлцөөтийн голын Монтрог Хөх толгойн хажууд суурьшуулж, сумын захиргааны тэргүүлэгчдэд есөн хүнийг баталж, сумын даргад Н.Мөнх, нарийн бичгийн даргад Н.Жимбээ нарыг сонгожээ.

Сумын хөгжлийн ирээдүйг харгалзан үзэж 1947 онд Сагсайн голын Хойд хөвөөнд Хөндий сайгийн аманд иргэд хөдөлмөрчдийн тусламжаар барьсан арван тасалгаатай бага сургуулийн хичээлийн байрыг ашиглалтад оруулснаар сумын төв одоогийн байрлалдаа шилжин төвлөрч эхэлсэн.

Буянт сумын 184567 мянган га нутаг дэвсгэрт 660 өрхийн 2488 хүн амьдарч мах, сүү, ааруул, тос, ноос ноолуурын гол үйлдвэрлэл хийгээд ачаа уналгын өдөр тутмын хэрэгсэл болсон 110 гаруй мянга орчим толгой мал сүрэгтэй. Буянтын хүн амын дийлэнх нь урианхайчууд. Монголчуудын эрт эдүгээгийн угсаа түүхийн явцад идэвхтэй оролцож олон зууны туршид алдар нэрээ дуурсгасаар ирсэн эртний хүчирхэг овог аймгийн нэг бол урианхайчууд юм.

Манай сумынхан хэзээний ажилсаг, хөдөлмөрч, шударга, шулуун зантай хүмүүс. Тус сумаас олон арван алдар цуутнууд төрж гарсан нь үүнийг гэрчилнэ. Улсынхаа дархан хил хязгаарыг хамгаалахад биеэр оролцсон олон ахмад дайчдын нэрсийн жагсаалтад 1912 онд Ховдыг Манжаас чөлөөлөх дайнд Урианхай хошуудаас Лувсангаар удирдуулсан анхны 300 цэргийн бүрэлдэхүүнд тус сумын ардуудаас Д.Ажрах, Г.Царцаа, Д.Мятаг, Х.Хорхой, Ж.Цэдэв, Д.Даш нар багтжээ. Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх тулалдаанд Ш.Тэвэгт, Ж.Бөөдөө, Д.Баярмагнай, Ш.Лувсан, Хүдэрчулуун нарын хүмүүс оролцож явсан. 1939 онд Буянт сумаас анх цэрэгт татагдсан эрчүүдээс Халхын голын байлдаанд Д.Гармаа, Б.Тарав, Н.Санжмятав, З.Мами нар оролцож Д.Гармаа гавьяа байгуулж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

1945 оны чөлөөлөх дайнд Г.Гоёохүү, Х.Лоодон, Н.Буянжиг, Б.Цэдэн, Ц.Батаа, Б.Тогмид, Б.Шалмаа, Б.Орсоо нар оролцож Г.Гоёохүү Алтан гадас одонгоор, Х.Лоодон Байлдааны хүндэт медалиар тус тус шагнагдсан.

1940-1948 онд Байтаг богд, Баруун хилийн тулгаралтад Б.Пунцаг, Б.Төмөр, Х.Төлетай, Д.Шадрав, О.Кап, Б.Лүндэг, Д.Сүх, Ц.Мөнхжаргал, Н.Мэндээ, Э.Цээрэн, Ө.Дүгэр, П.Гулжаан, Ө.Түнжин, Ж.Цэрэв нар оролцож гавьяа байгуулсан байна.

Улсын анхдугаар хурлаас эхлэн II, III их хурлуудад төлөөлөгчөөр оролцож улсын бага хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан Ш.Тэвэгт, 1940 онд Улсын VIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон анхны эмэгтэй Б.Энгээ, 1949 онд Улсын их хуралд Т.Өтнөө, Б.Дорж нар төлөөлөгчөөр оролцсон.

1996-1998 онуудад Монгол Улсын Хууль зүйн Яамны сайд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан С.Батчулуун энэ нутгийн уугуул.

АИХ-ын депутатаар малчин П.Хөх, М.Батшүлэг, Г.Борхүү, сум нэгдлийн дарга Б.Лишээ нар сонгогдож 1990 оны анхны чөлөөт сонгуулиар тус сумын харъяат Я.Хүрлээ Их хурлын депутатаар сонгогдож “Шинэ Үндсэн хууль”-ийг батлалцсан болно.

Төрөлх сумандаа төр, засгийн байгууллагыг олон жил удирдаж, идэвх зүтгэл, санаачилга гарган хөдөлмөрлөж байсан Т.Өтнөө дарга зохион байгуулах, хүнтэй ажиллах талаараа үнэнхүү гайхамшигтай нэгэн байлаа.

Буянт сум нь хойд талаараа мөнх цаст хайрхан уулын нуруугаар Цэнгэл, Сагсай сумтай, зүүн талаараа Зөөлөн Хужирт, Нарийны нуруугаар Бугат сумтай, урд талаараа Цагаан салаа багийн нутгаар Толбо сумтай, баруун талаараа Хөх Сэрхийн нуруу нарийн Чихэртэйн голоор Алтай сумтай тус тус хил залгана.

Халбан Бөөрөгт, нарийн Хужирт, Бургастай зэрэг сүрлэг уулс олон бий. Сумын төвийн баруун урдуур урсан өнгөрдөг Монгол Алтайн арван гурван давааны нэг болох Хайртын даваанаас эх авсан Сагсай гол 100 гаруй км урсан Ховд голд цутгадаг. Мөнх цаст уулуудаас эх авсан Буянт, өмнө, хойд Хөлцөөт Бөөрөгт, Өмнөгол зэрэг ширүүн урсгалтай голууд байдаг.

Сумын нутаг ашигт малтмалаар элбэг баян, хүдэр болон шохойн чулуу, нүүрсний занар, улаан зос, хар, цагаан шавар элбэг тохиолддогоос гадна олон өнгийн шороон будаг байдаг нь тогтоогдсон.

1980-аад оноос “Нармандах” нэгдлийн орлогч даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан, ахмад ажилтан Муратханы Тогторхан гуай санаачлан өмнө Хөлцөөтийн улаан үзүүр Халзангийн давааны аманд байдаг өнгөт шороог элдэв тосонд хийж туршилт хийсний дараа олифтой найруулж тосон будаг гарган авч тухайн үед ЗХУ-ын Барнаул хотын химийн лабораториор чанарын тодорхойлолт гаргуулан тосон ба шороон будгийн иж бүрэн үйлдвэр байгуулснаар ШБОС-ын гэрчилгээ авч, ШУТУлсын хорооны шагнал хүртэж байсан түүхтэй. Уг үйлдвэр нь тухайн үедээ жил бүр нэг сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар, Баянхонгор, Увс, Ховд, Завхан зэрэг 16 аймаг хотын барилгын байгууллагад тосон ба шороон будаг нийлүүлж байв.

1997 оноос будгийн үйлдвэрийг төр захиргааны ахмад ажилтан, С.Тэнээгийн санаачилга идэвх оролцоотойгоор Монгол, Орос, Хятад улсын тусламжтай хайгуулын ажил хийлгэн 100 гаруй жилийн нөөцтэй 14 өнгийн шороон будгийн орд газар гэдэг нь тогтоогдсон. Энэ нь тус сумын нутагт төдийгүй Монголдоо ховорхон орох арвин их баялагтай барилгын материалын үйлдвэр болох бүрэн боломжтой юм.

Манай сумын хувьд хувьсгалын жилүүдээс өнөөдрийг хүртэл 20 гаруй малчин улсын аварга, сайн малчин, залуу аварга малчин, энх сүрэгтнээр тодрон гарч төр засгийн шагналуудыг хүртэж байсан болно.

Манай сумаас нэр алдар нь улс даяар түгсэн олон арван хөдөлмөрийн баатар гавьяатнууд эрдэмтэн мэргэд ч бас цөөнгүй төрөн гарсан билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батаа, Ж.Дампил,Б.Цээхээ, Г.Борхүү, гавьяат тээвэрчин М.Дондог , гавьяат уурхайчин Ж.Хинаят, гавьяат багш Б.Баяжих, ХАА-н гавьяат Б.Лишээ, ХАА-н Шинжлэх ухааны доктор А.Хөхөө, А.Магаш,Техникийн шинжлэх ухааны доктор Ц.Сосорбарам, Биологийн ухааны доктор, Б.Оюунсанаа нарыг дурдахгүй өнгөрөх аргагүй юм.

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, эсрэг талын дүрээрээ гайхагдсан Б.Дамчаа, Ардын жүжигчин, нэрт бүжиг дэглээч, их бийч Р.Самжид, телевизийн авьяаслаг хөтлөгч, сэтгүүлч, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк, ардын язгуур урлагийн наадмын удаа дараагийн шагналт, тэргүүний уран сайханч П.Наранцогт /Чохоон/, уртын дууч Ц.Шээрэв, дуурийн дуучин С.Төмөр, С.Батчимэг соёлын тэргүүний ажилтан, Хан Хэнтий чуулгын дуучин Б.Даваажав, бүжигчин Р.Чилгэр, дуучин СТА С.Энхтайван, дуучин, хөтлөгч О.Ичинноров, Монгол Улсын мэргэн харваач, урианхай, буриад сурын улсын мэргэн, спортын мастер М.Батгэрэл, Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Баярсайхан, Урианхай сурын эрхий мэргэн, спортын мастер Ч.Жамбал, Урианхай сурын улсын мэргэн, спортын мастер Б.Насанбат, О.Эрдэнэбилэг, Ж.Мягмар, Б.Мөнхтөр, Х.Бямбажав нар төрж өссөн Буянтаараа овоглон дуудуулж төрийн наадмын ногоон дэвжээ, театр урлагийн алтан тайзнаа, телевизийн цэнхэр дэлгэцнээ сум орныхоо нэрийг дээдлэн мандуулж ирснийг яахан мартахав.

Ахмад харваач Д.Авирмэд, О.Шаймаа, П.Гүнчин, З.Баньд, П.Ишээхүү Б.Мичир, Ц.Тавьхиа, П.Жарантай, Р.Мөнх, П.Дүгэр, Я.Хүрлээ, Ө.Бааст, Р.Самдан, Б.Цэрэндорж нарын харваачид сурын спортыг баг, сумандаа хөгжүүлэх талаар байнгын идэвх зүтгэл санаачилга гарган ажиллаж ирсэн билээ.

Одоо Буянт сумаас сурын спортоор Улсын мэргэн, спортын мастер 10 гаруй, аймгийн мэргэн арваад, спортын дэд мастер арваад, сумын мэргэн 20 гаруй төрөн гарсан байна.

Сүүлийн жилүүдэд тус сумын уугуул иргэдээс төв ба орон нутгийн төрийн захиргаа, цэрэг армийн салбаруудад идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж яваа шилдэг хүмүүсийн тоонд Зэвсэгт хүчний 016, 256 дугаар нэгтгэлийн захирагчийн техникийн орлогч, 204 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа агсан Т.Тогтох, Зэвсэгт хүчний Алдар нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж байсан, Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, бэлтгэл дэд хурандаа, агсан Р.Дэлэг, Армийн улс төрийн газар, тусгай ангийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан бэлтгэл хошууч Д.Намхай агсан нар болон Иргэний нисэхийн онгоцны техникчээс хуягт танкийн командын мэргэжлээр ЗХУ-ын Малиновскийн нэрэмжит Хуягт танкийн академи төгссөн ахмад багш, эдүгээ 83 настай бэлтгэл дэд хурандаа Ц.Гончиг /одоо ч энх тунх нийслэл хотод амьдарч байна/, аймгийн НАХХ-ийн дарга, асан хурандаа Ц.Авирмэд, аймгийн цэргийн штабын даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Б.Жуваа, Ховд, Дорноговь аймгийн АДХГЗ-ны хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн захиргаа хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Р.Буяндэлгэр, аймгийн ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, аймгийн ХҮХ-ийн дарга Б.Цэрэндорж, уул уурхайн инженер З.Хэнзээ, Хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан А.Эрдэнэцэцэг, ахмад багш АБТА Ж.Сосор нар тус сумаас төрөн гарсан билээ.

Сүүлийн үед манай сумаас ажил хэрэгч, бизнесменүүд олноор гарч ирж байна. Тэдний дотроос аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, С.Алтанцоож, мөн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Очир, “Цамбагарав ХХК”-ийн ерөнхий захирал Б.Энхболд, гэргий Т.Наранцэцэг, аймаг болон Буянт сумын төвд Ө.Минжин, Ө.Хуатхан, Д.Хурмет, Х.Манарбек, Б.Хорлоо, Хэнтий аймагт Ж.Баянцагаан, Ц.Цэнгэлсайхан, Улаанбаатар хотод Ч.Оюунхүү, Ц.Намжаа, Ц.Саруулхүү, Б.Баттулга нарыг онцлон нэрлэмээр байна.

Хайрхан сүрлэг уулс хадган цэнхэр голуудтай манай Буянтынхан урианхай, казахаараа хүүрнэж, өтгөн шаргал цайгаа ууж, хүүхэд багачуудаа өсгөн хүмүүжүүлж төрж өссөн газар шороо, нутаг усандаа эзэн болж байгалийн хэцүүг хүч чадлаараа даван хөдөлмөрлөж төр засгийнхаа өгөөмөр түшигт түвшин амьдарч байна.

Хурандаа

Б.Жуваа

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хөрсгүй орчинд ногоо тарьжээ

Цаг агаарын таагүй нөхцөл, байгалийн гамшиг зэрэг олон саад бэрхшээлээс ангид аргаар газар тариалан эрхлэх боломж нээгджээ. Сүүлийн үед компаниуд өндөр технологи ашиглан барилга дотор, нарны гэрэл, хөрсгүй орчинд ногоо тарих болсон байна. Тэдний нэг нь АНУ-ын АероФармс компани юм. Тус компани 20 төрлийн хүнсний ногоог барилга доторх фермд ургуулан худалдаалж байна.

Эдгээр фермд бордоог ургамлын үндсэнд шууд хүргэх тусгай тоног төхөөрөмж суурилуулснаас гадна, програм хангамжаар удирдуулсан “Led” гэрлийг нарны гэрлийн оронд ашигладаг байна. Энэ аргын үр дүнд уламжлалт аргаар тариалан эрхэлсэнтэй харьцуулахад усны хэрэглээг 95 хувиар хэмнэж байгаа юм. Мөн барилга доторх эдгээр фермд хортон шавж, мөөгөнцөр, зэрлэг ургамалтай тэмцэхийн тулд хор цацах шаардлагагүй гэнэ.

Тус компанийн эрдэмтэд удаан хугацааны ажиглалт, судалгааны дүнд ногооны амт, өнгийг сайжруулах аргууд боловсруулж байна. Ингэснээр нэг хүнсний ногооны хэд хэдэн төрлөөс хэрэглэгч хүссэнээрээ сонголт хийх боломж бүрдэж байгаа юм. Мөн барилга доторх фермд ургасан эдгээр ногоог угаалгүй хүнсэнд шууд хэрэглэх боломжтой юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Далайн хаягдлаар гутал үйлдвэрлэжээ

Спортын хувцасны герман үйлдвэрлэгч Adidas компани Parley for the Oceans байгууллагатай хамтран далайн хог хаягдлаар хийсэн гүйлтийн гутлынхаа анхдагч загварыг харуулав. Түүнийг бүтээхэд 3D-хэвлэлийн технологийг ашигласан байна.

Цаг уурын өөрчлөлтийн асуудалд зориулагдсан гутлыг COP21 бага хурал дээр үзүүлсэн юм. Дахин боловсруулагдсан пластикийг шаахайн ул болон дээд хэсэгт нь ашигласан байна. “Бид Parley for the Oceans байгууллагын хамт экологийн цэвэр материал бүтээх, шинэ технологийг нэвтрүүлэх арга хэмжээнд орж байна” хэмээн Adidas Group-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Эрик Лидтке (Eric Liedtke) мэдэгдлээ.

Гутлын загварыг хувийн захиалгаар бие хүний хэмжээнд тааруулан бэлтгэхээр шийдэх гэнэ. Үйлчлүүлэгч хүн дэлгүүрийн гүйлтийн зам дэр хэдэн минут гүйсний дараа улны хэмжээний хэв хийгдэн дараа нь 3D-принтер дээр гутлын улыг бүтээх аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хэвлий дэх ураг доошилсон тохиолдолд яах ёстой вэ?

Давхар биетэй эхчүүдэд учирдаг нэг зовиур бол ураг доошлох байдаг. Энэ нь эх хэт ачаалалтай байснаас эсвэл хэвлий дэх хүүхэд томорсноос үүсдэг жирэмсний үеийн хүндрэлүүдийн нэг аж. Ийм үед алхаж, гишгэх байтугай хэвтэж байхад хүртэл чөлөөтэй эргэж болохгүй, нуруу, аарцагны ясаар хатгуулж, хүндүүрлэдэг байна.

Сүүлийн үед жирэмсэн эхчүүд болгонд бараг ийм зовиур ажиглагдах болсныг эмэгтэйчүүдийн эмч нар онцолж байсан. Хөл хүнд эхчүүд хэвлий дэх хүүхдээ доошилсныг мэдэхгүй юм уу, тоохгүй яваад байвал олон эрсдэлд орох аюултай гэнэ. Хугацаанаасаа өмнө төрөх, ураг зулбах, эхийн гуя, хөлний судаснууд бүдүүрэх зэрэг сөрөг үр дагавар учирч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав.

Ураг доошилсон тохиолдолд манайхан бариачид хандаж, гэдсэн доогуураа живхийтэл нь баадагнадаг. Гэхдээ шинжлэх ухаан үүнийг сайшаахгүй байгаа юм. Учир нь хэт чанга барьснаас эхэс ховхрох талтай гэнэ.

Хэрэв хүүхдийн хүй нь хүзүүгээр нь ороосон байвал бариачид хандаад бүр ч дэмий юм байна. Үүний оронд зориулалтын сойлт хэрэглэх, дасгал хийхийг зөвлөж байсан. Дараахь дасгалыг өдөрт таван минут орчим хоёроос доошгүй удаа хийвэл үр дүнтэй гэнэ. Өвдгөө нугалан дөрвөн хөллөж байгаад өгзгөө өцийлгөн хэвтэнэ.

Түрүүлгээ харан ингэж хэвтэхэд хоёр тохой өвдөгтэй адил газарт хүрсэн байх ёстой. Харин толгойгоо зөөлөн дэрэн дээр тавиарай. Энэ дасгалыг хийхэд эхэд тун аятайхан, тухтай мэдрэмж төрдөг байна. Уг дасгалыг хийснээр ураг дээшилж, хэвийн байрлалд ороход ямар ч хэвтрийн дэглэм, эм тан, барианаас илүү тустай ажээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Далайн морь хамгийн сайн эцэг

Ихэнх далайн морь халуун орны далай тэнгисийн зөөлөн урсгалтай усанд амьдрах хэдий ч зөвхөн энэ зүйлийн далайн морь хүйтэн усанд амьдардаг байна. Энэ зүйлийг эрдэмтэд Аргентин, Шинэ Зеланд, Канад зэрэг орны нуур, мөрнөөс илрүүлжээ.

Эрин галавын үед энэ амьтан далайн сүрт луу байсан ч байж мэднэ. Өдгөө харин усны хамгийн өчүүхэн жижиг амьтдын нэг. Эртний грек хэлний үгийн санд далайн морийг “Hippocampus” хэмээн тэмдэглэн үлдээжээ. “Hippos” нь морь, “kampos” нь “далайн мангас” гэсэн утгыг илтгэдэг аж.

Үлгэрийн амьтныг санагдуулам хачин хэлбэр дүрстэй, өөдөсхөн биетэй энэхүү амьтны амьдрал тун өвөрмөц. Энэ бяцхан морь халуун орны далайн зөөлөн урсгалтай гүехэн усанд ургамал, замаг, хясаа, шүрэн чулуу зэрэг газар бусад амьтдаас биеэ халхлан амьдардаг. Өдгөө дэлхий дээр 40-50 зүйл далайн морь бүртгэгдсэн байна. Мөн хойд Америк, өмнөд Америк, Энэтхэгийн далайгаас шинээр дөрвөн зүйл олджээ.

Далайн моринд араг яс байхгүй ч ясархаг мөгөөрсөн хуягтай. Хүзүү, толгой нь морийг эрхгүй санагдуулах тул далайн морь хэмээн нэрлэсэн биз ээ. Сүүл нь дотогшоогоо мушгиралдсан байх бөгөөд сармагчинтай адил сүүлээрээ өвс ургамал ороон авдаг. Урт нарийхан хошуугаараа тэд хадны ан цав, нүхний завсар байгаа хоол хүнсээ сорж, иддэг. Хошуу нь яг л тоос соруулагч адил ажилладаг ажээ. Энэхүү амьтанд шүд байхгүй учир хоолоо зажлахгүйгээр залгидаг аж. Далайн морины нүдний хараа өндөр хөгжсөн бөгөөд урд болон ард байгаа зүйлийг нэгэн зэрэг харах чадвартай. Өөрөөр хэлбэл түүний нүд хамелеоных шиг бүтэн эргэлддэг байна.

Далайн морины нэг төрөл болох далайн луу

АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Далайн морьд голдуу жижигхэн бичил шавьж, сам хорхой мэтээр хооллодог аж. Нас бие гүйцсэн далайн морь өдөрт дунджаар 30-50 удаа хооллодог. Гайхалтай нь зулзаган далайн моринууд ээж ааваасаа хэд дахин их иддэг аж. Тэд өсч торнихын тулд өдрийн турш дунджаар 3000 удаа бага багаар зооглодог гэнэ.

Загасны төрөлд багтах хэдий ч далайн морь тун муу сэлдэг. Тухайлбал, “zoster­ae” буюу “одой далайн морь гэх зүйл нь цагт дунджаар 1.5 метр хүртэлх замыг л туулдаг аж. Үүгээрээ тэрбээр дэлхий дээрх хамгийн удаан загас гэсэн цолыг хүртжээ. Сэлэхийнхээ оронд эдгээр амьтад голдуу амралтын байдалтай байхыг эрхэмлэдэг тайван амьтад аж. Тэдний хамгийн хийх дуртай ажил нь мушгиралдсан сүүлээрээ ойр орчны өвс ногоог ороож авах.

Далайн морь босоо, хэвтээ гэсэн хоёрхон чиглэлд л сэлдэг. Нурууны үе болон сүүлнийхээ тусламжтайгаар зүг чигээ тодорхойлох бөгөөд толгойны хоёр талд байх цээжний сэрвэнгээрээ залуурдана.

Лондоны амьтны хүрээлэнд байх далайн морины нэн ховор төрөл

Түүний биеийн хэмжээ нь төрөл зүйлээсээ хамаараад 1.5-35.5 см хэмжээтэй байдаг. Дэлхий дээрх хамгийн жижигхэн далайн морь ердөө 13 мм урттай байжээ. Энэ нь чигчий хурууны хумсны толион чинээ гэсэн үг.

Дэлхий дээр мэндэлсэн амьд бүхэн хосоо олж, удмаа үлдээх, тэднийгээ өсгөж үржүүлэх үүргийг гүйцэлдүүлж, хамтран аж төрдөг. Эр нь эмэгчиндээ найр тавин халамжлах, хайрлах нь ухаант хүн, адгуус амьтанд ялгалгүй заяажээ. Харин амьтан бүхний дотроос төөхөн биетэй энэхүү бяцхан амьтан хамгийн халамжит хань, ачлалт “эцэг” болдог аж.

Хээлтэй эмэгчин далайн морь 1500 орчим өндөг тээнэ. Өндөгнүүдээ эрийнхээ хэвлий орчимд байх уутанд төрүүлдэг. Эмэгчин нь түүнд өндгөө шахаж өгөх л үүрэгтэй. Үүнээс хойших бүх ачааг эцэг морь нуруундаа тээдэг. Эм нь өндөгнүүдээ хэвлий дэх уутанцарт нь шахсаны дараа эр далайн морь 9-45 хоногийн хугацаанд гэдсэндээ тээж явна. Томорсон зулзагануудаа эрэгчин уутнаасаа гаргахдаа хоёр, гуравхан цагаас бүтэн өдөр хүртэлх хугацааг зарцуулдаг. Ингэхдээ ойролцоогоор 1500 орчим зулзага төрүүлдэг байна. Мөн үрсээ уутнаас гаргасны дараа асрах, хооллох, өсгөж хүмүүжүүлэх ажлыг эрэгчин дангаараа гүйцэтгэнэ. Энэ нь “дэлхийн хамгийн шилдэг эцэг амьтан” гэх титмийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авчирчээ. Бас цор ганц төрдөг эрэгчин гэж хэлж болно.

Хос далайн морь дунджаар нэг метр ам дөрвөлжин хэмжээний зайг эзэмшин үр төлөө үлдээж амьдардаг. Тэд өглөө бүр бие биетэйгээ өвөрмөц бүжиг хийж мэндэлдэг байна. Далайн морьд зугаацаж цэнгэхэд тун дуртай амьтад ажээ. Хосдоо ойртох үед тэдний хэвлий хэсгийн өнгө өөрчлөгддөг байна. Энэ үед эр нь эмийгээ тойрч сүүлээрээ ороож байрлана. Мөн тэд бүх л амьдралынхаа турш сонгосон хостойгоо амьдардаг журамт амьтан юм.

Далайн морь хэдийгээр олноор өсч үрждэг хэдий ч түүнийг хатааж хууль бусаар зарах, эмийн жоронд ашиглах зэргээр ихээр сүйтгэдэг байна. Хятад л гэхэд дунджаар 150 сая орчим далайн морийг уламжлалт эмчилгээнд хэрэглэхийн тулд устгадаг аж.