Categories
мэдээ нийгэм

Бямба гариг автомашингүй өдөр

Дэлхий даяар жил бүрийн 09 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Харин манай улс зургадугаар сарын 7 буюу ирэх бямба гаригийг “Авто машингүй өдөр” болгожээ. Энэ жилийн автомашингүй өдрөөр хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн олон ажил хийхээ Эрүүл мэндийн яамныхан хэвлэлийн хурлын үеэр онцлов. 

Энэ өдөрт зориулан “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулж, “Our Street Our Choice” буюу “Бидний гудамж Бидний сонголт“ гэсэн уриатайгаар тэмдэглэх гэж байна. 

“Авто машингүй өдөр”-өөр марафон гүйлтээс гадна талбайн зургийн уралдаан, дугуйн парад, дугуй роликны уралдаан, экстрим үзүүлбэр, урлагийн арга хэмжээ, Zumba бүжиг, хийн дасгал болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт хийхээр төлөвлөжээ.Энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн замын цагдаагийн газар зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулах аж. 

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл ордог юм. 

Сүүлийн жилүүдэд авто машины тоо нэмэгдэж, зам тээврийн хөдөлгөөний ачаалал ихэсч байгаатай холбоотой, замын түгжрэл, агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2013 оны байдлаар нийт бүртгэгдсэн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 20.7 хувийг зам тээврийн осол эзэлж байна. Ялангуяа өсвөр үеийнхний нас баралтын дийлэнхи хувийг зам тээврийн ослын тохиолдол эзэлж байгаа юм.