Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ 16-ны өдөр буюу бямба гарагт зохион байгуулна.
Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах юм.
Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ.
Мөн энэ үеэр гэрэлтүүүлгийн шонд наасан зарлалыг арилгаж, чийгтэй болон хуурай цэвэрлэгээг хийнэ.