Categories
мэдээ нийгэм

Бямба гарагаас нийтийн тээврийн хэрэгслийг 10 хувиар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Тээврийн газраас 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ болон замын түгжрэлийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийв.

Иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг энэ сарын 25-наас 10 хувиар нэмэгдүүлэх аж. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн 88 чиглэлд 959 автобус, троллейбус нэмэгдэх юм. Мөн шөнийн тээвэр болон зуслангийн үйлчилгээний тус бүр гурван чиглэлд 5-10 нийтийн тээврийн хэрэгсэл нэмэхээр болжээ.

Үүнээс гадна Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэгт үйлчлэх 12 нийтийн тээврийн шугаманд цагийн хуваарийн өөрчлөлт оруулж, уртасгасан цагаар хуваарийн дагуу ажиллуулах юм.

Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Автобуснуудын тоог нэмэгдүүлж зохицуулалт хийснээр автобус хоорондын хугацаа богиносож, хот доторх автобусны хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-8 минут болно. Мөн тээврийн хэрэгслийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдал, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор ажиллаж байна. Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Нийслэлийн тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч нар хуваарийн дагуу ажиллаа” хэмээв.

Мөн ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн автобусанд хамтарсан шалгалт хийсэн байна. Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдах ёстой байжээ. Гэвч 36 сургуулийн 46 автобусанд үзлэг шалгалтын ажлыг хийсэн байна. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад
шалгалтад хамрагдсан хүүхдийн автобусны тоо 43.9 хувиар буурсан байгаа аж. Шалгалтанд хамрагдсан 46 автобус насжилтаар 100 хувь, 27 автобус шаардлагын дагуу шар өнгөтэй байсан. Харин ердөө 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангасан тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх “Хүүхдийн автобус”-ны зөвшөөрлөө авчээ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *