Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнуудыг иргэдэд олгох талаар санал боловсрууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан байна.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

Залуу гэр бүл,

Төрийн албан хаагч,

Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,

Өрх толгойлсон эцэг, эх,

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,

Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох гэнэ.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Зөвлөлийн гишүүдийн гаргасан журмын төслийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэмж тусгаад, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхээр тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *