Өнөөдөр шинээр томилогдож очоод ажлын гараагаа эхэлж буй сайд дарга нар эргэн тойрондоо байгаа төрийн албан хаагчдыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймүүлж, яг дэргэд нь шадарлах, торгон цэрэг нь байх төрийн албан хаагчдад дайсан мэт хандаж байна. Өнөө маргаашгүй улс орныг сүйрүүлж, ард түмнийг хорлох гэж байгаа бөөн дайсан дунд орсон ганц эерэг дүрийн баатар мэт аашлах боллоо. Энэ эх захгүй бужигнааныхаа гол дүрд өөрсдөө тоглох болсон нь хэрээс хэтэрч, цагаандаа гарсан хэрэг болов. Тэдгээр сайд дарга нарын жижигхээн зүйл дээр эр бяраан гайхуулж буйг нь хараад яая даа гэмээр харамсал төрж байна. Саяхан Зам тээврийн сайд болсон М.Зоригтын жишээн дээрээс харъя. Энэ хүн бол Их хурлын гишүүний ажилдаа цаг завынхаа цөөн хувийг зориулдаг, харин твиттер фэйсбүүкт ажлынхаа ихэнх хувийг зарцуулдаг гэж хүмүүс ярьж, бичдэг. Магадгүй цахим ертөнцөд жиргэж, гэрэл зургаа оруулахад дийлэнх цаг заваа зориулдаг болсноор зарим иргэд “Аанхаа, ийм нэг их хурлын гишүүн байдаг юм байна” гэж таних болсон байх. Гэтэл сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгч маань Зам тээврийн сайдын суудлыг авсныхаа маргааш нь шахуу яамныхаа сошиал медиа-г хаалаа. Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулав. Тогтворгүй үзэл баримтлалтай хүн улс төрд байдаг. Учир нь М.Зоригт гишүүн Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэдхэн сарын өмнө өргөн барьсан. Тэрбээр энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулахыг зорьсон хэмээн мэдээлж байсан юм даа.
Зам тээврийн яаман дээр ингэж сүрхий ажил хийж аваад зүүн аймгуудын зам руу жирийлгэсэн. Тэнд тавьж очоод авто замын компаниудын гэрээг цуцалж дахиад гэрээ хий гэв. Зам тээврийн яам өнгөрсөн зургадугаар сард компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч Хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулсан нь тэдэнд хугацаа алдах шалтгаан болжээ. Замынхан Хөгжлийн банк гэрээнд хойрго хандаж улсын ажил цалгардуулсан талаар Засгийн газарт танилцуулахыг М.Зоригт сайдад учирласан ч өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 15 хүртэлх ажлын цалгардлын хариуцлагыг компаниудтай тооцон ийнхүү гэрээг нь цуцлав. Эхний цас орж өвөл хаяанд ирлээ. Залгуулаад хавар болж сонгуульдана. Хэдүйдээ зам тавих болж байна. Улсаас авах мөнгө нь орж ирээгүйгээс хугацаа алдсан эдгээр компаниуд Монгол Улсад яаж дайсагнасан учраас нэгэнт эхэлсэн ажлыг нь замын дунд зогсоов. Хардаж харвал өөрийнх нь нөлөөний компаниуд л тэнд нь оролцъё гэсэн байж мэдэх юм даа. Ер нь бол зүүн чиглэлийн автозам ашиглалтад орох нь өнгөрөв бололтой. Тэнд “дайснууд” бий болсон учраас тэр шүү дээ.
Нөхөр тэндээсээ давхиж ирээд шуурхай хуралдаан хийж Зам тээврийн яамны бүх дарга нарын машиныг хөдөө орон нутагт замын ажил дээр ажиллаж буй залуучууд руу шилжүүлэх, улмаар хот дотор явж байгаа машинуудад GPS байрлуулж хаана явааг нь хянах шийдвэр бас гаргав. Энэ одоо сайдын хийх ажил мөн үү. Байгууллагынх нь дисспечер л хянана биз дээ. Төрийн дарга нарын машинаар оролдохоор дагуулж хийцлүүлдэг урьдын практикууд бий. Өмнө нь нэг сайд ийм юм ярьж бүх жилүүдийг хураасан чинь өнөө дарга нар нь уриалгахнаар хүлээж авангуутаа хуучирсан 470-уудаа бүгдийг нь актлаад зөрүүлээд бүгд шинэ 200-нууд аваад уначихсан юм. Төрийн албанд шийдвэр хэрэгждэг, харин үр дүн нь ингэж л эргэдэг. Энэ мэтийг нь мэдэх болсон ард түмэн одоо юу гэдэг гэхээр “Өө яахав, наанаа хэмнэлт гэсэн шударга дүртэй цаанаа өөрийн бизнесээ шахдаг томчуудын үйлдэл” гэж. М.Зоригт сайдын энэхүү жижиг шийдвэрүүдийг бөөсөнд хутга гэдэг нь биш гэж байгаа юм бол нөгөө хариулт нь дээрх ард түмний ярьж байгаа болно. Гадаадын хөгжсөн нийгэмд яамныхаа машинаар хүүхэн шуухан хүргэж үйлчиллээ хэмээн огцорсон шуугиан бий. Харин жижигхэн Монголд энэ нь огт өөр. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх машин, эхнэрийн машин, албаны машин… нэг өрхийн авто хэрэгслүүд хөдөлгөөнд олноор оролцож байгаагаас хотын энэ их түгжрэл, нерв бий болдог. Үүний оронд даргаа хүлээгээд зогсож буй албаны машинд бензинийг нь хийгээд авгайгаа, хүүхдээ авахуулчих нь зөв. Гурван машины оронд нэг нь л хөдөлгөөнд оролцож байгаа биз дээ. Амьдралтай бодлого боловсруулахыг өнөөдрийн сайд дарга нараас цаг үе шаардаад байна шүү дээ.
Зам тээврийн сайд М.Зоригтын бөөсөнд гаргаж буй хутга цаашаа ч үргэлжилж байна. Саяхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очиж гэнэтийн шалгалт хийв. Сайдын дагуулж очсон ганц хүн нь МАН-ын пиарыг сошиал ертөнцөд хийдэг Цогоо. Цогоо нь гонжоом зангиатай сайд нь ч юм шиг. Хажуу дахь М.Зоригт болохоор хүзүүндээ гэрэл зургийн аппараттай зурагчин нь ч юм шиг. Төрийн сайдын намба төрх бол иргэн хүнд итгэл үнэмшил төрүүлэх эхний алхам болдог. Ялангуяа 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монголын ард түмний хувьд энэ нь их чухал. Тэрнээс цагаачдын тив Америкт бол жинсэн цамцтай сенатор харайж явдаг л даа. Зам тээврийн яаманд хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч гэж байдаггүй юм уу. Байдгийг нь шинэ сайд нь мэддэггүй юм уу. Дагуулж яваа нөхөр нь бол эрх баригчдыг айхавтар шүүмжилж, элдвээр хэлдэг хүн. Тэгээд л гэнэтийн шалгалт гэж шинэ сайдыг хөөргөөд, нисэхийнхнийг ёстой нэг хяргалаа, бужигнууллаа гэж сошиал медиагаар жиргээд, түүнд нь сайд М.Зоригт баясаад байгаа юмуу даа. Ингээд нисэх буудал дээр шалгаж, сайжруулж, бужигнуулаад байгаа юм нь юу байна гэхээр нөгөө л бөөсөнд гаргасан сайдын хутга. Гадаадын иргэн Монгол Улсын дархан хилээр есхөн минутын дотор гүйгээд гарах ёстой гэнэ. Тийм чирэгдэлгүй үйлчилгээг үзүүл гэж сайд М.Зоригт үүрэг өгч, биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно гэжээ. Үүнийгээ хэрхэн бодитой ажил хэрэг болж байгааг шалгахаар Цогоог дагуулж очсон нь тэр байж. Нөхөр сайд зорчигчдын танхимд зургийн аппаратыг зэхэн, цагаа тоолон зогсов. “Эйр Чайна”-гийн нислэгээр ирсэн зорчигчдыг бууж ирэх үеэс, хүлээн авагчийн танхимд гарч иртэл нь цагаа харж, даалгавар биелсэн эсэхийг шалгатал зорчигчид 14 минутад багтан гарч ирж сайдын уурыг нь хүргэв. Угтаа есхөн минутад багтах ёстой. Мөн лут хяналт, шалгалт шүү. Тэгээд “Эйр Чайна”-гаар ирсэн нэг хужаа манай улс руу есхөн минутад амжиж орох нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ. Монгол гэдэг улс чинь хэн дуртай нь хэдхэн минутын дотор гүйгээд орчихдог онгорхой нүх юм уу. Монгол төрийн алтан босго шүү дээ. Тусгаар Монгол Улсын үүд хаалга ажиллаж байна. Үүрэг хүлээж, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид тэнд ажиллаж байна. Монгол төрийн хамгийн хүнд суртал харинчиг тэнд л байх ёстой. Бүгд өмнө нь бөхөлзөж, хүлээж, ширтэж зогсох ёстой. Дэлхийн ардчиллын өлгий АНУ хил гааль дээрээ хэдэн цагаар хүлээлгэдгийг та бид мэднэ. Гэтэл Монголын хилээр гадныхныг зүгээр л гүйлгээд гарга гэж байгаа төрийн сайдыг хараад үнэндээ гайхаш тасрахад хүрч байна. Сайдынхаа ийм жижиг сажиг ажлыг хараад салбарынхан нь, мэргэжлийн хүмүүс нь бүүр нэг гайхширчихсан зогсож байгаа юм.
Монголын төр ингэж л жижгэрч байна даа. Ерөнхий сайд нь хилийн бүсэд нэг сэтгүүл зарлаа гэж дарга нарыг нь халлаа. Нэгэн загвар зохион бүтээгч хүүхэн “Намайг татвараа төл гэж загналаа” хэмээн уйлан хайлан ховлоход нь татварын даргаа дуудаж загналаа. Юу болоод байгаа юм бэ. Энэ бүгд Монголын төр бөөсөнд хутга гаргаад байгааг, хэтэрхий жижигхэн юмаар хөөцөлдөөд байгааг, дээрээ жижгэрэхээр дороо бүр хуурсанд хутга шөвөг тулгадаг болсныг харуулж байна.
Үнэхээр Зам тээврийн сайд та ажил хийх гээд байж ядаад аргаа олохгүй байгаа юм бол 270 сая ам.доллараар төмөр зам барина гээд говьд аваачаад овоолчихсон шороон дээр арга хэмжээ ав. Наад есөн минутын дотор хужаа оруулахын чинь дэргэд жинхэнэ Зам тээврийн сайдын хийх ажил. Говийн шороо, бороо хоёрт 270 сая ам.доллар хийсээд, урсаад алга болж байна лээ. Яг энэ асуудалд наад твиттерчнээ ашиглаач. Энэхүү далангийн овоолго ч сайд хүнд жижигдэх ажил. Ядаж нарийн, өргөн царигийн бодлогыг өөр түвшинд аваачих, эдийн засгийн тооцоон дээр суумаар байна. Транзит тээвэрлэлт дээр хоёр хөрштэйөө эрх ашгаа хэрхэн нэгтгэх талаар тогтож бодмоор байна. Наад нэг гэрэл зураг дарахаа, жиргээ миргээгээ ирэх зургадугаар сар хүртэл больчихооч. Салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж хар, анализ хий, бодлого боловсруул. Битгий бөөсөнд хутга барьж гүйгээд бай.