“Нэг ангийнхан” буландаа Завхан аймгийн Улиастай хотын дөрөвдүгээр арван жилийн сургуулийг хоёр мянган онд төгссөн хамт олныг урьж ярилцлаа. Ирэх жил аравдугаар анги төгссөний 20 жилийн ойтойгоо золгох ангийнхны хамгийн гэгээн сайхан дурсамжийг хуваалцлаа. Хүн бүрийн сэтгэлд хүүхэд нас, тэр дундаа арван жилийн баяр баясгалант цаг мөч, анхны хайр дурлал гээд ариун гэгээн бүхэн нь мартагддаггүй. Ийм л инээд наргиантай, хөөр хөгжөөнтэй үеийг нь эргэн дурслаа. Тус ангийн төгсөгч Хашбатын Батсайхан ийнхүү гэгэн томоогүй насныхаа түүхийг хуваалцаж байна. “Манай ангийн Мөнхбаяр ангийнхаа Цэнд-Аюуш гэдэг охинд сэтгэлээ илчлэх гээд бэлэг өгөхөөр ширээн доор нь хийчихсэн. Томоогүй хүүхдүүд байсныг ч хэлэх үү өгсөн бэлгэн дотор юу байгааг үзэх гээд ихэд сонирхож задалж үзэхээр болов оо. Тэгээд ширээн доороос нь аваад л үзлээ. Доторхыг нь задлаад үзтэл шоколад, захиа хоёр байхаар нь захиаг нь унштал хайр дурлалаа илчилсэн хайрын захиа байна. Тэгээд л “за за” захиаг нь орхиод шоколадыг нь идчихье гээд бид гурав идчихэж билээ. Тэр хоёрын хайр дурлалыг ангиараа мэдээд бөөн юм болж билээ. Өөр бас олон хөгжилтэй дурсамжууд байгаа. Манай ангид Америкийн энх тайвны корпусын шугамаар англи хэлний багш Нэйтэнбурнер хоёр жилийн хугацаатай англи хэл заахаар боллоо. Хүүхдүүд хичээлдээ нээх суудаггүй ч байлаа. Англи хэлний багш хичээл заагаад л Кока кола (coca cola) гээд англиар унших байсныг бид шууд л Соласола гээд уншиж билээ. Бас болоогүй ээ супер (super) гэдгийг сапар гэж уншиж хөглөж байсан. Гадаад багштай болохоор ямар ч орчуулагчгүй ордог байсан учраас одоо тэр нь англи хэлийг сурах түлхэц болж өгсөн гэж боддог. Мөн Газарзүйн Ч.Янжинхүү багш манай ангийнханд улс орнуудын нэрийг тогтоолгохдоо хүүхдүүддээ ойлгоход, цээжлэхэд хялбар аргаар сонирхолтой хичээл ордог байсан. Ингэхдээ “Португаль” гээд улс байлаа гэхэд түүнийг “Бор тугал” гээд цээжилчих энэ чинь Португаль болоод явчихна” гэх мэтээр хөгжилтэй талаас нь юмыг цээжлүүлдэг байсан” хэмээн инээмсэглэлээ.
Тэрээр сургуулийнхаа үүх түүхийн талаар ийн өгүүлсэн юм. “Манай анги Завхан аймгийн Улиастай хотын дөрөвдүгээр арван жилийн сургууль төгссөн. Биднийг 1990 онд элсэж байхад Завхан аймгийн Улиастай хотын шинэ хорооны нэгдүгээр найман жилийн сургууль гэж байсан. 1987 онд бага сургууль нэртэй байгуулагдаж, 1998 онд арван жилийн сургууль болоод 2007 онд Бүрэн дунд сургууль болсон. Хоёр жилийн өмнө манай сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай анги хамт олон сургуулийнхаа ойгоор нэлээдгүй ажлуудыг хийсэн .Анх нэгдүгээр ангид ороход гурван бүлэгтэй, миний санаж байгаагаар 160 орчим хүүхэд байсан байх. Одоо фейсбүүк группт 90 гаруй хүүхэд идэвхтэй байдаг. Ихэнх нь Улаанбаатар хот болон бусад аймгуудад ажиллаж байгаа. Мөн Завхан аймагтаа ажиллаж, амьдарч байна. Бид 2000 онд арван жилээ төгссөн. Тэр үед ангийн шилжилт хөдөлгөөн хийгдээд хоорондоо танай манай гэж ялгарах зүйл байхгүй бүгд л нэг анги шиг байсан. Манай ангийнхан төгсөлтийнхөө арван дөрвөн жилийн ойгоор ангиараа уулзаад тэрнээс хойш одоог хүртэл холбоо, харилцаатай явж байна” гэв. Энэхэн ярианаас уг хамт олон ямар халуун сэтгэлтэй, нэгэндээ түшигтэй, нийтэч гэдэг нь мэдрэгднэм. Анхны “А” үсэг заасан багш нь Ж.Магсар, мөн Б.Наранцэцэг, Б.Отгоолой нар гэнэ. Одоо Завхан аймагтаа ажиллаж амьдардаг аж. Анги удирдсан багшаар дөрөвдүгээр ангиас ахлах анги буюу наймдугаар анги хүртэл Ө.Дайриймаа, Монгол улсын гавьяат багш С.Цэрэндулам, С.Цэрэнбүтэд, Ч.Энхбаяр зэрэг багш нар нь хариуцаж байлаа. Завхан аймгийн дөрөвдүгээр арван жилийн сургуулиас төрсөн анхны гавьяат багш С.Цэрэндулам тэдэнд хичээл зааж байсан гэдэг. Одоогоор тус ангийн хоёр сурагч болох Б.Наранзуяа, Батмөнх нар төгссөн сургуульдаа нэр төртэй багшилж байна. Ангийнхаа шинэ жилийг Улаанбаатар хот, Улиастай хотод жил бүр зохион байгуулдаг. Ингэхдээ жил болгон сугалаа сугалуулдаг. Амьдралд нь юу хэрэгтэй байна тэр болгоноор тусалж дэмжихийг зорьдог гэсэн нь бас сайхан санагдсан юм. Энэ жил ангийнхны онцлог үйл явдал тохиож байгаа. Тэр нь юу вэ гэхээр 40 хүүхэд хотын ойролцоо бүгдээрээ нийлж газар аваад бөөнөөрөө хотхон байгуулж амьдаръя гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Газрын гэрчилгээ гарчихсан, удахгүй ангийнхандаа албан ёсоор гардуулна. Бид дөрвөн жилийн өмнөөс шинэ жилээ хийж эхэлсэн. Тэр үед ангийнхаа хүүхдүүдийг зуслангийн газартай болгох санаачилга гаргаж байсан. Хүн болгонд улсаас өгсөн 0,7 га талбай байдаг ч түүнийгээ өөрийн болгож гэрчилгээ аваагүй хүмүүсийнхээ баримт бичгийг бүрдүүлээд газрын гэрчилгээг албажуулж өгч байгаа. Сугалаа сугалаад нэг хүүхэд зуслангийн газартай болсон түүнээс хойш дөрвөн хүүхдийг албан ёсоор бичиг баримтыг нь хөөцөлдөөд газартай болгочихсон” гэж Х.Батсайхан хэлсэн. Энэ ангийн ихэнх нь хуульч мэргэжилтэй. Орхон их сургуулийн хуулийн сургууль тэр үед Завханд салбар нь байдаг байсан. Тэгээд 10 гаруй хүүхэд хуулийн сургуульд хуульч болохоор элссэн. Хоёр жил Завханд сураад хоёр жил хотод сураад хуульч болсон. Ангийн анд Шагдар, Нямдорж хоёр нь одоо Австралийн Линз хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ лээ. Тус ангийн нэг найзын хүүхэд нь эрүүл мэндийн асуудал гараад тэд бөөнөөрөө найздаа туслах хөдөлгөөн өрнүүлээд хүүхдийг нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж эмчилгээний зардалд нь хандив өргөсөн. Тиймдээ ч бид нэг нэгэндээ байнга тусалж дэмжиж явахыг боддог хэмээсэн юм.
Мөн сургуулийнхаа ойгоор бүтээлч ажил хийхийг зорьдог тухайгаа ч хэлэв. Өнгөрсөн 30 жилийн ойгоор сургуульдаа Газарзүйн кабинет, Монгол хэлний ангийг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн. Учир нь Батмөнх нь газарзүйн багшаар, Наранзаяа нь бага ангийн багшаар ажилладаг билээ.Мөн сургуулийнхаа ойгоор үлдэцтэй зүйл хийж өгье гэж ярилцаад ангийнхаа хүүхдүүдээс 25 сая төгрөгийн хандив цуглуулаад хоёр ангийг орчин үеийн стандартад нийцүүлэн Завхан аймагтаа загвар болохуйцаар хийж өгсөн. Мөн өмнөх жил нь физикийн ангийг тохижуулсан. Завхан аймгийнхаа 90 жилийн ойгоор хүүхдийн спортын талбайг сургуулийн хашаанд бүтээн байгуулсан гээд хийсэн бүтээсэн гавьяаг хэлж болно.
“Монгол Улсын гавьяат багш С.Цэрэндулам, газарзүйн багш Ч.Янжинхүү, бага ангийн багш Б.Наранцэцэг, бага ангийн багш Ж.Магсар, бага ангийн багш Б.Отгоолой, дунд ангийн багш Д.Самбадагдан, Ч.Энхбаяр, сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ, дуу хөгжмийн багш Ө.Дайриймаа, Б.Эрдэнэ-Очир гээд олон багш нар бидэнд хичээл зааж сургаж байсан. Мөн захирал П.Дарьзав, математикийн багш Ч.Ариунжаргал, Н.Борхүү, Монгол хэлний багш Ц.Содномбалжир, Ц.Бямбарэнцэн, биеийн тамирын багш С.Мөнхтөр, Б.Батдорж, гадаад хэл, түүхийн багш Л.Оюунцэцэг гээд олон багш нараараа бахархаж явдаг. Биднийг чангалж байсан гэх үү дээ. Тэр үед зааж байсан, зандарч байсан хичээл бүрийг ойлгуулахыг хичээж байсан мөчүүдийг бодохоор одоо л ойлгож эхэлж байна” хэмээв. Тэд бол Монгол Улсын гавьяат С.Цэрэндулам багшийн гарын шавь нар. “Манай багш их хатуу чанга хүн байсан. Манай ангийнхан бүгд математикийн багшаасаа айна. Миний бие 1998 онд наймдугаар ангидаа Улаанбаатар хотноо улсын “Уран жиргээ” уралдаанд түрүүлээд Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнуулж байсан. Сургуулийнхаа нийгмийн ажилд идэвхтэй аливаа арга хэмжээг хөтөлдөг ийм л хүүхэд байсан. Наймдугаар ангидаа “Найрамдал” зусланд яваад “хуучин хүү шинэ хүү” болсон гэдэг шиг л юм болсон.Тухайн үеийн нийгмийн амьдрал ямар байна, хүүхэд залуучууд яаж хөгжиж байна гэдгийг тэр л үед мэдсэн. Хүн явж үзэхээрээ бүх зүйлийг ойлгодог. Тэрнээс хойш нийгмийн идэвхтэй хүн болсон доо” гэх ярианаас Х.Батсайхан багаасаа нийгмийн идэвхтэй, бусдыг уриалан манлайлдаг сурагч байсан нь анзаарагдсан юм. Тэд шинэ жилийн баяраар ирсэн хүн бүр нэг нэг бэлэгтэй ирж сугалаанд оруулдаг. Жишээлбэл, ногоо тарьдаг нь ногооны хэрэгцээ гээд сугалаанд оруулаад сугалуулна. Хамгийн супер азтан нь зуслангийн газар, мөн гутлын бизнес эрхэлдэг найз Ц.Батбаатар нь хамгийн ориг хоёр пүүзийг авчраад жилд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүнийг пүүзтэй болгодог байж. Мянгат малчин Н.Батсүх нь өвлийн идэш өгнө, хүнсний ногоо, сүүлийн шинэ жилээр хурдан удмын даага бэлэглэсэн гэх мэтээр шинэ жил бүрээр сугалаа сугалуулж баяраа тэмдэглэдэг. Шинэ жил гэдэг тухайн жилийн тайлан юм даа гэв.
Харин Завхан аймгийн Улиастай хотын дөрөвдүгээр арван жилийн сургуулийг хамт төгссөн Б.Наранзаяа “1998 онд наймдугаар ангийг хоёр бүлэг төгсөж, нэг хэсэг сурагчид шилжиж байхад нөгөө хэсэг нь нөхөгдөж ирж Д.Болор-Эрдэнэ багштай 10а анги, Д.Самбадагдан багштай 10Б ангиуд 2000 онд аравдугаар ангиа төгссөн. Тэр үед төгсөх ангиуд шалгалтын өмнө “Даян” гарч хийморио сэргээдэг байсан. Бид ч яаж дутах вэ. Хоёр ЗИЛ-130 машин хөлөглөн хойно урдаа орон “Очирваань хайрхан”-ы зүг багш нарын хамт зугаалахаар явцгаасан билээ. Дөнгөж тавдугаар сар гарч байсан болохоор ууландаа бүсэлхий хүрсэн цастай байсан ч зорьсон газраа хүрэхийн тулд гутал хувцсаа норохыг ч үл хайхран “Даян” ууландаа гарч Очирвааньдаа мөргөн сэтгэлээ амраацгаасан. Буцах болоход дахин нэг хоноод явъя гээд уул руу таран зугтааж машины түлхүүрийг нь нууж байсан хөгжилтэй мөч дурсамж болон үлджээ. Одоо гурван ангиараа эв найрамдалтай, олон сайхан үйл ажиллагаа, уулзалтыг хамтран зохион байгуулж, байнга холбоотой байдаг” хэмээн багынхаа хөгжилтэй дурсамжийг хуваалцсан юм. Арван жилийн дурсамж гэдэг сэтгэлд нэг л уяатай байдаг. Тийм дээ ч нэг нэгнийхээ дутууг нөхөж, алдаа оноотой нь хамт явдаг байх. Ийнхүү бага насны эгэлхэн дурсамж, санаанд оромгүй үйл явдлаар арвин нэг ангийханы сэтгэл хөдөлгөсөн дурсамжаар аяллаа.
Д.ОТГОНТУЯА