Categories
мэдээ соёл-урлаг

“Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт Булган аймагт боллоо

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар агсны гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт өчигдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцжээ.

Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ.

Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан зургадугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулж байсан түүхтэй.

“Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Б.Догмид бичиж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажиллан, МУСТА П.Дэлгэрбаяр найруулжээ.

Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр тус киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *