Туул гол дагасан гүний худгуудаас хамгийн сүүлийн 45 номерын худгийг буулгах ажил хэдэн өдрийн өмнөөс эхэлсэн. Эхэндээ барилгачид дээрээс нь эхлэн тун болгоомжтойгоор буулгаж байсан бол өнөөдөр экскаватораар тэгшилж байгаа зургийг та бүхэн харж байна.
Уг ажлыг “Их Модун” компани гүйцэтгэж байгаа аж. Тэдний инженерүүдийн тайлбарлаж буйгаар бол доторхи үнэ бүхий тоног төхөөрөмжийг гэмтээхгүйн тулд болгоомжтойгоор буулгаж байсан байна. Харин нэгэнт тоног хэрэгслийг авсан болохоор техникийн хүчийг ашиглажээ. Тэндээс гарсан тоног төхөөрөмжийн ашиглаж болох эд ангиудыг Ус сувгийн удирдах газарт шилжүүлсэн гэнэ. Харин газрын гүнд байгаа эд ангиудыг нийслэлийн мэдэлд үлдээх бололтой.
Маршалын гүүрний баруун талын уг худгийг ямар шалтгаанаар нураасныг Ус сувгийн газраас тодруулахад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдэлд орсон учраас бид мэдэхгүй” гэсэн хариу өгөөд байсан. Харин тус ажлыг гүйцэтгэж байгаа “Их Модун” компанийн инженер “Актлагдсан гурван худгийн нэг нь энэ. Бид зөвхөн үнэ цэнэтэй эд ангиудыг гэмтээлгүй нураах үүрэгтэй” гэж байгаа. Гэвч тусгай хашаагаар тойруулж байгаад нурааж байгаа тул иргэдийн дунд энэ худгийг буулгаад газрыг нь өөрсдөө авах гэж байна гэсэн хардлага байгаа юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас энэ талаар тодруулахад “Холбогдох мэргэжилтэн нь амарсан байгаа. Маргаашнаас ажилдаа ирнэ” гэсэн хариултыг хэлж байна.