Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас хоёр хос өрсөлдсөн билээ. Монгол Улсын олон удаагийн аварга, цөөнгүй дээд амжилтыг эзэмшигч Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар урьдчилсан шатнаас шалгарч чадаагүй аж.
Харин “Рио-2016” олимпт цэц сорьсон Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа нар 832.1 (417.7+414.4) оноогоор финалд өрсөлдөх эрх авсан юм. Улмаар тэд шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарчээ. Эл төрөлд түрүүлсэнТайванийн тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилсэн төдийгүй Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Тэгвэл Азийн наадамд өрсөлдөж Монголын таэквондочдын салхийг хагалж, өнөөдөр эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай оролцов. Тэрбээр эхний тойрогт Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Пакистаны тамирчин Ш.Шахзавыг 31:11-ээр яллаа. Манай тамирчин дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальтай, Инчоны Азийн наадамд үзүүрлэсэн, Тайландын таэквондоч С.Намнаронгтой өрсөлдөхөөр болжээ.