“Бүү март” уран сайхны киноны ерөнхий продюсер болон зохиолчоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч, зохиолч Ж.Мөнхбат ажиллажээ. Кино зураг авалтыг Монгол болон ОХУ-д авсан бөгөөд киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн төдийгүй Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь мөн л компьютер графикаар бүтээжээ. Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. “Бүү март” киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ. Харин Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайн дүрд МУГЖ Б.Тунгалаг тоглосон байна. А.Даариймаа гуайн хувьд ханийх нь тухай өгүүлсэн түүхэн киноны нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд кино багийнханд талархаж буйгаа илэрхийлсэн. Киноны гол дүр болох Ж.Батмөнх агсны дүрийг амилуулсан Соёлын тэргүүний ажилтан Н.Төмөрбат кино зураг авалт 80 хувьтай байхад зуурдаар таалал төгссөнийг нээлтийн үеэр уран бүтээлчид харуусан ярьж байлаа. Гэсэн ч кононы уран бүтээлчид Н.Төмөрбат агсны сүүлчийн дүрийг хүндэтгэн орлон тоглогч ажиллуулснаар уран бүтээлээ ийнхүү үзэгчдийн хүртээл болголоо.
Categories