Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд өчигдрөөс эхлүүллээ. Уг аян нь Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэхэд оршино. Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг бодитойгоор тодорхойлж, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 33 хороог сонгон аваад байгаа аж. Эдгээр хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил арга хэмжээг зохион байгуулах аж.