ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга, зохицуулагч нарын айлчлал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр зохион байгууллаа.
Уулзалтыг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нээж үг хэлэхдээ “Нийгмийн даатгалын байгууллагын эрхэлж байсан эрүүл мэндийн даатгалтай холбоотой чиг үүрэг тус агентлагт шилжин ирсэн энэ түүхэн цаг үед анх удаа Монгол улсын эрүүл мэндийн даатгалын бодлого, чиглэл, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, хамтран ажиллах зорилгоор манай улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлж, “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, үндсэн үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын сангийн үзүүлэлтүүд, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлийг ДЭМБ-ын “Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч” Др. Петер Ковлей болон бусад зочид өндрөөр үнэлсэн бөгөөд Монголын эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцооны Олон улсад туршлага болохуйц туршлагууд байгаа талаар цохон тэмдэглэж, цаашид анхан шатны болон ирээдүйд эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр зардал гаргаж, санд эрсдэл учруулах өвчлөлийг тооцоолж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас хариуцах, тусламж, үйлчилгээний багц, өртөг, төлбөрийн аргыг судалгаанд үндэслэн зөв, оновчтой тогтоох, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар зөвлөмж өглөө. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэгч байгууллага” байхаар зорьж байна.