Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар согтуурсан үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэх иргэнийг хамжин зодож дээрэмдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэтэл хориод насны хоёр охин дүү шигээ жаахан охиныг хамжаад дээрэмдсэн хэрэг дахин гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хичээлээ тараад гэр лүүгээ орохоор байрныхаа гадна явж байсан 15 настай охиныг тус хороонд оршин суух, 21 настай эмэгтэй С, 19 настай эмэгтэй С гэгч нар айлган сүрдүүлж, “Самсунг s5” маркийн гар утас, бэлэн мөнгийг нь дээрэмдээд зугтсан байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд дээрэмчин охидыг баривчилж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.