Иргэн Б.Ариунзаяад холбогдох зөрчлийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад үүсгэж ирүүлсэн зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шүүлээ.
Шүүх хуралдаанаар, 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, иргэн Б.Ариунзаяа нь өнгөрсөн гуравдугаар сард бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргээр шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасанчлан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тооцуулаад байгаа.
Харин өнөөдөр шүүх хурал нь болсон дээрх зөрчлийн хэрэг нь Б.Ариунзаяагийн өмнө нь холбогдсон эрүүгийн хэргээс өөр гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.