Categories
мэдээ цаг-үе

Бусдаас хариу нэхэлгүй, сэтгэлээсээ тусалдаг гэгээн үйлстнүүд тодорлоо

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн түүхэнд хамгийн анх 1860-аад онд Швейцарийн иргэн Анри Дюнан Австрийн эзэнт гүрэн Наполеон III-ны хооронд болсон Сольфериногийн тулалдааны үеэр дайны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйлсийг эхлүүлснээр Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөн үүссэн түүхтэй. Харин Монголд тэртээ 1939 онд Монголын улаан хэрээстийн эвлэлийн анхдугаар их хурал Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталж байжээ.

Түүхт 80 жилийн ойг угтсан нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, аж ахуйн нэгж, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд, хүүхэд залуус, ард иргэдээс хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчдыг алдаршуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Хүмүүнлэгийн үйлстнүүдийг найман номинациар шалгаруулсан байв. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл гишүүдээс хамгийн идэвх санаачилгатай ажилласан гишүүд, хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч “Алтан гишүүн”, шилдэг сайн дурын идэвхтэн, хариу нэхдэггүй цусны доноруудыг алдаршуулав. Мөн хүмүүнлэгийн үйлсээр манлайлагч өсвөрийн болон залуучуудын улаан загалмайчид, шилдэг анхан шатны хороо, шилдэг хандивлагч гишүүн байгууллагын хүмүүнлэг үйлстэнд шагнал гардуулсан юм.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа түүхт ойн босгон дээр зохиож буй арга хэмжээний талаар “Амьдрал гэдэг бусдын сайхан сэтгэл, бие биенээ гэх нинжин, хүнлэг зан чанар, итгэл урам дээр тогтдог. Бид хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тусгаж өгсөн. Хүнлэг энэрэнгүй үйлсийг бүтээж түгээн дэлгэрүүлж байгаа олон сайхан жишээ туршлага байна. Монголчууд өдөр бүр хүмүүнлэг үйлс хийж байна. Тэднийг олж харж, урам өгч тэднээр дамжуулан олон нийтийг уриалж үлгэр дуурайл болговол нийгэм улам илүү хөгжинө.

Нийгэмд тустай, бусдын сайн сайхны төлөө энэрэнгүй хоёргүй сэтгэлээр хандаж байгаа хамт олон, хувь хүнийг олон нийтэд таниулах тэднээр дамжуулан нийгэмд сайн үйлсийг сурталчлах зорилготойгоор нийслэлийн хүмүүнлэг үйлстнүүдийг алдаршуулж байна” хэмээв.

Шагнал гардуулах ёслолын эхэнд Монголын Улаан загалмайн нийгэмлэгт нэгэн насаа зориулсан, МУЗН-ийн Ахмадын хорооны дарга Д.Цэрэнсодномд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр энэ албанд 34 жил зүтгэжээ. Монголын Улаан загалмайн нийгэмлэг манай оронд болсон томоохон осол, байгалийн давагдашгүй гамшигт хамт олноо тэргүүлэн гар бие оролцож, хүмүүнлэгийн тусламжийг хүргэж байжээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

Д.ЦЭРЭНСОДНОМ: БАРУУН АЙМГУУДЫН ЗУДНААР МАЛЧИДТАЙ УУЛЗАЖ ЯВАХАД ХҮНДХЭН БАЙЛАА

-Та хүмүүнлэгийн үйлсэд 34 жил хүчин зүтгэжээ. Анх энэ салбарт ямар хувь тохиолоор орж байв?

-Хүнд хийх ёстой ажил, байх ёстой газар гэж байдаг юм байна. Би 1972 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд Өмнөговь аймгийн Мандалговь суманд салбарын нэгдэлч эмчээр очиж байлаа. Тэнд жил гаруй ажиллаад хотод иртэл Эрүүлийг хамгаалах яамнаас Улаан загалмайн нийгэмлэгт ажилла гэв. Би энэ талаар ямар ч мэдлэг ойлголтгүй байсан учраас татгалзаад Анагаах ухааны дунд сургуулийн эмч багш гэдэг албан тушаалд 10 орчим жил ажилласан хүн. Тэр үед Мөнхөө гээд нэг их сайхан эмэгтэйг лекц тавьж байгаатай таарсан юм. Их гоё эмэгтэй, маш гоё ухаалаг яриатай. Тиймээс тэр хүнтэй уулзаж ярилцлах хүсэл төрөөд явж очсон. Гэтэл 10 жилийн өмнө миний татгалзсан Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Мөнхөө гуай байж таарсан. Тэгж л би энэ салбартай холбогдсон хүн дээ.

-Та Монголд тохиосон томоохон гамшиг ослын үед ажиллаж байсан гэв үү?

-Дэлхий дахинд Улаан загалмай дөнгөж байгуулагдсан үеэсээ л гадаад, дотоодын байгалийн гамшиг, үер ус, дайн тулалдаан, хүнд хэцүү үед тусламж үзүүлж ирсэн. Манай улсад бол анхны томоохон тусламжийн үйл ажиллагаа 1990-ээд оноос эхэлсэн байдаг. Хамгийн анхны томоохон гамшиг бол 1993 онд Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн сумдыг хамарсан зуд байлаа. Зүүн аймгуудад 1996 оны тал хээрийн томоохон түймэр бас бий. Тэр бүрт Монголын Улаан загалмайн нийгэмлэг анх удаа маш том хэмжээний яаралтай нөхөн сэргээх тусламжийг үзүүлсэн. Тэрнээс хойш манай хөтөлбөр үйл ажиллагаа улам өргөжсөн.

-Баруун аймгуудаар болсон зудын голомт дээр очиход нөхцөл байдал ямар байв?

-Тэр үед би туршлага багатай, залуу ч байлаа. Говь-Алтай аймагт яваад очиход малчид дуугаа хураагаад л хэцүү. Мал нь хотоороо хорогдчихсон. Тэгсэн хэрнээ ямар гавьяа байгуулсан гэж та нараас юм авах вэ гээд халгаагаастай. Бид зөвхөн эд материалаас гадна нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг өгөх үүрэгтэй. Тэр утгаар малчидтай ярилцах, сэтгэл санааг нь дэмжих ажил бидний л өмнө ирж байгаа юм. Ер нь хүмүүнлэгийн үйлс бүтээгээд явж байхад хот, хөдөөгийн хүмүүс их ялгаатай нь харагдана. Малчид бол цаанаасаа уужуу сэтгэлтэй, тусламж авах гэж улайрдаггүй. Харин хотод бол эсрэгээрээ байна уу даа гэж бодогддог.

-Хүмүүнлэгийн үйлс гэж таныхаар юу вэ?

-Хариу нэхэхгүй, өөрийнхөө чадлаар бусдын төлөө хийж байгаа үйл юм. Заавал эд материал өгөх албагүй. Ядаж л ядарч зүдэрсэн хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээдэг, өрөвдөж хайрлана гэдэг хүмүүнлэг үйлс гэв.

Нийслэлийн хэмжээнд сайн үйлс бүтээсэн 40 гаруй иргэд, байгууллага, хүүхэд залуусыг алдаршуулсан билээ. Тэдний төлөөллийн талархлын үгийг хүргэж байна.

“АЛТАН ГИШҮҮН” С.ЭНХ-АРИУН: МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН512 ХҮҮХЭД УЛААН ЗАГАЛМАЙН ГИШҮҮД

/СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/

-Манай цэцэрлэг 2015 оноос хойш дүүргийнхээ Улаан загалмайн хороотой хамтран аижллаж гишүүн байгууллага болсон. Үүнээс сүүлийн гурван жил манлайлагч, хүмүүнлэгийн үйлстнээр шалгарсан түүхтэй. Манай цэцэрлэгийн 512 хүүхэд, тэдний эцэг эх, 44 багш ажилтнууд гишүүн байгууллагад элссэн байдаг. Өнгөрсөн хугацаанд бид таван сая гаруй төгрөгийг хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдийн зөвшөөрлөөр хүмүүнлэгийн байгууллагад хандивлажээ. Хүүхдийг багаас нь бие биеэ хайрлах, туслах, энэрэх үзэлтэй болгох хүмүүжил сургуулийн өмнөх боловсролын хамгийн чухал сургалт байдаг. Тэр боловсролыг бид Улаан загалмайн гишүүн байгууллага болж, хүүхдүүддээ олгож байна. Манай цэцэрлэгийн анги танхим бүр анхан шатны тусламж үзүүлэх булантай.

ШИЛДЭГ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН Н.ЛХАГВАА: ЯДАРСАН ИРГЭД, АХМАДУУДДАА ХАРИУ НЭХЭЛГҮЙ ТУСЛАХ САЙХАН

/Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сайн дурын идэвхтэн/

-Би Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Улаанбаатар хотод 1974 онд ирээд Чингэлтэй дүүргийг Сүхбаатарын район гэж байхад л ирж суурьшсан. Хорооныхоо иргэдийг удирдаад баг болгож, ядарсан иргэд, ахмадуудад туслах ажлыг зохион байгуулдаг. Хүнд туслах шиг сайхан зүйл байхгүй.



МАНЛАЙЛАГЧ ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧ Б.БАТ-ЭНЭРЭЛ: АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХАНДИВЫН АЯНД ЗОРИУЛСАН

/БГД-ийн 40 дүгээр сургуулийн сурагч/

-Би хүнд боломжоороо туслахыг хичээж явдаг. Хариу нэхэхгүйгээр туслахыг хичээдэг ах эгч нартаа Улаан загалмай үүссэний 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би өөрийнхөө анхны бие даасан “Сэтгэлэн залбирлан” тоглолтоо хандивын аянд зориулж хийсэн. Багшийнхаа зөвхөн дуулах чадварыг өвлөөд зогсохгүй бусдад чин сэтгэлээсээ хандах, туслах сэтгэлийг өвлөхийг хичээдэг.

Б.ЭНХЗАЯА

Б.АМИНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *