Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан
боловсруулсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн
төслийг холбогдох бичиг баримтын хамт УИХ-ын Бусад шийдвэрийн төсөл
боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын
газрын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгохоор хүргүүллээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн
төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар Монгол Улсын урт хугацааны
эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн нөөц
шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой
хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлэх юм.
Баялгийн сангийн механизм нь макро эдийн
засгийн менежментийн илүүтэй ухаалаг, урт хугацааны тогтолцоог
бүрдүүлэн, улс орны тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгоно.
Үүнээс гадна хөрөнгө санхүүгийн хадгаламжийг хуримтлуулж, үе хоорондын
баялгийн зөв хуваарилалтын механизмыг тогтоох юм. Мөн дэлхий дахинд
болон дотоодын эдийн засагт учирч болзошгүй эдийн засаг, санхүүгийн
хямралын эсрэг дархлааг сайжруулан, эрсдэлээс зайлсхийх боломжийг
илүүтэй хангаж өгөх юм.