Categories
мэдээ нийгэм

“Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурал боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, Нийгмийн комисстой хамтран “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурлыг өнөөдөр Шангрилла зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Олон улсын бага хурал нь улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын шилдэг сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв. Мөн салбарын яамны зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тодотгосон юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хэлэхдээ:Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Монгол Улс бүс нутгийн төдийгүй, дэлхийн нийгэм, эдийн засгийн интегралчлалд өөрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж байна. Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийх худалдаа тээвэрлэлтэд оролцох, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байна. Манай улсын хувьд тээврийн зардлын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа. Тээврийн өртөг бусад орнуудаас 4-5 дахин өндөр. Эдийн засгийн коридорыг байгуулах гурван улсын хооронд 32 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон.Тодруулбал баруун, зүүн, хойд коридорын төмөр зам автозамын төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Зүүн төв, хойд коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажил бэлэн болж байгаа. 1116 км төмөр замын шинэчлэлтийн ажлыг ОХУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлээр хийнэ. Автозамын хувьд аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхтэй уялдуулан бүс нутгуудыг авто замаар холбохоор төлөвлөсөн. “Монголын Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” ОХУ, Евро-Азийн эдийн засгийн холбооны санал санаачилгыг уялдуулахад талуудын Засгийн газар болон салбарын яамнаас анхааран ажиллаж байна. Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухайд Хятадаас Европыг чиглэсэн чингэлгийн тоо, галт тэрэгний хэмжээ 3,3 дахин нэмэгдсэн сайн үзүүлэлт гарлаа. Мөн 11 жил тасарсан ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ өссөн гээд эхнээсээ ахиц гарч байна” гэв.

Олон улсын бага хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрчдийн холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Хятадын хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцов.

Хурлын төлөөлөгчид “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг эрэлхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *