Categories
гадаад мэдээ

Буруу намд санал өгсөндөө харамсаж хуруугаа огтолжээ

Энэтхэгт парламентын сонгууль үргэлжилж буй. Сонгуульд оролцсон нэгэн эр өөрийн хуруугаа огтолсон хэрэг пүрэв гарагт Уттар Прадеш мужид гарсан байна. 25 настай Кумар уг нь сөрөг хүчинд саналаа өгөх гэж байсан ч намуудын дүрст тэмдэглэгээг андуурч ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч намд саналаа өгснөө дараа нь мэджээ. Ингээд тэр гэртээ хариад заазуураар долоовор хуруугаа огтолсон байна.

Энэтхэгт сонгуульд давхар санал өгүүлэхгүйн тулд саналаа өгсөн сонгогчийн хуруун дээр нь арилдаггүй бэхээр тэмдэг тавьдаг.

“Анх удаа саналаа өгч байгаадаа тэр их баяртай байсан. Гэвч алдаа гаргаснаа мэдээд бухимдсандаа хуруугаа огтолсон байна” хэмээн Кумарын ах Кайлаш Чандра хэвлэлд ярьжээ.

Тэмдэг тавьсан хуруугаа харах бүрт уур нь хүрч байсан тул Кумар ийм аюултай үйлдэл хийсэн гэнэ. Түүнийг гэрийнхэн нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд хуруугаа боолгосон залуугийн дүрс бичлэг Энэтхэгийн онлайн орчинд тархаад байна.

Дүрс бичлэг дээр Кумар “зааны дүрстэй намын нэр дэвшигчийг сонгох гэж байгаад цэцгийн дүрстэйг сонгосон байснаа” тайлбарлан ярьжээ.

Энэтхэгийн сонгогчдын 266 сая орчим нь бичиг үсэггүй тул тэдэнд зориулж, саналын хуудсан дээр намуудыг дүрсээр ялгаж өгдөг байна.

Нарендра Модигийн Бхаратия Жаната намын бэлгэдэл нь бадамлянхуа цэцэг байдаг бол түүнтэй өрсөлдөж буй сөрөг хүчний эвсэлд багтдаг Бахужан Самаж намын бэлгэдэл заан байжээ.

Дэлхийн хамгийн том сонгуульд тооцогддог Энэтхэгийн парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр нийт 900 гаруй сая хүн тусгай хуваарийн дагуу саналаа өгдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *