Categories
мэдээ цаг-үе

“Бөртэ чоно”-ын эзэн М.Нандинцэцэг: Мэргэжлийн боксын рингэнд гарах сонирхол бий

Зүүн гараас ОУХМ Г.Нандинзаяа, Бөртэ чонын эзэн М.Нандинцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа

2018 оны шилдгийн шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Мягмардуламын Нандинцэцэгтэй ярилцлаа.


-2018 оны шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэгдэж “Бөртэ чоно” шагнал хүртсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Оны сүүлээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Оны шилдэг тамирчинд анх удаагаа нэр дэвшээд л шилдгийн шилдгээр шалгарсандаа баяртай байна. Надад олон спортын сэтгүүлчид санал өгсөн байна лээ. Баярласанаа илэрхийлье. Оны шилдэг тамирчнаар гавьяат тамирчин О.Насанбурмааг шалгарах болов уу гэж бодож байтал намайг зарласан. 2018 он миний хувьд амжилт бүтээлийн жил байлаа. Тавьсан зорилгынхоо 80 хувьд нь хүрчихлээ.

-Энэ онд ДАШТ-ээс өөр ямар тэмцээнүүдэд өрсөлдөв. Ямар амжилт үзүүлэв?

-Шилдэг наймын тэмцээнд өрсөлдсөн. Хэд хэдэн олон улсын тэмцээнд өрсөлдөөд медальт байраас мултраагүй шүү.

-Томоохон тэмцээн нь Жакартагийн Азийн наадам байсан. Таны хувьд энэ жил оролцоогүй?

-Боксын холбооны зүгээс миний оронд өөр тамирчин Азийн наадамд оролцуулах шийдвэр гаргасан л даа. Миний хувьд 2014 оны Инчеоны Азийн наадамд оролцож хүрэл медаль зүүж байсан. өнөө жил амжилтаа ахиулах зорилготой байсан ч боломж олдоогүй. Энэ шийдвэрийн дараа хөгшрөөд жийгдэж эхэлж байгаа юм байна даа гэж сэтгэлээр бага зэрэг унасан шүү. Анхны багштайгаа хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийж байгаад л дэлхийн аваргыг зорьсон доо. Анхны багш маань миний бэлтгэлийн юу болж байгаа, юу алдаатай байгааг сайн мэдэрч чаддаг.

-Багшийнхаа тухай ярихгүй юу?

Миний багш бол Л.Энхбаатар гэж хүн байгаа. Багштайгаа 15 жилийн турш хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж байна. Манай багш эмэгтэй бокс Монголд хөгжихөд үнэтэй гавьяа байгуулсан, эмэгтэй боксыг хөл дээр нь босгож өгсөн хүн. Анхны шигшээ багийг долоон тамирчинтайгаар эхлүүлж байсан хүн. Ер нь эмэгтэй боксын “анхны” гэсэн болгон багштай минь холбоотой.

-2006 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Дэлхийн аваргын медаль танд хэр хол харагдаж байсан бол?

-Би 2004 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн л дээ. 17-хон насандаа дотооддоо сорил тулаан хийж хоёр тамирчинг ялаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртөлж байлаа. Том тэмцээний рингэнд гараад айж сандрах зэрэгцээд тулаандаа төвлөрч ч чадаагүй. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчинтай ойрхон тулаан хийгээд ялагдсан. Туршлагагүй залуухан охинд медалийн тавцан хол харагдаж байсан.

-Боксын спортыг яагаад сонгох болов. Манай олимп дэлхийн медальтнууд бие хамгаалах зорилготой бэлтгэлд явснаар алдрын замналаа эхлүүлсэн байдаг?

-Миний хувьд ч ялгаагүй. Эмэгтэй бокс гэдгийг мэддэг ч үгүй байхдаа бэлтгэлд нь очиж байлаа. Биеэр жижиг туранхай, зожиг охин ямар ч хүнээс биеэ хамгаалж сурна гээд тулааны урлагийг сонгосон хэрэг. Өнөөдрийн амжилтад хүрнэ гэж зүүдэлж ч байсангүй.

-Амьдралд хэрэгтэй ямар чанарыг Боксын спортоос олж авсан бол?

-Тэсвэр тэвчээрэтй занг л боксын спортоос олж авсан даа. 15 жилийн турш боксын спортоор хичээллэж байгаа минь тууштай зангийн илрэл байх. Энэ хугацаанд унасан бүдэрсэн олон он жил байсан. Энэ бүхнийг туулж гарахдаа сэтгэлийн хаттай болсон.

-Та тулааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Тулаандаа хэрхэн төвлөрдөг вэ?

-Эмэгтэй хүн рингэнд гараад зодолдоно гэдэг хэцүү л дээ. Бэлтгэл сургуулилт хийхэд ч тэр. Тамирчин хүн бэлтгэл сургуулилт сайтай байхад л сэтгэл зүй өндөртэй байдаг гэж ойлгодог юм. Тэмцээний айдасгүй болчихдог байхгүй юу.

-Тулааны спортын тамирчдыг харахад гоо сайхнаа гэмтээсэн байдаг. Хөмсөг сэтэрсэн, хамар хугарсан байх нь энгийн үзэгдэл байдаг шүү дээ. Таны хувьд тийм сорви ажиглагдахгүй юм?

-Хүмүүс боксчин гэхээр муруй хамартай, онгорхой шүдтэй хүн байдаг гэж төсөөлдөг. Бокс чинь бүх төрлийн хамгаалалттай цэвэрхэн спорт шүү дээ. Ялангуяа хөнгөн жинд хүнд цохилт авч бэртэл гэмтэл авах нь гайгүй.

-2008 онд Бээжингийн олимпт хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар шигшээд шалгарч байсан. Танд урам зориг өгч байсан байх?

-Залуухан тамирчин байхад ах нар маань энэ гаригийн хамгийн том тэмцээнээс алт мөнгөн медаль зүүгээд Монголын төрийн дууллыг Шувууны үүр цэнгэлдэхэд эгшиглүүлэхэд гэртээ уйлаад л үзэж байлаа. Эмэгтэй бокс олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш энэ том тэмцээнээс нэг медаль зүүчих юм сан гэсэн хүсэл төрдөг болсон шүү.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд та 11 удаа түрүүлсэн. Дотоодын өрсөлдөөний талаар яриач. Ширүүн байж л олон улсын тэмцээнд амжилт үзүүлнэ шүү дээ?

-Эхэндээ тамирчид цөөхөн байсан л даа. Сүүлд олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш гурван жинд л өрсөлддөг болсон. Улсын аварга ч 51, 60, 75 кг-ын жингүүдэд явагддаг. Иймээс өрсөлдөөн ширүүсч байгаа юм л даа. Нэг жинд 20 гаруй тамирчин өрсөлддөг болсон. Сүүлийн үед боксын спортыг сонгож хичээллэх охидын тоо ч эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад тамирчдын ур чадвар ч хурдтай ахисан гэж ойлгож болно.

-Та долоон удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Зорилгодоо хүрэлгүй ялагдаад ирэхэд хүнд биз. Цахим ертөнцөд улсын мөнгөөр тансаглаад ирлээ гэх шүүмжлэл хөвөрдөг. Та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх хүнд байсан шүү. Одоо ач холбогдол нэг их өгөөд байдаггүй.

-2016 оны олимпийн эрхийн тэмцээнээс мултарсны дараа таны сэтгэл зүй хүнд байсан байх?

-Эргээд бодоход хамгийн их шантарсан үе минь 2016 он байсан шүү. Олимпийн эрхээ авч чадаагүй. Шигшээ багийнхан олимпт яваад өгдөг. Сэтгэлээр унаад л, зуны гурван сар уул хадаар яваад, Алтай Таван богд гараад л. Ер нь зодог тайлъя гэж бодож байлаа. Тэрний дараа багш маань “Юу байхав дээ. Одоо хоёрхон жил зүтгэчих. Энэ олон жилийн хөлс хөдөлмөрөө зориулсных дэлхийн аваргаас ганц медаль зүүчих” гэж ятгаад авч үлдсэн. Ойр тойрны хүмүүс ч “Чи л дэлхийн аваргаас медаль авахгүй бол дараагийн тамирчин бэлтгэгдэж медаль зүүнэ гэдэг хол шүү. Ойртож ирсэн дээрээ зүтгэ ” гэж зоригжуулж байлаа. “Энэ олимпт орж чадахгүй л бол чиний замнал дуусна” гэж хэлэх хэсэг бүлэг хүмүүс ч байсан. Багш минь загнахдаа загнаж, аргадахдаа аргадаж, бэлтгэлийн бус үед зөөлөн, боксын зааландаа хатуу чанга боловч үгэнд нь гомдох гээд олон л юм болсон доо. Тэгээд “Миний төлөө юм шүү” гээд л бүхнийг даваад гарч чаддаг.

-2017 оны “Улаанбаатар цом”-д ялагдахад “Нандиа минь одоо больж байна” гэх хүмүүс олон байсан шүү?

-Монголдоо хожигдоогүй удаж байгаад “Улаанбаатар цом”-оор жингийнхээ жаахан охинд ялагдчихсан. Энэ тулаанаас хүмүүс намайг дүгнэж “Хөгширчихөж, хурд хүч нь саарчихаж, юун дэлхийн аваргын медаль” гэж байсан юм билээ. Тэмцээний дараа амралт авч байгаад багштайгаа зөвлөөд энэ оны дэлхийн аваргад зориулж бэлтгэлээ анхны багштайгаа хамтдаа бэлтгэлээ базааж эхэлсэн.

-Таны тулааны арга барилын онцлог юу бол?

-Тулааны үед урагшаа улайрч дайраад байдаггүй. Угтуулсан цохилтуудыг оновчтой гүйцэтгэдэг. Толгойгоо ажиллуулж тоглодог гэх үү дээ.

-Та холимог тулааны спорт сонирхдог уу. Ирээдүйд тулалдах бодол бий юу?

-Олон хүмүүс надаас холимог тулаан тэр дундаа “UFC”-д тулалдах уу, тэр Ронда Рөүзтэй очиж тулалдаач” гэж хэлдэг юм. Гэхдээ надад тийм сонирхол байхгүй. Би барилдах эвсэлгүй. Харин мэргэжлийн рингэнд гарч үзэх сонирхол бий.

-2020 оны олимп хаяанд иржээ. Медалийн боломж танд нээлттэй байгаа?

-Ирэх жилийн ДАШТ-ээс олимпийн наадмын эрхээ авна. Амьдралынхаа тэн хагасыг зориулсан учраас олимпийн наадмын ринг үзээд зодог тайлмаар байна. Эмэгтэй боксчдоос дэлхийн аваргын анхны медалийг авсан юм чинь олимпоос яагаад болохгүй гэж. Зүтгэнэ дээ. Багштайгаа зөвлөөд 51 юм уу, 59 кг-ын жинд тулалдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *