Шинийн 15-ны энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд 8-н их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.
Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.
Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.
10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ГУРВАН ТОМ ТЭМДЭГЛЭЛТ ЯВДАЛ ДАВХАЦДАГ
Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.
Тодруулбал:
- Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
- Номоо номлож хутгийг олсон,
- Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.
САХИЛ САХИХ НЬ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН МУУ ҮЙЛИЙГ НОМХОТГОХ НЭГ АРГА
Бурхан багшийн Их дүйчэн өдөр муу үйлийг хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг.
Ингэхдээ, өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүглийг хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж.
Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр.
Мөн энэ нь бурхан багшийн үйл намтрыг өөрийн бие дээр хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байхад суралцаж буй үйл хэрэг хэмээн ойлгож болох юм.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭ ШИНЖИХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ
Сэтгэл гэдэг зүйл дээр л хүмүүний аливаа үйл хэрэг тогтож байдаг.
Тэр дундаа бусдыг хорлох гэсэн хомхой санаа, буруу үзэл нь сэтгэлээс гарч буй нүгэл бөгөөд хомхой сэтгэл үүсэн бий болж, хүчээ авснаар л бие, хэлийг хөдөлгөж, болохгүй бүх муу муухайг хийн, гэгээлгийг унтраахад хүргэдэг аж.
Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр ийм муу үйлийг тэвчиж, сайн үйл хийх явдал нь өөрийгөө бусармаг зүйлд холилдсон эсэх, бузар нүгэл үйлдэж байгаа эсэхээ ажиглах боломж олгож байна.
Тухайн өдөр нүглийг тэвчиж буйгийн хамгийн гол нь утга нь, гагцхүү бусад өдрүүдийг ч энэ өдрөөр жишин ямагт ч муу, муухай үйлээс өөрийгөө сахин хамгаалж явах учиртайг сануулахад оршино.