Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн дүйцэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54/115 тоот
тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сард Бурхан багшийн дүйцэн өдрийг НҮБ-ын
Төв байранд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бурханы шашинтай Азийн орнууд 5
дугаар сарын 13-ны өдөр Бурхан багшийн дүйцэн өдрийг НҮБ-ын Төв байранд
тэмдэглэж, уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга
В.Аше, НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны Тусгай төлөөлөгч Н.А.Аль Нассир, БТГ-ын
ажилтнууд, шашны зүтгэлтнүүд зэрэг 600 гаруй хүн оролцсон байна.

Бусдын сайн сайхны тусын тулд аливаа
нүглийг тэвчих, сайн үйлсийг дэлгэрүүлэх, өршөөн нигүүлсэх сэтгэлийг номлодог
Бурханы шашин нь олон жилийн түүхтэй бөгөөд хүн төрөлхтөнийг гэгээрүүлэх үйлсэд
бодит хувь нэмрээ оруулж байгааг үг хэлсэн төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн
байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уг арга
хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ бурхан багшийн дүйцэн өдөр нь бурханы шашныг
шүтэгч олны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой өдөр болохыг онцлоод, монгол
түмэн энэ өдөр хийсэн буян бүхэн хэд дахин дэлгэрэн арвиждаг гэж билэгшээдгийг
тэмдэглэв. Мөн тэрээр бурхан багшийн сургаал нь бусдыг хүндэтгэх, ёс
суртахуунтай байхыг дээдэлдэг зэрэг олон чухал үзлийг номлодог нь тэнцвэртэй,
тэгш, тогтвортой нийгмийн хөгжлийг цогцлооход чухал хувь нэмэр оруулна гэж үзэж
байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Уг арга хэмжээний үеэр бурхан багшийн
дүйцэн өдрийг манай улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар богино хэмжээний
видео бичлэгийг үзүүлсэн байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *