Categories
мэдээ цаг-үе

“Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” хэмээн Бакула ринбүчи хэлж байжээ

СУШМА СВАРАЖ: АМАРГҮЙ ЭНЭ ЦАГ ҮЕД ЭНХ АМГАЛАН, ХҮЛЦЭЛ ТЭВЧЛИЙГ НОМЛОСОН ГҮН УХААН ШААРДАГДАЖ БАЙНА

“Элчин багш” хэмээн олноохүндлэгдсэн Бакула ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал “Корпорейт конвеншн төв”-ийн концертын танхимд боллоо. Хүндэтгэлийн хурал эхлэхээр товлогдсон цагаас хамаагүй өмнө танхим дүүрэн хүн цугласан байлаа. Элчин багшийн зургийг сэнтийд залж, түүний байгуулсан Бэтүб хийдийн лам хуврагууд мандал өргөн, ерөөл айлдсан. Хүндэтгэлийн хурлын үеэр мөн Гандантэгчэнлин хийдийн лам нар цамын бүжиг толилуулж, Морин хуурын чуулгынхан “Цагаан суварга”, “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлэв.

Үндсэн илтгэлийг энэ өдрүүдэд эх оронд маань айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж тавилаа.

Бакула ринбүчи Энэтхэгийн Парламентын эрхэм гишүүн, дипломатч байсан агаад тус улсын Жамму Кашмир мужийн Засгийн газрын сайдын албыг хашиж байжээ. Умард Энэтхэг дэх Ладакх нутгийн хүн гэнэ. Кушок Бакулагийн хийж бүтээсэнийг Энэтхэг улс өндрөөр үнэлж, төрийн дээд шагналуудын нэг болох Падма Бхушан одонгоо 1988 онд хүртээсэн байна. Харин тэрбээр 1989 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монголд суух Элчин сайдаар хүрэлцсэн ирсэн билээ. Бакула ринбүчи манай улсад 10 гаруй жил Элчин сайдаар ажилласан түүхтэй.

“Эрхэм Кушок Бакула энэтхэгчүүд өнө эртнээс дээдэлж ирсэн Буддын шашны уламжлалт ёс заншлыг бахархал дүүрэн илтгэн харуулж, даян дэлхийн энх тайван, эв найрамдал, хүмүүнлэг үзлийн уриаг түгээн дэлгэрүүлэгч байсан. Олон зууны тэртээ Буддын шашин үүсч хөгжсөн Энэтхэг орныг төлөөлж байгаадаа миний бие баярлан бахархдаг” хэмээн илтгэгч хэллээ.

“Бид бүхэн Буддын гүн ухаанд сүслэн биширдэг хүмүүсийг дахин нэгтгэн нөхөрлүүлж, тэртээх эрт цагийн адил Бурханы сургааль номлолыг сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Тиймийн учир хөрш зэргэлдээх болон бусад улсын, түүний дотор Монголын мөргөлчдийг Энэтхэг орон дахь Буддын шашны ариун дагшин газруудаар аялуулах зам маршрут гаргахаар чармайн ажиллаж байна” гэлээ.

“Бурханы шашны ёс заншилд үндэслэсэн оюун санааны хэлхээ холбоог сэргээн идэвхжүүлэхээр эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг, билэг оюуны ундарга болж сургалт боловсрол, гүн ухааны гарамгай ололтуудаараа гайхагддаг байсан, олон зууны арвин түүхтэй Наландагийн их сургуулийг сэргээсэн” гэв.

Эртний түүхийн бичгүүдэд Монголын эрдэмтэй лам нар Наландад очиж ном үздэг байсан тухай өгүүлдэг.

“Энэтхэг, Монгол хоёр улс өвөрмөц онцгой түншүүд билээ. Бид стратегийн түншүүд төдийгүй оюун санааны хөршүүд. Бурханы шашнаар дамжин уламжлагдсан оюун санааны энэхүү холбоо та бидний харилцааг улам бүр бат бэх болгодог” хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тодорхойлсон.

“Хүчирхийлэл,сүсэг биширлээр нэрийдсэн хэт үзэл газар авч буй өдгөө цагт амар амгалан, хүлцэл тэвчлийг дээдэлсэн Буддын шашны зам мөрийг дагаж мөрдөх эрэлт шаардлага өсөн нэмэгдэж байна” хэмээн онцолсон нь анхаарал татав.

“Дэлхий ертөнц урьд үзэгдээгүй хурдацтайгаар даяаршин нэгдэж байгаа нь шинэ сорилтуудыг бий болгож байна. Нүргээн ихтэй шилжилтийн үе шатыг туулж байгаа дэлхий ертөнцөд Кушок Бакула агсаны амьдрал хийгээд сургааль нь бидний өмнө тулгарч байгаа орчин үеийн дэлхий дахины оюун санааны олон асуултад хариулт өгч байна. Амаргүй энэ цаг үед энх амгалан, хүлцэл тэвчлийг номлосон гүн ухаан шаардагдаж байна. Энэ бол өнөөгийн ертөнцөд үзэл ядалт, дайсагналцлыг даван туулахад чухамхүү цаг үеэ олсон нь тодорхой харагдаж байна” гэсэн шүү.

“Тодорхой бус энэхүү цаг үед хүмүүс эд баялагийн араас шохоорхож буй боловч оюун санааны таашаалыг улам бүр эрэлхийлдэг боллоо” хэмээн эрхэмсэг хатагтай хэлсэн. Бурханы шашны сургааль, гүн ухаан биднийг энэхүү тодорхой бус цаг үеийг даван туулж, оюун санааны гэгээрэлд хүрэх аянаа тууштай үргэлжлүүлэх чиг баримжаа болж байна.

Дэлхий дахинд найрамдал, энх тайвны эл нийтлэг уриа дуудлагыг Энэтхэг, Монгол хоёр улс хамтдаа түгээж чадна. Энэ бол Кушок Бакулагийн насан үүрдийн өв уламжлал билээ” хэмээн илтгэгч дүгнэсэн.

“Буддын гүн ухаан дотоод сэтгэлийн амар амгалан, цэвэр ариун ухамсрыг онцлон чухалчилдаг” хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд онцлоод Бурхан Буддагийн сургаалиас иш татлаа.

“Та биднийг бодол сэтгэл маань илтгэн харуулдаг. Оюун бодол маань бидний хэн болохыг төлөөлдөг. Санаа бодол цэвэр ариун байх аваас энэүү бие махбодийг салшгүй дагалдах сүүдэр лүгээ баяр баясгалан биднийг ямагт дагана” хэмээн Бурхан багш сургасан бөлгөө.


“БАКУЛА БАГШ МААНЬ НАМАЙГ ХАМРЫН
ТАМХИНААС ГАРГАСАН”

Хурлын танхимд суугаа сүсэгтнүүдийн дунд настай лам нар ч үзэгдэв. Тэдний нэг өдгөө 80 нас зооглож буй С.Зундуйчулуунбат лам Бакула Ринбүчитэй уулзсан түүхээ надад ийнхүү хуучлав.

-1989 онд Баянхошууны Ловон Бадамжунайн хурлыг Монголд анх нээхэд багшдаа бараа болон тусалж байлаа. Шинэ Гэмтлийн зүүн талын дэнжид гэр бариад хурлаа нээж билээ. Тэр хурлын гэсгүй ламаар 25 жил байгаад, наймдугаар Богд хурж байсан Гунгаа чойлингийн хурлыг долоон өвгөн лам нээхэд хамгийн залуу лам нь болсон. Бакула ринбүчи багш 1989 онд Элчингээр ирэхэд миний багш намайг мөргүүлэхээр дагуулж очсон юм. Багш маань Инлай гэж олонд алдаршсан лам байв. Гандангийн зочдыг хүлээж авдаг том гэрт Бакула багш маань биднийг хүлээж авсан. Багш минь хэлж байсан. Бакула ринбүчи гэдэг энэ лам урьд нь Богдод “Би хойд төрөлдөө Монголд бурхны шашныг дэлгэрүүлье” гэж ерөөл тавиад урьдын ерөөлөөрөө Монголд Элчингээр ирж, бурхан шашныг маань дэлгэрүүлэх гэж байгаа юм шүү дээ” гэсэн. Бакула багш энгийн найрсаг, өөрөө монгол хэл мэдэхгүй орчуулагчтай байсан ч зорьж ирсэн хүмүүсийг халуун дотно хүлээж авдаг байв. Бакула багш дээр явж очиход гадаа нь олон хүн оочерлосон байдаг сан. Ловон Бадамжунайг яаж бүтээх талаар, Баянхошууны хуралд нэр өгөх, нарийн нандин юмнуудыг асуухаар Бакула ринбүчи багшийгаа залаад ир гэж багш маань хэлнэ. Багш маань өдөр судар харж байгаад “За төдийд ир” гэдэг байлаа. Нэг удаа Зүүнхүрээн дээр Бакула багш арав хоногийн ламрин уншсан. Олон янзын хилэнц нүгэлийн тухай, амны тамхи, хамрын тамхи, архины тухай сургааль айлдсан. Хамрын тамхийг нэг их нүгэл хилэнцгүй л юм боддог байлаа, тэр үед. Хүмүүсийг дуурайж, хамрын тамхи татсаар байгаад шар энгэртэй лам явлаа. “Хамрын тамхи их татах нүгэлтэй юм шүү. Хамрын тамхи их татаж байгаад нас барахад тэр хүний цогцсыг идсэн хорхой шавьж хорддог, газар лус хилэгнэж хорддог юм шүү. Ийм учраас хамрын тамхи нэг их сайн эд биш ээ” гэж багш айлдсан юм. Гэтэл нэг удаа Бакула ринбүчи багш дээр очихдоо алдаа гаргачихлаа. Миний нэг багш маань 100 номын бартай хүн юм л даа. Тэр номынхоо дээжийг хувилаад, надад тав зургаан ном өгсөн. “Үүнийг багшид очоод барьчих” гэсэн. Номыг нь үүрээд очлоо. Номыг нь өгөнгүүтээ хамрын тамхи татаж сурч байсан болохоор өөрийн мэдэлгүй багштайгаа тамхилчихсан байдаг байгаа. Шавь нь багшдаа тамхи барьдаггүй ёстой, бас ламринд суугаад тамхины хорын тухай сонссоныг хэлэх үү, яая даа гээд зовж суув. Харин багш маань мэлмийгээ аньж, хөөргийг маань барьж хэсэг сууснаа буцаагаад өгөхөөр нь багшаас адис аваад, хөөргөө бушуухан өвөртөлчихлөө. Хариад муухай юм боллоо гээд бодоод байлаа. Тэгээд тамхи татсан чинь үнэрлэхийн тоолонгоор найтаалгаад, дургүй хүрсэн. Багш маань намайг хамрын тамхинаас гаргасан юм шүү дээ” хэмээн тэрбээр хуучлав.

Г.МЭНД-ООЁО: МЭГЖИД
ЖАНРАЙСАГ БУРХАНД МЭЛМИЙ НЭЭХ ИХ УВИДАС БИЙ ГЭЖ АЙЛДСАН

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо бас ийнхүү дурслаа.

-1990-1996 онд Монголын Соёлын сангаас санаачлаад Монголын төр түмэн нийт даяараа хандив өргөж, Мэгжид Жанрайсаг их шүтээнийг сэргээн бүтээсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн 1000 гаруй сүм хийд, бурхан шүтээн, соёлын дурсгалыг энэ цагт сэргээн мандуулах билгэдлээр бүтээсэн юм. Яг тэр үед Бакула ринбүүчи Элчин сайд байсан учраас түүнтэй уулзаж, нарийн ширийн юмаа асууж, зөвлөдөг байсан. 26 метр өндөр бурхан бүтээж байна. Мэдэхгүй чадахгүй юм өдөр болгон тохиолдож байна. Та зөвлөгөө өгөөч гээд Бакула ринбүчид эх загварын гэрэл зургийг үзүүлсэн юм. “Мэгжид Жанрайсаг бурханд мэлмий нээх их увидас бий. Монголын ард түмэн та бүхний билэг оюуны мэлмийг нээх увдистай бурхан юм. Маш сайн бүтээх хэрэгтэй, алдаа гаргаж болохгүй, шашны зан үйл нарийн гээд зөвлөгөө өгсөн. Далай багштай холбож өгье, хамгийн сайн зөвлөгөө тусламж үзүүлнэ гэсэн. 1993 оны намар Гандан хийдийн лам Буянбат бид хоёр Дарамсалад очсон. Бакула ринбүчи бидний аялалын хөтөлбөрийг зохицуулж, зочид буудалд хүлээж аваад, Далай багштай уулзах цаг тогтсон байна. Бакула ринбүчи “Далай багшийн уулзалтын хөтөлбөр бүтэн жилээр гарчихсан байгаа. Гэхдээ та бүхнийг хүлээж авах цаг гаргана” гэж хэлсэн. Ингээд Далай ламтай уулзаж, Мэгжид Жанрайсаг шүтээнийг бүтээж байгаа тухайгаа ярихад, олон сайхан үнэтэй зөвлөгөө, ном судар, нарийн нандин зүйлсийг бидэнд өгсөн юм. Мэгжид Жанрайсаг шүтээнийг бүтээн байгуулах их ажил эрчимтэй өрнөж, давхардсан тоогоор Монголын хоёр сая гаруй ард түмэн, айл гэр болгон хувь хандив өргөж, төр засаг дэмжиж, түмэн олноороо эрвийх дэрвийхээрээ хөдөлж, Мэгжид Жанрайсаг их шүтээнийг 1996 оны аравдугаар сарын 27-ны өдөр ард түмэндээ хүлээлгэж өгсөн. Энэ ёслолын хүндтэй зочин Бакула ринбүчи байх ёстой байв. ЭСЯ-наас асуухад “Энэтхэгт ажлаар яваа” гэсэн. Жанрайсагийн дуганы өмнө монголчууд хуран чууллаа. Монгол телевиз гайхамшигтай үйл явдлыг шууд дамжуулж байв. Нээлтийн үг хэлээд тавцангаас буухад Бакула ринбүчи онгоцноос буугаад шууд ирсэн байлаа хэмээн хуучиллаа.

Д.ЧОЙЖАМЦ: БУРХАНЫ ШАШИН АНХ ТОРГОНЫ ЗАМААР ДАМЖИН, МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ НЭН ЭРТ ҮЕД ДЭЛГЭРСЭН

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлэхдээ түүх сөхлөө.

-Монголын их эрдэмтэн Лувсандаян түүхийн “Алтан дэвтэр”-тээ Монгол оронд дэлгэрсэн бурхны шашныг гурав ангилж үзсэн байдаг. Түүний судалгаагаар эртний Энэтхэгийн билэг оюуны гуу сан болсон бурханы шашин анх Торгоны замаар дамжин, Монголын нутаг дэвсгэрт нэн эрт үед дэлгэрсэн гэсэн. Археологийн малтлага болон түүхэн бичвэрүүдээс үзэхэд нэн эртний дэлгэрэлтийн талаар хангалттай баримт нотолгоо бий болоод байна. 2017 онд хийсэн Монгол, Японы хамтарсан судалгаагаар одоогийн Булган аймгийн нутаг дэвсгэрээс бурхан багшийн дүрийн үлдэгдэл олдоод байгаа нь хамгийн сүүүлийн жишээ юм. Түүхийн эх сурвалжид өгүүлсэнээр Чингис хаан Түвдийн Саж ламд хандан “Би хэдийгээр лам таныг залах хүсэлтэй боловч төрийн ажил хараахан цэгцрээгүй байна. Иймд та тэндээс залбирмуй, би эндээс даатгамуй” хэмээн захиал илгээж байсан гэдэг. Энэ бодлогыг залгамжлан дараагийн их хаад бурханы шашныг тэтгэн, улс орондоо сүм суварга олныг босгож байжээ. Бакула ринбүчи Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь бурхны шашинтнуудын хувьд урьдын сайн ерөөлийн биелэл болсон юм. Хэдийгээр тус улсыг төлөөлсөн дипломат байсан ч монголчууд түүнийг Бурхан багшаас шашин ном тэтгэх ам авсан 16 архадын нэг хэмээн бишрэн хүндэлж байв” хэмээн онцоллоо.

Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав илтгэлдээ “Бакула Ринбүчи Монгол төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичиг барихдаа “Сургаал номлол нь тал нутагт дэлгэрсэн Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” гэж хэлснийг нь онцолсон билээ. “Монголын Засгийн газрын хүсэлтээр 1993 онд бурхан багшийн ариун чандрыг Энэтхэг улсаас Монголд түр залахад Бакула ринбүүчийн нэр хүнд, хичээл зүтгэл бүх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол урт хугацаанд шүтэн бишрэх эрхээ хасуулсан ард түмний хувьд олдошгүй завшаан байсан” хэмээн да лам онцлон тэмдэглэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *