Орос, Монголын хооронд харилцан визгүй зорчдог болсноос хойш хойд хөршийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Иргэд наймаа хийхээс гадна, Итгэлт хамба, Байгаль нуур орчмоор аялах, хүүхдээ унаган орос хэл сургах зорилгоор зорчих болсныг албаны хүмүүс ярина лээ. Ийн өдөрт хоёр мянга гаруй иргэн Алтанбулагийн боомтоор гарч байгаа нь Улаан-Үд дэх Консулын газрын албан хаагчдын ажлын ачааллыг нэмжээ. Байнгын оршин суугч гэгдэх мянга орчим хүнд Консулын газар үйлчилдэг байсан бол одоо сард 30-40 мянган иргэн хилийн цаана Буриадын нутгаар зорчиж байна. Хүмүүс 30 хоногт визгүй зорчино гэдгээрээ очсон газраа бүртгүүлдэггүй нь бас зөрчил болдог ажээ. Очсон газартаа долоо хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой аж. Хэрвээ бүртгэлээ хийлгэхгүй бол зөрчилд тооцогдоно. Цахилгаан холбооны салбар дээр очсон ч энэ төрлийн үйлчилгээг хийгээд өгдөг байна. Тэгэхээр Монголын талаас хойд хөршид дүрэм, журам зөрчихгүй байх хуулийн танилцуулгыгхийж өгдөг болох шаардлагатай байгааг иргэд ч тэр, албаныхан ч тэр хэлж байлаа.
Ер нь 1990 оноос хойш монголчууд Эрээн хотыг хөгжүүлсэн шиг одоо Итгэлт хамбын хийд орчмыг хөгжүүлэх төлөвтэй байгаа бололтой. Яагаад гэвэл Итгэлт хамбын шарилыг жилд найман удаа гаргахад хэдэн мянган монгол иргэн очоод өргөл барьцаа харамгүй тавьдаг аж. Харин гадаалуулах ёслолгүй өдрүүдэд цөөхөн ч гэлээ монгол жуулчид тасрахгүй байгаа нь ингэж хэлэхэд хүргэжээ. Тэр ч бүү хэл буриадууд монгол иргэдийг хараад өглөгийн эзэд хэмээн нэрийдэх болсон байна. Энэ нь “Итгэл хамбад мөргөвөл хүссэн бүхэн тань биелнэ” гэсэн жуулчлалын компаниудын худал сурталчилгаатай холбоотой бололтой. Итгэл хамбын хийд дээр очиход “хадаг 150 рубль, арц 20 рубль, өргөлд хэдэн рубль өгөхөө өөрсдөө мэд” гээд өөдөөс тань баахан мөнгө ярина. Энэ бүхнийг авахгүй бол, өргөл өргөхгүй бол таны хүсэл биелэхгүй гээд буриадууд арц хүжнээс эхлээд хамаг л бараагаа шахчих бололтой юм. Үүний зэрэгцээ жуулчлалын компаниуд нь “Итгэл хамбад мөргөсөн өдрөө мацаг барих хэрэгтэй” гээд нэгдсэн аяллаар яваа иргэдийн хоолыг хүртэл зувчуулж дундаас нь мөнгийг нь саах байдал гарсаар байгаа гэнэ. Хэзээнээсээ нэрэлхүү монголчууд багадаа 50-100 мянган төгрөгтэй тэнцэхүйц мөнгийг хийдэд үлдээгээд л явдаг байна. Шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй ч асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ерөөсөө л монголчуудын занданшуулах соёлыг судалж мэдсэн нь Итгэлт хамба байсан гэнэ. Тэгээд өөрийгөө энэ бүхэнд бэлдээд 70 жилийн дараа гаргаж үзээрэй гээд хэлчихсэн нь өнөөдөр түүнийг амьд бурхан гэж хэлэхэд хүргэж байгааг асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг олон ч хүн хэлж байна билээ. “В.Путин өнгөрсөн жил ирж мөргөсөн” гэдэг сурталчилгааны тухайд гэвэлшарын шашинт иргэдийнхээ саналыг татах зорилгыг өвөрлөж ийм алхам хийсэн гэнэ. Түүнчлэн Итгэлт хамбад мөргөх аялалд багтсан хоёр ч иргэн нас баржээ. Нэг нь зүрхний дутагдалд орсон бол нөгөө нь авто осолд өртсөн гэнэ. Энэ явдалд ар гэрийнхэн нь гомдолтой байхад Монголын талын жуулчлалын компанийнхан “Итгэлт хамбад ирж, зорилгоо биелүүлээд буцлаа” хэмээн ил далд ярьж эмгэнэлээр реклам хийж байгаа нь зүйд нийцэх үү гэдгийг ч хүмүүс ярьж байна. Ер нь энэ бүх асуудлыг жижиг гэлтгүй хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгааг Консулын газрын удирдлагууд өгүүлж байв.
УЛААН-ҮДИЙН МАХ КОМБИНАТ НЬ ХААЛГАА БАРИХАД ХҮРЧЭЭ
Монголоос Оросыг зорих иргэдийн тоо ингэж эрс нэмэгдэж Улаанбаатараас Улаан-Үд рүү зарагдсан барааг эргүүлэн ачиж байгаа бол Буриадууд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн, махны төрлийн хүнсийг хүсч байна. Буриад улсад малтай иргэн төдийлөн байхаа больж. Гарын хуруунд тоологдохоор мянгат малчин байснаа бүгд малаа арилжаалаад төвд суух болжээ. Ер нь энэ нутгийн хамгийн олон малтай иргэн л 300 орчим богтой байдаг гэнэ. Үүнээс улбаалаад Улаан-Үдийн мах комбинат түүхий эдийн дутагдалд орж дампуурахад хүрээд байгаа юм байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй монгол малын мах Улаан-Үд орчимд таван жилийн дараа гэхэд саадгүй экспортлогддог болох боломж байгааг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Уг нь Монгол малын махыг авах сонирхол буриадуудад байдаг ч Оросын салбарын бодлогыг тодорхойлогчид гаднаас үнэтэй, эрүүл, аюулгүй гэж тодорхойлогдсон мах нийлүүлдэг нь саад болдог аж. Гэсэн ч зах хязгаарын Буриад зэрэг бүсэд нь махны олдоц тун ховор учраас хоорондоо зөв ойлголцож чадвал нийлүүлээд эхлэхэд эрэлт нь хангалттай байна. Угаасаа Путиныг Монголд айлчлахаас өмнө тэд манай зах зээлийг судалж байсан ажээ. Зөвхөн мах гэлтгүй Монголд үйлдвэрлэсэн адууны махан хиам, элэгний нухаш гээд энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлбэл эрсдэл багатай гэдгийг буриадууд ярьж байна. Ер нь “Та нар хиамаа хилээр оруулаад ирвэл бид бензинээр ч болов тооцоог нь хийнэ ш дээ” гээд инээлдэх. Буриадуудын рублийн ханш нь уначихсан, мах комбинат нь түүхий эдийн дутагдалд орсон гээд манайхаас ч илүү хямралтай дүр ноёлж байлаа. Харин манайхан наймаа хийх, үнэ ханшийг нь судлах зорилгоор хойшоо цувсаар байв.
Л.МӨНХТӨР