ОХУ-ын Сэлэнгийн районд Монгол Улсын иргэдийг зодож, дээрэмдсэн хэрэг гарсан байна. Уг мэдээллийг Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас ГХЯ-нд ирүүлжээ.
ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-ын зайд энэ сарын 14-ний шөнө 22,00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Б.А болон С.А нарыг зорчиж явахад цагаан өнгийн Тоёото харриер маркийн машинтай, өнгөлөн далдлалтын ногоон эрээн хувцастай хүмүүс зогсоож, бичиг баримтыг нь шалгажээ. Улмаар машинаас гарган, тээшийг онгойлгуулж цүнх, гар утас бусад эд зүйлийг аваад дээрэмдэн авсан байна.
Манай иргэн Б.А-г резин сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очиж толгойдоо хоёр оёдол тавиулсан. Эмнэлгээс боолт хийн, амь насанд аюулгүй гээд явуулсан мэдээлэл өгчээ. Одоо манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа гэнэ. Харин гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж буй аж.