Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийг Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомтууд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явах ёстой юм.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.