Categories
мэдээ цаг-үе

Бүхнийг хайрлахыг эрхэмлэдэг иогч гэр бүлд зочиллоо

Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа иогч гэр бүл Х.Батцэнгэлийнхийг онцлон хүргэе. Эднийх Нэгдүгээр сургуулийн урд байрлах хуучны таван давхар байранд амьдардаг юм байна. Биднийг очиход Х.Батцэнгэлийн гэр бүл өглөөний иогийн дасгалаа хийгээд дуусаж байв. Өрөө болгоны хананд байрлах тавиур дээр иогийн ном, судруудыг жирийтэл өрсөн нь содон харагдана. Мөн иогийн дасгал хийсэн, гол усны хажууд бясалгал хийж суугаа өөрсдийнх нь зураг болоод иогийн гайхамшигт гэрэл зургуудыг жаазлан ханандаа өлгөсөн нь сонирхолтой харагдав. Эдгээр номын тавиур, жаазтай зургуудыг энд тэнд бус тавилга, эд хогшилтойгоо зохицуулан байршуулсан нь үзэсгэлэнд ороод ирэв үү гэлтэй. Энэ тэрийг сонирхон үзэж явтал гэрийн эзэгтэй ширээнд сууж, цай уухыг урилаа. Х.Батцэнгэл, А.Болортуяа нар анх 2007 онд учирч гэр бүл болжээ.

Иогч багш Х.Батцэнгэл А.Болортуяа нар

Тэр цагаас хойш өдгөө 11 жил хамт амьдарч, мөн иогийн ухааныг эх орондоо дэлгэрүүлэн, бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан амьдарч яваа иогийн багш хүмүүс аж. А.Болортуяа анх 2002 онд Америкт ажиллаж байхдаа иогийн сургалтад явснаас хойш өдийг хүртэл тасралтгүй иогоор хичээллэж, бусдад зааж, сургаж яваа. Анх иог сонирхож, улмаар иогийн багшийн сургалтад суралцаж эхэлснээс хойш тэрээр бүтэн жилийн хугацаанд нөхрөөсөө өөр хэнтэй ч ярихгүй өнгөрүүлсэн гэлээ. Ингэж суралцаж байхдаа тэрээр Монголдоо очоод иогийн сургалтын төв байгуулна гэсэн хүсэл зорилготой болж. Улмаар эх орондоо ирж зорилгоо биелүүлэн ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм. Х.Батцэнгэлийнх дөрвөн хүүхэдтэй. Саяхан А.Болортуяа “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаалгажээ. Иогч эхнэр, нөхөр хоёроор иогийн дасгал хөдөлгөөн заалгаж суралцдаг шавь нар нь олон. Шавь нар дотор нь улстөрчдийн гэргий, урлаг спортын олны танил эмэгтэйчүүд цөөнгүй байдаг гэлээ. Шавь нар нь хааяа хоёр багшийндаа ирж иогийн талаар санал зөвлөмж сонсоод буцдаг байна. Эднийд иогийн дасгал, иогийн тухай яриа тасралтгүй хөвөрдөг гэв.

Иогийн дасгал хөдөлгөөний уралдаан тэмцээн олон болдог ч энэ хоёр оролцдоггүй. Учир нь иог гэдэг өөрийгөө олох, мөн чанараа мэдэх, аливаа зүйлийг хайрлахын төлөөх сэтгэлийг илэрхийлдэг ухаан. Дан ганц дасгал хөдөлгөөнийг иог гэж хэлэхгүй учраас иогоор уралдуулах, өрсөлдүүлэх боломжгүй гэдгийг онцлон хэлж байлаа. Иог гэдэг чухам юу болох, хүний амьдралд ямар ач холбогдолтойг ярилцан суух гэтэл Х.Болортуяа багш “Иогийг хүмүүст жинхэнэ утгаар нь ойлгуулахын тулд манай сургалтын төв дээр очиж ярилцвал илүү үр дүнтэй болов уу” гэдэг саналыг бидэнд тавив.

Иогч А.Болортуяа багш. Иогийн хүндхэн дасгалаар биеэ халааж байгаа нь

“АСА” циркийн зүүн урд байрлах таван давхар байранд ирлээ. Үүний гуравдугаар давхарт Х.Болортуяагийн сургалтын төв байрладаг аж. Энэ гэр бүлийн хоёр дахь гэр орон болсон иогийн сургалтын төв нь амьдардаг гэрээс нь хэдхэн алхмын зайтай. Монголд орчин үеийн иог хөгжөөд ердөө долоон жил болж байгаа хэмээн тэрээр хэлж байсан юм. Харин сүүлийн үед эмэгтэйчүүдийн турах хүсэл дээр дөрөөлж иогийн буруу сургалт явуулдаг газар олширсон гэнэ. Үүнээс болж хүмүүс иогийг тураах дасгал хэмээн ойлгох болж. Чухам иог гэж юу болох талаар Х.Болортуяа багш дэлгэрэнгүй тайлбарлав.Тэрээр “Иог гэдэг нь нэгдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний бие, бодол сэтгэл, оюун санааны цогц нэгдэл гэж ойлгож болно. Хүний махан бие дотор сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, төсөөлөл ямар ч барьцгүй, зохицуулалтгүй хоосон чанарт оршин байдаг. Өнгөрсөнд болсон тэр муухай бодлыг мартъя, тэр сайхныг нь саная гэдэг зохицуулалтыг хийж болдоггүй. Үүнийг буддын шинжлэх ухаанаар сэтгэл гэдэг. Харин иогоор үүнийг оюун санаа гэнэ. Тэгэхээр тэр хий шиг баригдахгүй байгаа бодол, сэтгэл, дурсамж, төсөөллөө удирдаж сурахыг иог гэж хэлээд байгаа юм. Зөв бодсон хэр нь биеэрээ буруу үйлдэл хийдэг, амаараа өөр зүйл ярьдаг. Ингэж үйл хөдлөл, бодол, сэтгэл гурваа нэгтгэж чадахгүй байгаагаасаа болоод хүний сэтгэл тогтворгүй, анхаарал нь төвлөрдөггүй, юу хүсэж байгаагаа мэдэхээ болчихдог. Орчин үед хүн өөрийгөө олох хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ өөрийгөө олох, мөн чанараа таних хэрэгтэй гэдэг үг тэр бүр монголчуудад хүрдэггүй. Орчин үеийн материаллаг нийгэмд хүн зогсолтгүй ямар нэгэн зүйлийн тухай боддог, санаа нь зовдог. Үүнээсээ болж мэдрэлийн ядаргаа буюу стресс, дарамтад ордог. Бөмбөрийн нүргээн шиг ийм их дуу чимээтэй, хөдөлгөөнтэй нийгэмд хүн амар амгалан, тайван амьдарна гэдэг хэцүү. Тэгэхээр хүн юунд ч санаа зовохгүй, сэтгэлээ тайван байлгаж, амар амгалан амьдрахын тулд иог хийх хэрэгтэй. Суурин амьдрал, хотжилт ихсэх тусам хүмүүс иогоор зайлшгүй хичээллэх шаардлага үүсэж байдаг. Буддын үзлээр бодь сэтгэлтэй буюу сайхан сэтгэлтэй байх, бүх юмыг хайрлахыг иог гэж тайлбарлаж болно. Ер нь иогийг ганц үгээр тайлбарлана гэдэг хэцүү” гэв. Иогоор хүний биеийн анатомийг дотогш нь тав хувааж үздэг байна. Хамгийн гадна талын давхарга буюу нэг дэх нь хүний махан бие гэнэ. Үүнийгээ барьж, хянаж, харж болдог нь ойлгомжтой. Хоёр дахь нь энергин бие. Хүний биеийн дотор энерги таван янзаар хөдөлдөг байна. Хэрэв аль нэг хэсэгт энерги хөдлөхөө больчихвол тэр орчимд өвчин үүсдэг гэнэ. Тиймээс энергин биеэ зөв авч явахын тулд хүн эрүүл орчин, цэвэр агаарт амьдрах ёстой аж. Харин гурав дахь давхарга нь оюун санааны буюу бодлын давхарга гэнэ. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж орсон бүх мэдээлэл тархинд цуглардаг байна. Ингээд үй түмэн бодол тархинд эргэлддэг аж. Замбараагүй олон бодлоо зохицуулж, цэгцлэхийн тулд бясалгал хийх шаардлагатай гэв. Амьсгал, таван мэдрэхүйгээ мэдэрч анхаарлаа нэг цэгт төвлөрүүлж чадсанаар бодлуудаа захирч чаддаг аж. Ингэснээр ухамсрын үүд хаалга нээгддэг байна. Энэ бол дөрөв дэх давхарга гэв. Ихэнх хүмүүс тэрхүү ухамсартаа хүрж чадалгүй наагуурх бодолдоо захирагддаг байна. Ингэснээр шуналын бодол орж ирвэл аливаа зүйлд илүү шунаж түүнийхээ төлөө явдаг. Хулгай хийе гэсэн бодол орж ирвэл шууд л хулгай хийчихдэг. Энэ нь тухайн хүн ухамсартаа хүрч чадахгүй, бодолдоо захирагдаад байдгийн илрэл гэнэ. Тиймээс ухамсарт заавал очих хэрэгтэй. Тийшээ очихын тулд иог хийх хэрэгтэй гэв. Харин тав дахь давхарга буюу иогийн цөм нь ертөнцийн бүх зүйлийг хайрлах нүдээр харж, сэтгэл нь үргэлж аз жаргал, баяр баясгалангаар гэрэлтэж явдаг бодь сэтгэлтэй болдог байна. Ийм хүнийг буддын сургаалд гэгээрсэн хүн гэж хэлдэг ажээ. Тиймээс иог хийдэг хүн тухайн улсын хүн амынх нь 30-40 хувьд л хүрвэл улс орны хөгжил дээшилж, нийгмийн гаж буруу үзэгдэл алга болох боломжтой гэх судалгаа ч байдаг байна. Харин манай улсын хүн амын ердөө 10 хувь нь л иогоор хичээллэж, иог гэдэг зүйлийг сонсож, мэддэг гэсэн судалгааг А.Болортуяа хувьдаа гаргажээ. Гэхдээ энэ тоон үзүүлэлт нь манайх шиг хүн ам цөөн улсад харьцангуй өндөр үзүүлэлт. Тиймдээ ч бусад дайн дажинтай улсууд шиг Монголын нийгэм тийм ч уруугаа орчихоогүй гэв.

ХҮН ЭРҮҮЛ БАЙХ ЭСЭХ НЬ СЭТГЭЛ, ОЮУН БОДЛООС ХАМААРДАГ

Бид хоёрыг ийн ярилцаж байх зуур өдрийн иогийн дасгал хийх цаг болсон байв. Эдний сургалтын төв дөрвөн өрөө бүхий тасалгаатай. Мөн Х.Батцэнгэлийн гэр доторхтой адил ханаараа уран нугараачид шиг дасгал хөдөлгөөн хийж буй иогчдийн зураг өлгөөстэй харагдав. Иог хийх танхим нь саруулхан, гэгээтэй. Танхим дотор хоорондоо нэг алхам зайтай суусан хүмүүс аниргүй орчинд амьсгалаа мэдэрч аажуу тайвнаар гар, хөлөө хөдөлгөнө. Ийм маягаар хүмүүс иогийн дасгал хийж, өдөрт өөртөө ганцхан цаг зарцуулснаар эрүүл амьдрах боломжтой хэмээн Х.Болортуяа ярилаа. Тэрээр “Хүний эрүүл байх нь сэтгэл, оюун бодлоос эхэлдэг. Буддын ухаан, ямар нэгэн шинжлэх ухаан, амьдрах ухаанаас иог нь дасгал, хөдөлгөөнтэйгөө бодлоо нэгтгэж, мөн чанараа олдгоороо ялгаатай. Орчин үеийн хүмүүс ямар ч хөдөлгөөнгүй амьдардаг. Бүх зүйл нь бэлэн. Бүх зүйл нь автомажсан, машинжсан. Гэтэл хүн хөдөлж байж биеэ цэвэрлэх шаардлагатай болдог. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж хүн эрүүл байна. Мөн сэтгэл нь амар амгалан болно. Тэгэхээр иог хийснээр хүн идэвхтэй хөдөлгөөн хийгээд зогсохгүй сэтгэлийн амар амгаланг олох боломжтой юм. Хүний сэтгэл муу зүйл рүү татагдахдаа амархан. Сэтгэлийг гурван төрөлд хувааж болно. Мунхаг сэтгэл, уур хилэнтэй сэтгэл, шуналын сэтгэл гэж. Энэ гурван сэтгэл бие дотор байнга байгаад байвал хүний энергийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. Хүний сэтгэл муу болоод энерги нь тэнцвэргүй байвал үйлдэл нь муу болдог. Мөн сэтгэл гэдэг энерги. Тэр энерги хүний эс болгонд шингэсэн байдаг. Муу энерги эс болгонд үүрлээд ирвэл янз бүрийн өвчин, хавдар үүсдэг. Ингэхээр хүн өөрийгөө гадна талаас нь эмчлэх гэж оролддог. Угтаа тэрхүү өвчин хүний сэтгэл, оюун санаанаас болдог. Тиймээс оюун санаа, бодол сэтгэлээ удирдаж сурахын тулд хүмүүст иог зайлшгүй хэрэг болно” гэв. Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй, эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй. Иогоор хичээллэснээр төгс биеийн галбиртай болохоос гадна стресс, нойргүйдэл арилах аж. Мөн хүний бие уян хатан болж, хөдөлгөөний дутагдлаас ангижрахад чухал нөлөө үзүүлдэг. Цаашлаад амьсгалын тогтолцоо сайжирч, амархан ядарч нозоорохоо больдог байна. Эмэгтэй хүн иогоор хичээллэж эхэлсэн насан дээрээ царай зүс, бие организм нь тогтдог. Илүү овор багатай, залуу харагддаг юм байна. Учир нь дотроосоо бодисын солилцоо нь залуу хүнийх шиг болдог гэдгийг хэллээ.

Иогийн үндсэн бэлтгэл эхэллээ

ИОГ ХӨНГӨН ДАСГАЛ, ЗӨВ АМЬСГАЛАХААС ЭХЭЛНЭ

Иог сурахын тулд эхлээд хөнгөн дасгалаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл бодол сэтгэлээ удирдаж сурах эхний арга зам нь дасгал гэнэ. Иогийн дасгал хийснээр хүн өөрийнхөө биеийг мэдэрч, таньж эхэлдэг. Дараа нь амьсгалаа мэдэрч сурдаг. Энэхүү мэдэрч чадаж байгаа амьсгалаараа дамжуулж бодол сэтгэлээ удирдаж сурдаг байна. Тиймээс иог хийх, хийж сурах нь нэг сар байтугай нэлээд олон жил зарцуулагддаг гэв. Гэхдээ иогоор нэг жил тууштай хичээллэвэл үргэлжлүүлээд гэрийн нөхцөлд сураад байх боломжтой юм байна. Иогоор хичээллээгүй хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг. Харин иогоор хичээллэсэн хүн бусдын төлөө амьдардаг гэдгийг иогч гэр бүлийнхэн онцлов. Тиймээс Х.Батцэнгэлийн гэр бүл цаашдаа хүн бүрийг иогоор хичээлүүлэх, иогийн ухааныг зөв талаас нь ойлгуулж, мэдрүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа гэсэн юм.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *