Эрх баригч МАН-ын зүгээс УИХдахь АН-ын бүлэгт дөрвөн сайдын албан тушаал амласан гэж зүйл яригдаад удаж буй. Үүнд, Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаал нэмж С.Одонтуяаг, Боомт хариуцсан сайдаар Ш.Адьшааг, Эрүүл мэндийн сайдаар Ц.Тувааныг, Байгаль хот байгуулалтын сайдын албан тушаалыг Н.Ганибалд өгөхөөр амласан гэх. Гэвч эл томилгоо одоо хүртэл хийгдээгүй байна. Ер нь АН-ын бүлгээс эрх баригчдыг бүхий л тал дээр дэмжиж ирсэн учраас Засгийн газарт Шадар сайд, Боомтын сайд, хоёр яам авна гэсэн горьдлоготой байсан нь лавтай. Өнөөдрийг хүртэл Боомтын сайдаар ажиллах нэгэн тодроогүй байна. АН-д амласан дөрвөн сайдын албан тушаал АН-ынхныг улам бүр эвдрэлцүүлж хагаралдуулсан. Угтаа МАН-ын зүгээс тэдэнд АН-аа цул болгоод нэгдэж нийлүүлээд ороод ир гэсэн юм билээ. Тэд дотооддоо хөлөө жийлцэхээс сайдын суудлаа эв найрамдалтайгаар хуваарилж чадсангүй. АН-ынхан сайдын сургаар л хоорондоо суудлаа булаацалдаж зодолдож эхэлсэн. Эвлэлдэн нэгдэн нийлэх нь бүү хэл улам тарж унахдаа тулсан.
Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн хоёр удаагийн нэмэлт, өөрчлөлт, давхар дээлтэй сайдуудыг нэмэхээс эхлээд олон зүйл дээр МАН-ыг дэмжиж ирсэн. Ер нь МАНөөрт ашигтай акцуудыг хийхийн тулд УИХдахь АН-ын бүлгийн гишүүдийг ашигладаг болоод удаж байгаа. Тухайлбал, АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа, Н.Ганибал нар “Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд гомдол гаргасан. Цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүх сайдууд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн. Энэ бол эрх баригчид АН-ыг нэг акцдаа л ашигласан хэрэг. Мэдээж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тал дээр АН-ын бүлгийн дэмжлэгийг ашиглах байх. Ер нь эрх баригчид дараа дараагийн удаа УИХдахь АН-ын бүлгийг акцууддаа хэрхэн ашиглахаа тодорхойлчихсон л суугаа. Эцсийн мөчид АНдотооддоо алалцаад “Бухын юуг харж үнэг турж үхнэ” гэдэг шиг л болж байна.