Categories
мэдээ үндэсний-бөx

Бөхийн барилдааны хоёрын давааны тойм

Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, О.Балжинням, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нараар ахлуулсан 512 бөх зодоглож байна.

Бөхийн барилдааны нэгийн даваанд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн олон улсын хэмжээний мастер аймгийн харцага Ө.Батзул Өмнөговийн сумын заан Пүрэвбаатарын хөлд нь суух гээд хөндлөн дайруулчихав. Мөн дархан аварга Д.Дамдингийн ач, улсын гарьд Баяраагийн хүү аймгийн харцага Төрмагнайг жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Мөнхжаргал араар нь хашиж мордоод тэнгэр харуулчихав.

Хоёрын давааны эхэнд арван жилийн өмнө төрийн наадмын түрүү бөхөөр тодорч байсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын харьяат улсын арслан До.Ганхуяг жүдо бөхий үндэсний шигшээ багийн гишүүн олон улсын хэмжээний мастер Г.Алтанбаганатай таарч тойруулж шахаж татсан ч өөрөө өрсөөд өвдөглөчих нь тэр. Дараахан улсын заан Д.Бумбаярыг Архангайн аймгийн начин Б.Чинбат хөнтрөөд өвдөглүүлчихэв. Эрийг нас, уулсыг цас гэж цагтаа цалгиж аархаж явсан хүчитнүүд залуусынхаа хөлийг гүйцэхэд хүнд болсонэ харагдана лээ.

Энэ даваанд дээгүүр барилдах тааварт байсан өөр нэг бөх өвдөг шороодсон нь улсын харцага Хүрэл-Очирын Гантулга. Өнгөрсөн оны наадмын тавын даваанд тунаж явсан харцага маань Архангайн аймгийн харцага Будаагийн Батсайхантай удтал хүч үзээд барсангүй. Мөн улсын гарьд Б.Гончигдамбаар начин цолоо баталж байсан аралтай бяртай начин Ч.Батчулуун энэ даваанд Хэнтийн Дэлгэрхааны аймгийн харцага Д.Аззаяаг дийлсэнгүй. Барьц сонгуулаад мордуулж унасан юм. Лутын Батзориг, Болдпүрэвийн Сугаржаргал, Лхагвасүрэнгийн Шинэбаатар нарын начингууд хоёрын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал, аймгийн заан Э.Энх-Амгалан, аймгийн арслан Б.Баянмөнх нарт тахим буулгав.

Хоёрын давааны төгсгөлд улсын цолны төлөө зүтгэж буй залуучууд хоорондоо оноолт таарсан нь бөх сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байсан. Сонсоход ч халгамаар оноолтууд хэд хэд дуулдсан шүү. Өнгөрсөн жилийн турш аймаг цэргийн цолтнуудын барилдаанд босоо байсан Баянхонгорын Н.Золбоо энэ даваанд нутгийн хүчтэн цэгийн шинэ арслан Ганзоригийн Жамбалдоржтой оноолт таарч зүүн хөлд нь орж дэрлээд давна лээ. Хэдхэн хоногийн өмнө Налайх дүүргийн баяр наадамд түрүүлсэн аймгийн арслан Б.Түмэндэбэрэл Увс нутгаас улсын цолд зүтгэж буй гол бөхчүүдийн нэг Цэ.Мөнхбаяртай нугарч зүүн золгооноос татаж хавираад хялбархан даваа авав. Мөнхбаяр арслан өмнө нь Түмэндэмбэрэлд хэд хэд өвдөг шороодож байсан болоод ч тэр үү барилдаан гаргаж чадалгүй тахим буулгав. Улсын цолны тааварт орсоор 10 хэдэн жилийн нүүр үзэж буй аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар энэ даваанд Сэлэнгийн үлэмж биет Н.Баярбаатартай оноолт таарч илүү хөдөлгөөн хийлгүй барьц сонгохд аз нь шовойж туг тойрно лээ. Өнөө жил начны тааварт байсан Говь-Алтан аймгийн арслан Т.Сайханжаргал Ховдын Нямпүрэвийн Батсайхан арслантай таарч наадмаа өндөрлүүлэв. Алтайн өөр нэг найдвар Ж.Алтаншагай өнгөрсөн жилийн наадмын гол дуулианы эзэн Галсан-Очирын Ганжадыг давна дээ. Баян-Өлгийнхний найдвар Н.Мустафа арслан Баянхонгорын Загийн цэргийн арслан Д.Цэрэнтогтоход унасан бол хурц арслан У.Бреке, М.Эркебулан нар нь даваа авсан юм.

Улсын цолны тааварт буй арслангуудаас Баянхонгорын Б.Эрдэнэхүү, Завханы Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, Хөвсгөлийн Б.Даваа-Очир нар даваа авсан бол Өвөрхангайн Ж.Наранбаатар, Хөвсгөлийн Б.Хаш-Эрдэнэ, Ховдын Д.Бадамгарав, нарын шилдгүүд ирэх наадмыг хүлээхээр болж байна.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *