Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөнө. Мөн тус ойн хүрээнд Монголын хүүхэд, залуучуудын анхны дуунуудын нэг “Бүхий олон багачууд”-ыг эгшиглүүлэх аж.
Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.
Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.
Монголын хүүхдийн байгууллага нь,
- 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
- 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
- 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
- 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр ажиллаж байгаа юм.