Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Бөх нь найраагүй, морь нь будлиангүй сумын наадам

Наадам дөхөөд ирэхээр “Ай даа, сумын наадам ч сайхан шүү” гэх үг хүн бүрийн л амнаас гардаг. Ер бишийн сайхан болдог сумын наадам дээр өнжихөөр Төв аймгийн Батсүмбэр сум руу явлаа. Өнөө жил тус сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой нь. Тиймээс гурван өдөр дэлгэр сайхан наадахаар болжээ. Наадмын нээлт өнгөрсөн баасан гаригт болсон юм. Хөтөлбөр дээр 10 цагт нээлт болно гэчихэж. Улсын наадам шиг яг цагтаа эхлэх байх гэж санасаар хүрээд очлоо. Улаан юбка, цагаан богино цамцаар ижилссэн хүүхдүүд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн голд гүйлдэж байна. Тэднийг чанга яригчаар удирдах ажээ. “Нэг хоёр, нэг хоёр. Арын эгнээнийхэн яагаад зөрөөд байгаа юм бэ” гээд л. Тэгсэн нээлтийн бэлтгэлээ хийж байх нь тэр. Нээлтээс хоцорчихлоо гэж сандраад байтал эхлээгүйгээр барахгүй, дөнгөж бэлтгэлээ хийж байдаг байгаа. Таарсан хүмүүсээс “Нээлт 10 цагаас гэсэн биз дээ. Хэзээ эхлэх юм бол” гэж асуутал “Тэгж байгаад эхлэх байлгүй дээ” гэж байна. Цагаа барьсангүй гэж бодож байгаа ч хүн алга. Морио унах нь унаад, явган алхах нь алхаад хуушуурын гэр хэссэн шигээ явах ажээ. 

Эндхийн хуушуур 1000 төгрөг гэнэ. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуурыг бодвол мах багатай. Ёстой нөгөө нар, сар нь гэрэлтэж байна. Уг нь хөдөөний хуушуур мах ихтэй байх болов уу гэж бодож байв. Гэхдээ амт сайтай юм билээ. Хуушуур эргүүлж байгаа хүмүүс аль байдгаараа гоёчихож. Хаашаа л харна шинэ дээл өмссөн хүмүүс. Залуус, багачууд нь ч гэсэн голдуу дээлтэй, эс бөгөөс монгол цамцаар гангарчээ. Хуушуурын гэртэй хаяа нийлэн суух наймаачид ус ундаанаас өгсүүлээд гутал, цамц, өмд, үсний хавчаар, нарны шил гээд есөн жорын бараа зарж байна. Ганц зуны настай хөнгөн шаахай таван мянган төгрөгөөс эхлэх жишээтэй. Түүний хажуугаар залуусын сонирхлыг татах хөгжөөнт тоглоомууд ч бий. Турникнээс зүүгдээд хоёр минут тэсэж чадвал 10 мянга, гучин секундын дотор бүтэн жигнэмэг идэж чадвал 15 мянган төгрөгийн шагналтай зэрэг зүйлээр залуусыг өрсөлдүүлж байв. Мөн морьтой залуусын дунд давхилтан дундаа нум сумаар харвах тэмцээн зохиож байсан. 

Батсүмбэрийн цэнгэлдэх хүрээлэн сумын төвийнхөө зүүн урдхан. Сумын 90 жилтэй холбогдуулан зам засварын ажил явагдаж буй тул морь уралдах газраа цэнгэлдэхээс 10 гаруй км-ийн цаана болгожээ. Сумын наадам дээр урагшаа харж суун бөхөө үзээд, хойшоо харахад морио үзчихдэг гэж ярьдаг. Тэгвэл Батсүмбэрчүүд бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалж морь барианы газраа хээр гаргажээ. Урьд нь цэнгэлдэхээ тойрон наадаад сурчихсан сумын төвийнхөн хурдан морины уралдаан үзэх гэж шороон замаар арван км давхиснаас хуушуур эргүүлээд байж байя гэлцэж байв. Хөтөлбөр дээрээ 10 цагаас эхэлнэ гэсэн нээлтийн ажиллагаа 13 цаг өнгөрч байхад эхлэв. Яарч байгаа, цагаасаа хоцорчихлоо гэж санаа зовж байгаа ч хүн алга. Цагт баригдахгүй, айвуу тайвуу байх нь сумын наадмын нэг онцлог ажээ. Ингээд төрийн есөн хөлт цагаан тугийг дуурайлган хийсэн цагаан сүлдээ залж, төрийн дуулал эгшиглэснээр наадмын нээлтийн ажиллагаа эхлэв. Батсүмбэрийн Засаг дарга Д.Ганбаяр сумынхандаа баяр хүргэж үг хэлсний дараа төрийн далбаа, Төв аймгийн хүндэт далбаа, Батсүмбэр сумын хүндэтгэлийн далбааг залан оруулж ирэв. Гурван далбааг тус сумын алдартай есөн хүн барьжээ. Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан, аймгийн харцага Б.Жавхлансайхан, спортын мастер Д.Баттулга, аймгийн заан Б.Цэцэнтунсаг, улсын аварга фермер О.Лхагважав, аймгийн аварга механикжуулагч Д.Бямба, улсын аварга саальчин Ц.Цэцэгмаа нарын хүмүүс хүндэтгэлийн далбааг мандуулж байв. Залгуулаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран гимнастикийн үзүүлбэр, албан байгууллагууд оролцсон баярын жагсаал, ардын бүжиг, уртын дуу зэрэг урлагийн үзүүлбэрээр нээлтийн арга хэмжээ үргэлжилсэн. Нээлт үзэж суугаа хүмүүс харин нэгнийхээ өмссөн зүүснийг ярилцан хоорондоо шивэр авир гэлцэж буй нь сонсогдоно. “Үйтэн хуаран дээр цагаан малгай ёстой зохидоггүй юм байна”, “Би шинэ дээл хийлгэж өмсөх гэсэн чинь амжсангүй. Аав ээж хоёрт дээл хийлгэж өгөөд өөрөө хоосон хоцорлоо”, “Нээлт сайхан болж байна шүү. Хотоос найруулагч авчирсан гээд байсан, овоо доо” гэхчилэн эргэн тойрны хов живийг базан суух ажээ. Цаг гаруй үргэлжилсэн нээлтийн дараа хүчит бөхийн нэгийн даваа эхэлсэн юм. Түүхт 90 жилийн ойд 128 хүчтэн зодогложээ. Аймгийн хурц арслангуудаас гадна улсын цолтнууд ч ирж. Монгол Улсын гарди Б.Гончигдамба зүүний магнайг, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу барууны магнайг тэргүүлжээ. Нэгийн давааг эхлүүлчихээд цэнгэлдэх хүрээлэн тойрлоо. Жаахан хүүхдүүд 3500 төгрөгийн үнэтэй цаасан шувуу авахуулан энд тэндгүй нисгэнэ. Зарим нь өндөрт хөөргөж чадахгүй морь мал үргээн томчуулд загнуулж байв. 

Бас ганцаараа суугаад жолоодож явдаг тоглоомон машин түрээсээр унуулж байлаа. Таван минут нь 2000 төгрөг гэнэ. Ер нь энд байхгүй юм алга. Яг л төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа наадмын өдрүүдэд ямар байдаг билээ. Яг л тийм. Морьтой залуус харин тэдэн дээр нэмэгдэнэ. Сумын төвд амьдарч байгаад сургууль соёлын мөр хөөн нутгаасаа холдсон оюутнууд ёстой нэг дураараа дургиж байна. Анги  хамт олноороо нийлэн морьтой давхилдаад л. Хөвгүүд нь бүрх малгайтай, охид нь ганган дээлтэй. Чанга чанга инээлдэх морьтой залуусын хөлд дарагдчихгүйн тулд  наадамчин олон холуур тойрон өнгөрөх ажээ. Ингэж тойрч явахдаа дахиад л хуушуурын гэрийн дэргэд ирэв. Үдээс хойш наадамчин олны захиалгаар бууз хийгээд эхэлчихэж. Хонины махтай бууз 800 төгрөгийн үнэтэй. Бууз, хуушуур захиалвал сүүтэй цай үнэгүй дагалдана. Бас айраг бий. Нэг аяга нь 1000 төгрөг. Литрээр нь авбал 3000 төгрөг ажээ. Хуушуур идэхээр ширээ тойрон суугаа хүмүүс нэгийгээ сураглан чих тавина. “Баатаржавын хүү өнгөрсөн жил цэрэгт яваад ирсэн гэж дуулдсан. Өнөөдөр барилдаж байгааг нь харлаа. Сайхан залуу болжээ”, “Сүрэнгийн ах дүү нар хотоос ирчихсэн, хуушуур хийж байгаа гэсэн. Төрсөн сумандаа барагтай бол ирдэггүй атлаа хуушуур хийж мөнгө олох болохоор бөөн бөөнөөрөө ирсэн байна лээ”, “Дашбалжирын авгай шинэ дээл оёулж байгаа гээд л сагсуураад байсан. Өнөөдөр биеийн тамирын хувцастай явж байх чинь билээ” гэх мэтээр нүдэнд харагдсан бүхнээ сонин болгож ярина. Мөн таарахгүй удсан хүмүүс бие биенээсээ ажил сураглаж байв. Батсүмбэр сумынхан хотод сургууль төгсөөд ирсэн залуусыгаа ажлын байраар хангах бодлого баримталдаг гэнэ. 

Нутаг орныхоо залуусыг дэмжихийн тулд, сургуулиа төгсөөд ирэхээр нь ажилтай, орлоготой болгохын тулд ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр санаачилжээ. Тиймээс ч сүүлийн хоёр жил сумаа зорьсон залуус нэмэгдэж байгаа гэнэ. Харин залуусыг олноор ажилд авч байгаагаас тэр үү дөч хүрч буй хүмүүст ажил олддоггүй тухай сумынхан ярьж байлаа. Гэхдээ сумандаа мод тарих аян эхлүүлсэн учраас хаврын улиралд суулгац суулгах, эсвэл газар шорооны ажил мэр сэр гарч ирдэг болжээ.  

Хурдан морины уралдаан цэнгэлдэхээс зайтай, бас эхний өдөр дөрвөн ч нас уралдчихсан учраас морины уралдаан үзэж чадсангүй. Тод манлай уяач Ц.Батсайханы хоёр, гурван ч морь айраг, түрүү авсан сурагтай. Түрүү морийг гурван сая төгрөгөөр байлсан гэж байна. Харин морьдоо түрүүлгэсэн унаач хүүхдийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдовын “Цагаан нуга” амралтад долоо хоног амрах эрхийн бичгээр урамшуулжээ. Харин хүчит бөхийн барилдаан өдөртөө болоод өнгөрөв. Бөх тайлбарлагчийн дэргэд зарим нэг залуус ирж нэрээ хэлээд “Ахаа, би хэнтэй таарсан бэ” гэж учраагаа асууж байна. Амласан бөхийнх нь нэрийг хэлэхээр “Өө, намайг амалчихаж байгаа юм уу” гэж хэлээд бөх тайлбарлагчид загнуулаад буцаж байв. Амьхандаа гайгүй цолтой хүнд амлагдаад хэд давчих санаатай. Харин найраа хөөрөө байхгүй болсон гэж бөхчүүд ярих юм билээ. Дөрөв, таван жилийн өмнө сумын заан хүртэл шөлний хонь л гэж ярьдаг байсан гэнэ. Одоо харин бөхчүүд өөрийн хүчээр цолоо нэмүүлэхийг эрхэмлэдэг болжээ. Энд харин давсан бөхөд давааны хэрээр мөнгөн шагнал олгодог юм байна. Нэг давбал 9000, хоёр давбал 13500, гурав давбал 16000 гээд л. Даваа өгсөх болгонд шагналтай. Түрүү бөхийг мотоциклиор байлсан гэсэн. 

Гурвын давааны дараа сумын наадамд түрүүлж, айрагдсан хурдан морины цолыг дуудаж, шагнал гардуулахаар болов. Энэ үед наадамчин олон ямар ч хаалтгүйгээр цэнгэлдэхийн дэвжээ рүү ороод ирэх юм. Морины хөлсийг авч духандаа хүргээд л. Хажууд нь зогсож зургаа авахуулаад л. Ер нь сумын наадамд элдэв хориг саад байхгүй, цагдаа цэргээр захиргаадуулахгүй эрх дураараа нааддаг болохоор сайхан байдаг бололтой. Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах гэж цаг гаруй юм болов. Түрүүлсэн морины эзэд хамтдаа зургаа авахуулна, тэднийг таньдаг хүмүүс зэрэгцэн очиж баяр хүргэнэ гээд л. Бөхчүүдийг барилдах газаргүй болгосон цаг гаруйн дараа сая нэг дөрвийн даваа эхлэв. Сүүлийн даваануудын барилдаан тэгтлээ удсангүй. Гарлаа, давлаа гэдэг шиг л хурдан барилдчих юм. Бөхийн давааны дундуур харин тус сумаас төрөн гарсан алдар цуутай хүмүүс есөн хөлт цагаан тугийн дэргэд зургаа авахуулж байлаа. Ингээд долоогийн даваа дуусаж түрүү, үзүүрийн бөх тодорчээ. Улсын гарди Б.Гончигдамба түрүүлж, аймгийн арслан н.Дамба үзүүрлэжээ. Бөх дуусахтай зэрэгцэн гэгээ ч тасрав. 

Тав, арвуулаа нийлсэн залуус орой болох шоуг хүлээн энэ тэрүүгээр хөлхөнө. Сумын наадам, тэр дундаа тэгш ойтой жилийн наадам уулзаагүй удсан хүмүүсийг уулзуулдаг. Төгсөлтөөрөө, ангиараа, найз нөхдөөрөө, хамт ажиллаж байснаараа нийлэн хууч хөөрсөн хүмүүс оройн шоуг алга ташсаар байгаад цагаас нь өмнө эхлүүлэв. Транс, диско ая нүргэлэн наадамчин олныг хөгжөөх ажээ. Шоу эхэлснээр сумын наадам ч өндөрлөв. Нэг л ер бишийн юм сумын наадмын үеэр болдог мэт сэтгэгдэлтэй очжээ. Бага насны гэгээн дурсамжтай холбоотой болохоор төрсөн сум нь хэний ч сэтгэлд эрхэм байдаг байх. Бас хүүхэд ахуй цагийн хөгжөөнт өдрүүдээ эргэн дурсах боломж олгодгоороо сумын наадам сайхан байдаг байх нь.

С.ЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *