Тавдугаар сарын 3,4-нд Улаанбаатар хотноо ЕБС-ийн математикийн УАШТ болж өнгөрсөн юм. Нийт 36 багц медаль дээр хот хөдөөнөөс шалгарсан 400 гаран тоондоо сайн багш, сурагчид өрсөлдлөө. Багийн дүнгээр Улаанбаатар хот түрүүлсэн байна. Хөдөөнөөс ирсэн аймгуудаас нэг багш, хоёр хүүхэд медаль авсан, мөн тэмцээнд оролцогчдын арав орчим хувь нь эмэгтэйчүүд охид байсан зэргийг сонин болгож ярьсан нь өөрөө сонин байлаа. Тэгэхнээ охид онц сурдаг, даалгавраа ягштал хийдэг, бас ухаантай. Гэвч шинжлэх ухаануудын хаан хэмээх математик дээр дэггүй банди нарын анзаанд сэтгэлгээгээрээ дөхөж очсон удаа тун ховор аж. Тоо бодоход бяр чадал дутлаа, жендерээр ялгаварлалаа гэлтэй нь биш. Эмэгтэйчүүдийн хувьд энэ тал дээр жаахан шарааны юм болдог тал бий. Хүний эрх, эмэгтэйчүүдийг угаасаа дорд үзсээр ирсэн Хятад зэрэг оронд тоо физикийн уралдааныг эрэгтэй эмэгтэй гэж хоёр ангилж өгдөг гэсэн шүү.
-Хүүхдийн дунд явагддаг урлаг, спорт ямарваа тэмцээн уралдаан дээр хөдөө орон нутгаас ирэгсэд хотынхноос ер дутахгүй голдуу илүүрхэж чаддаг атлаа аанай л “мать” гэхээр нурмайгаад явчихдаг бичигдээгүй уламжлал байна аа. Оюун ухааны “Манзушир” бурхныг өвөртөө залсан Богд ууланд нь учир байдаггүй л юм бол бодлогын хариуг олоход хот хөдөөгийн газарзүйн байршил энд хамаагүй л баймаар. 50 жил тоогоор уралдахад бараг бүгдэд нь Улаанбаатар баг түрүүлсэн юм гэхчив. Монголын математикийн олимпиад \ММО\ гэж явагддаг болоод өнөө жил хагас зуун жилтэйгээ золгож байгаа юм байна. Энэ хугацаанд одоогийн эрхэм гишүүн Р.Гончигдорж зэрэг цөөн хэдэн хүүхэд л хөдөөнөөс орж ирж амжилт үзүүлсэн сонин статистик гардаг.
Энэ сарын эхээр болоод өнгөрсөн ММО-д хамгийн гэгдэх амжилтуудыг үзүүлсэн гурван багштай уулзаж жаал жуул ярилцсанаа толилуулж байна. ММО-д хамгийн олон түрүүлж \Тав түрүүлсэн\ бөхөөр бол дархан аварга болоод байгаа Б.Баяржаргал энэ удаа медальгүй хоцорсон ч нэг бодлогын хариуг гайхалтай уран аргаар бодож олсон нь сонирхогчдынхоо дотоод ертөнцөд дуулиантай явдал болжээ. Үзэгч сонирхогч байдаггүй энэ уралдааны “уран гоё”-оос нь хэвлэл дээр учир начрыг нь олж нийтлэх байтугай шивэх шрифт фонт ч маний компьютерт алга. Б.Ганбилэг багшийн хувьд хоёр өдөр өрсөлддөг тэмцээний нормт зургаан бодлогоос хамгийн олныг буюу 3,5 бодлогыг зөв бодож нийт багш сурагчдын дундаа аваргуудын аваргаар шалгарч, зохион байгуулагчид, тэмцээнийг ивээн тэтгэгч нарын зүгээс “СЕЙКО” цаг, ухаалаг гар утас, сая төгрөгийн бай гээд хөөрхөн шагналын хур буулгаад авсан гэнэ шүү. Ганбилэг бас Баяржаргалын амжилтыг энэ жил гүйцэж ирснээр адилхан ММО-ийн таван түрүүтэй болж, энэ хоёр багш Монгол тооны зүлэг цагаан, дөрвөлжин шугамтай дэвжээний зүүн барууныг магнайлах эрэмбэтэй болжээ. Цаана нь улсад дөрөв түрүүлсэн хоёр багш байгаа гэсэн.
Харин Б.Ганбат гээд ноднин Их сургуулийн онолын математикийг дүүргэсэн хүү сая хүрэл дээр бууж хамгийн залуугаараа медальд хүрсэн багш номинацид багтажээ. Одооны их дээд сургуульд элсэн орж буй хүүхдүүд дөрвөн жилийн дараа бараг бүгдээрээ яаж ийгээд дипломоо өвөртөлдөг бол МУИС-ийн “Онолын мать” тийм биш гэсэн. Ганбаттай хамт элсэн орсон тавин хэдэн хүүхдээс хичээлээ дийлэхгүй хасагдсаар арав хүрэхгүй нь төгссөн нь энэ ангийн хувьд гайхаад байх юм биш аж. Дашрамд дурдахад эдгээр гурван багш нэг дор буюу математикийн гүнзийрүүлсэн сургалттай хувийн хэвшлийн “Олонлог” сургуульд ажилладаг юм байна. Эдний сургууль сая нийтдээ долоон медаль авснаа “тааруухан” оролцлоо гэж дүгнэцгээж байна лээ.
-Яахав албан бус дүнгээр бол нэгдүгээр сургуулийн дараа хоёрт “Олонлог”, гуравт “Орчлон” орлоо гэсэн үг л дээ. Бид чинь зарим жилд таван алт авч байсан ч удаа бий. Харин хойтон жил ММО “Олонлог” сургууль дээр зохиогдох “олимпийн эрх” авчихлаа.
-Тооны дэлхийн аварга гэгдэх Олон улсын математикийн олимпиад Өмнөд Африкт сар гаруйн дараа зохиогдох агаад түүнд явах Монголын “Баг тамирчид”-ыг манай дээр бэлдэж байгаа. Багийн ерөнхий дасгалжуулагчаар нь “Олонлог”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан багш шалгарсан.
-Энэ жил “Сант” сургууль их сайн оролцож хүүхдүүд нь медальд хүрсэн. 11-р сургуулийн хувьд дандаа гоц авьяастнуудыг өөртөө сонгон шалгаруулж элсүүлдэг гэхэд тийм санасанд хүртэл “давхисан”-гүй.
-“Олонлог” руу давж орох босго нь хүүхдүүдийн хувьд тоонд бусдаас гарамгай байх албагүй. Харин багш нарын хувьд өөр. Бид тоо бодох есөн шинж нь бүрдсэн хүүхдийг хурдан морины уяач шиг хайж явдаггүй. Манай шилдгүүд манай л унаган “адуунууд” гэдгээрээ бахархдаг.
-Олимпиадын олон алдартантай гэгдвэл Монголын топ сургууль болчихож байгаа нь тэр. Тийм мундаг сургууль руу эцэг эхчүүд, хүүхдээ чирэн зорих нь тодорхой. Энэ бол зах зээлийн зарчим. Зарим өрсөлдөгч маань манайхыг доош нь хийж өөрсдийгөө сайн гэгдүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж байгаа харагддаг. Их олон сургууль дээр хэвшил болсон шударга бусаар алдаршдаг арга бий. Хэдхэн сайн хүүхдийг тусгайлан бэлдэж тэмцээнд оруулдаг ба бусад түмний хүүхдийг гаргуунд нь хаядаг явдал юм. Энийг нь хүүхэд гэртээ хариад ховлочихож магадгүй гээд муучуудад бага даалгавар өгөх, онц дүнг үл хайрлах зэрэг тохирсон авлигатай. Хүүхдэд хичээл заахаас өөр ажил хийхгүй гээд зорилгоо болгосон, үүгээрээ дагнаж ажиллагсдын хувьд иймэрхүү явуургүй барилыг сонгодоггүй юм. Бид хэл амнаас айгаад бусармаг юм эхнээсээ хийлгүй өдий хүрсэн ба харин ч хичээлдээ хоцрогдсон хүүхэдтэй тулж ажиллах гэдэг үнэн залхам ажилд хамаг цагаа бардаг.
-Сургалтын программ, удирдлага маш зөв эрүүл тогтолцоотой, хүчирхэг хамт олон бүрдүүлснээр ахар хугацаанд “Олонлог школ” бий болгож чадлаа. Уралдаанд манай багш сурагчид байнга азтай хоншоортой оролцдог. Хамгийн том тэмцээн болох ММО-д л зориулж сар орчим хугацаагаар тусгайлан бэлддэг. Өөр төрлийн хичээлийг хоёрт тавих, төгсөх жилд нь зөвхөн конкурст бэлдэх зэрэг ажиллагаанууд манайд байдаггүй.
-Манай нэг ахмад багш “Лүн” тавина гэж хөгжөөдөг юм. “Лүн, Бан” гэж лам нарын сургалтын арга хэлбэр юм уу даа. Багш шохойгоо бариад самбар халтардуулах бол одоо чинь ихээхэн хоцрогдсон арга л даа. Энэ аргаар “лүн” тавихаар л хүүхэд илүү сайн сураад байх юм. Интернэт дэх олон хувилбарын цахим сургалтуудаас сонголт хийн хот хөдөө хаана ч багшгүйгээр амжилт олж болдог. Тийм үр дүнгүүд ч бишгүй. Гэхдээ л багш шавь хоёр нүүр тулан хичээллэх нь гар ажиллагаа ихтэй, олон хүүхдэд тэр болгон хүртэж амжихааргүй цаг их ордог ярвигтай болохоор ийм сэтгэл гаргадаг сургууль, багш өнөө цагт тун ховордсон.
-Одоо чинь сурагчдын дунд бүх л төрлийн аварга шалгаруулах уралдан явагддаг болсон. Энэ нь чухал биш гэхийн ч арга байхгүй. Тэр болгоны тоогоор хүүхдэд дараагийн сургуульд элсэхэд нь ч юм уу хөнгөлөлт дэмжлэг үзүүлээд байвал бүр утгаа алдах юм билээ.
-Харин математикийн хичээл хамгийн хэцүү нь байсан гэдгийг бүх хүн мэддэг нь тун сайн явдал юм. Тэгэхлээр энэ төрлийн хичээлээр сургууль сум, аймаг дүүргээсээ шалгараад улсад оролцсон намтар бүхий сурагчын хувийн хэрэг хожим баргийн дипломоос илүү үнэ цэнэд хүрдэг. ММО”-дод шалгарч оролцсон байх нь хамгийн чухал гэдэг. Хойшид ч тийм л байна. Овоо гайгүй толгой л олимпиадын шигшээд шалгаран очдог нь тодорхой ба хожим тоогоороо дагнаагүй ч бусад ямар ч салбарт магнайлах эрч хүчийг математикаас олж авдаг.
-Гадаад дотоодын нэр хүндтэй сургуулиуд тооны олимпиадад оролцогсдыг өөр төрлийн аваргуудаас илүүд үзэн сугалж авах олон талын ашиг сонирхол бий. Ямартай ч тухайн хүүхэд ид шидтэй хувилгаан л биш бол оюун ухаанаа дайчлахын тулд багагүй хөдөлмөрлөсний цор ганц нотолгоо нь энэ юм.
-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцагсад олон жилийн дараа эх орныхоо нөлөө бүхий хүмүүс болж таарна. Тэр үед мөн л муухан ах дүүгээс илүү “олонлог”-ийг өнөөдөр хоорондоо эв найзтай явсны үр дүнд үүсгэж таараа. Нэр алдар бүхий том сургуулиуд зөвхөн гүнзгийрүүлсэн сургалт руу анхаарахын хажуугаар хүмүүжилд нь бас санаа тавьдаг юм.
-Бүх л ажил төрөл тоо тооцоогүйгээр ахицтай явж өгдөггүй. Урлаг спорт дээр ч математик зүй тогтол нь зөв эсэх талаар хэлэх юм дороосоо л гараад ирнэ. Зориудын шаардлагатай л биш бол урлагийг спортын эрх ашигт тохируулах албагүй бол математик талаас нь зайлшгүй харгалзах шалтгаан үргэлж гараад байдаг тул эрт үеэс хүн төрөлхтөн энэ шинжлэх ухаанд хүүхдийг багаас сургасаар иржээ. Дунд зэргийн тоочид өөрийн үндсэн мэргэжил дээрээ математик ярьж илүүрхдэг ба дээд тоочид дээрээ очоод эдийн засаг хуулиараа гэх мэт мэргэжлээ тоонд орчуулан гайшруулж хоёр талд оноо авдаг тал бий. Цэвэр онолын математик нь болохоор нийт хүмүүст өнөөдөр л лав ямар ч хүртээлгүй мөртлөө маш хүнд хэцүү бодлогууд л юм. Хэн дуртай нь очоод бодчихож чадахгүй, хэзээ ч юунд ч хэрэг болохгүй, хууль теоромд үл захирагдах, тасраад түрүүлээд явчихсан алгебрь, тэгшитгэлүүд нь агаар ус мэт хэрэгцээ болсон тооны ухааны дээд тархи хавьцаа заавал байрлаж байх ёстой юм байлгүй дээ.
-Манай монголчууд хаа очиж тоондоо дажгүй үндэстэн. Оюун ухааны өндөр чадамжтай хүүхдүүдийг жил болгон “үйлдвэрлэж” байгаа нь тамирчин төрүүлснээс илүү ашигтай биш үү? Ач холбогдлын хувьд ашигт малтмал, уурхайгаас дутахгүй баялаг эх орондоо бэлдээд өгчихөж байгаа хэрэг юм. Олон сайн багштай болж дундаасаа цөөн ч хамаагүй сайн шавь боловсруулахыг чухалчилбал мөн ч хэрэгтэй санж. Тэдний аль нэг нь Монголд шинжлэх ухаан зонхилсон өчүүхэн компани байгуулахад л цөөхүүлээ бид тэр дороо л хөгжингүй үсрэнгүй орон болон үр шимийг нь хүртэнэ шүү дээ.
Ж.ГАНГАА