Categories
мэдээ цаг-үе

Бүх аз жаргалын дээд нь нойрондоо сайн байх

Коронатай энэ үед та нарынхаа эрүүл мэндэд тустай зөвлөгөө хүргэе. Та нар минь болж өгвөл үд болтол унтаж, үхрийн дуунаар сэр. Дээр нь хоол хоолойгоор чинь давж байвал оройн 18:00 цагаас өмнө хязгаар тавилгүйгээр ид. Хүний эрүүл мэнд төгс байгаагийн хамгийн сайн шинж бол нойр, хоол хоёртоо л маш сайн байх явдал гэнэ. Өглөө нойр чинь хүрээд байвал юу ч бодолгүй үргэлжлүүлээд унт. Өвчин вирустэй энэ үед хаана, хэдүйд ч байсан нойр чинь л хүрвэл шууд унт гэсэн зөвлөгөөг дэлхийн улс орны эмч нар түлхүү зөвлөх боллоо. Энэ зөвлөгөө 50-иас дээш насныханд илүү хамаатайг ойлгоцгооно биз. Бага залуу хүмүүс бол ажил амьдралаа төлөвшүүлэх гэж нойр хоолгүй зүтгэх нь жам ёсны тавилан учраас энэ үгийг дагаж намираад хэрэггүй. Хоолны тухайд эрүүл, ориг… юу юу ч билээ тэр болзлоо хангасан бол илүү сайн. Эцэст нь хэлэхэд, дэлхийн анагаах ухаанаас нойроо дийлэхгүй байгаа хүн л хамгийн тайван амгалан, төвлөрөл гоц сайн, ямар ч ачааллыг төгс даах чадвартай, ер нь бол төгсөрчихсөн байдаг хэмээн тодорхойлжээ. Бүх аз жаргалын дээд нь нойрондоо л сайн байх гэж Японы эрдэмтэн хэлсэн байдаг. Тийм болохоор эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно гэсэн эрт балрын үгийг толгойноосоо авч хаях цаг болж. Хүн бүрийн туйлын хүсэл бол эрүүл байж, урт наслах. Үүний төлөө л амьдардаг. Амьдралын энэ үнэний өөдөөс нойр нь хүрэхээ байчихсан хөгшин хүмүүсийн үгийг сурталдаад яахав. Унтахаас илүү жаргал үгүй болой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *