Categories
гадаад мэдээ

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй” DNN.mn

В.Путин дэлхийнхэнд хүчээ үзүүлэхээр хөрш улсаа довтолсон нь орчин үеийн дайн гэдэг чинь технологи бас мөнгөтэй улсуудын хийдэг “тоглоом” болсон гэдгийг бидэнд ойлгуулж өгөв. Харин технологи бас мөнгө гэдэг нь оросуудад огтоос хамаагүй зөвхөн авлигатай тэмцэж чаддаг улсуудад л байдаг зүйл аж. Мөн оросуудын украинчуудын эсрэг хийж буй харгислал ОХУ сиричүүдийг яг яасныг дэлхий нийтэд ил тод болгож орхив. Иймээс АНУ-ийн ерөнхийлөгч Жо.Байден, Польшийн ерөнхийлөгч Анджэй Дуда, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар болон Англи, Канадын ерөнхий сайд, Эстони, Латви, Канадын парламент Украинд геноцид үйлдсэн гэж ОХУ-ыг албан ёсоор буруутгаад байна.

Хүмүүнийг яс, үндсээр нь ялгаварлан санаатайгаар устгах гэсэн утга илэрхийлэх “геноцид” гэдэг үг дэлхийн II дайнд фашистууд жүүдүүдийг устгасан явдалтай холбогдон гарч ирсэн. Энэхүү еврейчүүдийг хоморголон устгасан явдал хүн төрөлхтний түүхэнд “үнсэн товорго болгох” гэсэн эртний грек үгнээс гаралтай Английн “holocaust” буюу “холокост” гэдэг үг болон үлдсэн билээ. Грекийн төрөл, садан гэх “genos”, алах гэсэн утгатай латиний “caedo” гэсэн үгсийг нийлүүлэн “геноцид” гэдэг үгийг польш-еврей гаралтай Рафаэль Лемкин 1943 онд анх гаргаж ирсэн тул энэ үгийг бусдад хялбар ойлгуулах гэж “холокост” гэх үг бий болсон түүхтэй. Рафаэль Лемкин нь ганц ахаасаа бусад эцэг, эх, өөрийн 49 төрөл төрөгсдөө фашистуудын гарт алдсан нэгэн юм. Дайны дараа Нюрнбергийн шүүх хурлаар нацистуудын удирдагчдыг буруутгахад Рафаэль Лемкиний бий болгосон энэхүү “геноцид” гэдэг үгийг анх хэрэглэсэн.

Лемкиний хичээл зүтгэлээр НҮБ-ын “Геноцидээс урьдчилан сэргийлэх, шийтгэл оногдуулах конвенц” 1951 оноос хэрэгжиж эхлэв. НҮБ-ын энэхүү конвенцийн хоёрдугаар хэсэгт “геноцид” гэдэг үгийн утгыг “яс, үндэс, арьс өнгө, гарал, шашин нэгтэй хүмүүсийг хоморголон болон хэсэг бүлгээр нь устгах гэсэн зорилго бүхий аливаа үйлдэл” гэж тодорхойлсон байдаг. Хамгийн гол нь энэхүү конвенцид геноцид үйлдсэн ямар ч албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Энэ нь үүнээс бусад хэрэгт холбогдсон төр, засгийн буюу иргэдээс сонгогдсон албан тушаалтанг суудлаасаа буусан үед нь л хэрэгт татдаг гэсэн үг.

Олон улсын гэмт хэргийн шүүх геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах эрхтэй байдаг. Энэ шүүхийн дүрмээр геноцид үйлдэх шийдвэр гаргасан, шийдвэр гаргахад тусалсан, дэмжсэн ямар ч албан тушаалтанд хэрэг нээн мөрдөн шалгаж шүүн ял оноох эрхтэй. Харин улсууд бие биенийгээ геноцид үйлдсэн хэмээн маргаан үүсгэвэл энэ асуудлыг өөр нэг бие даасан шүүх болох Гааг хот дахь Олон улсын шүүх хариуцдаг. Тэгвэл Гаагийн шүүхийн олон улсын эрх зүйн шинжээч Валери Габард “Геноцид гэдэг нь хэр олон энгийн иргэнийг алсныг бус энэхүү геноцид гэх тодорхойлолтод яг таарах хэсэг хүнийг санаатайгаар утсгасан гэдгийг тогтоох шаардлагатай болдог. Үүнийг тогтооход маш хэцүү. Тогтоочихлоо гэхэд хэн ийм тушаал өгснийг батлах хэрэг гарна. Хэн ч би ийм тушаал өгсөн гэдэггүй учраас шууд бус дам нотлох баримт цуглуулахаас өөр аргагүй болдог. Гэтэл шүүх баталгаатай баримт дээр л шийдвэр гаргах дүрэмтэй. Дам баримтаар хэргийг батална гэдэг үнэндээ боломжгүй зүйл болчихдог. Энэ нь шүүх явц маш олон жил үргэлжилнэ гэсэн үг. Хэргийг нь батлаагүй байхад хэнийг ч хорих эрх шүүхэд байхгүй. Иймээс В.Путин болон түүний тойрон хүрээлэгчдийг геноцид үйлдсэн хэргээр шүүж яллах боломж маш хомс” гэсэн байна.

Үнэхээр ч өнгөрсөн онд АНУ, Канад, Нидерланд улсууд Хятадын төр, засгийг уйгаруудын эсрэг “геноцид үйлдсэн” гэж мэдэгдэж байсан. Удалгүй чимээгүй болсон. Мөн Холокостоос хойш олон улсын шүүх Руанда улсад 800 мянган тутси овгийнхныг утсгасан явдал, 1995 онд Боснийн Сребреницад явагдсан хядлага, 1970-аад онд улаан кхмерчүүд өөрийн улсын исламын шашинтнууд болон вьетнам, чам үндэсний цөөнхийг устгасан явдлыг л “геноцид” гэж батлан ял оноосон байх юм. Бас болоогүй сүүлийнх нь олон улсын шүүгчдийн дунд “мөн, биш” гэсэн бөөн маргаан дагуулсан гэж байгаа. Гурван сая хүн устгасан ч эд нар нь ганц бус шашин болон хоёр ч үндэстнээс бүрдсэн хоорондоо ялгаатай хүмүүс байсан учраас маргаан үүссэн аж. Энэ нь саяхан Украины Мариуполь хотын “Азовсталь” заводын хамгаалагчдыг “Дайрахаа зогсоож ялаа ч нисэж гарахгүй болтол нь бүслэн тэднийг өлсгөж, харангадуулж ал” гэсэн тушаал өгсөн В.Путин геноцид үйлдээгүй болж таарч байна гэсэн үг. Учир нь тэнд Украины цэргийнхэнтэй хамт энгийн иргэдээс гадна, гадаадын сайн дурын байлдагчид байгаа билээ.

Олон улсын гэмт хэргийн шүүх түүхэндээ нэг л удаа үндэстний цөөнхөө хоморголон устгаж геноцид үйлдсэн хэргээр 2008 онд Судан улсын ерөнхийлөгч Омар аль-Баширыг баривчлах шийдвэр гаргаж байжээ. Мөн олон улсын эрх зүйн асуудлаар дэлхийд алдаршсан Канадын нэрт эрдэмтэн, Английн Мидлсекск, Нидерландын Лейденскомын их сургуулийн профессор Уильям Шабас “Геноцид гэж яг юуг хэлэхийг заасан хуулийн маш тодорхой заалт бий. Иймээс Хятадад уйгаруудыг алж, хорьсон явдал, оросууд укрианчуудыг харгислаж байгаа явдлыг шүүх, хууль, эрх зүйн үүднээс геноцид гэж үзэх ямар ч боломжгүй” гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет “Оросуудын өдөөсөн дайнд амь үрэгдсэн 2787, үүнээс 202 хүүхэд, шархадсан 3152 энгиийн иргэд болох украинчуудын овог, нэрийг тодруулаад байгааг саяхан мэдэгдсэн. Мөн Латвийн парламент болох сейм “Өнөөдөр Орос улс нийт украинчуудын эсрэг геноцид үйлдэж байна. Геноцид үйлдэж байгаа болох нь Оросын армийн Украины иргэдийг олноор нь алсан, тамласан, секс доромжлолд оруулсан гэх мэт маш олон харгис, хэрцгий, зэрлэг гэмт хэргүүдээр батлагдаж байна”, Эстони улсын парламент “ОХУ өөрийн түр эзлэн түрэмгийлсэн Буча, Бородянка, Гостомель, Ирпень болон Мариуполь хотод жирийн иргэдийг бөөнөөр нь харгислан геноцид үйлдсэн байна. Геноцид үйлдсэн гэдэг нь жирийн иргэдийг олноор нь алах, хулгайлах, өөрийн нутаг руу хүчээр зөөх, эрх чөлөөг нь хасах, тамлах, хүчиндэх, иргэдийн шарилыг доромжлох гэх мэт оросуудын хүн ёсноос гадуур хийсэн үйлдлүүдээр нотлогдоод байна” гэж албан ёсоор мэдэгдсэнийг болон ерөөс дэлхийн эрүүл ухаантай хүн болгон оросуудыг украинчуудын эсрэг геноцид үйлдсэн гэж үзэж байгааг яах болж байна гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бүхэн НҮБ өөрийн дүрэм, журмыг орчин үедээ тохируулан эрс шинэчлэх цаг болжээ гэсэн үг. Яаж ч бодсон XXI зуунд хэдэн мянга байтугай арван гэм зэмгүй иргэнийг алуулсан гэмт хэрэгтэн болгон хүн төрөлхтний эсрэг геноцид үйлдсэн алуурчин мөн. Алуурчин, авлигачид наранд бус нарсанд байх ёстой цаг үе ирчихээд байна!

Английн зохиолч Жорж Оруэллийн алдарт “Animal Farm” буюу “Амьтдын ферм” хошин романд гардаг “Амьтад тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй” гэдэг шиг НҮБ-ын дүрэмд байгаа Аюулгүй байдлын байнгын зөвлөлийн “аюултай болсон байнгын гишүүн”-ийг хасахдаа “Нийт гишүүн улсын 2/3-оос дээш хувийн саналаас гадна тус зөвлөлийн байнгын гишүүн таван улс бүгд зөвшөөрсөн тохиолдолд хүчинтэй” гэсэн заалтын ардчилалд харш “таван гахай бүр ч илүү эрхтэй” гэх “байнгын гишүүн таван улс бүгд зөвшөөрсөн тохиолдолд хүчинтэй” гэсэн хэсгийг хасахаас энэ ажил эхлэх байх. Учир нь бид бус ирж буй цаг, үе ингэж шаардаж байгаа билээ.

Хамгийн сүүлд Лихтенштейн улсын оруулсан саналыг 60 орчим улс дэмжин өнгөрсөн сарын 26-нд НҮБ-ын бүх гишүүдийн чуулган авч хэлэлцэж Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн улсын “вето” гэх хориг тавих хугацаагүй үйлчилдэг байсан эрхийг 10 хоногийн хугацаатай болгож өөрчлөв. Энэ нь гишүүн улс болгоны саналыг ялгаваргүйгээр авч хэлэлцдэг болж буй хэрэг бөгөөд татвар төлөгчдийн асар их мөнгийг үрдэг ч жирийн иргэдэд мэдэгдэх үр дүн өгдөггүй энэ байгууллагыг япончуудын шаардаж байгаа шиг бүрэн өөрчлөх, өөрчлөгдөж чадахгүй аваас татан буулгаж, чаддаг байгууллагыг нь шинээр байгуулах ажил эхэлсэн гэсэн үг.



BBC. CNN. REU­TERS. DW. NHK. TASS. Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *