Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн нийт нутгийн гуравны нэгийг эзэлдэг “Дорнод Монгол” эзэнгүй боллоо. Дөнгөж чөлөөлөгдсөн нутагт Чан Кайши ч, Мао ч өөрийн хяналтаа тогтоож амжаагүй байв. 1945 оны 8-р сараас Буянманд, Ха Фэна, Төмөрбагана, Асган нар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Өвөр Монголын ардын хувьсгалт нам, Син Анийн цэргийн сургуулийн сургагч, сонсогчдын тусламжтайгаар хороо цэрэг байгуулж, Дорнод Монголын ардын автономит засгийг байгуулахаар болов. Тэд эндээ Син Ань, Жирэм, Зуу Уд, Зостын дөрвөн аймаг, нийт Хөлөнбуйр болон Цицихар, Сүлүк, Их Минань зэрэг гурван хошууны нутаг дэвсгэрийг хамруулжээ. Армидаа тухайн нутгийн монгол үндэстэн цэргийг нэгтгэсэн байна.
Ингээд тэнд 1946 оны 1-р сарын 15-нд “Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс” гэдгийг тунхаглав. Засгийн газрыг 15 гишүүнтэйгээр байгуулж Буйнмандыг тэргүүнээр томилов. Улаан-хөх-улаан талбайн голд зөрүүлсэн хадуур, шилбүүр бүхий дүрстэй төрийн далбаатай болжээ.
Энэ нь нэг талаас Монгол болон Зөвлөлтийг дуурайсан коммунист үзэл баримтлалтай, нөгөө талаас тариачин, малчны эв нэгдлийг харуулж СССР-ийн алх хадуурыг орлосноор БНМАУ, СССР-ээс улс төрийн дэмжлэг горьдсоны илэрхийлэл бизээ. Энэ засгийг Чойбалсан хүлээн зөвшөөрч, СССР-ийн зэвсэгт хүчний төлөөлөгч дэмжлээ.
Гэвч энэ үед Манжуурт иргэний дайны гал дүрэлзүүлж эхэлсэн Гоминдаан, Маогийн коммунистууд аль алин нь шинээр тусгаар тогтнолоо зарласан ардын бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрсөнгүй. Гоминдаан хүлээн зөвшөөрөхөөс шууд татгалзсан бол коммунистуудад Баргыг тэр чигээр нь Манжуураас салгаж Өвөр Монголд нэгтгэх өөр төлөвлөгөө байсан бололтой. Дорнод Монголын Ардын төлөөлөгчдийн хурлаас Хятадын коммунист намд өөрсдийн байдал, хүсэл зорилгоо илэрхийлсэн юм. Тиймээс ч коммунистууд тэдний хуралд өөрийн төлөөлөгчөө ажиглагчаар оролцуулсан билээ. Ингээд 1947 оны 5-р сард Лин Баогоор толгойлуулсанХятадын чөлөөлөх армийнхан Манжуурт ялалт байгуулах явцдаа Дорнод Монгол улсын засгийг тараалаа.
Бүгд найрамдах Дорнод Монгол ард улсыг байгуулсан ба тараасан энэхүү үйл явдал Чойбалсангийн санаа байсан байж магадгүй. Түүний чин хүсэл нь дэлхийн дайны ялалтын үр дүнгээс хүртэлцэн Гадаад ба Дотоод Монголыг нэгтгэх байсан юм. Сталин хэд хэдэн удаа энэ талаар Чойбалсанг горьдоож, тэр байтугай ерөөлийн хундага өргөж байв. Ялтын гэрээнээс хойш тун удалгүй Европт Герман бууж өглөө. Японы эсрэг дайнд СССРнэгдэх нь бараг тодорхой болоод байсан. Иймээс Манжуурын чөлөөлөгдөх нутагт болбол бие даасан, ядахнаа автономит улс байгуулаад, дайн дууссаны дараа БНМАУ-д нэгтгэх санаа түүнд төрсөн байж болох. Чөлөөлөх дайн яг эхэлдгийн өмнө хоёр Монголыг нэгтгэх нь зүйтэй гэсэн утга бүхий ухуулах хуудсыг Өвөр Монголд тараалгахаар Москвагаас явуулсан байв. Энэ нь үнэндээ БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байсан Хятадын төлөөлөгчдийг сүрдүүлэх зорилготой Сталины заль байв.
Чойболсан Барга ба Өвөр Монголыг нэгтгэх ажилд бэлтгэх зорилгоор Намтайширын Лхамсүрэнг Баргад ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр, Базарын Ламжавыг Өвөр Монголд ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ.
Лхамсүрэн “Барга Монголд явсан илтгэх хуудас”-таа:
Бид БНМАУ-ын Засгийн газрыг төлөөлж Улаан армийн чөлөөлсөн Барга Монголын нутагт даалгасан ажлыг гүйцэтгэхдээ… 1. Тусгаар автономийг байгуулсан нь: Тусгаар үүрэг гүйцэтгэх 8-р сарын 15-аас мөн 17-нд зохион дуусгав. Автономийг Чойбалсан хотын ойрх Чойбалсан, Булган, Аржаргалант, Гурванзагал зэрэг сумдын сайн дурын отрядуудын байлдагчдаас эхлүүлэн байгуулав… Эдгээр 119 хүнийг гар пулемёт, автомат, герман винтовоор зэвсэглэв… Отрядыг зохих газар нь хүргэхээр Чойбалсан дахь Монгол тээхийн… Хувьсгалт сонор сэрэмж сахихыг анхааруулан хэлэв… 1945 оны 8-р сарын 19-нд Цух хэмээх автономит Монгол-манжийн нутагт хил нэвтэрч Далай нуурын орчим Шинэ Баргын Алтан эмээл хэмээх газар хүрэлцэн ирэв…
Коммунистууд чөлөөлсөн нутагтаа анхны албан ёсны захиргаа байгуулсан нь Өвөр Монголын өөртөө засах орон бөлгөө. Урьд нь Өвөр Монголд хамаарч байгаагүй Хянганы дөрвөн аймаг (өөрөөр хэлбэл ардын бүгд найрамдах Дорнод Монгол улсыг) буюу Хөлөнбуйрын баргуудыг энэ шинэ автономит мужид хамрууллаа. Мөн Өвөр Монголын ардын хувьсгалт намыг албан ёсоор тараасан юм.
1955 онд Өвөр Монголд хажуу мужуудын нутаг дэвсгэрийг нэгтгэснээр хүн ам нь 9 сая болон нэмэгджээ. Гэвч Хятадад амьдардаг нийт 1 сая 600 мянган монголчуудын гуравны нэг нь Өвөр Монголоос гадуур суурьшжээ. Соёлын хувьсгалын үед монголчуудын эсрэг кампанит ажил бусад мужтай харьцуулахад илүү ширүүн явагдаж үр дүнд нь 10-32 мянган монгол хүн алагдаж, 100-300 мянган монголчууд хэлмэгдсэн гэх.
1969 онд Өвөр Монголын маш их газар нутгийг хөрш мужуудад шилжүүлснээр нийт хүн ам нь 13 саяас 9 сая хүртэл хорогдсоны дотор монголчууд 600 мянга болон цөөрчээ. Энэ хураагдсан газар нутгийг 1979 онд буцааж нийлүүлсэн юм. Өдгөө Өвөр Монгол нь нийт 25 сая хүн амтайн дотор монголчууд өөрсдөө үндэсний цөөнх болжээ. Энд хятадууд 80 хувь, монголчууд 17 хувь, манж нар 3 хувь, дунгаан нар нэг хувь эзэлдэг.
БНХАУ-ын таван автономит районы нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон нь 1,18 ам км нутагтай, энэ нь засаг захиргааны хувьд 3 аймаг, 9 тойрогт хуваагддаг. Нийслэл Хөххот нь гурван сая орчим оршин суугчтай.
БААБАР