Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг ирэх Мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байна гэж Цагаан ордон мэдэгдлээ. Энэхүү айлчлал нь Азийн оролцоо, төлөөллийг хэлэлцэх болон азиудыг үзэн ядах гэмт хэрэг, ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилготой.
Грэммийн шагналд нэр дэвшсэн “BTS”-ийн залуусаас өмнө Жо Байден Ази тивд анхны айлчлалаа хийсэн. Айлчлалын хүрээнд Байден Сөүлд гурав хоног саатаж, Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзжээ.
АНУ-д өнгөрсөн жил ази хүнийг ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг хэд хэд гарсан. Тэгвэл “BTS”-ийн залуус ч гадуурхалтыг мэдэрч байсан удаатай бөгөөд энэ туршлагаасаа хуваалцжээ. “Бид ямар ч шалтгаангүйгээр доромжлолыг тэвчиж, гадаад төрхөөрөө гадуурхагдаж байсан. Ази хүмүүс яагаад англиар ярьдаг юм бэ гэж хүртэл биднээс асууж байсан” гэж хамтлагийнхан жиргэжээ. Энэ жиргээг нь нэг сая хүн цааш түгээсэн байна.
Азийн эсрэг дайсагнах хандлага цар тахлын үеэр улам гаарсан гэхэд болно. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сараас 2021 оныг дуустал ази хүмүүсийн эсрэг дайсагнасан 10 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Жо Байден 2021 оны тавдугаар сард Азийн эсрэг үзэн ядалтын гэмт хэргийг бууруулахад чиглэсэн хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.
“BTS” хамтлаг нь “Butter”, “Dynamite” зэрэг дуугаараа олон улсад амжилтанд хүрсэн бөгөөд өөрсдийгөө “Арми” гэж нэрлэдэг асар олон шүтэн бишрэгчтэй.