Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд, “Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ , Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж хөгжүүлэхийн төлөө эрдэм боловсрол, авъяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй Та бүхний улсынхаа хөгжил дэвшилд оруулж байгаа хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ.
Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэндээ эрүүл энх, санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам өндөр амжилт олохыг хүсэн ерөөе” гэжээ.