БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал Татьяна Леонидовна Музычуктай өнөөдөр уулзлаа. Уулзалтад БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ууганбаяр, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Болор нар байлцлаа.
Оросын талын хүсэлтээр зохион байгуулсан энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал болон бусад албаны хүмүүстэй биечлэн уулзаж, Монгол-Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
ОХУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, ОХУ-ын Засгийн газраас дээрх салбаруудын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг сайд онцоллоо. Түүнчлэн Байгалийн улсын их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгааг цохон тэмдэглэв.
ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төв нь БСШУСЯ-тай соёл, байгаль орчин, эдийн засаг, худалдаа, тээвэр, ложистикийн сэдвээр хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, залуучуудыг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Уг төвөөс хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд энэ оны есдүгээр сард “Боловсрол”, “Орос-Монголын хамтарсан кино төсөл”, “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ” дугуй ширээний уулзалт зохион байгуулах, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналаа БСШУС-ын сайдад уламжилсан юм. Эдгээр арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахыг дэмжиж байгаагаа БСШУС-ын сайд илэрхийллээ.