БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва тэргүүтэй албаны хүмүүс Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд айлчилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Айлчлалын эхэнд МГТИС-ийн удирдлагууд сургуулийнхаа талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулан, цаашдын хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо хуваалцсан юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн өргөтгөлийг барихад шаардлагатай Монгол Улсын засгийн газраас санхүүжүүлэх 2.2 сая еврогийн санхүүжилтийг улсын төсөвт суулгах асуудлаар УИХ-д лобби бүлэг байгуулж, дэмжихээ илэрхийллээ. Мөн тэрбээр тус сургуулийн оюутнуудыг гадаадад суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудалд анхаарлаа хандуулна гэв.
Зочдын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Михаэль Фернау, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, мөн ГОУХАН-ийн “МГТИС төсөл”-ийн захирал Франк Вуллкоф, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар багтсан юм.