Дуучин Бритни Спирс олон жил хамтран амьдарч байгаа Сэм Асгаритайгаа сүй тавьжээ.
Тэрээр сүйн бөгж зүүсэн дүрс бичлэгийг инстаграм хуудастаа оруулан энэ тухайгаа олон нийтэд зарласан байна. Бритни Спирс өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ төлөө шүүхээр 13 жил тэмцсэн. Өмч хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой гэрээний заалтууд нь Бритниг хувийн амьдралаа зохиоход нь саад болж байсан гэнэ. Түүний сэтгэцийн байдалтай холбоотойгоор өмч, хөрөнгө захиран зарцуулах эрхэд нь хязгаар тавих шийдвэрийг шүүхээс 2008 онд гаргаж байсан юм. Тэмцэл саяхан амжилтад хүрч, тэрээр өмч хөрөнгөндөө эзэн суусан учир ийнхүү хувийн амьдралдаа санаа тавьж эхэлж байгаа юм байна.
Сүйт залуу Сэм Асгари мөн өөрийнхөө инстаграм хуудаст Бритнитэй бөгж солилцон үнсэлдэж байгаа зургаа оруулжээ. Менежер Брэндон Коэн нь People сэтгүүлд ярилцлага өгч, тэдний сүй тавьсныг баталсан байна. “Хосууд олон жилийн харилцаагаа албан ёсны болгож өнөөдөр олон нийтэд зарлаж байна” гэж тэрээр өгүүлжээ.
Бритни Сэм нар 2016 онд клипний зураг авалтын үеэр танилцжээ.