Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Бритиш газ”-ын дэлхийд өгсөн гэгээтэй мессэж

Английн “Бритиш газ” компани Монголд хөрөнгө оруулахаар болсон нь сүүлийн үед дуулдсан өөдрөг мэдээбайлаа. Газрын тосны салбарт анх удаа барууны том компани орж ирж байгаа нь энэ. Хөрөнгө оруулагчдын нүүр буруулаад буй Азийн Монголд барууны дэлхийд танигдсан акул компани орж ирж буй нь яах аргагүй том олз. Оюу толгой хөдөлнө гэсэн эерэг сураг хүчтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд анхаарч сонссонсайн мэдээний нэг мөнөөсөө мөн.Цэнхэр гаригийн мөнгөтэй эрхмүүдэдөгч буй гэгээтэймэссэж гэж онцолж болохоор үйл явдал. Дэлхийн 23 оронд ажилладаг, 5200 ажилтантай аварга нэгдэл Монголд хөрөнгө оруулах сонголт хийнэ гэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт тасарчихаад буй энэ үед хөрөнгө оруулагчдад өгч байгааөөдрөг дохио гэхээс аргагүй.

“Бритиш газ”-ын хувьд сүүлийн арван жилд өндөр эрсдэлтэй 15 төсөл дээр ажилласны 14-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн. Ер нь өндөр эрсдэлтэй төслүүдийг амжилтад хүргэдгээрээ дэлхийд танигдсан групп л дээ. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын энэ төсөлгеологийн тогтоцын хувьд эрсдэлтэй. Арабын орон болон далай дор байдаг шиг том бассейн байхгүй” гэж зүгээр ч нэг тодотгоогүй. “Бритиш газ”-ын хайгуул хийх талбай геологийн тогтоц талаасаа амар биш гэдгийг газрын тосны салбарынхан онцолдог. Эрсдэлтэй төслийг амжилтад хүргэдгээрээ алдартайАнглийн компанийн хувьд Монголд хэрэгжүүлэх төсөл дээрээ ч өндөр итгэлтэй орж ирсэн нь тодорхой. Тэгэхээр Монголд газрын тосны өөр нэг том төсөл хэрэгжиж эхэлнэ гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Монголд хөрөнгө оруулах нь тодорхой болсон тус групп “Сентрал Азиан петролиум корпорэйшн” компанитай хэлэлцээ хийж, газрын тосны хайгуулын хоёр талбайг эзэмших юм. Засгийн газар саяхан “Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий гэрээгээр хүлээсэн эрх үүргийг “Бритиш газ”-д шилжүүлээд байгаа. Тодруулж хэлбэл Богд-IV, Онги-V талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “Бритиш газ Монголиа холдингс лимитед”, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмшинэ. Богд-IV, Онги-V гэдэг нь Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн урд талын арав орчим сумыг хамарсан хоёр том блок. Эндээс газрын тос олдоод олборлож эхэллээ гэхэд Монголын төр засаг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 47 хувийг нь авна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг энгийнээр хайгуулд засгаас ямар ч мөнгө гаргахгүй, хайгаад газрын тос олдохгүй бол зөвхөн компаниэрсдлээ хүлээнэ, харин газрын тос олдож, олборлолт явуулаад эхэлбэл засагтайбүтээгдэхүүнээ хуваана гээд тайлбарлачихаж болно.

Энэ талбайнууд багагүй нөөцтэй байж магадгүй нь хайгуул хийсэн компанийн өнгөрсөн жил өгсөн мэдээллээс тодорхой харагддаг. 2D чичирхийллийн судалгааны таамгаар Богд IV талбайд60-100 сая баррель газрын тос, Онги V талбайд22-24 сая баррель газрын тос нөөц байх магадлалтай хэмээн компанийн зүгээс мэдээлж байсан юм.2D чичирхийллийн судалгаагэдэг нь газрын тосны нөөц байж болох талбай байгаа гэдгийг харуулах зорилготой судалгаа. Газрын тос байгаа эсэхийг өрөмдөж байж мэдэх боломжтой гэсэн үг.

Өмнө нь энэ хоёр талбайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хайгуулд гэхэд л 17 сая ам.доллар зарсан гэсэн тооцоо бий. Газрын тосны хайгуул их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан эрсдэлтэй ажил гэдгийг энэ тооноос харж болно. “Бритиш газ”-ын хувьд хайгуулдбагагүй хөрөнгө зарна.“Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий хувьдэдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй ийм үед хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх хөрөнгө мөнгө босгоход амар байгаагүй нь ойлгомжтой. Өнгөрсөн жил батлагдсан Газрын тосны хуульхөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн учраас“Бритиш газ”, “Chevron”, “Anadarko” зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ өрнүүлж эхэлсэн байдаг.Эцэст нь“Бритиш газ”-тай хамтрах фармаут гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор Монголд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ онд 13.6 сая ам.долларыг хайгуулд зарна. Харин ирэх жил 13 сая ам.доллар орж ирнэ. Засгийн газарт төлөх төлбөрт гэхэд л 1.4 сая ам.доллар зарах тооцоо гарчихаад байгаа юм билээ.

Хөрөнгө оруулалтын урсгал хасахтай гарч буй таагүй үед ам.долларын урсгал газрын тосны салбарт л дажгүй байгааг нотолсон өөр жишээ ч байна. Засгийн газар “Бритиш газ”-аас гаднаУвс-I, Хэрлэн тохой-XXVIII гэсэн талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ талбайнуудад “Увс петролиум”,“Хонгконг велпек” компани хөрөнгө оруулна. Найман жилийн хайгуул, олборлолтод Увс-I дээр гэхэд л 847 сая ам.доллар, Хэрлэн тохой-XXVII дээр 81 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Дэлхийд эрсдэл өндөртэй гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг газрын тосны салбарт энэ мэт том хөрөнгө оруулалт орж ирэх боломж уг нь бол бий. Эрсдэл өндөртэй, өчнөөн хугацаа зарж байж сая нэг бүтээгдэхүүнээ гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг салбар гэдгийг нь ганцжишээгээр нотолъё. Тамсагийн сав газрын гэрээг “Соко интернэшнл” компани 1993 онд хийж байж. Үүнээс хойш таван жилийн дараа анхны тос гарчбагахан олборлолт хийж эхэлсэн байдаг. Хэзээ хойно 2005 онд “Петро Чайна”-д гэрээний эрх үүргээ зуун хувь шилжүүлсэн баримт бий. Энэ үеэс хойш арван жилийн хугацаанд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж үйлдвэрлэлийн олборлолтын хэмжээнд ирсэн, хоёр жилийн дараа олборлолтоо 1.7 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн гэхээр газрын тос гэдэг өчнөөн хугацаа, хөрөнгө мөнгө зарж байж амжилтад хүрдэг салбар болох нь харагдана.Тэгэхээр ийм өндөр эрсдэлтэй салбарт нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулалтаа үргээчихгүйхэн шиг дэмжээд явмаар байна. Нэг зүйлийг онцлоход эх орончид барууны хөрөнгө оруулагчдад яагаад ч юм хачин дургүй. Хайгуул хийхээр өрмөө зоонгуут л нутгийнх нь хэдэн хүнийг авч очоод хэл үг гаргадаг жишигтөдийгөөс өдий хүртэл үйлчилсээр байгаа.Хэд хэдэн төсөл дээр жишээ авч онцолж болно. “Бритиш газ” дээр ийм хандлага битгий л давтагдаасай.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэцүүхэн байдалд орсныг хэдэн тоогоор нотолъё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал оны эхний улиралд хасах 72 сая ам.доллар байж. Түрүү жилийн эхний улиралд энэ тоо нэмэх 294 сая ам.доллар байсан гэхээр богино хугацаанд хэр эрчтэй уруудсаныг харж болно. Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагынхан “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үргэлжилсэн уналт төлбөрийн тэнцэлд дарамт нэмсээр байна шүү, эдийн засгаа дажгүй байлгая гэвэл хөрөнгө оруулалтын урсгалаа нэмэхэд анхаараарай” гэсэн зөвлөгөөг өгч эхлээд байна. Ямартай ч барууны том компани газрын тосны салбарт ороод ирлээ. Энэ харилцаа урт удаан хугацаанд амжилттай өрнөвөл“Бритиш газ” шиг томчууд нэг биш хэд хэдээрээ ч орж ирэх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *