Ном адил уншигдах мөрүүдгүй, зураг адил бодит дүрслэлгүй атлаа олон зуун жилийн түүх өнцөг, булан, хана, тоосго бүрээс нь цухуйх мэт чимээгүйхэн өгүүлэгдэх Лондонгийн сүрлэг бас сүрдмээр уран барилгууд дундуур алхах зуурт гуниг бас бахдал зэрэгцэх нь сонин. Энэ үест хажуудаа яваа нэгнээ ч умартах нь энүүхэнд. Гэнэт хань болж яваа Лондон хотын уугуул иргэн, бизнес эрхлэгч Жон Армитад замын хажуугийн барилгыг заан энэ байшин хэдэн настай вэ гэхэд тэрбээр “Энэ байшин баригдаад удаагүй ээ. Ердөө 100 жил болж байгаа” гэв. 10 зууны өмнө энэ газар нутагт аж төрж байсан хүмүүсийн үлдээсэн байшин сууц ч өдий хүртэл хадгалагдан ирсэн лондончуудад 100 жил “ердөө л” юм байна.
Монголд 60 жил болж буй барилгыг нураах ёстой гэж үзэн, үл хөдлөхийн зах зээл дээр үнэлгээ нь буурч байхад Британид сэргээн засварлан, насжилтыг нь удаашруулж, үнэ цэнийг нь өсгөж байна. Тэд өнгөрсөн олон зуунд эдгээр барилгыг хадгалж, хамгаалж ирсэнийх нь гавьяа орчин үед бодитоор гарч байгаа аж. Өвөрмөц архитектурын шийдэлтэй барилгуудыг харах гэж, тэрхүү үл мэдэг айдас төрүүлэм түүхэн мэдрэмжийг авах гэж ирэх жуулчдын тоо жилдээ 17 саяар хэмжигдэнэ. Тэдгээр жуулчдын нэг нь би. Миний газарчин болох дээр дурьдсан Жон Александр Армитт нь 2012 оны Лондонгийн Олимп зохион байгуулагдсан барилга байгууламжийн төслийг удирдан хэрэгжүүлсэн нэгэн. Тэрбээр уг төслийг цагаас нь эрт дуусгаж, төсөвлөсөн хөрөнгийн тал хувийг хэмнэж чадсан гэдгээрээ олон улсад алдаршсан нэгэн. Угтаа би энэ эрхмээс ярилцлага авах гэж энэ хүртэл зорьж ирсэн бөгөөд тэрбээр Лондон хотын түүхт гудамжуудаар алхангаа ярилцахыг санал болгож, хүсэлтийн дагуу бяцхан аялал хийх болов.
Хөрсний бохирдол ихтэй, хогийн цэг байсан хэсэгт дахин төлөвлөлт хийж, Олимп зохион байгуулах нүсэр барилга байгууламжийг амжилттай босгоход Британийн архитекторуудын уран ухаан өндөр үүрэг гүйцэтгэсэн хэмээн Армит надад хэллээ. Тэрбээр мөн манай эриний нэгдүгээр зуун буюу Ромын эзэнт гүрний дундад зуун хүртэлх суурьшмал соёлын үлдэцүүд тэмдэглэгдсэн Лондон хотын санхүүгийн төв хэсгээр бид хоёр яриагаа үргэлжлүүлэн явааг мөн сануулаад амжлаа. Олимпийн бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн нь Британийн барилгын салбарт хуримтлуулсан олон зуун жилийн туршлага, нүдэнд үзэгдэж, гарт баригдах эдгээр уран барилгууд, алдаж оносноо ном, судар болгон туурвин хадгалж ирсэн архитекторуудын ач гэж Жон Армит битүүхэндээ надад хэлээд байлаа. Барилга байгууламж гэдэг зүгээр нэг чулуу, мод, тоосго бус соёл болоод туршлагыг хадгалагч мөн түгээгч нь болж байдаг өндөр үнэ цэнэтэй түүхэн өв. Жон Армиттай ярилцсан цаг гаруйн хугацаанд Британи улсын барилга архитектурын салбар тус улсын хувьд тэргүүлэх үйлдвэрлэлийн салбаруудын нэг бөгөөд олон улсад Британийн нэр нүүрийг тахалдаг экспортлогч гэдгийг сайн ойлгов. Угаас энэ л түүний хэлэх гэсэн гол санаа байсан.
Британийн Телеграф өдөр тутмын хэвлэлд “Аль улс юугаараа бусдаас илүү вэ” гэх жагсаалтыг гаргасан бөгөөд Их Британи улс архитектурын салбараараа бусад улсаас тасархай өндөрт байдаг гэж үнэлэгджээ. Архитектурын салбарынхан дундаа өндөрт тооцогддог Призкер болон Хааны алтан медал шагналуудыг хамгийн олон удаа Их Британийн архитекторууд авч байжээ. Эдгээр шагналтнууд дунд Лондон хотын “LIoyds” болон Парисийн “Pompidou” төвийг барьсан Ричард Рожер хүндтэй байр суурийг эзэлдэг.
Их Британийн худалдаа хөрөнгө оруулалтын газраас гаргасан тоо баримтаас харахад, тус улсын архитектурын салбар 120.000 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд эдийн засагтаа жил бүр 4.2 тэрбум фунтын орлогыг оруулж байдаг байна. Жилдээ тус улсын уран барилгын салбар 362 сая фунтын үйлчилгээг гадны улсуудад экспортолж байдаг нь Британийн архитектурын компаниудын гадаад дахь эрэлт хэрэгцээ ямар түвшинд байгааг харуулж буй. Британийн архитекторуудур чадвар, туршлагаа олон улс даяар мэргэжил болгон ашиглаад 100 гарам жилийн хугацаа өнгөрчээ. Зөвхөн тус улсад гэхэд архитектур, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16.000 фирм байдаг байна. Тэдний зарим нь олон улсын хотуудын төлөвлөлт, өнгө төрхийг нь тодорхойлж байдаг барилгуудыг барьж өгсөн, байгуулахаар төлөвлөж буй.
Архитектур нь урлаг, шинжлэх ухаан болон технологи, хүний мөн чанарыг агуулсан мэдлэгийн салбар гэгддэг. Үүнийг ашиглан шинэ шийдлүүдийг гаргаж ирэх нь гол болохоос аливаа улсад байдаг барилгуудыг тэр чигээр нь хуулж авчрах нь олон зуун жил хуримтлагдсан туршлагын зөв тусгал яавч биш гэдгийг Монголд салбараа нээгээд удаагүй байгаа Британийн Градон архитектур компанийн Технологи эрхэлсэн захирал Таня Смит хэлж байгаа юм. Түүний хэлж байгаагаар Британи архитектур нь хүмүүст хэрхэн хэрэглэгдэх талыг ньилүү их бодолцсон байдгаараа онцлог аж.
Таня “Бид Монголыг Лондон шиг харагддаг болгох гэж Британи туршлагыг оруулж ирээгүй. Монголын үйлчлүүлэгчид биднээс загвар дизайны ямар ч шийдэл хүссэн бай, бидний хувьд аль болох эрчим хүчинд хэмнэлттэй байхыг тууштай барьж ажиллана” гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд Их Британийн архитектурын салбар нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тогтвортой, байгаль орчинд ээлтэй барилгын хийцүүдийг түлхүү ашиглах болсон. Энэ нь нэг талаас Засгийн газар байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж, арга барил, барилгын материал хэрэглэхийг хөхиүлэн дэмжиж урамшуулах болсонтой холбоотой.Тогтвортой, ухаалаг барилгын үйлдвэрлэлийг бий болгох том зорилгын хүрээнд тус улсын Засгийн газар хувийн хэвшил хамтран “Барилга-2025” үйлдвэрлэлийн стратегийг дэмжиж ажиллаж, инноваци, судалгааг хүчтэй дэмжих болжээ.
ӨНӨӨДРИЙГ БИЙ БОЛГОСОН ӨЧИГДӨР
Их Британи улс гэхээр магадгүй дийлэнх хүний санаанд нийтлэг нь Букингэмийн ордон, Элизабет хатан, том цагтай цамхаг, алсыг харагч төсөөлөгддөг байх. Харин архитектурын өнцгөөс харвал манай эриний 604 оноос эхтэй Сант Паулын цогчин дугана, 2012 онд баригдаж дууссан Лондон хотын төвд орших 87 давхар “Shard” буюу утгачлан орчуулбал хагархай шил хэмээх цамхаг, ирээдүйг харуулсан зөгнөлт кинон дээр л зөвхөн харж болохоор хэв загвартай “LIoyds” оффисын барилга, мэдээж Букингэмийн ордон тус улсын хувьд бахархалт архитектурын сор болсон бүтээлүүд. Эдгээр барилга дэлхийн ТОП-22 шилдэг архитектур бүхий барилгуудын жагсаалтад багтдаг. Тус улсын нэрийг олон улсад гаргадаг олон компани, архитектор байдаг ба тэдгээрийн нэгэн тод төлөөлөл нь Ирак гаралтай Их Британи архитектор Заха Хадид хэмээх эмэгтэй юм. Түүний бүтээл бүх дэлхийгээр тархсан байдаг гэж хэлж болно. Манай урд хөршийн Гуанжоу хотод хүртэл түүний архитектурыг нь хийсэн Дуурийн театр байдаг юм байна. Сонирхолтой нь түүний нэлээд олон бүтээл Азийн улсуудад баригдсан байдаг аж. Тэрбээр тус салбарын “Pritzker Architecture Prize” хэмээх дээд шагналыг анх удаа хүртсэн эмэгтэй архитектор болсон юм. Өдгөө тэрбээр 55 улсад 400 гаруй ажилтантай фирмийн эзэн болжээ.
Британийн архитекторуудын бүтээл дэлхий даяар нэлэнхүйдээ тархсан байдаг нь тохиолдлын чанартай үзэгдэл биш. Харин олон зуун жилийн турш бүрэлдсэн архитектурын суурь туршлага нь уг салбарыг албан ёсны үйлдвэрлэлийн салбар гэж үзэгдэх хэмжээнд хүргэсэнтэй холбоотой.
Тус улсын барилга байгууламжийн дийлэнх нь түүхэн дурсгалт гэж нэрлэгдэх бөгөөд соёлын өвд бүртгэгдсэн байдаг бөгөөд хөндөж болохгүй жагсаалтад орсон байдаг. Энэ их өв соёлын цаана мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийн салбар буюу архитектур явж байдаг аж. Тус улсын архитектурын бүтээлүүдийг Ромын эзэнт гүрний үеэс эхлүүлэн тоолох боловч өдгөө Британийн хотуудад тархсан барилга байгууламжууд нь 18-19-р зуун буюу Жорж хаан болон Викториа хатан хааны үед хамаарах нь элбэг юм. Архитектурын онцгой шийдэл бүхий барилгуудын тухай ярихдаа дээрх хоёр хаант засаглалыг олонтаа дурьддаг юм байна. Хэрвээ энэ олон эрх ямбат хаан хатад, тэдний бие биенээсээ онцгойрох гэсэн хүсэл байгаагүй бол өдгөө Британи улс архитектурын салбарт хаанчлахгүй ч байсан юм бил үү.
Олон улсад барилга тэр дундаа архитектурын чиглэлээр өндөр нэр хүндийг хүлээдэг нь Британийн архитектурын сургуулиуд тогтсон хэв маяг хил хязгаарыг зоригтойгоор давахыг оюутнууддаа заадагтай нь мөн холбоотой. Тус улсын архитекторууд Ойрхи Дорнод, Хятад, Хойд Америкийн зах зээлд хамгийн их эрэлттэй байдаг аж. Гэсэн ч ихэнх Их Британийн архитектурын сургууль төгсөгчид тус улсад ажиллаж, амьдрах сонирхолтой байдаг гэдгийг Их Британийн эзэн хааны архитетурын их сургуулийн судалгаанаас харж болох. Учир нь тус улс архитекторууд ажиллаж амьдрахад ээлтэй орнуудын жагсаалтад нэлээд дээгүүрт ордог аж. Мөн Их Британи нь архитектурын их сургуулиудын чанараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ чиглэлээр сурахыг хүсэгч авьяаслаг залуусын нэгдүгээр сонголт болж байдаг. Хайрцагласан бус чөлөөт сэтгэлгээг хөхиүлэн дэмждэг архитектурын сургуулиудынх нь нийт оюутнуудын 28 хувь нь гадныхан байдаг. Энэ нь тус улсыг энэ чиглэлээр сурахаар зорин ирэгсдийн тоо бусад улсаас харьцангуй өндөр болохыг харуулж байна. Одоогоор Монголд архитектурын чиглэлээр тус улсад сураад ирсэн мэргэжилтэн байдаггүй юм байна. Харин хот төлөвлөлт, дэд бүтэц, барилгын чиглэлээр цөөнгүй оюутан сурч төгссөн агаад эх орондоо ирэн ажиллаж байгаа юм байна. Гэхдээ одоогоор архитектураар сурч буй цөөн Монгол оюутан Британид байдаг бөгөөд тэд аль хэдийнэ ажлын саналууд хүлээж аваад эхэлчихжээ.
“Улаанбаатар хот Сингапур шиг болчихоосой гэж би хувьдаа хүсэхгүй. Монголд онцгойрол шингэсэн барилгын ур хийцийг хөгжүүлбэл, архитектурын шийдлийн хувьд бусад хотоос ялгарах байх. Бидний хувьд ийм төрлийн барилгын архитектурын захиалга орж ирээсэй гэж хүсдэг” хэмээн Таня Смит хэлж байна.
Монголын хотууд Британи Франц, Итали, Сингапурт байдаг шиг адилхан уран нарийн хийцтэй байшинтай, гудамжтай байх албагүй. Харин хоорондын зохицол сайтай, зай талбайгаа ухаалаг ашигласан, хүн эдэлж хэрэглэнэ гэх сэтгэлгээгээр бүтсэн, ажиллаж амьдрах орчин гэдэг үүднээс нь илүүтэй харж хийсэн байшин барилгууд хэрэгтэй болов уу. Британийн Лондон хот өдгөө ч Британи гэх уламжлалт төрхөө хадгалж, бусдад үзүүлж, ялгарч байдаг шиг манай хотууд ч мөн адил Монгол гэсэн өөрийн гэсэн өнгө төрх архитектурын шийдэлтэй байж ч болох. Үүний тулд залуу авьяаслаг архитекторуудынхаа Монголч сэтгэлгээг ашиглахын зэрэгцээ өндөр туршлагатай Британи шиг орны хэдэн зуун жил хуримтлуулсан юуг хэрхэн хийх вэ буюу “Know-How” –ыг ашиглахад буруудах зүйлгүй.
Б.ЦЭЦЭЭ