Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Б.Батбаяр: Хамт олонч чанар, эх оронч хүмүүжлийг цэргийн албанаас л олж авдаг

Түрүүч нь №053(6154) дугаарт


Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяртай ярилцлаа.


-2007, 2008 оны үед Таван толгойн урд “Цэрэг-жуулчин” бааз гэж байсан. Тэнд манай бүх буудлагын зэвсгээр буудаж болдог байсан. Төлбөрөө төлөөд хүссэн зэвсгээрээ буудаж болдог.

-Одоо тэр бааз байгаа юу?

-Байхгүй, татан буулгачихсан. Зэвсэгт хүчинд ямар л буу зэвсэг байна, тэнд байдаг байсан. Их буу, автомат буугаар буудаж болно. Тэр битгий хэл дээр үед хэрэглэж байсан ТТ, Маузераар ч буудуулдаг байсан. Тэгэхэд тэр баазын тухай зар сурталчилгаа байнга л явдаг байсан ч хүн очдоггүй байсан шүү дээ. Залуучууд тэнд очиж буудахгүй, сонирхохгүй. Харин эмэгтэйчүүд нь олон очдог байсан байх шүү. Тэгээд бүх төрлийн буудлагын зэвсгээр буудуулдаг байсан тэр баазыг татан буулгасан. Энэ бол хүнтэйгээ, залуустайгаа л холбоотой байх гэж боддог. Залуусын сонирхолтой л холбоотой юм аа.

-Практик буудлагын холбооны төв клубийн сургалтын талбайг эс тооцвол буудлагын тийр өөр алга. Энд тэнд тийр байгуулаад залуусаа нэгдсэн журмаар буу шийдэмтэй танилцуулах ажил зохиовол яах бол?

-Тийм юм зохион байгуулах гэхээр буруу тал руу мушгидаг болчихоод байна л даа. Жишээ нь, нэг тийм тийр зохион байгуулчихвал “Хүн алах гэж байна уу, яах гэж байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд, цахимаар шуугиад тун аюултай болсон. Тэгэхээр хүмүүс энэ бүхнээс айгаад шинээр тийр нээх ч юм уу, тэр чиглэлд юм хийхгүй. Ингэж хүндрэл үүсгэдэг. Тэгээд залуусын сонирхлыг дандаа өөр чиглэл рүү татаж байна.

-Одоо тэгээд яавал зүйтэй вэ. Генерал хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Дээр үед цэргийн албыг бүх эрчүүд хаадаг байсан. Израильд гэхэд эр, эмгүй бүгд хаадаг. Цэргийн албыг эрэгтэй хүн болгон хаах ёстой. Гэхдээ одоо чинь гурван жил биш. Ганцхан жил шүү дээ. Ганцхан жил цэргийн алба хаахад л хүний сэтгэхүй огт өөр болдог. Цэрэгт ирсэн хүн ядаж нэг хүний үг даадаг болно. Гэртээ эрхлээд байдаг хүүхэд цэрэгт ирээд олон аавын хүүхдүүдтэй хамт жагсаад, хамт хооллоод, бүхнийг хамт хийгээд эхлэхээр хажуудах хамт олон нь тэр хүүхдийг дагуулчихдаг. Хамт олон дундаас гарч чадахгүй. Хамт олон нь хүмүүжүүлчихдэг. Хамт олонч чанар, эх оронч хүмүүжлийг цэргийн албанаас л олж авдаг. Сүүлд дүйцүүлэх алба гээд гаргаад ирчихсэн. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа шиг боломжтой нь мөнгөө төлөөд л боллоо шүү дээ. Гэтэл 1960, 1970-аад онд яадаг байсан бэ. Гавьяатууд, энэ их мундаг хүмүүс бүгд л цэргийн алба хаацгаасан. Бүгдээрээ л цэргийн албаа хаачихаад мундаг эрдэмтэн, том зохиолч, жүжигчид л болцгоосон. Тийм л байх ёстой. Ингэж л өөрчлөх ёстой. Нийгмээр нь өөрчилж болно. Тэгэхээр гуйвуулах хүмүүс нь гуйвуулна. Цэрэгт хүүхдээ явуулчихаар зодуулчихна, наана цаана болчихно гэдэг. Ойлгомжтойгоор харьцуулъя л даа. Багш, эмч гэж мэргэжил бий. Хүн хүн янз бүр. Нэг багш ууртай, догшин байхад нөгөөх нь хэвийн зан ааштай байх жишээний. Тэрэнтэй адил цэргийн газар офицерууд янз бүрийн ааштай. Хүн болгоныг ямар ааш гаргахыг тандаад харж цагдаад байх боломжгүй. Тухайн хүн ууртай байсан байж болно. Тэр нь мэдэгдэхгүй шүү дээ. Цэрэгтэйгээ яаж харьцах нь хувь хүний ухамсраас болж байгаа юм. Тэр хүнийг хүчээр авчраад чи ингэж, тэгж ажилла гэдэггүй. Сонирхлынхоо дагуу ажиллаж байдаг. Тухайн үеийн процессоос болоод ааш занд нь өөрчлөлт гарсан байж болно. Эмнэлэгт ч ялгаагүй. Эмнэлгийн ажил сайн, хэвийн явж байна. Тэгтэл нэг эмч нь хагалгааны үеэр өвчтөнийхөө гэдсэнд багах хэрэгслээ мартаад оёчихсон тохиолдол гардаг. Тэгээд сүүлд нь асуудал үүсдэг. Тэнд бас л нэг тийм хүн байж байдаг. Ер нь газар газарт л тийм хүмүүс байж л байдаг. Тэгээд нэг юм болохоор сенсаци үүсгээд “Цэрэгт хүүхдээ явуулахаар алчих гээд байна” гэцгээдэг.

Намайг цэрэгт байхад хэдэн цагаар цас, бороонд зогсож хатуужил авдаг байсан гэж санана. Байдаг л асуудал. Тэгэхэд харуулынхаа байрыг орхиж гүйгээд дулаахан газарт очоод хөл, гараа ээж байсан нэг ч тохиолдол байхгүй.

-Америкт иргэд нь буу эзэмшдэг. Буугаа аваад л явж байдаг. Харин манай залуус буу харвал зүрх нь зогсохын наагуур айдаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа, ойлголтын зөрүү байна шүү. Залуу үеийг буутай ойртуулж болох уу?

-Болно. Өмнө нь Батлан хамгаалахад Туслах нийгэмлэг гэж байсан юм. Тэнд чинь сургуулийн сурагчдыг аваачиж буу зэвсгийг сонирхуулдаг байсан. Тийм юмыг сэргээвэл болно. Сургуулиудад цэрэгжилтийн багш гэж байсан. Тэрийг ч сэргээгээд дунд сургуулиудад цэрэгжилтийн багштай байх ёстой байхгүй юу. Ханан дээр нь бууны зураг өлгөчихсөн, ингэж бууддаг, ингэж задалж угсардаг гэж зааж хааяа бодитоор үзүүлж болно. Хүүхдүүдэд Цэргийн музейг сайн үзүүлж байх хэрэгтэй. Гадны орнуудад ангийн багш нь сурагчдаа дагуулаад музей үзүүлээд явдаг. Цэргийн музейгээр орсон хүүхэд буу зэвсгийн талаар ерөнхий мэдээлэлтэй болдог. Интернэтээр бууны зураг харж тоглохоос бодитоор харах нь илүү. Манай өвөг дээдэс ингэж байлдаж байсан юм байна, тэр үед ийм ийм буугаар байлдаж байжээ гэдгийг харахаар огт өөр сэтгэхүйтэй болдог. Бодитоор нь хараад гартаа бариад үзчихээр өөр болчихно.

-Монголчуудыг зэвсэггүй байлгах бодлого яваад байна уу даа гэж заримдаа харагддаг юм?

-Магадгүй.

-Чавхнаас өөр юм барих чадваргүй улс л болгох нь дээ. Бөөнөөрөө байхад нь АК-гаар хий буудахад чарлаад газарт хэвтээд нус, нулимстайгаар холилдох залуу үетэй л болж дээ?

-Дээр үед бодлого байсан л юм билээ. Бүгдийг нь лам болгоод суулгачихдаг. Тэгэхээр тэд чинь холдож байсан шүү дээ, нүгэл хийхгүй гээд.

-Танай агаарын цэргийнхэн энд тэнд болж байгаа байгалийн гамшиг, осол аваар зэрэгт хүчин зүтгэдэг юм билээ. Гэтэл энэ талаар жирийн хүмүүс бараг мэдээлэлгүй байдаг?

-Манайх үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна онцгой, тусгай үүргийг их гүйцэтгэж байгаа. Наад захын жишээ хэлье л дээ. Гал түймэрт зөвхөн манай нисдэг тэргээр л онцгой байдлын шүхэрчдийг авч явдаг. Түймрийн голомтод очоод тэдэнтэй л хамт уулан дээр бол уулан дээр, хаана л бол хаана манайхан л хамт явж байдаг. Отгонтэнгэрт 17 уулчин осолдоход тэр хүйтэн, цастай, шуургатай, хүнд нөхцөлд манай л нисгэгчид үүрэг гүйцэтгэсэн. Хаана зуд болно. Тэнд өвс тэжээл хүргэхэд манайхан л явдаг. Саяхан “Эко Алтан Заамар”-т болсон осолд манай л нисдэг тэрэг очиж ажилласан. Манайханд энгийн байгууллагынхан шиг цааргалах эрх байхгүй. Тушаал өгсөн бол ниснэ, бэлэн байх ёстой. Өдөр шөнө, цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд “Нис” гэхэд “Мэдлээ” гээд л агаарт гардаг хүмүүс. Ийм үйл явдлуудад манайхан дурдагддаггүй шүү дээ. Онцгой байдлынхан төдөн хүний амь аварлаа, хүнд нөхцөлд тэгж ажиллалаа гээд байдаг. Тэд тэр ослын газарт юугаар очоод байгаа юм. Авто ослын улмаас автомашинаар зөөх боломжгүй хүнд өвчтөнийг авчрахад манайх л очиж эмнэлгийн тусламж үзүүлдэг. Бүх түргэний нислэгт манайх л явж байна. Бас манай саперчдын тухай ерөөсөө дурддаггүй юм. Энд тэнд сум илэрлээ, тэнд нь онцгойгийнхон очоод аюулгүй болголоо гэдэг. Гэтэл манай 84-ийнхөн очоод л аюулгүй болгочихдог байхгүй юу. Гэх мэтчилэнгийн юм их бий. Манайхны нэр нь л дурдагддаггүй болохоос биш тусгай үүргээ гүйцэтгээд л явдаг. Хаана л хүнд, хэцүү юм тохиолдоно. Тэр болгонд нь л манайхан явж байна.

-Өнгөрсөн жил ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манайд айлчлахдаа аэродромын техник хэрэгсэл гардуулсан санагдана?

-2018 онд Монгол Улсын Батлан хамгаалах салбарт ОХУ-аас аэродромын 28 нэгж техник, 25 нэр төрлийн тоног хэрэгсэл бүхий газрын тоног төхөөрөмжийг С.Шойгу сайд айлчлахдаа гардуулсан юм. Энэ нь нисэхийн чиглэлийн газрын тоног төхөөрөмжүүд. Галын машин, онгоц цэнэглэдэг машин, холбооны зэрэг орчин үеийн гоё гоё, яг үйлдвэрээсээ гарсан техникүүд өгсөн. Энэ бол шинэчлэл болсон. Дутагдаж байсан юмнууд маань шинэчлэгдээд л яваад байна гэсэн үг л дээ.

-Цэргийн баярыг эрчүүдийн баяр гэж ойлгодог болжээ?

-Цэргийн баярыг би цэргийн баяр гэж боддог. Цэргийн баяр гээд заагаад өгчихсөн байгаа биз. Түүнээс биш эрчүүдийн баяр гээгүй. Эмч нарын баяр, Багш нарын баяр гэхээр эмч, багш нар л баярладаг. Тэрэн шиг Цэргийн баяр Цэргийн баяраараа л байвал уг нь зүгээр юм болов уу. Гэхдээ яах вэ, сургуулийн хүүхэд, оюутан залуучуудыг эрэгтэй гэдэг талаас нь Цэргийн баярын мэнд хүргэдэг. Тэднийг цэргийн албыг хаана гэдэг утгаар нь баяр хүргэдэг байх л гэж ойлгодог. Дээр үед эрэгтэй хүүхэд төрөхөд эр цэрэг болж, эх орноо хамгаална, цэрэг болно гэж ойлгодог байсан. Одоо бол өөр болчихсон.

Цэргийн баяр маш сайхан баяр. Монгол Улсын түүх цэрэгтэй л холбогдож ирсэн. Монгол Улсын түүх бол цэрэг. Цэрэггүйгээр Монгол Улс байгаагүй. Цэрэг нь улсаа хамгаалж ирсэн. Дэлхийн талыг эзэлсэн, улсаа авч үлдсэн гээд гавьяа их. Цэргээрээ, өвөг дээдсээрээ бахархах баярын өдөр. Тийм учраас цэргийн алба хааж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагч нар, цэргүүддээ, бэлтгэл чөлөөнд байгаа ахмадууддаа Цэргийн баярын халуун, дулаан мэндийг хүргэж, эрүүл энх урт наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *