Categories
мэдээ нийгэм

Брэнд хүнсний бүтээгдэхүүний жишиг Булган аймагт бий DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ анхдагчдын өлгий нутаг Булган аймагт боллоо.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар болон Булган аймгийн нутгийн удирдлагууд, төрийн албаныхан, хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Мөн тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог стратегийн чухал ач холбогдолтой аймгуудын нэг юм.

Булган аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид бий. Мөн аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангадаг боловч хангайн бүсийн аймгуудын төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайн хэмжээ, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд хэлж байна.

Булган аймагт олон төрлийн хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна. Эдгээрийн сор болсон, олны таашаалд нийцсэн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон төвийн бүсийн орон нутагт ажиллаж буй ажлын хэсгийн гишүүд танилцлаа.

  • КАНАД ТЕХНОЛОГИОР БЭЛТГЭСЭН МОНГОЛ ҮХРИЙН МАХ

“Занаду Разорбак” компани нь 2009 онд үүсгэн байгуулагдаж 2012 оноос уламжлалт монгол бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн мал аж ахуйтай хослуулсан үхрийн фермийн үйл ажиллагааг Булган аймгийн Хутаг-Өндөр сумд явуулж эхэлсэн. Тус фермийг Монгол Улсад 30 жил амьдарч байгаа Канад гэр бүл үүсгэн байгуулж, Монгол үхрийн махыг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулж хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдыг орлогожуулж байгаа нь тэдний нэг онцлог юм. Өөрөөр хэлбэл малчдаас бяруу, шүдлэн насны үхрийг худалдан авч өөрсдийн тарьж ургуулсан чанартай тэжээлээр 90 хоногийн хооллож, давс хужир бүхий эрдэс шимээр баялаг долооцоор технологийн дагуу бордсоны эцэст гарал үүслийн баталгаатай, эрүүл чанартай монгол үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн, 33 нэр төрлөөр ангилан савлаж, жилийн 4 улирал шинээр нь хэрэглэгчийн гарт хүргэж байна.

  • БУЛГАН АЙМГАА СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАЖ, МАЛЧДЫГ ТОГТМОЛ ОРЛОГОЖУУЛЖ БАЙНА

“Хатан мээж хайрхан” сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь 2020 онд үүсгэн байгуулагдаж, нийт 8 чиглэлийн малчдыг тогтмол орлогожуулан ажилладаг. Энэ жилээс аймгийнхаа сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн төдийгүй Монгол Улсын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах нь тус компанийн зорилго юм.

  • ХИМИЙН ОРЦГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИЛҮҮ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

“Булган аймгийн Булган сумд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх фүүдс” ХХК нь химийн орц найрлагагүй, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төв болон зэргэлдээх сумдынхаа хэрэгцээг хангаж байна. Тус компанийн хувьд 12 хүний ажлын байр бий болгосон ч ажиллах хүчин дутмаг байдаг. Мөн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд үйлдвэрийн байраа томруулж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Ингэж чадвал өөрсдийн үйлдвэрлэдэг эрүүл гурилан бүтээгдэхүүнийг илүү олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой болох юм.

  • ХХАА-Н САЛБАРЫН ЧАНАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИНГ ОРОН НУТАГТ БЭЛДЭЖ БАЙНА

Булган аймаг дахь ХАА-н МСҮТ нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувь төрийн өмчит сургууль бөгөөд тус салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр төрөлжин хөгжиж, орон нутгийн бодлого хөтөлбөрүүдтэй сургалтын үйл ажиллагаагаа уялдуулан явуулж байна. Тус сургууль нь багш нарынхаа мэдлэг чадварт онцгой анхаарч бусад улс орнуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал Японы “OISCA” ОУБ-тай хамтран 2 төгсөгч, 2 мэргэжлийн багшийг тус бүр 1 жилийн хугацаатай органик тариалангийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Мөн ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Ажил мэргэжлийн дээд сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ХАА-н машин механизмын засварчин мэргэжлийн багш, автомашины цахилгаан засвар болон бүх төрлийн гагнуурын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулж байжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь нэн тэргүүний чухал ажлуудын нэг. Энэ ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, үнэ цэнтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа тус сургуулийн хамт олонд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр амжилт хүсэж, эх орондоо хүнсний хувьсгал хийх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

  • ХААДС-ИЙН БУЛГАН ДАХЬ САЛБАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбар нь ХХААХҮЯамны сайдын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот тушаалаар байгуулагдан өдгөө 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх “Атрын III аян” үндэсний хөтөлбөр, ХХААХҮЯ, ХААДС-с авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 430 гаруй аж ахуй нэгж, иргэдийг /давхардсан тоогоор/ тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л дэмжлэгээр хангахад тусламж үзүүлэх, сайн чанарын үр нийлүүлэх, хүнсний болон үрийн буудай хүлээн авч технологийн дагуу цэвэрлэх, хатаах, хадгалах, гурил үйлдвэрлэгчдэд стандартад нийцсэн хүнсний улаан буудай нийлүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц бололцоо тааруу байгаа тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд өндөр хүлээлттэй байна гэв.

Булган аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө. Хүнсний үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой тус аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг тууштай дэмжиж, орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

One reply on “Брэнд хүнсний бүтээгдэхүүний жишиг Булган аймагт бий DNN.mn”

Tough going; hungry, but determined [url=https://fastpriligy.top/]priligy online[/url] It is therefore possible that Rac1 activity must be maintained within a narrow range and abnormal Rac1 activity, either gain or loss of function, can result in cellular senescence

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *