Categories
гадаад мэдээ

Брекситийг аравдугаар сарын 30 хүртэл хойшлуулав

Брюссельд болсон шуурхай хуралдааны үр дүнд Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Европын Холбооны удирдлагууд Брекситийг аравдугаар сарын 31-нд болгон хойшлуулахаар тохиролцлоо.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск “Британий эрх баригчдад Европын Холбооноос гарах хамгийн сайн шийдэл олоход нь зориулж зургаан сарын нэмэлт хугацаа олголоо” гэж мэдэгджээ.

Уг нь Британийг Европын Холбооноос гаргах хугацаа гуравдугаар сарын 29 байсан ч ерөнхий сайд Тереза Мэй өөрийн гэрээний хувилбарыг парламентаараа дэмжүүлж чадаагүй тул хойшлох нь тодорхой болоод байв. Түүний хэлэлцүүлсэн гэрээний нөхцөлийг Британийн парламентын гишүүдийн олонх дэмжээгүй тул нийтдээ гурван удаа буцаагаад байгаа юм.

Евро Комиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер гэрээ байгуулахгүйгээр Британийг гишүүнээсээ хасах нь “сүйрэл” болно гэж үзэж байгаагаа илэрхийлээд Брюсселийн эрх баригчид гэрээг байгуулахын тулд чадах бүхнээ хийхийг амлажээ. Брекситийн дараах Британи улс болон Европын Холбооны улс төр, эдийн засгийн харилцааг зохицуулах гэрээ талуудын хувьд чухал ач холбогдолтой юм.

Тереза Мэй Брекситийг зургаадугаар сарын 30-ныг хүртэл хойшлуулах саналыг Брюссельд тавиад байв. Гэвч Европын Холбооны удирдлагууд Британичуудад илүү уян хатан нөхцөл олгохын тулд санал болгосон хугацааг нь хоёр дахин уртасгахаар шийджээ. Тереза Мэй парламенттайгаа тохиролцож чадвал заасан хугацаанаас өмнө Brexit-ийг хэрэгжүүлэх боломж нээлттэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *