Питт нөгөө олдож өгдөггүй “Оскар”-оо авчихлаа. Уг нь тэр Холливудын шинэ цагийн эрэлт хэрэгцээтэй жүжигчдийн тэргүүн эгнээнд зогсож ямар ч дүрд, ямар ч төрлөөр тоглочихдог авьяаслаг нэгэн яах аргагүй мөн юм. Даанч Академийн гишүүд үл тоомсорлон өдий хүргэсний эцэст Тарантиногийн “Холливудад нэг удаа” киноны туслах дүрээр шаргал баримлыг авдаг юм даа. Таван удаа нэр дэвшиж байж шүү дээ. Францын нэгэн сэтгүүлд дээхнэ өгч байсан ярилцлага түүнийг хэн бэ гэдгийг бага зэрэг ч гэлээ мэдүүлнэ.
-Би таныг байгаа байдлаараа ялан дийлэгч гэж хардаг. Дэлхийн шилдэг жүжигчин, хамгийн авьяаслаг, царайлаг гээд л. Ялалт гэдэг юу вэ?
-Ялалт гэдэг чинь харцангуй ойлголт. Кино чинь их мөнгө цуглуулаад, чамайг ямар нэг үзүүлэлтээр анхных гээд бичих нь нэг талаар ялалт биш. Миний амьдралд нэлээн хэдэн тийм амжилт байсан ч хүүхдүүдтэй болсны хажууд юу ч биш.
-Хөөе, бузгай их мөнгө олох дэмий гэж үү?
-Та юу хэлэв ээ. Би мөнгөнд тун дуртай. Даанч их мөнгө тэр бүр аз жаргал авчирдаггүй юм. Ялангуяа мөнгөний хойноос хэт их чармайж гүйж явахдаа өөр нэгэн чухал эрдэнэсээ гээчихвэл бүр ч муухай. Надад ийм юм тохиолдсон.
-Өөрийгөө бүрэн үнэлэгдээгүй хүн гэж боддог уу?
-Ганц надад биш, их бага хэмжээгээр бүх хүмүүст байдаг л мэдрэмж. Би түүнийг чинь шударга үнэний мэдэрхүй гэж хүүхэд байхаасаа дотроо бодож өөрийгөө шаналган амьдарч буй. Өөрийгөө өрөвдөөд л, үнэн, худал санаа бодлоор сэтгэлээ хэмлээд л.
-Найруулагч Бэннит Миллэр нэг удаа “Питт одоо хүртэл дундын Өрнөдөөс ирсэн залуу хэвээр” гэж хэлсэн байдаг. Танай нутгийнхан нийгэмсэг, гэр бүлийн холбоо сүлбээтэй амьдардаг онцлогтой. Гэтэл кино урлаг их өрсөлдөөнтэй талбар шүү дээ?
-Би христийн асар их шүтлэгтэй гэр бүлд өссөн. Тиймээс хэт бага наснаасаа өөрт ойлгогдохгүй асуултууддаа хариулт олж сонсдоггүй байлаа. Шашин шүтлэг угаасаа миний сэтгэлийг эзэмдэх хувьгүй байсан бололтой. Хорь хүрсэн хойноо хүүхэд байхаас л надад суулгах гэж оролдоод байсан суртал чинь миний дотоод сэтгэлтэй огт уялдахгүй байна гэж гэрийнхэндээ ойлгуулсан. Тэд хүчлээд дийлэхгүй болохоороо хувь тавилантайгаа эвлэрч чи үхэхээрээ тамд шатаж дуусах хувьтай юм байна даа гээд намайг зөнгөөр минь орхисон доо.
-Та насныхаа тоонд багтахааргүй олон кинонд тогложээ. Мэргэжилдээ дургүй хүрэх үе байв уу?
-Тэр үгүй шүү. Мэргэжилдээ бүр шунаж амьдардаг. Цаг явах тусам зорилгоо бүр илүү ойлгож байгаа. Эцэг болсон маань их түлхэц өгсөн.
-Эцэг болж үзсэн хүн чинь бас найруулагч болж чадна гэсэн үг. Тийм үү?
-Харин ч тэр мэргэжил рүү нэг их тэмүүлэхгүй байгаа шүү. Хэрвээ би найруулагчийн сандал дээр суучихаад бусдыг загнаад… Маш муухай дүр зураг харагдаж байна.
-Ууртай юу?
-Хуучныгаа бодвол адгуу биш болсон. Зураг авалт эхлэхийн өмнө адгаад л тэвдээд л байдаг өвчин гайгүй болсон шүү.Долоо хоногийн өмнө дүрээ судалж дүрдээ орно. Нэг танихгүй нөхрийн бичсэн зохиолоор тэр хүний хүссэн байдалд хувирах гэж их уурладаг байснаа больсон.
-Холливуд нэг л өдөр таныг тоохоо больчихвол?
-Ирнэ шдээ тийм өдөр. Тэгээд ч миний урлагийн төгсгөл ирэх өдөр нэг их олон уулын ард биш, хажууханд байгаа. Одоо үглээ өвгөний дүрд тоглох цаг ирчихсэн.
-Та тэгээд өвөөгийн дүрд тоглох гээд байгаа юм уу?
-Тиймэрхүү дүр бодож л байгаа.
-Завтай үедээ өөртөө зориулаад юу хийж байна?
-Мотоцикль унана.Дугуй ч байсан болно. Ер нь ямар ч улс руу очсон бай, зав л гарвал мотоцикль унаж тэнэх дуртай. Мальтад сайхан замтай, намхан даваа гүвээгээр сэнгэнүүлэн давхих их гоё.
-Шивээстэй юу?
-Хэд хэд бий. Ямар утгатай вэ, хаана шивсэн бэ гэдгээ хэлэхгүй.
-Таны бие бялдар бас шүтмээр шүү.
-Аа энэ ч яахав. Бас л харьцангуй ойлголт.
-Яагаад жүжигчин болсон бэ?
-Саяхан ээжийгээ залуудаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэдгийг сонслоо. Би огт мэдээгүй байсан юм байна. Миний өссөн нутагт жүжигчний мэргэжлийг мэргэжил гэж үздэггүй. Коллеж дуусахаас хоёр долоо хоногийн өмнө бүх найзууд ирээдүйд сонгох ажлаа яриад, бүртгүүлээд гүйж байхад би гэнэт бүх зүйлээ хаяад жаахан хувийн юмаа боож аваад явчихсан. Азаа үзнэ ээ, учир нь кино бол миний амьдрал гэж бодоод мөрөөдөлдөө хөтлөгдөөд зугтаж байлаа.
-Тоглосон киногоо эргэн үзээд юу боддог вэ?
-Огт үздэггүй. Өнгөрсөн үе рүү эргэн харах дургүй.
-Олон хүн өнгөрсөн үеэ санах дуртай байдаг шүү дээ?
-Надад тийм аюул нүүрлээгүй л байна.
Б.ХУЛАН