Галт зэвсэг авах, ашиглах, нэвтрүүлэх журмыг хөнгөвчилсөн зарлигт Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару гарын үсэг зуржээ.
“Энэхүү хууль нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд баримталж буй бидний зарчимч байр суурийг харуулж байгаа юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Уг баримт бичгээр галт зэвсэг эзэмшиж буй хүмүүс болон эзэмшиж магадгүй хүмүүст үйлчилж буй хязгаарлалтын хүрээг хамгийн боломжтой хэлбэрээр өргөжүүлж байна гэж Жаир Болсонару үзэж байгаа аж.
Баримт бичигт зааснаар, анч, буудлагын клубын гишүүн болон зэвсэг цуглуулагчийн статустай оршин суугчид галт зэвсэгтэйгээ нэг газраас нөгөө газар руу чөлөөтэй шилжин явах эрхтэй болж байгаа аж. Түүнчлэн 10 болон түүнээс дээш жил цэргийн алба хаасан хүмүүст ийм эрхийг олгож байгаа гэнэ.